Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01558

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01558

 

 

 

ххххх-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01540 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххх-н нэхэмжлэлтэй хариуцагч хххххххх-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 162 евро буюу 9 779 749 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хххххх нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол улсаас ххххххххххх 18/32 тоот тушаалаар визитийн үйлчлэгчээр томилогдсон. Мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсаас хххххххххххххх хэргийг түр хамаарагчийн 20/17 тоот тушаалаар тус яамны нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилогдсон.

Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулан ажилласан. хххххххх 3 дугаар сарын 31-ний өдөр 21/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн ххххх-г ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн.

Уг тушаалд орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсхүл татан буугдсан эсэх талаар дурдаагүй байна. Мөн ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй боловч ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид шууд танилцуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан зөрчлийг гаргаагүй.

Мөн ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4.1-т гадаад харилцааны яамны хөдөлмөрийн дотоод журам болон хэм хэмжээ тогтоосон бусад эрх зүйн баримт бичгийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар тодорхой заасан нотлох баримт байхгүй, 3.4.2-т ажил үүргийн хувиараар хариуцсан, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж байх үүргээ биелүүлээгүй гэж заажээ. Гэтэл тухайн ажил үүргийн хуваарийн аль хэсгийг биелүүлээгүй тодорхой заагаагүй бөгөөд хүлээсэн үүргээ өндөр түвшинд гүйцэтгээгүйг албан ёсны дүгнэлт, шийдвэр байхгүй байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэл гэж үзэхгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дипломат төлөөлөгчийн газар томилогдон ажиллаж байгаа албан хаагчийн гэр бүлийн гишүүн гэсэн үндэслэлээр хххх-г 2018 онд визитийн үйлчлэгчээр, 2020 онд нягтлан бодогчоор хоёр ажил хийж нэг ажилтны үндсэн цалин 2 дахь ажилтны 40 хувийн цалинжиж ажил гүйцэтгэж ирсэн.

2019 оноос 2021 онд визитийн үйлчлэгчийн орон тоо шаардлагагүй байсан тул элчин сайд Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит тэдгээрийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын дотоод орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгах, төсөв зардлыг хэмнэхийг төсвийн шууд захирагч нарт даалгасан тул хххххх-г үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Төсвийн шууд захирагчийн эрх хэмжээний хүрээнд түүнийг ажлаас чөлөөлсөн.

Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн 18-аас дээш насны 2 хүүхдэд зардал хангамжийн тухай А/1850 тоот тушаалын 4.9 дэх заалтын дагуу 50 хувиар олгох зардлыг 100 хувиар олгосон. Мөн хамтарсан тушаалын 4.6-т заасны дагуу анх томилогдсон ажилтанд 1 жилийн дотор тавилга авах зорилгоор олгодог зээлийг өөрийн нөхөр зөвлөх ххххх-т 3 жилийн дараа буюу 2018 оны 8 дугаар сард томилогдсон байхад 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон. Дээрх үндэслэлээр санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж ажилдаа хариуцлагагүй хандаж өөртөө давуу байдал бий болгож хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 4.2 дахь заалтыг зөрчсөн.

Мөн албан хаагч ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс гадна Монгол ажилтны сахилын тусгай журам дагуу хариуцлага хүлээнэ. Тус дүрэмд хамаарах 1.6 дахь заалтад тухайн дипломат ажилтны гэр бүлд хамаарна. Тусгай дүрмийн 5.4.1-д заасныг зөрчиж хууль бус хангамж эдэлсэн тул 5.2.5-т заасан дипломат албанаас халах нөхцөл байдал үүссэн тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан болно. Иймд нэхэмжлэгч хххх-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нэхэмжлэгч Б.У-г Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа элчин сайдын яамны нягтлан бодогч, визитийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Гадаад харилцааны яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 058 016 төгрөгийг хариуцагч Монгол Улсаас ххххххххххххх хххххххххгаргуулж нэхэмжлэгч хххх-т олгож, үлдэх 727 733 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хххх-н нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Улсаас ххххххххх-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсаас ххххххххх-с 159 878 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг шийдвэрлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д зааснаар хххххххххх визитийн үйлчлэгч, нягтлан бодогчийн албан тушаалд иргэн хххххх-г нэг жилийн хугацаатай ажиллуулахаар хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байхад хөдөлмөрийн гэрээний хугацааг хэтрүүлэн, анхан шатны шүүх хурал хүртэлх хугацаагаар нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэхээр байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаа тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхээс нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, бодит шийдвэр гаргахын оронд хуулийг буруу тайлбарлан ажил олгогч талын эрх ашгийг үл хайхарч алдаатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч ххххххххххнь хариуцагч хххххххх-дурьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 162 евро буюу 9 779 749 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх 1-5. 24/

Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн буюу Монгол Улсаас хххххххххх 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/32 тоот тушаалаар хххх-г визитийн үйлчлэгчээр, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/17 тоот тушаалаар Элчин сайдын яамны нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр тус тус томилсон, ажил олгогчоос ажилтантай 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтыг нотолсон дээрх дугаар бүхий бичгийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 6-9/ Уг асуудлаар талууд маргаагүй. Ажил олгогч Монгол Улсаас хххххххххх 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ажилтан хххх-г ажлаас чөлөөлөх тухай 21/06 дугаартай тушаал, түүний хууль зүйн үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. /хх-10/

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2 дахь заалтуудыг баримтлан албан тушаалаа урвуулан ашиглан, өөрт давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгч хххххх-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 6-10/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх үүргийг ажил олгогч хүлээнэ.

Мөн хуулийн 40.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нөхцөлд ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд энэ үйл баримтыг ажил олгогч буюу хариуцагч тал баримтаар нотолж шүүхэд гаргах, цуглуулж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч хххххх-г дээр дурдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Монгол Улсаас ххххххххххх-г 21/06 дугаартай тушаалд заасан үндэслэлээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Дээрх үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Харин нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн хугацааг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Талууд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т нийцсэн, энэ талаар зохигчдын хэн аль маргаангүй. Хариуцагч тал энэ гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үндэслэлээ баримтаар нотлоогүй боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байжээ.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан үргэлжлүүлэн ажиллаж буйг ажил олгогч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээний хугацааг сунгагдсан тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт тусгасан байна. Зохигчдын хувьд ажилтныг ажиллуулах талаар маргаантай буюу хөдөлмөрийн гэрээг дээрх заалтын дагуу сунгагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэхгүй.

Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх учир нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч талаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Уг хугацааны олговрыг тооцвол 6 139 996 төгрөг / сарын цалин 520 евро+228.8 евро= нийт 748.8 евро х 3092.9 төгрөг= 2 315 964 төгрөг : 21.5 ажлын хоног= 107 719 төгрөг. Ажилгүй байсан 57 хоног х 107 719 төгрөг/ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангах нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01540 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэгч хххх-н нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Гххххххххххххх-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй олговорт 6 139 996 төгрөгийг хариуцагч Монгол Улсаас хххххххх-с гаргуулан нэхэмжлэгч ххххх-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 639 753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж бүхэлд нь найруулан өөрчилж, 4 дэх заалтын 159 878 гэснийг 113 190 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД