Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01462

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01462

 

 

 

хххх-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ндүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 104/ШШ2021/00229 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ххххх-гийн хариуцагч хххххх-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, 2021 оны ээлжийн амралтын олговорт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг оролцов.

Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хххххххх даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халагдсан. Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай 01 тоот албан даалгавар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн Ндүүргийн Эрүүл мэнд төвийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар тушаал гарсан. Уг тушаалын дагуу Ковидын үед ажиллах эмнэлзүйн багийг ажиллуулахаар 5 хүний бүрэлдэхүүнтэй хуваарийг баталсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн шилжих шөнө миний ажиллах хуваарь байхгүй байсан ба намайг ирж ажиллаагүй гэж буруутган ажлаас халсан.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд намайг уг зөрчлөө өмнө нь удаа дараа гаргаж байсан гэж дурдаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн ковидын үед ажиллах хуваарийг баталсан тушаалыг ажилчдад танилцуулах ёстой гэх үүрэг байхгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор 7 519 398 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, 2021 оны ээлжийн амралтын олговор 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хххххх-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч ** нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн шилжих шөнө коронавируст халдвар батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн алба хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас, хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан. Мөн албаны бэлэн байдлыг алдагдуулж, дуудаад байхад ажилд ирээгүй тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.4 дэх заалт, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны А/274 дүгээр тушаалын хавсралтын 4.2.4 дэх заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 7.9-д заасныг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон байгууллагын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Мөн ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай А/03 дугаар тушаалаар эмнэлзүйн багт нэр заагдсан ажилтнаас гадна Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт "Албан тушаалын тодорхойлолтын маягт"-д зааснаар ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилтын 1 дүгээр зорилтын 1.2, 3, 4.5-д тус тус зааснаар удирдлагаас өгсөн үүргийн дагуу ** үүргээ биелүүлээгүй болно. Манай байгууллага **д өөр тасагт сувилагчаар ажиллах боломжийг олгосон. Тухайн үед нэхэмжлэгч би ядарч байна, 2-3 сарын хугацаанд амаръя гээд тойрохоо зуруулж явсан. Манай байгууллагын зүгээс Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан тодорхой журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **г ххххххх-ийн Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххх-с 7 519 398 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговор 2 500 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан **гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хххх-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ххххх-с тэмдэгтийн хураамжид 205 460 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ манай байгууллагын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/113 дугаар албан бичгээр хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолт болон хххххх даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариуцлага, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөө-ний 2.6 гэх заалт байхгүй гэж үзэн,ххххх Ахлах сувилагчийн хувьд коронавируст халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрд заавал очих ёстой гэсэн баримт хэрэгт авагдаагүй гэж нотлох баримтыг үгүйсгэж, нотлох баримтыг үнэлээгүй.

Ковидын бүсийг хүүхдийн тасагруу нүүлгэн шилжүүлсэн нөхцөл байдал болон бэлэн байдлыг хангах үүднээс дуудсан цагт зайлшгүй ирж ажил үүргээ гүйцэтгэх байсан боловч ирж ажиллаагүй, эм, тариа, хамгаалах хэрэгслээр хангаагүй учир бэлэн байдлыг алдагдуулсан.

Хүний нөөцийн ажилтнаас хувийн хэрэг материалтайгаа танилцаад өгөхөөр авч яваад эргүүлж өгөөгүй ба шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 104/Ш332021/00547 тоот захирамжаар хххх-гээс халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолтыг гаргуулахаар шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчээс уг баримтыг шүүхэд өгөөгүй.

Мөн Гэрч Г.У, П.Д, Т.С, Г.Б нарын мэдүүлэгт халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч **гийн тасгийн үйл ажиллагааны болон коронавирусын цар тахал гарсан үед ажиллах талаар мэдүүлэг өгсөн байхад дүгнэлт өгөөгүй нь хэргийг хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь байгууллагын удирдлагын зүгээс гарсан тушаалыг ажилтанд албан ёсоор хүргүүлээгүй, хүргүүлсэн болохоо баталгаажуулаагүй тохиолдолд ажилтнаас энэ үүргийн биелэлтийг шаардах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. хххх нь ххххх-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай А/03 тушаалыг мэдээгүй гэж хэлдэг боловч тэрээр шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ Удирдлага, Ковидын эмнэлзүйн баг гаргаж шинээр дуудагдах хуваарь гарсан байгаа гэж хэлсэн нь шинэ хуваарь гарсан болохыг мэдэж байсан мэдэх боломжтой байсан. Мөн өөрөө хариуцан гаргаж байсан болох нь түүний нэхэмжлэлээр нотлогдож байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххх-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, 2021 оны ээлжийн амралтын олговорт 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримтын талаар хангалттай баримт бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тодруулбал, ххххх-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/18 дугаартай тушаалаар ...Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч ххх-г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Гамшгийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 34.2.4, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/274 дүгээр тушаалын хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.2.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.4, 7 дугаар зүйлийн 7.9 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-4/

 

Хариуцагч тал уг тушаалын үндэслэлээ ... үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед дуудсан цагт ирээгүй, албаны бэлэн байдлыг алдагдуулсан ..., ... онцгой нөхцөл байдлын үед удирдлагаас өгсөн үүргийн дагуу зайлшгүй өөрийн биеэр ирэх ёстой байсан, энэ үүргээ биелүүлээгүй, ... хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар тушаалын хавсралтаар баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах Эмнэл зүйн багын ажиллах хуваарийг тасгийн ажилтнуудад танилцуулаагүй ... гэж, /1хх19-21, 90-91/

Нэхэмжлэгч ххх нь хариуцагч хххх-ийг ажлаас буруу халсан гэх гомдлын үндэслэлээ ... байгууллагын даргын 2021 ны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай А/03 дугаартай тушаал гарч, 3 дугаар хавсралтаар Ковид-19 халдварын тохиолдолд дуудагдан ажиллах 5 хүний бүрэлдэхүүнтэй Эмнэл зүйн багийн хуваарийг баталсан ба 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө баасан гаригт хуваарилагдсан баг ажиллах ёстой байсан, ажиллаж байх хугацаандаа алдаа, зөрчил гаргаж байгаагүй гэж тус тус тайлбарлан, маргасан байна.

Нэхэмжлэгч ххх-гийн эрхэлж байсан ахлах сувилагчийн албан тушаалд ямар ажил үүрэг хамаарах, түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцогдох эсэх талаар талууд маргаж байгаа тохиолдолд ажил олгогч, ажилтныг ямар зөрчлийг гаргасан гэх байдлын нотлох үүрэг хүлээнэ.

Учир нь хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг бөгөөд ажил олгогч нь ажилтантай гэрээ байгуулснаар ажилтан ажиллана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч  ххх-гээс гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан журмыг зөрчсөн, шүүгчийн захирамж биелэгдээгүй байна. /1хх85-87,133/

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотолгооны үүргийг буруу хуваарилан ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч ххх-д шүүгчийн захирамжаар даалгасан нь буруу болжээ.

Мөн хариуцагч ххх-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөө гэх нотлох баримт хэргийн 31-33, 159-160, 180-184 дэх талд авагджээ. Уг нотлох баримтын 2.6 дах заалтыг нэхэмжлэгч зөрчсөн эсэх талаар талууд маргасан.

Анхан шатны шүүх дээрх баримтуудыг А/03 тоот албан даалгаврын дагуу боловсруулсан төлөвлөгөө нь зүйл, заалтын хувьд зөрүүтэй, аль нэг хувийг нотолгооны ач холбогдол, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нь илүү гэж үзэх үндэслэлгүй эргэлзээ төрүүлж байна гэсэн үндэслэлээр нотлох баримтыг үнэлэхгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлдэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэргээс хасах эрхээ шүүх эдлээгүйгээс талууд нотлох баримтыг хуульд заасан шаардлага ханган шүүхэд гаргаж өгөх боломжгүй болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч ххх-г Халдвартын тасгийн ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн, коронавирус халдварын үед өндөржүүлсэн бэлэн байдлын үед яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан эсэх, ажиллах хуваарьтай байсан эсэх талаар талууд маргаж байгаа тохиолдолд тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолт, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, талуудын маргаж буй үйл баримтын талаар тодруулан, мэтгэцүүлэх ажиллагаа явуулсны дараагаар эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг зөвтгөн явуулах эрх хэмжээг хуулиар олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Ндүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 104/ШШ2021/00229 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД