Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0624

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0624

Улаанбаатар хот

  Д.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-гээс гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 146001/0058 нэгж талбарын дугаартай, 1044 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №11/163, №11/164, №11/163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №11/165, №11/165-1, №11-164, №11-163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №11-165, №11/165-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №12/5, №12/5-1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №БГ-13/109, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗШГ-13/109 зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бусаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлж, маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хийсвэр дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасантай нийцэхгүй байна.

Д.С өөрийн эзэмшлийн газрыг барьцаалж Х Б ХХК-аас зээл аваагүй, өөрийн газрыг барьцаанд бүртгэхийг Төрийн захиргааны байгууллагад зөвшөөрөөгүй байхад барьцаалбарт бүртгэсэн төрийн захиргааны байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн.

Энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй дүгнэлтдээ тулгуурлан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.

Түүнчлэн ...2011-2012 онуудад иргэн Д.С нь өөрийн эзэмшлийн газрыг барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй хэдий ч 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/165-1 болон 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-1 Барьцааны гэрээнүүд-д гарын үсэг зурсан, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 тоот барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй боловч эзэмшил газраа барьцаанд бүртгэх-ийг зөвшөөрч өргөдөл гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн газраа барьцаанд бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй гэсэн тайлбар эргэлзээтэй байна гэж бодит бус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.8-д ...газрыг бусдад барьцаалах тохиолдолд Засаг дарга албан бичгээр зөвшөөрөл олгох бөгөөд үүний дараа хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан эрх бүхий албан тушаалтан, байгууллага бүртгэл, тэмдэглэл хийнэ гэж тайлбарласан.

Гэвч Д.С-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, 146001/0058 нэгж талбарын дугаартай, 1044 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг Э ХХК, Х Б ХХК-уудын хоорондын Барьцааны гэрээ-нд үндэслэн Нийслэлийн Газрын алба барьцаанд бүртгэхдээ Засаг даргаас албан бичгээр зөвшөөрөл аваагүй байдаг.

Зөвшөөрөл аваагүй атлаа Нийслэлийн Газрын алба бүртгэл, тэмдэглэл хийж байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нийцэхгүй байх бөгөөд иргэн Д.С-ийн газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анх Д.С-гээс Нийслэлийн Газрын албанд холбогдуулан Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, 146001/0058 нэгж талбарын дугаартай, 1044 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №БГ-13/109 дугаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, 146001/0058 нэгж талбарын дугаартай, 1044 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №11/163, №11/164, №11/163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №11/165, №11/165-1, №11-164, №11-163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №11-165, №11/165-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №12/5, №12/5-1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №БГ-13/109, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗШГ-13/109 зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчээс ... миний эзэмшлийн газар өнөөдрийн байдлаар 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №11/163, №11/164, №11/163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №11/165, №11/165-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №12/5, №12/5-1, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗШГ-13/109, №БГ-13/109 зэрэг зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд газрын улсын бүртгэлтэй байна.

Дээрх гэрээгээр миний бие ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, өөрийн эд хөрөнгөө барьцаанд тавьж, барьцаалбарт бүртгүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад Нийслэлийн газрын алба миний эзэмшлийн газрыг барьцааны бүртгэл хийсэн нь миний эрх ашгийг зөрчиж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х Б ХХК-аас Нийслэлийн өмчийн харилцааны газарт Барьцаа хөрөнгөнд давхар бүртгүүлэх тухай албан бичгээр хандсан, уг албан бичигт маргаан бүхий газрын талаар дурдагдсан. Э ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан 338 тоот барьцааны гэрээг бүртгүүлэх хүсэлтийг албан бичгээр гаргасан байдаг. Дараа нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт Д.С 1044 мкв газрыг Х Бны 15 тэрбум төгрөгийн барьцаанд тавихыг Э ХХК-д зөвшөөрч байгаа тул барьцаанд бүртгэж өгнө үү гэсэн өргөдлийг бичгээр гаргасан байдаг. Энэ дагуу барьцааны гэрээ бүртгэгдсэн гэж тайлбарласан байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай журмын Гурав-ын 3.1.3 дахь хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс өргөдөл гаргах талаар зохицуулж, 3.4 дэх хэсэгт Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана гээд 3.4.3 дахь хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/, талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар, газрын төлбөр төлсөн баримт, хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байхаар тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Иргэдийг хүлээн авах төв-ийн иргэдэд үйлчлэх үйлчилгээний бүртгэлийн хуудас, барьцааны гэрээнд бүртгүүлэх тухай Д.С-ийн өргөдөл, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээр Д.С нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн  дүгээр хороонд байрлалтай, гэрчилгээний 0348975, нэгж талбарын 146001/0058 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 1044 мкв талбай бүхий газрыг Х Б ХХК-ийн арван таван тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг Э ХХК-д зөвшөөрсөн нь тогтоогдож байна.

Харин 2011-2012 онд нэхэмжлэгч Д.С-гээс өөрийн эзэмшлийн газрыг барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан баримт байхгүй боловч 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/165-1 болон 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-1 дугаартай барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурсан, тус барьцааны гэрээнүүдийг үндэслэн хариуцагч Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Д.С-ийн эзэмшлийн газрыг барьцаалсан тухай бүртгэл хийсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.С нь газар эзэмших эрхээ Э ХХК-ийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, түүнчлэн дээрх барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байгаагаас үзэхэд түүнийг газар эзэмших эрхээ барьцаалахыг зөвшөөрөөргүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нотлогдохгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                    О.НОМУУЛИН 

ШҮҮГЧ                                                                                    Д.БААТАРХҮҮ