Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0176/З |
Дугаар | 221/МА2017/0481 |
Огноо | 2017-06-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2017/0481
2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2017/0481 | Улаанбаатар хот |
Т.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0328 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т.Э-ын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0328 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/112, Б/114 дүгээр тушаалууд болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/-ын орон тоо хасагдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан туушалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан.
Энэ нь бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан чөлөөлөгдөх үндэслэл нэхэмжлэгчийн хувьд бий болсон гэж үзсэн нь хуульд нийцээгүй.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолд тухайн албан тушаалын ...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн..., ...томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ... гэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн... гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан ба Захиргаа хуулийн хэлтсийг Төрийн захиргаа удирдлагын хэлтэс болгон нэрийн хувьд өөрчлөгдсөн байгааг түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Улсын дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласан.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийн дагуу Налайх дүүргийн Засаг дарга нь тамгын газрын бүтэц зохион байгуулалтаа батлахдаа Захиргаа, хуулийн хэлтэс-ийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болгон өөрчилж, ийнхүү тамгын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн, Захиргаа, хуулийн хэлтсийн даргын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Э-ыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар чөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсний нэг удаагийн тэтгэлэг олгосон байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан тушаалд томилох тухай Б/16 дугаар тушаалаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Т.Э нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахаар байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж төрийн байгууллага, түүний зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн бол төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэлт баталгааг заажээ.
Үүнд төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилсан байна.
Хэдийгээр хариуцагч бүтэц, орон тоогоо батлах эрхтэй ч энэ тохиолдолд Захиргаа, хуулийн хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болгон өөрчлөгдсөн, тус Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бүтэц, орон тоонд дарга-ын албан тушаал байхаар баталсан, тус даргын албан тушаалын чиг үүрэг өмнөх Захиргаа хуулийн хэлтсийн даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч Т.Э-ын ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Захиргаа, хуулийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Захиргаа, хуулийн хэлтсийн даргын орон тоо хасагдсан, нэхэмжлэгчид хэлтсийн ахлах мэргэжилтний ажил санал болгосон боловч татгалзаж хамтран ажиллахгүй гэдгээ амаар мэдэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг тус хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн байхад үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ... гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т.Э-ын Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/114 дүгээр тушаалын хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Харин Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллах тухай Б/112 дугаар тушаал нь дээр дурдсанчлан Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар тушаалыг үндэслэн гарсан нийт ажилтнуудыг шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллуулах болсонтой холбогдуулан гарсан дотогшоо чиглэсэн захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/114 дүгээр тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажилд томилоогүй өдөр болох 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/114 дүгээр тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Э-ыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-д 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.137.045 /таван сая нэг зуун гучин долоон мянга дөчин тав/ төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/112 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.ШҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ