Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01379

 

Т.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00516 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1696 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ОТБАР” ХХК-д холбогдох

8 413 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолдагийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, өмгөөлөгч  М.Төмөрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ариунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунзол шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Отбар” ХХК-тай захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулсан. Орон сууц нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо Очир хотхоны 78 дугаар байрны 10 давхрын 1004 тоот 53.33 м.кв талбайтай байх бөгөөд орон сууцны нийт талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг багтаан тооцож, 1 м.кв-ын үнэ 2 050 000 төгрөг буюу нийт 109 326 500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Захиалагч гэрээнд дурдсан нөхцөлүүдийг биелүүлж төлбөрөө бэлэн болон банкны зээлээр гүйцэтгэж дуусгасны үндсэн дээр байрандаа 2013 оны 11 дүгээр сард орсон. Байрны талбайн хэмжээ бусад ижил байруудтай харьцуулж үзэхэд бага байгаа эргэлзээ төрсөн тул 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Арккад” ХХК-иар хэмжилт хийлгэж, баталгаажуулахад манай орон сууцны талбай, тагтны гэрээнд заасан талбайг нэмж тооцсоноор 49.944 м.кв болох нь тогтоогдсон. Улмаар энэ талбайг баталгаажуулах үүднээс үндэсний архивын газраас тус орон сууцны батлагдсан зураг төсвийг шүүлгэж гаргуулж харахад бүр манай захиалсан орон сууц 49.2 м.кв-аар батлагдсан зурагтай байна. Барилга анхнаасаа 49.2 м.кв-аар батлагдсан зургаар барьсан байтал биднийг хууран мэхлэх замаар 53,33 м.кв гэсэн хэмжээ тавьж гэрээ байгуулж, илүү төлбөр төлүүлэн худалдсан “Отбар” ХХК-иас дараах хохирлоо нэхэмжилж байна. Үүнд: 1.Гэрээнд заасан талбайнаас дутсан 3.39 м.кв-ын үнэ болох 6 949 500 төгрөг, дээрх төлбөрийг банкнаас жилийн 8 хувийн хүүтэй зээлж төлсөн тул 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд төлсөн хүү 1 389 900 төгрөг, талбай хэмжсэн “Арккад” ХХК-д төлсөн төлбөр 73 800 төгрөг нийт 8 413 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ОТБАР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчив шүүхэд гаргасан тайлбарт: “Отбар” ХХК нь нэхэмжлэгчтэй 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ” байгуулж 78-1004 тоот 53.33 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан гэрээний дагуу төлбөрөө төлж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн. Харин нэхэмжлэгчтэй байгуулсан захиалгаар орон сууц барих тухай гэрээний 1.1.2-т орон сууцны нийт талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг багтаан тооцох болно, 1.1.3-т энэхүү орон сууцны талбайг ажлын зургаар тооцоолсон бөгөөд (өрөө хоорондын хана хасагдахгүй болно) бүрэн гүйцэтгэлийн дараа ойролцоогоор 2 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарч болно гэж заасан бөгөөд энэ аргачлалаар тооцон гаргасан талбайн хэмжээ хэвээр байна. Талууд гэрээгээр 1 м.кв-ын талбайн нэгж үнэ тохироогүй, орон сууцны үнийг бүхэлд нь тооцож тохирсон. Учир нь “Отбар” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Очир” хотхоны орон сууцнуудын дотор ханыг ямар ч байдлаар өөрчлөх боломжтой, өрөөнүүд нь том, даацын хана байхгүй учир талбайн хэмжээг гэрээгээр тохирч, орон сууцны үнийг бүхэлд нь тооцсон. “Очир” хотхоны орон сууц нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ашиглалтад орсон бэ нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны эд зүйлийг нэг бүрчлэн хүлээж авч акт үйлдсэн байдаг. Талууд “Захиалгаар орон сууц барих тухай гэрээ”-нд заасны дагуу захиалагч бэлэн болсон орон сууцыг худалдан авахдаа ямар нэг доголдол байна гэж үзвэл орон сууцыг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан. Талбайн хэмжилт хийлгэсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй байна. Банкны хүүг гаргуулах нэхэмжлэл нь хариуцагч компанид хамааралгүй. Иймд Т.Ариунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00516 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Отбар” ХХК-иас 8 413 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ариунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1696 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1-т заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунзолоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд: 1-рт Захиалагч, гүйцэтгэгч талуудын талуудын 2013.08.20-ны өдөр байгуулсан “Захиалгаар орон сууц барих тухай” гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.2-д “Сууцны талбайг ажлын зургаар тооцоолсон бөгөөд тус талбайн хүлцэх алдаа 2% байна” гэдгийг магадлалын хянасан хэсэгт захиалагч гэрээ хийсэн буюу сууцыг хүлээн авах үед тус тус мэдэж байсан ба мэдэх боломжтой тул орон сууцны доголдлын талаар гомдол гаргах хугацааг хэтэрүүлсэн гэж үзсэнийг нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэхийг эсэргүүцээгүй тул энэхүү 2%-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдсан эсэх тухайд хөндөөгүй. Сууцны хэмжигдэхүүний өгөгдлүүд: Төрийн эрх бүхий байгууллагаар баталгаажсан зураг төлсөөр тодорхойлсон сууцны тооцооны талбай 49,20 м.кв, гэрээнд тусгаснаар авсан хүлцэх алдаа гэх 2% буюу 0,98 м.кв. Гэрээнд тусгасан талбайн хэмжээ 53,33 м.кв, гэрээний хүлцэх алдаа гэх 2% буюу 1,06 м.кв. Сууцны талбайн зөрүү буюу илүү нэмсэн талбай 53,33-49,20=4,13 м.кв. Хүлцэх алдаа гэхийн зөрүү 1,06-0,98=0,08 м.кв нь туйлын бага байх тул 1.06 м.кв, 0.98 м.кв-ыг адилтган авч үзэхээр хэдий ч 0.98 м.кв хүлцэн алдаа гархийг эс зөвшөөрч байгаа тул 2%-ийн хүлцэх алдаа гэхийн талаарх маргааныг жичид нь нэмэгдүүлэн хөндөх асуудал гэж үзэж байна. Сууцны бүгд төлбөр 109 326 500:53,33 м.кв=2 050 000 төгрөг. Гэтэл гэрээний гол нөхцөл болох сууцны талбай 49.20 м.кв мөртлөө сууцны талбайн бүгд зөрүү буюу илүү нэмсэн 4.13 м.кв талбайн тоо, хэмжээг санаатай, хуурамчаар өсгөсөн нь хууль бус үйлдэл байгаад л нэхэмжлэл гаргасан болно. Хүлцэх алдаа 2% буюу 0.98 м.кв-ыг гэрээнд бичсэнээр мэдэж байсан болохоос биш энэхүү хүлцэх алдааг халхавч хийж түүний цаана луйвардаж дахин нэмсэн 4.13 м.кв-г огт мэдэх боломжгүй бөгөөд мэдээгүй. Компани өөрийн давуу эрхээ ашиглан нэг талыг барьж, урьдчилан гэрээнд бичиж, бидний санал, оролцоогүйгээр тулган хүлээлгэсэнд аргагүй эрхэнд гарын үсэг зурсан. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009.12.24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартыг баталж, заавал мөрдөхөөр тогтоожээ. Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж түүний агуулгыг тодорхойлох эрхтэй боловч туйлын тодорхой бие даасан хууль тогтоомж, дүрэм, журам, стандартаар зохицуулагдсан, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалсан хэм хэмжээний зохицуулалтыг гэрээгээр халхавчлах зорилгоор биелүүлэхгүй байх нь хуульд үл нийцнэ. Учир нь “Отбар” ХХК тусгай зөвшөөрлийн үндсэн дээр барилгын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох стандартыг баримтлах үүрэгтэй. ... 2-рт: Шүүхээс “өмгөөлөгч нь цаашид орон сууцны талбайн хэмжээ бодитой байгаа эсэх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах талаар зохих эрх бүхий байгууллагад хандаж шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй” гэх нь аливаа зөрчигдсөн эрхийг эцэслэн шүүх шийддэг, сэргээдэг, хэрэг, маргааныг тасалдаг дээд эрх бүхий байгууллага болох хууль, журамтай байтал шүүхийн шийдвэрийн дараа өөрийн онцгой болон бүрэн эрхэд нь хадгалдаггүй “зохих эрх бүхий байгууллага”-д хандах буюу шүүхийн эцсийн шийдвэрийг эргэж бусдаар хянан хэлэлцүүлэх тухай ойлголт, дүгнэлт өгсөн нь хууль, эрх зүйн хувьд ойлгомжгүй бөгөөд боломжгүй байх тул холбогдох хууль, журмыг илт гуйвуулж тайлбарласан гэхээр байна. ... энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд шүүхээс хэрэглэвэл зохих хууль, тэдгээрийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй. Үүнд: Иргэний хуулийн 75, 228.1, 229.1, 243.2, 251, 252, 253, 254, 350, 352, 353, 493, 495, 497, Барилгын тухай хуулийн 40, 14 зэрэг болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Т.Ариунцэцэг “ОТБАР” ХХК-иас захиалгаар бариулсан орон сууцны талбайн зөрүүд 6 949 500 төгрөг, мөн банкны зээлийн хүүд төлсөн 1 389 900 төгрөг, шинжээчийн зардал 73 800 төгрөг нийт 8 413 200 төгрөг гаргуулахыг шаардсан маргаантай харилцааг, хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх болон хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр эд хөрөнгийг хүлээн авч буй талд өмчлөх эрх үүсдэг хэдий ч тухайн шилжүүлэн өгч байгаа эд хөрөнгө хэдийд бий болсон гэдгээрээ онцлогтой юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж бий болгох, харин захиалагч нь уг ажлын үр дүн буюу гүйцэтгэгчийн хийж бүтээсэн зүйлийг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлэн өгч буй зүйл нь гэрээний талуудын тохиролцооны үр дүнд шинээр бий болж буй эд хөрөнгө юм. Харин худалдах-худалдан авах гэрээний хувьд гэрээний зүйл болох тухайн эд хөрөнгө гэрээ байгуулахаас өмнө нь бий болсон биет хөрөнгө байх бөгөөд худалдан авагч нь уг эд зүйлийг үзэж, танилцан үнэ ханшийг тохиролцдог байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ түүний доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад энэ талаар хүлээн авах үедээ хэлж мэдэгдэн татгалзаагүй бол тухайн эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдана” гэж үздэг байна.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалан бариулсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс бага гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг заажээ.

2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн захиалгаар орон сууц бариулах гэрээний 1.1.1-д Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо Очир хотхоны 78 дугаар байрны 10 давхрын 1004 тоот 53.33 м.кв талбайтай орон сууцыг захиалан авах гэж, гэрээний 1.1.2-т орон сууцны талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50%-ийг тооцно гэж, гэрээний 1.1.3-т орон сууцны талбайн хэмжээнээс өрөө хоорондын ханыг хасахгүй талбайн хэмжээ нь ойролцоогоор нэмэх хасах 2%-ийн хэлбэлзэл байна гэж, гэрээний 1.3.1-д захиалан гүйцэтгэх ажлын хөлс буюу орон сууцны үнийг 109 326 500 төгрөг байна гэж талууд гэрээний үндсэн нөхцөлөөр тусгайлан тохиролцжээ.

Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлж, 2013 оны 11 дүгээр сард байранд орж амьдарснаас хойш 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шинжээчид хандсанаар орон сууцны талбай гэрээнд зааснаас 3.39 м.кв-аар бага болохыг мэдсэн гэж тайлбарлажээ. Хэрэгт уг орон сууц бүхий барилгыг буюу Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт 2013 оны 9 дүгээр сарын 11 өдөр үйлдэгдсэн, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Ариуцэцэгт 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдөр олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна./хх-9, 61/

Хэргийн дээрх баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалан бариулсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс бага буюу ажлын үр дүн доголдолтой байсан гэж шаардлагын үндэслэлийг тайлбарласан байгаач орон сууцны гэрээ байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цаг хугацааны хувьд 2 сарын дараа орон сууцны өмчлөгч болж эзэмшилдээ авч ашиглажээ. Иймд бэлэн баригдсан орон сууцыг худалдан авсан байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Орон сууцны талбайн хэмжээг мэдэх боломжгүй далд доголдол гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд худалдан авагч тухайн сууцны талбайг хэмжих, эргэлзээтэй бол мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, талбайн хэмжээг нотолсон бусад баримтыг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Т.Ариуцэцэг нь хариуцагчаас орон сууцыг худалдан авсан гэж шүүх дүгнэн, улмаар орон сууцыг хүлээн авах үедээ уг сууцны талбайн хэмжээг шалгаж авах боломжтой байтал хэрэгжүүлээгүйгээс эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 255 дугаар зүйлийн 255.1-д заасныг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч талбайн хэмжээ нь 53,33 м.кв байхаас 49.2 м.кв болж 3.39 м.кв дутаж байгаа гэж тайлбарлаж байгаач талууд орон сууцны талбайд тагтны зарим хэсэг, өрөө хоорондын ханыг хасахгүй талбайн хэмжээ нь ойролцоогоор нэмэх хасах 2%-ийн хэлбэлзэл байна гэж тохирсон нь гэрээний дээрх заалтуудаар тогтоогдсон бөгөөд талуудын энэхүү тохиролцоог тухайн эд хөрөнгийн шинж байдлын талаар гэрээг байгуулах үед тэд нэг бүрчлэн хэлэлцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасантай нийцсэн гэж дүгнэн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1696 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолдагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР