Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1696

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00516 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох

 

8 413 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “ХХ” ХХК-тай захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулсан. Орон сууц нь Улаанбаатар хотын ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо ХХХХХХХХХХХХХХ тоот 53.33 м.кв талбайтай байх бөгөөд орон сууцны нийт талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг багтаан тооцож, 1 м.кв-ын үнэ 2 050 000 төгрөг буюу нийт 109 326 500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Захиалагч гэрээнд дурдсан нөхцөлүүдийг биелүүлж төлбөрөө бэлэн болон банкны зээлээр гүйцэтгэж дуусгасны үндсэн дээр байрандаа 2013 оны 11 дүгээр сард орсон. Байрны талбайн хэмжээ бусад ижил байруудтай харьцуулж үзэхэд бага байгаа эргэлзээ төрсөн тул 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “ХХХХ” ХХК-иар хэмжилт хийлгэж, баталгаажуулахад манай орон сууцны талбай, тагтны гэрээнд заасан талбайг нэмж тооцсоноор 49.944 м.кв болох нь тогтоогдсон. Улмаар энэ талбайг баталгаажуулах үүднээс үндэсний архивийн газраас тус орон сууцны батлагдсан зураг төсвийг шүүлгэж гаргуулж харахад бүр манай захиалсан орон сууц 49.2 м.кв-аар батлагдсан зурагтай байна. Барилга анхнаасаа 49.2 м.кв-аар батлагдсан зургаар барьсан байтал биднийг хууран мэхлэх замаар 53,33 м.кв гэсэн хэмжээ тавьж гэрээ байгуулж, илүү төлбөр төлүүлэн худалдсан “ХХ” ХХК-иас дараах хохирлоо нэхэмжилж байна. Үүнд: 1. Гэрээнд заасан талбайнаас дутсан 3.39 м.кв-ын үнэ болох 6 949 500 төгрөг, дээрх төлбөрийг банкнаас жилийн 8 хувийн хүүтэй зээлж төлсөн тул 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд төлсөн хүү 1 389 900 төгрөг, талбай хэмжсэн “ХХХХ” ХХК-д төлсөн төлбөр 73 800 төгрөг нийт 8 413 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч “ХХ” ХХК-ийн тайлбарт: "ХХ" ХХК нь нэхэмжлэгчтэй 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ" байгуулж 78-1004 тоот 53.33 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан гэрээний дагуу төлбөрөө төлж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн. Харин нэхэмжлэгчтэй байгуулсан захиалгаар орон сууц барих тухай гэрээний 1.1.2-т орон сууцны нийт талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг багтаан тооцох болно, 1.1.3-т энэхүү орон сууцны талбайг ажлын зургаар тооцоолсон бөгөөд (өрөө хоорондын хана хасагдахгүй болно) бүрэн гүйцэтгэлийн дараа ойролцоогоор 2 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарч болно гэж заасан бөгөөд энэ аргачлалаар тооцон гаргасан талбайн хэмжээ хэвээр байна. Талууд гэрээгээр 1 м.кв-ын талбайн нэгж үнэ тохироогүй, орон сууцны үнийг бүхэлд нь тооцож тохирсон. Учир нь "ХХ" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “ХХХ” хотхоны орон сууцнуудын дотор ханыг ямар ч байдлаар өөрчлөх боломжтой, өрөөнүүд нь том, даацын хана байхгүй учир талбайн хэмжээг гэрээгээр тохирч, орон сууцны үнийг бүхэлд нь тооцсон. “ХХХ” хотхоны орон сууц нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ашиглалтад орсон ба нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны эд зүйлийг нэг бүрчлэн хүлээж авч акт үйлдсэн байдаг. Талууд "Захиалгаар орон сууц барих тухай гэрээ"-нд заасны дагуу захиалагч бэлэн болсон орон сууцыг худалдан авахдаа ямар нэг доголдол байна гэж үзвэл орон сууцыг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан. Талбайн хэмжилт хийлгэсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй байна. Банкны хүүг гаргуулах нэхэмжлэл нь хариуцагч компанид хамааралгүй. Иймд Хийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХ” ХХК-иас 8 413 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

Хариуцагчийн хувьд байрны талбайн хэмжээ дувуу байгаатай маргадаггүй. Харин тухайн үедээ доголдлыг мэдэх байсан, тиймээс гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж тайлбарладаг. Шүүх үүнийг үндэслэн шийдвэр гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хуульд зааснаар талууд шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх гагцхүү нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нотлох баримтаа хангалттай гаргаж өгсөн. Тус компани Барилгын тухай хууль, Стандарчлал тохирлын үнэлгээний тухай хуулийн заалтын 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчсөн. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шийднэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00516 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатын шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулав.

                       

Нэхэмжлэгч Х нь хариуцагч “ХХ” ХХК-иас орон сууцны талбайн зөрүүд  илүү төлөгдсөн 6 949 500 төгрөг, банкны зээлийн хүү 1 389 900 төгрөг, талбайн хэмжилт хийлгэсэн зардалд 73 800 төгрөг, нийт 8 413 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

                            

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013  оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Х нь ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороонд баригдах ХХХХХХ хотхоны орон сууцны ХХ дугаар байрны ХХХХХХХХХХ тоотод байрлах, 53.33 м.кв талбай бүхий орон сууцыг 109 326 500 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг хуваарийн дагуу төлөх, “ХХ” ХХК нь орон сууцны барилгыг захиалагчид 2013  оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх тухайн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь хуульд нийцжээ.

                                       

           “ХХ” ХХК нь орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисст хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Х 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг хүлээн авсан, орон сууцны төлбөрийг гэрээ хийсэн өдөр 32 797 950 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9 528 550 төгрөг, үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамрагдан төлж барагдуулсан, тэрээр 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь орон сууцны барилга болон дагалдах хэрэгслийг хүлээн авсан баримт, барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн акт, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон, шүүхээс хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.  

 

           Маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ 49.944 буюу гэрээнд заасан хэмжээнээс 3.39 м.кв талбай дутуу болох нь “ХХХХ” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, зохигчид орон сууцны талбайн хэмжээ буюу эд хөрөнгийн доголдлын талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй боловч энэ талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

            

Зохигчид гэрээний 1.1.3-т “орон сууцны талбайг ажлын зургаар тооцоолсон бөгөөд өрөө хоорондын хана хасагдахгүй болно. Бүрэн гүйцэтгэлийн дараа ойролцоогоор 2 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарч болно, орон сууцны нийт талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг багтаан тооцсон болно ” гэж тохиролцсон байх тул орон сууцыг хүлээн авах үед талбайн хэмжээ дутуу байгааг мэдэх боломжтой гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх худалдан авсан орон сууцны доголдын талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгтэй нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд орон сууцны талбайн хэмжээ хэлбэлзэлтэй байгаа, ойролцоо зургаар гарсан гэдгийг тодорхой тусгасан нөхцөлд талбайн хэмжээтэй холбоотой доголдол байгаа талаар мэдэх боломжтой байжээ. 

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үед доголдлын талаар мэдэх боломжтой байсан этгээд цаашид шаардлага гаргах эрхээ алдах журамтай тул орон сууцны талбайн зөрүүд илүү төлөгдсөн 6 949 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв байна.  

 

           Нэхэмжлэгч нь банкны зээлийн хүү 1 389 900 төгрөг, талбайн хэмжилт хийлгэсэн зардалд 73 800 төгрөгийг орон сууцны талбайн зөрүүтэй холбоотой үүссэн хохирол гэж нэхэмжилдэг бөгөөд талууд нэгэнт орон сууцны талбайн хэлбэлзлийн талаар гэрээгээр тохиролцсон тул  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэн хохирол шаардах эрхгүй байна.

 

Өмчлөгч нь цаашид орон сууцны талбайн хэмжээ бодитой байгаа эсэх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах талаар зохих эрх бүхий байгууллагад хандаж шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.                  

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үн дэслэлд шууд хамааралгүй заалтыг баримталсан байгааг залруулах шаардлагатай байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1-т заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                   А.МӨНХЗУЛ