Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/01188

 

2019 оны 05 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2019/01188 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Шүрэн хаус-15 тоот хаягт байрлах Ялгуун милл ХХК /РД:5265746/-ийн хүсэлттэй

Дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ялгуун милл ХХК-ийн төлөөлөгч Ц.Загдсүрэн, дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал, нэхэмжлэгч Э.Тэмүүжин, Б.Эрдэнэцэцэг нарын төлөөлөгч Э.Есүүдэй, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн төлөөлөгч Б.Даваагэрэл, М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ялгуун милл ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялгуун милл ХХК 2008 оны 10 сарын 21-ний өдөр байгуулагдсан, нэг хувьцаа эзэмшигчтэй, улсын бүртгэлийн дугаар 9011174033, регистрийн дугаар 5265746, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл болно. Тус компани 2009 онд Дорноговь аймаг, Өргөн сумын төвд уул уурхайн түүхий эдийн тээрмийн үйлдвэрийг байгуулж зургаан жилийн хугацаанд Монгол улсын стандартын шаардлагыг хангасан асфальтын үйлдвэрлэлийн эрдэс нэмэлт, бентонитын нунтаг болон бусад барилгын материалыг тээрэмдэн үйлдвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн замыг шинээр тавьж буй арав гаруй аж ахуйн нэгжид нийлүүлж ирсэн билээ. Манай үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох эрдэс нэмэлт нь хэдийгээр замын хатуу асфальтан хучилт хийхэд зайлшгүй шаардлагатай ч мөнгө шингээх чадвар муу, олон дамжлага бүхий үйлдвэрлэл эрхлэхийг шаарддаг онцлогтой. Тухайлбал, энгийн шохойн чулууг ордноос нь хөрс хуулан тэсэлгээ хийж олборлох, бутлан шигшиж ангилах, шороо, бусад хольцоос салган цэвэрлэх, үйлдвэр рүү том оврын автомашинаар 28 км тээвэрлэх, тэнд тээрэмдэн нунтаг хэлбэрт оруулж савлах, эцэстээ хэрэглэгчид хүргэж өгөх зэрэг олон ажилбар хийгдэж ихээхэн хэмжээний зардал гардаг боловч зах зээл дэх нэг тонны үнэ нь 60- 70 мянган төгрөг байдаг учир үйлдвэрлэлийн цэвэр ашиг 10-15 хувиас дээш гардаггүй юм. Түүнчлэн үнэ өртөг багатай барааг холын зайд тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн зардал өндөртэй учир ихэвчлэн бүс нутагтаа борлуулдаг, манай орны замын барилгын ажлын онцлогийг даган тус компани зөвхөн дулааны улирал буюу 5-9 сард үйл ажиллагаа явуулах боломжтой учир ашигтай ажиллахын тулд бид маш богино хугацаанд аль болох их хэмжээний үйлдвэрлэл явуулж байсан түүхтэй. Нөгөө талаас манай бүтээгдэхүүний гол хэрэглэгч болох зам барилгын компани, асфальтын үйлдвэрлэгч нар дан ганц улсын төсөв, эсвэл олон улсын зээл тусламжийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг учир төвлөрсөн санхүүжилтээс шууд хамааралтай болбоос төлбөр тооцоогоо удаашруулах, улмаар манай компанийг хохироох асуудал олон жилийн турш давтагдан ирсэн. Тухайлбал, олон зуун жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй адилаар 2012-2015 онд манай барааны худалдан авагчид санхүүгийн хямралд өртөгдсөн нь тус компанийн үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж манай борлуулалт бүрмөсөн зогссоны улмаас бид үйлдвэрээ урт хугацаагаар хаахад хүрлээ. Яг энэ үеэс эхлэн манай компани санхүүгийн гүн хямралд орж ажиллагсдын цалин, цахилгаан тээврийн мөнгө, банкны төлбөр, мөн хуримтлагдсан татварын өглөгөө барагдуулж чадахгүйд хүрсэн. Тухайлбал, манай компани 2016 оны эцэс гэхэд 51.0 сая төгрөгийн НӨАТ болон бусад төрлийн татварын өр төлбөр хуримтлагдав. Ингээд сүүлийн таван жилийн турш манай компани нь санхүүгийн байгууллага, иргэдээс ихээхэн хэмжээний зээл авч үйлдвэрлэлийг хэвийн горимд эрхлэх боломжоо бүрдүүлсэн боловч улс орны эдийн засгийн ерөнхий байдал, замын компаниудын төлбөрийн чадамж, үйлдвэрийн байршлаасаа шалтгаалан цаашид үйлдвэрлэл эрхлэх, борлуулалт хийх боломж хаагдсанаас шалтгаалан санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж иргэд, санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөр, хуримтлагдсан татварын өглөгөө барагдуулах чадваргүй, үндсэндээ цаашид тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрлээ. Үйлдвэрлэл бүр мөсөн зогсож компани нь сүүлийн гурван жил ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул 2011-2014 онд хуримтлагдсан ААНОАТ, ХХОАТ ба НӨАТ-ын өглөг болох 51,035,855.00 төгрөг, Түмэн Менежмент ББСБ-аас зээлдсэн зээлийн үндсэн төлбөр, хүүний хамт 51,086,569.95 төгрөг, хувь нийлүүлэгчээс компанийн үйл ажиллагаа хэвийн явуулахад санхүүжүүлсэн 158,367,723.00 төгрөг, нийт 260,490,147.95 төгрөгийг эргэн төлж барагдуулах ямар ч боломжгүй байдалд хүрлээ. Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэхэд Ялгуун милл ХХК нь сүүлийн таван жил алдагдалтай ажилласан; үйлдвэрлэлийн онцлог, зах зээлийн өнөөгийн байдал, бусад хүчин зүйлийг үндэслэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй, үүнээс шалтгаалан урьд өмнө нь хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй; энэхүү хуримтлагдсан өглөг нь компанийн нийт авлага, өөрийн хөрөнгөөс олон арав дахин давсан зэрэг нөхцөл байдалтай байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 5.1.2-р заалтыг үндэслэн Ялгуун милл ХХК нь цаашид санхүүгийн үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж байгаа тул тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож дампуурсанд тооцон татан буулгаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч Э.Тэмүүжин, түүний төлөөлөгч Э.Есүүдэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Тэмүүжин 2009 онд Ялгуун интернэшнл ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Ялгуун милл ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орсон. Гэрээний нөхцлөөр Э.Тэмүүжин нь 2009 онд Ялгуун милл ХХК-д хувийн хуримтлалаасаа нийтдээ 96,150,000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бэлнээр хийж компанийн тээрмийн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангаж ирсэн. Э.Тэмүүжиний оруулсан энэхүү хөрөнгө нь Ялгуун милл ХХК-ийн өр төлбөрийн данс бүртгэлтэй, баланс тайланд нь тусгагдан үлдсэн өр өнөөг хүртэл хэвээрээ байгаа юм. Гэтэл тус компани нь 2012-2014 оны санхүүгийн хямралд өртөж үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох шохойн чулууны эрдэс нунтаг болон бентонитын нунтгаа борлуулах зах зээлгүй болж үйл ажиллагаагаа бүрэн зогсоон төлбөрийн чадваргүй болсон. Э.Тэмүүжиний оруулсан мөнгөн хөрөнгөөс өнөөдрийн байдлаар ихээхэн хэмжээний мөнгө буюу 80 сая төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Иймд Ялгуун милл ХХК-аас 79,957,963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, түүний төлөөлөгч Э.Есүүдэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буузай овогтой Эрдэнэцэцэг нь Ялгуун милл ХХК-д 2013 оны 12 сарын 10-нд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 45 сая төгрөг бодогдсон хүүний хамт, мөн Монум ХЗХ-оос авсан зээл 30 сая төгрөг бодогдсон хүүний хамт, нийт 78,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж энэхүү гэрээний 2.1.2-р заалтаар тус компанийн цэвэр ашгийн 40 хувийг жил бүр авч байх, хөрөнгө оруулалтаа 3 жилийн дотор нөхөгдсөнөөр гэрээ дуусгавар болох зэрэг нөхцлүүдийг тусгаж өгсөн. Түүнчлэн компанийн мөнгөн урсгал хянах, орлого, зардлыг гүйлгээг биечлэн гүйцэтгэх, компанийн хэвийн үйл ажиллагаа хангах үүднээс тус гэрээг үндэслэн Б.Эрдэнэцэцэгийг Ялгуун милл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Уг мөнгийг Ялгуун милл ХХК-ийн тээрмийн үйлдвэрийн хэвийн ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийг хангах зорилгоор өгсөн боловч амжилт олоогүй. Одоо Ялгуун милл ХХК-ийн баланс тайланд дээрх 78,409,760 төгрөг нь компанийн бусдад өгөх өглөгөөр тусгагдаж явдаг. Иймд хариуцагч Ялгуун милл ХХК-аас 78,409,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2018/08784 дугаар шүүгчийн захирамжаар Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргал намайг томилсон. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13. 1 дахь хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт, хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог, удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт, нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал зэргийг тусгахыг заасан. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д сүүлийн 3 жилийн тайлан тэнцэл, Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19 -ны өдрийн 1 тоот. "...санхүүгийн тайлан тэнцэл" гэдэгт Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн "...сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулна гэж заасан хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн 2012-2016 онуудын улирлын санхүүгийн баримтыг бүхэлд нь судалсан. Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчаас ирүүлсэн баримт, санхүүгийн тайлангаас хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, нэхэмжлэгч иргэн Э.Тэмүүжин, Б.Эрдэнэцэцэг болон хариуцагч Ялгуун милл ХХК-д үүгээр танилцуулж байна. Хэрэг гүйцэтгэгч би Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтлан дараах арга, аргачлалуудыг баримтлан ажиллав. Хариуцагч Ялгуун милл ХХК - ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчээс мэдээлэл авах, удирдлагын үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн талаар тодруулга авахад харилцан ярилцах, асуулгын аргыг ашигласан. Компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллагаас баримтыг гаргуулан баталгаажуулав. Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал би Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Ялгуун милл ХХК-д холбогдох дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал санал болгосноос шүүхээс томилогдсон. Нэхэмжлэгч болон хариуцагчийн үйл ажиллагаанд хувийн болон санхүү эдийн засгийн сонирхолгүй, Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй, Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн болон түүний гэр бүлийн гишүүн бус бөгөөд хамаатан садангийн холбоогүй, энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэрэгт доорх ажиллагааг хийсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 181/ШЗ2018/08784 дугаартай шүүгчийн захирамжаар Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргал намайг томилсон. Хэрэг гүйцэтгэгч би урьд ажиллаж байсан хэрэг гүйцэтгэгчээс хариуцагчийн баримт бичиг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, компанийн тамга тэмдэг зэргийг хүлээн авсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг хуралдуулан нэхэмжлэгчдийн саналын эрхийг тогтоосон. Ялгуун милл ХХК нь Хаан банкны 5043017214 төгрөгийн данс, Хаан банкны 5043020544 валютын данс, Худалдаа хөгжлийн банкны 411003940 төгрөгийн данс, Худалдаа хөгжлийн банкны 411003941 валютын данс эзэмшиж байсан ба би хариуцагчийн эзэмшиж байгаа дансны гүйлгээг судалсан. Үйл ажиллагааны орлого болох эрдэс бетоны нунтгийн үнийг 2014 оны 09 дүгээр сар хүртэл харилцагчдаас авч байсан байна. Дээрх хоёр харилцах дансанд компанийн хувьцаа эзэмшигч Э.Тэмүүжин орлого болон зузаатгал гэж орлого оруулсан байна. Хувьцаа эзэмшигч Э.Тэмүүжин нь компанийн үйл ажиллагаанд зориулан хөрөнгө оруулж дээрх орлогууд нь компанийн үйл ажиллагааны зардал болон зээлийн төлбөрт зарцуулагдсан байна. Ялгуун милл ХХК нь ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр, Алтайн зам ХХК, Улаанбаатар АЗЗА ХХК, Ораметалл ХХК зэрэг харилцагч компаниудад борлуулж орлого олж байсан боловч эргэлтийн хөрөнгө нь урт болон богино хугацааны зээлээр бүрддэг нь компанийг ашиггүй ажиллахад хүргэж, үйл ажиллагаанаас олсон ашиг зээлийн хүү, зээл төлөхөд зарцуулагдаж байжээ. Ялгуун милл ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийхэд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өөрийн хөрөнгөөс /үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгө/ 249,928,600 төгрөг бусдад төлөх төлбөр 260,637,500 төгрөгийг хассанаар -10,708,900 төгрөгийн хасах баланстай буюу өөрийн хөрөнгө байхгүй байх тул төлбөрийн чадваргүй байна гэж дүгнэлээ. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нъ зүйтэй гэж дүгнэлээ. Ялгуун милл ХХК нь 2008 онд барилгын материалын худалдаа хийх үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь асфальтын үйлдвэрлэлийн эрдэс нэмэлт, бетонитын нунтаг болон бусад барилгын материалыг нунтаглан бүтээгдэхүүн боловсруулан зам тавьж байгаа компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан байна. Хариуцагч шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгөх хүсэлтээ үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох эрдэс нэмэлт нь хэдийгээр замын хатуу асфальтан хучилт хийхэд зайлшгүй шаардлагатай ч мөнгө шингээх чадвар муу олон дамжлага бүхий үйлдвэрлэл юм. Энгийн шохойн чулууг ордноос нь хөрс хуулан тэсэлгээ хийж олборлох, бутлан шигшин ангилах, шороо бусад хольцоос салган цэвэрлэх, үйлдвэр рүү том оврын автомашинаар 28 км тээвэрлэх, тэнд тээвэрлэн нунтаг хэлбэрт оруулж савлах, эцэстээ хэрэглэгчид хүргэж өгөх зэрэг олон ажилбар хийгдэж ихээхэн хэмжээний зардал гаргадаг боловч зах зээл дахь нэг тонны үнэ нь 60-70 мянган төгрөг байдаг учир үйлдвэрлэлийн цэвэр ашиг 10-15 хувиас дээш гардаггүй. 2012-2015 онд худалдан авагчид санхүүгийн хямрал өртөгдсөн нь тус компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж манай борлуулалт бүрмөсөн зогссон улмаас бид үйлдвэрээ урт хугацаагаар хаахад хүрснээр төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарладаг. Ялгуун милл ХХК -ийн санхүүгийн баримт болон бусад бичиг баримт, анхан шатны баримт, дансны гүйлгээ зэргээс 2012 оноос эхлэн санхүүгийн хүндрэлд орж төлбөл зохих төлбөрөө хугацаанд нь төлөх чадваргүй болсон. Хэрэг гүйцэтгэгчийн шинжилгээ хийсэн 2012 оноос 2016 оны санхүүгийн баримтаар компанийн тайлан балансад хөрөнгө ба эх үүсвэрийн хэмжээ тэнцүү байх ёстой атал нийт хөрөнгийн хэмжээнээс давсан их өр төлбөртэй болж хувьцаат капитал балансад сөрөг утгатай болсон нь хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг харуулж байна. Хэрэг гүйцэтгэгч би хуулийн дагуу хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаанд дүгнэлт гаргах үүрэгтэй. Иймээс Ялгуун милл ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон хүчин зүйлийг доорх байдлаар дүгнэлээ. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон дотоод хүчин зүйл нь үйл ажиллагааны зохион байгуулалт, бүтэц, удирдлагын арга барил нь төлбөрийн чадварт шууд нөлөөлсөн байна. Тус компани 2009 онд Дорноговь аймгийн Өргөн суманд уул уурхайн түүхий эд шаардлагыг хангасан асфальтын үйлдвэрлэлийн эрдэс нэмэлт, бетонитын нунтаг болон бусад барилгын материалыг тээрэмдэн үйлдвэрлэх үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үүнд хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа байршил нь зах зээлээс нэлээд зайтай Улаанбаатар хот Эрдэнэт хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байжээ. Энэ нь бизнесийн хувьд алдагдалтай байсан. Үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох эрдэс нэмэлт нь зах зээлийн эрэлттэй замын хатуу асфальтан хучилт хийхэд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн боловч түүхий эдийг олборлох, бутлан шигшин ангилах, шороо бусад хольцоос салган цэвэрлэх, жижиглэн тээрэмдэн савлах, хэрэглэгчид хүргэх зэрэг үйлдвэрлэлийн олон дамжлага шаардагддаг байна. Энэ нь компанийн борлуулалтын өртөгт шууд нөлөөлж эргэлтийн хөрөнгийн гачигдалд орж урт болон богино хугацаат зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлж байжээ. Хариуцагчийн төлбөрийн чадваргүйд нөлөөлөх хүчин зүйл нь удирдлагын үйл ажиллагаатай шууд холбоотой байна. Компанийн удирдлага орлого үр дүнгээ нарийн тооцоололгүйгээр хөрөнгө оруулалтыг оновчгүй хийж үйлдвэрлэлийн төлөвлөлт, санхүүгийн бүртгэл, менежментийн аргачлал байхгүйгээс компанийн өр төлбөр нь компанийн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнээс их болсноор төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэлээ. Төлбөрийн чадварт нөлөөлөх гадаад хүчин зүйл нь байгууллагын үйл ажиллагаанаас үл хамаарах хүчин зүйл юм. Ялгуун милл ХХК-ийн төлбөрийн чадваргүйд нөлөөлсөн доорх гадаад хүчин зүйл байсан. Үүнд: Зах зээлийн байршил - хэт алслагдсан байдал нь зах зээлийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж компанийн ашиг багасаж зардал өндөр байсан. Тээвэрлэлтийн нөхцөл - хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тээвэрлэлтээс шууд хамааралтай байгаа нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Учир нь шохойн чулууг ордноос нь хөрс хуулан тэсэлгээ хийж олборлон үйлдвэр рүү том оврын автомашинаар 28 км тээвэрлэдэг бөгөөд бэлэн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч рүү мөн өндөр үнээр тээвэрлэдэг байсан. Нийгэм эдийн засгийн байдал - Бүтээгдэхүүний гол хэрэглэгч болох зам барилгын компани асфальтын үйлдвэрлэгч нар дан ганц улсын төсөв , эсвэл олон улсын зээл тусламжийн хөрөнгөөр үйл ажиллагаа төвлөрсөн санхүүжилтээс шууд хамааралтай болохоор борлуулалтын төлбөр тооцоогоо хариуцагчаас хамааралгүйгээр удааширдаг нь эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагаанд нөлөөлж байсан байна. Хэрэг гүйцэтгэгчийн хурааж авсан компанийн удирдлагын бичиг баримтад харилцагч нартайгаа удаа дараа төлбөр нэхэмжилсэн албан бичгээр харьцаж байсан нь харагдаж байна. Хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байсан цаг хугацааны хувьд нийгэм эдийн засгийн орчин нь эдийн засгийн хямралд орж байсан барилга байгууламж , зам тавих бүтээн байгуулалт зогсонги байдалд орсон зэрэг нь төлбөрийн чадваргүй болох гадаад нөхцөл бий болсон байна. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн аж ахуйн нэгжийн удаан хугацааны турш дахь тогтвортой үйл ажиллагаа байдаг. Аливаа аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийн дийлэнх хэсгийг гол төлөв бараа материалын үнэ бүхий зүйл эзэлдэг бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн цар хүрээг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт болдог. Энэ утгаараа бараа материалын үнэ бүхий зүйлийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлсэн, тэр нь хэр хүрэлцээтэй байгаа зэргийг тодорхойлох нь санхүүгийн тогтворжилтыг харуулах нэг чухал шалгуур үзүүлэлт болдог. Хариуцагчийн хувьд санхүүгийн эх үүсвэрийн бүрдэлт нь зөвхөн зээлийн хөрөнгөөр бүрдүүлж хөрөнгө оруулагч нар нь үйл ажиллагаа үргэлжлүүлэхийн тулд бизнесийн төлөвлөлтгүй өндөр хүүтэй зээлийг бизнест оруулж байсан нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь сүүлийн таван жил санхүүгийн байгууллага иргэдээс ихээхэн хэмжээний зээл авч үйлдвэрлэлийг хэвийн горимд эрхлэх боломжоо бүрдүүлсэн боловч улс орны эдийн засгийн ерөнхий байдал, замын компаниудын төлбөрийн чадамж, үйлдвэрлэлийн байршлаас шалтгаалан цаашид үйлдвэрлэл эрхлэх, борлуулалт хийх боломж хаагдсанаас шалтгаалан санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж иргэд санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөр хуримтлагдсан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Ялгуун милл ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны хувьд тус компанийн удирдлагын тогтолцоо хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал гэсэн бүтэцтэй байна. Ялгуун милл ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч Х.Баясгалан нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр компанийн 100 хувийн хувьцааг Ф.Баатарсүх, Э.Тэмүүжин нараас шилжүүлэн авсан байна. Хувьцаа эзэмшигч Х.Баясгалан нь компанийг шилжүүлж авахад санхүүгийн доройтолд орсон өр төлбөртэй байсан. Гэвч хувьцааг шилжүүлж авсан хөрөнгө оруулагч нь компанийн үйл ажиллагааг тогтмол явуулахад санаачилга гаргаж хөрөнгө оруулалт олох, компанийн эдийн засгийг чадвартай байлгахад огт санаачилга гаргаж байгаа байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан гэж хуульд тодорхойлсны дагуу хариуцагч компанийн захирал Б.Эрдэнэцэцэг компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байна. Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэг компанийн удирдлагын болон үйлдвэрлэлтийн үйл ажиллагаанд биечлэн гүйцэтгэдэг байна. Хэрэг гүйцэтгэгч би Ялгуун милл ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт гаргахын тулд компанийн үүсгэн байгуулагч Э.Тэмүүжин, Ялгуун интернэшнл ХХК-ийн талаар мэдээлэлд дүгнэлт хийсэн. Хэдийгээр хариуцагчийн үүсгэн байгуулагч Э.Тэмүүжин одоогоор Ялгуун интернэшл ХХК болон Ялгуун милл ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй боловч 2008 онд үүсгэн байгуулахдаа харилцан хамаарал бүхий этгээдүүд байсан. Ялгуун милл ХХК-ийн үйл ажиллагаанд 2014 он хүртэл тухайн үеийн хувьцаа эзэмшигч Э.Тэмүүжин зээлээр хөрөнгө оруулалт хийж удирдлагыг хэрэгжүүлж байсан байна. Ялгуун милл ХХК-ийн удирдлага 2015 оноос хойш үйл ажиллагаагаа зогсоон санхүүгийн тайлан балансыг Х-ээр гарган удирдлагын үйл ажиллагаа явуулалгүй 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцон, татан буулгах хүсэлтийг гаргасан байна. Хариуцагчийн удирдлагын үйл ажиллагаа тухайн компанийн төлбөрийн чадварт нөлөөлсөн эсэх талаар доорх дүгнэлтийг хийлээ. Ялгуун милл ХХК-ийн удирдлага буюу үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаа явуулж байхдаа эдийн засгийн тооцоо судалгааг тухайн нөхцөл байдалд тохирсон удирдлагын оновчтой шийдвэр гаргаж байгаагүй, компани удирдлага өөрийн үйл ажиллагааны чиглэлээр урьд нь ажиллаж байсан туршлага байгаагүй, хөрөнгө оруулалт хийхдээ судалгаа бүрэн хийгээ, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бүрэн судлаагүй, харилцан хамаарал бүхий этгээд хувьцаа эзэмшигч нь компанитайгаа гэрээ хийж компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхдээ зээлийн гэрээ байгуулан компанийн санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргасан. Тус компанийн удирдлага хууль тогтоомжийн талаарх мэдлэг бага мөн үйл ажиллагаандаа мэргэжлийн зөвлөх, мэргэжилтнүүдийн туслалцаа авч байгаагүй, өртөг зардлыг бууруулах арга хэмжээ авдаггүй байсан. Эдийн засгийн хөгжлийн хандлага, нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж чадалгүй эргэлтийн хөрөнгийг зээлээр бүрдүүлдэг байсан. Өөрийн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн өртгөөр бус үнэлгээний компанийн өндөр үнээр бүртгэж ашиглалтын явцад гарсан өөрчлөлтийн талаар үнэлэлт хийдэггүй байсан. Дээрх байдлаас дүгнэхэд Ялгуун миллХХК-ийн менежмент зохион байгуулалт муу, компанийг ашигтай ажиллуулах талаар санал, санаачилга гаргаагүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч байгаагүй, салбарын эдийн засгийн хямралын үед компанийн үйл ажиллагаанд зээлээр эргэлтийн хөрөнгийг бүрдүүлж байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн удирдлагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж дүгнэлээ. Ялгуун милл ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй бөгөөд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон, хариуцагчийн удирдлага цаашид үйл ажиллагаагаа явуулсан ч эдийн засгийн чадавхтай болох боломжгүй тул төлбөрийн чадваргүйд тооцон татан буулгах нь зүйтэй гэж хэрэг гүйцэтгэгч би үзэж байна. Ялгуун милл ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцуулж татан буулгуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 10 -ны өдрийн 181 /Ш32017/10828 дугаартай шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн. Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож Дампуурлын хуулийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурлын товыг зарласан. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. Үүний дагуу иргэн Э.Тэмүүжин 2017 оны 10 дугаар сарын 29 -ны өдөр, иргэн Б. Эрдэнэцэцэг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/11132017/15257 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2017 оны 11 дүгээр сарын 30 -ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан. Хэрэг гүйцэтгэгч би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчдийн хурлыг зохион байгуулснаар нэхэмжлэгч бүрийн нэхэмжлэлийн шаардлагыг эзлэх хувьтай тэнцүү саналын эрхийг нэхэмжлэгчдийн хурлаас тогтоосон. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэгчдийн хурлын товыг мэдэгдсэн боловч ирээгүйг дурдах нь зүйтэй. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 50,891,855 төгрөг буюу 24.32 хувь, иргэн Э.Тэмүүжин 79,957,963 төгрөг буюу 38.21 хувь, иргэн Б.Эрдэнэцэцэг 78,409,760 төгрөг буюу 37.47 хувийн саналын эрхтэй байна. Дампуурлын хэрэгт хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг тул маргаан байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргасан иргэн Э.Тэмүүжин Ялгуун милл ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч байсан, иргэн Б.Эрдэнэцэцэг гүйцэтгэх захирлаар нь ажилладаг харилцан хамаарал бүхий этгээдүүд байдаг. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг Ялгуун милл ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 10 -ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Ялгуун милл ХХК-д 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 45 сая төгрөг бодогдсон хүүний хамт, мөн Монум ХЗХ-оос авсан зээл 30 сая төгрөг бодогдсон хүүний хамт, нийт 78,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэжээ. Хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн үйл ажиллагааг хянах үүднээс нэхэмжлэгч тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Нэхэмжлэгч Э.Тэмүүжин нь Ялгуун милл ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч байх хугацаандаа компанидаа 96,150,000 төгрөгийн хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь эргэн төлөх хугацаа нөхцлийг тусгасан баримт байхгүй боловч санхүүгийн тайлан баланс болон анхан шатны баримт харилцах дансны баримтуудаар нэхэмжлэгчийг хөрөнгө оруулсан гэдэг нь тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигч байсан боловч хөрөнгө оруулалтаа компанийн эргэлтийн хөрөнгөнд зориулан үйл ажиллагааны зардалд тухай бүрд нь хувиасаа гаргаж байсан нь компанийн өр төлбөрт тусгасан тул хариуцагчаас өр төлбөрөө шаардах эрхтэй гэж дүгнэлээ. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2010 оноос үүссэн татварын өр нэхэмжлэлийн шаардлага 50,891,855 төгрөг байна. Хариуцагч Ялгуун милл ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгах тухай хүсэлтээ гаргахдаа Түмэн Менежемент ББСБ-д 51,891,855 төгрөгийн өртэй гэж дурдсан. Түмэн менежемент ББСБ тухайн дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Түмэн менежемент ББСБ Ялгуун милл ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01 -ний өдрийн ЗГ-2014/49 тоот зээлийн гэрээ, БГ-2014/49/1 тоот барьцааны гэрээг үндэслэн тоног төхөөрөмжийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн акт байдаг. Дээрх актаар зээлийн гэрээ дуусгавар болсон өр төлбөр барагдсан гэх дүгнэлтийг хэрэг гүйцэтгэгч би хийх боломжгүй байна. Ялгуун милл ХХК-ийг татан буулгасан тохиолдолд хариуцагчийн хуваарилагдах хөрөнгийн хувьд: Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг ТЗ ын баруун талд байрлах 420 м2 талбайтай үйлдвэр, агуулах / Ү-0708000172/, 111.5 м.кв талбайтай оффис, ажилчдын байр /Ү-0708000171/ хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 03 -ны өдөр битүүмжилсэн. Хариуцагчийн үйлдвэрийн байр болон агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Итгэлт- Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 156,767,094 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн эрэлтэт хөрөнгө биш бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ зөрүүтэй байдаг гэдгийг дурдаж байна. Хэрвээ шүүхээс хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцон татан буулгасан тохиолдолд Ялгуун милл ХХ -ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг ТЗ -ын баруун талд байрлах 420 м2 талбайтай үйлдвэр, агуулах /Ү-0708000172/, 111.5 м2 талбайтай оффис, ажилчдын байр / Ү-0708000171/ -ыг дахин үнэлгээ хийж хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна. Жич: Түмэн менежемент ББСБ, Ялгуун милл ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ-2014/49 тоот зээлийн гэрээ, БГ-2014/49/1 тоот барьцааны гэрээг үндэслэн тээрмийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн актыг Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д зааснаар дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор хариу төлбөргүйгээр бусад этгээдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй. Хэрэг гүйцэтгэгч би Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон тус компанийн хөрөнгө оруулагч, нягтлан бодогч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нараас мэдээ, мэдээллийг цуглуулан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хариуцагчийн төлбөрийн чадварын болон санхүү эдийн засгийн тооцоо, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг үндэслэн Ялгуун милл ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж үзлээ. Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч болон нэхэмжлэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй. Иймээс компанийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр шүүхээс гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзлээ. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Ялгуун милл ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Ялгуун милл ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ялгуун милл ХХК нь анх Ялгуун интернэшнл ХХК, Э.Тэмүүжин нарын 2 үүсгэн байгуулагчтай, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын материалын худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2009 оны 3 сарын 5-ны өдөр хувь нийлүүлэгчээс Ялгуун интенэшнл ХХК хасагдаж, Ф.Баатарсүх нэмэгдэж, Э.Тэмүүжин, Ф.Баатарсүх нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигч болж, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2014 оны 9 сарын 30-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчээс Э.Тэмүүжин, Фрунзегийн Баатарсүх нар хасагдаж, хувьцаа эзэмшигчээр Х.Баясгалан бүртгэгдэж, Х.Баясгалан компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6 тал/, компанийн дүрэм /хх-7,8 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-9,10 тал/ зэргээр тогтоогдож байх ба тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Эрдэнэцэцэг байна.

2017 оны 5 сарын 10-ны өдрийн огноотой Ялгуун милл ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 14 дүгээр хурлын шийдвэр /хх-12 тал/-ээр Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг үндэслэн шүүхэд хандаг холбогдох хууль тогтоомжийн дагуу Ялгуун милл ХХК-ийг дампууруулах ажиллагаа эхлэхийг гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэгт үүрэг болгосон байх ба Б.Эрдэнэцэцэг нь Ялгуун милл ХХК-ийн нэрээр тус шүүхэд Ялгуун милл ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

Шүүх Ялгуун милл ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар хэрэг үүсгэн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь заалтад заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/10950 дугаартай захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Л.Банзрагчийг томилж, Ялгуун милл ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар дүгнэлт хийж, төлбөрийн чадвартай эсэхийг тогтоож, шүүхэд танилцуулахыг даалгасан байна.

Дампуурлын хэргийн түр хэрэг гүйцэтгэгч Л.Банзрагч нь шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 10 сарын 4-ний өдөр шүүхэд Түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /хх-71-75 тал/-ийг ирүүлсэн бөгөөд дүгнэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 9-ний өдрийн 181/ШЗ2017/13295 дугаартай Төлбөрийн чадваргүй болсныг тогтоох тухай захирамж /хх-97 тал/-аар Ялгуун милл ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өнөөдөр сонины 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 237/6230/ дугаарт тус компаниас авлагатай нэхэмжлэгч нар 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд мэдээлж зарласан байна.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэсний дагуу дээрх хуулийн хугацаанд Ялгуун милл ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан нэхэмжлэгч Э.Тэмүүжин нь хариуцагч Ялгуун милл ХХК-д холбогдуулан 79,957,963 төгрөг шаардаж, Ялгуун милл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэг нь 78,409,760 төгрөг шаардаж тус тус нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 181/ШЗ2017/15257 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж /хх-134,135 тал/-аар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсний дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь Ялгуун милл ХХК-д холбогдуулан татварын өр 50,891,855 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн гаргасан байна.

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна гэж заасан байх ба Ялгуун милл ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2017 оны 12 сарын 1-ний өдөр хуралдаж, уг хурлаас Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар түр хэрэг гүйцэтгэгч Л.Банзрагчийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгосны дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 1-ний өдрийн 181/ШЗ2017/15882 дугаартай Хэрэг гүйцэтгэгч томилох тухай захирамж /хх-142 тал/-аар Ялгуун милл ХХК-ийн хүсэлттэй хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Л.Банзрагчийг томилсон байна.

Хэрэг гүйцэтгэгч Л.Банзрагч нь шүүгчийн захирамжид заасан хугацаанд Ялгуун милл ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж ирүүлээгүй бөгөөд 2018 оны 7 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар холбогдохгүй, дүгнэлт гаргах болможоор хангахгүй байсны улмаас хуульд заасан ажиллагааг хийх боломжгүй байсан, мөн хувийн шалтгааны улмаас цаашид хэрэг гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй болсон талаараа шүүхэд мэдэгдсэн /хх-147 тал/ байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 сарын 31-ний өдрийн 181/ШЗ2018/08784 дугаартай захирамжаар Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтад зааснаар хэрэг гүйцэтгэгчийг өөрчилж, хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон байна.

Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь заалтад заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн огноотой Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт-ийг гарган шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч нарт танилцуулсан байна.

Хэрэг гүйцэтгэгч нь Ялгуун милл ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ Ялгуун милл ХХК-ийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өөрийн хөрөнгө болох 249,928,600 төгрөгөөс бусдад төлөх төлбөр 260,637,500 төгрөгийг хасахад -10,708,900 төгрөгийн хасах баланстай буюу өөрийн хөрөнгө байхгүй байх тул төлбөрийн чадваргүй гэж дүгнэсэн талаар дурдсан байна.

Ялгуун милл ХХК-ийн бусдад төлөх төлбөр 260,637,500 төгрөгт Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төлөх татварын өр 50,891,855 төгрөгийг, Э.Тэмүүжингийн нэхэмжилсэн 79,957,963 төгрөгийг, Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 78,409,760 төгрөгийг, хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдагдсан Түмэн менежмент ББСБ-д төлөх ёстой гэх 51,891,855 төгрөгийн төлбөрүүдийг оруулан тооцсон байна.

Дээр дурдсан бусдад төлөх ёстой гэх төлбөрүүдээс Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төлөх татварын өр 50,891,855 төгрөг нь Ялгуун милл ХХК-ийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр гэсэн тайлбарыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба Ялгуун милл ХХК-ийн төлөөлөгч мөн үүнд маргадаггүй, татварын өрийн хэмжээ нь татварын улсын байцаагчийн гаргасан татварын тооцооллын жагсаалт, мэдэгдэл /хх-138,139 тал/ зэргээр тогтоогдож байх тул бодитой өр төлбөр гэж үзэх боломжтой байна.

Ялгуун милл ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Э.Тэмүүжинд төлөх ёстой гэх 79,957,963 төгрөгийн өр төлбөр, одоогийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэгт төлөх ёстой гэх 78,409,760 төгрөгийн өр төлбөр нь бодитой эсэх нь эргэлзээтэй, Э.Тэмүүжин нь 2009 онд Ялгуун милл ХХК-д хувийн хуримтлалаасаа нийтдээ 96,150,000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бэлнээр хийсэн гэх боловч баримт нь тодорхойгүй, компанийн дансанд зээл гэсэн гүйлгээний утгатай орсон мөнгөн дүнгүүд компанийн данснаас тухайн дүнгээрээ Ялгуун интернэшнл ХХК-ийн дансанд түүхий эдийн үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжиж байсан, Ялгуун милл ХХК-ийн дансаар Э.Тэмүүжингээс орж ирсэн мөнгө Ялгуун интернэшнл ХХК-ийн дансанд буцаж шилжиж байсан үндэслэл тодорхой бус, Б.Эрдэнэцэцэг нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 45 сая төгрөгийг бодогдсон хүүгийн хамт, мөн Монум ХЗХ-оос авсан зээл 30 сая төгрөг бодогдсон хүүний хамт, нийт 78,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч Худалдаа хөгжлийн банк болон Монум ХЗХ-ний өмнө компанийн хүлээсэн үүрэг нь бүрэн дуусгавар болсон эсэх нь тодорхой бус, Б.Эрдэнэцэцэг компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан гэж үзэх хангалттай нотлох баримтгүй байх ба Э.Тэмүүжин болон Б.Эрдэнэцэцэг нарт төлөх өр төлбөрийн талаар тусгасан гэх санхүүгийн тайлан нь мөн үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн төлөөлөгч нарын зүгээс хэрэгт нотлох баримтаар авагдсан Ялгуун милл ХХК-ийн санхүүгийн тайлангууд үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, татварын байгууллагад тайлагнаж байсан татварын тайлангаас зөрүүтэй байгаа талаар тайлбар гаргасныг хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүсэлт гаргагчийн төлөөлөгч санхүүгийн тайлан болон татварын тайлангийн хооронд ямар шалтгааны улмаас зөрүү гарсан талаар тодорхой тайлбар гаргаагүй болно.

Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хэрэгт авагдсан санхүүгийн тайлангууд үнэн зөв эсэх талаар нягтлан шалгаагүй, санхүүгийн тайланд тусгагдсан өр төлбөрүүд татварын тайланд хэрхэн тусгагдаж байсан талаар харьцуулсан дүгнэлт гаргаагүй байна.

Мөн Түмэн менежмент ББСБ ХХК-д төлөх ёстой гэх 51,891,855 төгрөгийн төлбөрт барьцаа хөрөнгө болох тээрмийг шилжүүлсэн өгсөн гэх атлаа 51,891,855 төгрөгийн өр төлбөртэй мэтээр санхүүгийн тайланд тайлагнасан нь ойлгомжгүй байна.

Сүхбаатар дүүргийг татварын хэлтэст төлөх ёстой татварын өр болох 50,891,855 төгрөгөөс бусад өр төлбөрийн хувьд бодитой өр төлбөр эсэх нь эргэлзээтэй, уг өр төлбөрийг тусгасан санхүүгийн тайлан үнэн зөв эсэх нь тодорхой бус тохиолдолд Ялгуун милл ХХК-ийн  бусдад төлөх өрийн нийт хэмжээ компанийн өөрийн хөрөнгөөс давсан гэж дүгнэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Ялгуун милл ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан нэхэмжилж буй төлбөрийн асуудлыг ердийн журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Ялгуун милл ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ ердийн журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.

 

3.  Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ялгуун милл ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 549,998.80 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгосугай.

 

4.  Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон Э.Тэмүүжин нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР