Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 104/ШШ2021/00229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..................................................................... тоотод оршин суух, ******* овогт Б.Ө /РД: /-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******ид байрлах, ЭМТд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг нөхөн төлүүлэх, 2021 оны ээлжийн амралтын олговор 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүйгээр халагдсан. Ковид-19 цар тахалтай холбоотой гарсан Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай 01 тоот албан даалгавар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн ЭМТийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар тушаал гарсан. Уг тушаалын дагуу ковидын үед ажиллах эмнэл зүйн багийг ажиллуулахаар 5 хүний бүрэлдэхүүнтэй хуваарийг баталсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө ахлах сувилагч Б.Ө ажиллах хуваарь байхгүй байсан. Ийм байхад тэр үед ирж ажиллаагүй гэж буруутган ажлаас халсан.  

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Б.Ө уг зөрчлөө өмнө нь удаа дараа гаргаж байсан гэж дурдаж байгаа боловч хэзээ зөрчил гаргаж байсан талаар нотлох баримт авагдаагүй байна. Б.Ө ковидын үед ажиллах хуваарийг баталсан тушаалыг ажилчдад танилцуулах ёстой гэх үүрэг байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтад нийцээгүй.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор 7 519 398 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, 2021 оны ээлжийн амралтын олговор 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ЭМТийн Халдварт сүрьеэгийн тасагт ахлах сувилагчаар ажиллаж байсан Б.Ө нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх дамжин өнгөрсөн коронавируст халдвар батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн алба хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас, хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 38.1.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлгийн 34.2.4 дэх заалт, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны А/274 дүгээр тушаалын хавсралтын 4 дүгээр бүлгийн 4.2.4 дэх заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.2.4, Долоодугаар бүлгийн 7.9-д заасныг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон байгууллагын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай 01 тоот албан даалгавар гарч коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд чангатгах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн онцгой нөхцөл байдал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед Халдварт, сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.Ө үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, албаны бэлэн байдлыг алдагдуулж, дуудаад байхад ажилд ирээгүй асуудал гаргасан.

Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай А/03 дугаар тушаалаар эмнэлзүйн багт нэр заагдсан ажилтнаас гадна Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт "Албан тушаалын тодорхойлолтын маягт"-д зааснаар ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилтын 1-т "тасаг, нэгж, төвийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах", 1 дүгээр зорилтын 1.2-т "Шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангалтыг зохион байгуулж, хяналт тавих", 4 дүгээр зорилтын 5-д "Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ээлжийн амралтыг зохицуулах, өвчтэй, чөлөөтэй үед зохицуулалт хийх", Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын 3-т “Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах", "Олон улсын хөл хориот өвчний голомт, гамшгийн үед дайчлагдан ажиллах" гэсэн тодорхой заалтын хүрээнд авч үзэхэд удирдлагаас өгсөн үүргийн дагуу Б.Ө нь хэдийгээр хотод байсан ч онцгой нөхцөл байдлын үед хотоос зайлшгүй ирэх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй.

Тухайн үед Элстэйн постны ажилчдыг тусгаарлаж ажиллахаар дүүргийн шуурхай штаб, мөн удирдлагаас шийдвэрлэж тодорхой үүрэг чиглэл өгсөн байхад ахлах сувилагчийн хувьд ажилтнуудыг шаардлагатай эм тариа, хамгаалах хувцас, хэрэгслээр хангаж, яаралтай нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд өөрөө биечлэн оролцох үүрэгтэй байсан ч оролцоогүй.

Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн хувьд Б.Ө нь гарсан тушаалыг тасгийн ажилчдадаа танилцуулж, бэлэн байдлыг хангах ёстой байсан. Тухайн үед ажиллах ёстой байсан сувилагч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул ахлах сувилагч Б.Ө ажиллах ёстой байсан.

Бид Б.Өд өөр тасагт сувилагчаар ажиллах боломжийг олгосон. Тухайн үед Б.Ө би ядарч байна, 2-3 сарын хугацаанд амаръя гээд тойрохоо зуруулж явсан. Манай байгууллагын зүгээс Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан тодорхой журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэхдээ Б.Өтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохоос биш түүнийг ажлаас халсан зүйл байхгүй, хуульд заасны дагуу тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч ЭМТд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2021 оны ээлжийн амралтын олговор 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалд холбогдуулж шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны шаардлагыг хангасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 22ы өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гэж 7 519 398 төгрөг нэхэмжилж байгаа болохоо тодруулсан.

            Б.Ө нь ЭМТд 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тушаалын дагуу ажиллаж эхлэсэн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид өөрсдийн мэтгэлцээний байр суурийг баримтаар нотлох үүрэг хүлээдэг тул үүний дагуу үйл баримтыг нотлогдсон хэмжээнд үнэлсэн болохыг урьдчилж дурдах нь зүйтэй.

            Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

            ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.Ө нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 5 дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрсөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн албан хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед түргэн тусламжийн дугаараар удаа дараа залгасан боловч утсаа аваагүй, нэг удаа утсаа авахдаа “би мэдэхгүй” гэж хариу хэлээд утсаа тасалж өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдуулсан ба энэхүү үйлдлийг урьд өмнө удаа дараа гаргаж байсан гэж үзэн Б.Өтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Уг тушаалд ажлаас чөлөөлөх үр дагаврыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 хэсэгт заасан зохицуулалтаар үүсгэжээ.

            Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт ажил олгогч санаачилсан гэх зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах төрлийг заасан ерөнхий хэм хэмжээ юм. Харин ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан 7 үндэслэлийн аль нэгийг заавал сонгох ёстой болохыг нарийвчлан хуульчилж өгсөн байна. Ажил олгогч нь ажилтны эрх зүйн байдал, гаргасан үйлдэлд тохируулан хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэж хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах үүргээ энэ маргаанд хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч Б.Өтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн ямар үндэслэлээр цуцалсан болох нь тогтоогдохгүй болжээ. Түүнчлэн хариуцагч байгууллага гаргасан тушаалдаа нэхэмжлэгчийн хөдөлмөрийн сахилга алдагдуулсан үйлдлийн талаар дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд  ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэх зохицуулалтыг хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй.

            Цаашилбал,  ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.Ө нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 5 дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрсөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн албан хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байсан гэж буруутгасан боловч ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар “Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги томилох тухай” тушаалын гуравдугаар хавсралтад заасан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэм чанд сахиулах эмнэл зүйн багт Б.Ө нь бямба гарагт ажиллах хуваарьтай байжээ. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд заасан зөрчил гарсан гэх 2021 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүд нь пүрэв, баасан гаргууд байсан ба тус өдрүүдэд сувилагч С.М, Т.С нар ажиллах хуваарьтай байсан байна. Хуваарийн дагуу ажиллах сувилагч нар ажиллах боломжгүй тохиолдолд Б.Өг тэдний оронд ажиллах ёстой, мөн ахлах сувилагчийн хувьд  коронавируст халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт заавал очих ёстой гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар тушаалд тодорхой заагаагүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн тайлбар, гэрч Г.У, Г.Б нарын мэдүүлэг зэргээр 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө яаралтай түргэн тусламжийн хэсэг дээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөж байсан “Олон улсын хөл хориот өвчний үед дуудагдаж ажиллах мэргэжлийн эмч, сувилагч, ажилчдын хуваарь” /ХХ-н 33-р тал/ ашиглагдаж байсан гэдэг ба тэрхүү хуваариар Б.Ө нь бямба гарагт ажиллах хуваарьтай, пүрэв, баасан гарагт С.М, З.О нар ажиллах ёстой байжээ.

          Мөн ЭМТөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар тушаалыг холбогдох албан тушаалтнуудад /үүн дотор нэхэмжлэгчид/ хүргүүлээгүй, цахимаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 5 дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрсөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн албан хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахад гарсан зөрчил нь хариуцагч байгууллагын ажлын зохион байгуулалт, хяналтаас үүдэлтэй болох нь гэрч Г.У, П.Д, Т.С, Г.Б нарын мэдүүлэг,  ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар тушаал, “Олон улсын хөл хориот өвчний үед дуудагдаж ажиллах мэргэжлийн эмч, сувилагч, ажилчдын хуваарь” зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Хэргийн 30 дугаар талд авагдсан ЭМТийн тасгийн ахлах сувилагч, сувилахуйн арга зүйчийн ажил үүргийн хуваарийн 14 дэх хэсэгт заасан ... олон улсын хөл хориот өвчин гарсан үед болон халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах ба удирдах дээд байгууллагаас ирсэн тушаал шийдвэрийг тухай бүрд нь танилцуулах .... үүрэгтэй гэж хариуцагч тал шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч байгууллагын удирдлагын зүгээс гарсан тушаалыг ажилтанд албан ёсоор хүргүүлээгүй, хүргүүлсэн болохоо баталгаажуулаагүй тохиолдолд ажилтнаас энэ үүргийн биелэлтийг шаардах боломжгүй юм.

          Хариуцагчийн зүгээс коронавируст халдварын батлагдсан тохиолдлын үед ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батласан “Коронавируст хадлварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариуцлага, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаварын төлөвлөгөө” /ХХ-н 32, 180-184-р тал/-ний 2.6-д зааснаар Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.Ө нь халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд ковидын эмнэлгийн эмнэл зүйн багийг шаардлагатай зүйлсээр ханган ажиллахаар заасан боловч хэргийн 216-218-р талд авагдсан дээрх төлөвлөгөөнд уг 2.6 гэх заалт байхгүй, хэрэгт хариуцагчаас эх хувиар, нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын тэмдэг бүхий нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус гаргаж өгсөн нь хоорондоо зөрүүтэй, аль нэг хувийг нотолгооны ач холбогдол, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нь илүү гэж үзэх үндэслэл байхгүйгээс эргэлзээ төрүүлж байх тул ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батласан “Коронавируст хадлварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариуцлага, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаварын төлөвлөгөө”-ний 2.6 гэх зохицуулалтыг тусгасан нотлох баримтыг үнэлэхгүй орхиж байна.   

          Ажлаас чөлөөлсөн тушаалд ... энэхүү үйлдлийг урьд өмнө удаа дараа гаргаж байсан ... гэж тусгасан нь баримтаар нотлогдоогүй гэх нэхэмжлэгч талын мэтгэлцээний байр суурийг хүлээн авч байна.

          Иймд хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан байх тул нэхэмжлэгч Б.Өг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

 

          Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ээлжийн амралтын хугацааны олговор 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа тодруулан 2021 оны 01 дүгээр сарын 22ы өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гэж 7 519 398 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 22ы өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны 6 сар 4 хоногийн дундаж цалин хөлстэйгээ тэнцэх олговорыг нэхэмжлэх эрхтэй байна. 

          Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дундаж цалинг тодорхойлоход өрсөлдөх баримтуудаас шүүхийн зүгээс төрийн эрх бүхий байгууллагаар баталгаажсан нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн Б.Өгийн 2020 оны 10-12 дугаар сарын цалингаар тооцоход 1 сарын дундаж цалин 1 485 697 төгрөг болсон болно. Уг тооцооллын дагуу 6 сар 4 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээ 9 194 502 төгрөг болсноос нэхэмжилсэн хэмжээнд 7 519 398 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй.

          Харин нэхэмжлэгч Б.Өгийн Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул 2021 оны ээлжийн амралтын олговорын асуудлыг одоо шийдвэрлэх шаардлагагүй, ажилдаа эргэн орсны дараа буюу ирээдүйд шийдвэрлэгдэх ёстой асуудал болж байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

         Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах шаардлагын тухайд

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж байна. 

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч Б.Өг ЭМТийн Халдварт сүрьеэгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор 7 519 398 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговор 2 500 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн бөгөөд хуулийн шаардлага хангаагүй баримтууд /1ХХ-н 49, 126-131, 158-160, 179-184-р тал/, мөн зөрүүтэй бөгөөд эргэлзээтэй байдлаар авагдсан ЭМТийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батласан “Коронавируст хадлварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариуцлага, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаварын төлөвлөгөө”-ний 2.6 гэх зохицуулалтыг тусгасан хэсгийг үнэлээгүй болохыг дурдвал зохино.

Шүүх зохигчдыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах, зохистой гэж үзвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандуулах санал тавих ажиллагааг хийсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт авагдсан 84 хуудастай тасгийн хурлын тэмдэглэлийн дэвтэр, 58 хуудастай бүртгэлийн дэвтрийг хариуцагч ЭМТд буцаан олгох болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээний тэмдэгтийн хураамж 205 460 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өг ЭМТийн Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч ЭМТөөс 7 519 398 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговор 2 500 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

          4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Б.Өгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ЭМТд  даалгасугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

          ЭМТөөс тэмдэгтийн хураамжид 205 460 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт авагдсан 84 хуудастай тасгийн хурлын тэмдэглэлийн дэвтэр, 58 хуудастай бүртгэлийн дэвтрийг ЭМТд буцаан олгосугай.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БАДРАХ