| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 182/ШШ2019/02006 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: В ХХК-ийн хүсэлттэй
В ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч В ХХК-ийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгч Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В ХХК шүүхэд болон төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: В ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдаж 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс барилга угсралтын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хувьд байгууллагын тайлан тооцоог хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудад гарган өгч үйл ажиллагаа явуулж байсан боловч барилгын салбарын уналт, төлбөр төлөгч байгууллагын хугацаандаа төлбөрөө төлж санхүүжилтээ оруулаагүйгээс тухайн санхүүжилтийг банк, ББСБ зэргээс өндөр хүүтэй зээлж үр ашиггүй зардал гаргасан зэрэг тодорхой нөхцөл шалтгааны улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, Татварын 82,000,000 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1230 тоот шийдвэрээр 77,171,429 төгрөгийг гаргуулж Татварын албанд олгохоор шийдвэрлэсэн. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно, 5 дугаар зүйлийн 5.1.2.хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан гэж заасны дагуу В ХХК-ийг төлбөрийн чадваргүйг тогтоож, дампууруулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн 9011230036 тоот гэрчилгээ авч гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013-2016 оны тайлангийн 59,273,529 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013-2016 оны тайлангийн 14,049,650 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлст тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны тайлангийн 9,130,005 төгрөг нийт 82,453,189.9 төгрөгийг одоо хүртэл барагдуулаагүй байна. Шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байтал Дампуурлын хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. В ХХК нь Голомт банкинд 1415100293 тоот төгрөгийн харилцах дансаар 174,628,800 төгрөгийн орлого олж, Төрийн банкинд 108800016420 тоот төгрөгийн харилцах дансаар 224,338,774.77 төгрөгийн орлого олж, Хаан банкинд 5009465564 тоот төгрөгийн харилцах дансаар 787,240,905.26 төгрөгийн орлого олж байсан атлаа Татварын өр төлбөрөөс санаатайгаар зайлсхийж байна. Иймд татварын өр 82,453,189.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хүсэлт гаргагч В ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах заалтад заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
В ХХК нь төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээ барилгын салбарын уналт, төлбөр төлөгч байгууллагын хугацаандаа төлбөрөө төлөөгүй, санхүүжилтээ оруулаагүйгээс шалтгаалж, тухайн санхүүжилтийг банк, банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээлж, үр ашиггүй зардал гаргаж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хүсэлтийг эс зөвшөөрч, В ХХК нь 2013-2016 оны тайлангийн хугацаанд Хаан банкинд .... тоот төгрөгийн харилцах дансаар 787,240,905.26 төгрөгийн орлого олж байсан атлаа Татварын өр төлбөрөө төлөхгүй санаатайгаар зайлсхийж байна гэж маргажээ.
Хүсэлт гаргагч В ХХК нь анх 1 үүсгэн байгуулагчтай, 150,000 төгрөгийн /биет хөрөнгө 1,000 төгрөг, төгрөгөөр 149,000/ дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдааны чиглэлээр байгуулагдан 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба үүсгэн байгуулагч Л.Д нь 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, захирлаар бүртгүүлсэн байна.
Энэ нь тус компанийн 5368073 тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 11/2340 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолоор батлагдсан тус компанийн дүрэм зэргээр нотлогдсон.
Шүүхээс В ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2. дахь заалтад зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, 5.7 дах хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2019/03454 дугаар шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилж, хариуцагч В ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх санал, дүгнэлтийг шүүхэд ирүүлэхийг даалгасан байна.
Хүсэлт гаргагч В ХХК нь 2013 оноос хойш 2017 он хүртэл үйл ажиллагаа явуулан санхүүгийн тайлан гаргаж байсан бөгөөд тайлант хугацаанд гаргасан тайлангаар өр төлбөр нь өөрийн хөрөнгөөс хэд дахин илүү гарсан. Өөрийн хөрөнгө 166,100.5 төгрөг гэж тайлагнасан байгаа бол бусдад төлөх өр төлбөр 82,453,189.9 төгрөг байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2019/00973 дугаар шүүгчийн захирамжаар В ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулж, түр хэрэг гүйцэтгэгчид, дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийг батлуулах нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг шүүхэд ирүүлэхийг нэхэмжлэгч нарт даалган шийдвэрлэж, өдөр тутмын сонин болох Өдрийн сонины 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 034(6135) дугаарт тус компаниас авлагатай нэхэмжлэгч нар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд мэдээлж зарласан байна.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэсний дагуу дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч В ХХК-д холбогдуулан татварын өр 82,453,189.9 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргажээ.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулана гэж, мөн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж заасан байх ба В ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2019 оны 04 дүгээр сарын 26-ны хуралдаж, уг хурлаас Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар түр хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалыг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгосон нь В ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн хурлын шийдвэр, санал зэргээр тогтоогдсон бөгөөд дээрх нэхэмжлэгчдийн анхны хурал нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасантай нийцэж, хүчин төгөлдөр болсон байна.
Мөн Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2019/03454 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон байх ба хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, тус компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр В ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч нарт танилцуулсан нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцжээ.
Хүсэлт гаргагч В ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын албанд татварын өртэй байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2019/01230 тоот шүүгчийн захирамжаар 77,171,429 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэж, дээрх шүүгчийн захирамж биелэгдээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2017/02279 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг явуулсан байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/04336 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Хүсэлт гаргагч В ХХК нь бусдад буюу нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 77,171,429 төгрөгөөс ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ дээрх өр төлбөрийн шалтгааны талаар тодорхой дурдсан байна.
Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5., 23 дугаар зүйлийн 23.1., 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, хүсэлт гаргагч В ХХК болон хэрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шүүхэд ирүүлээгүй,
Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал В ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийхэд өөрийн хөрөнгөгүй, 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доош хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн бөгөөд дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр 135,416.7 төгрөг болж өөрийн хөрөнгөгүй байна. Тус компани санхүүгийн тогтвор суурьшилтай нягтлан бодогч авч ажиллуулаагүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажиллуулдаггүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр санхүүгийн бүртгэлийг явуулж байсан нь санхүүгийн сахилга бат хариуцлагагүй, санхүүгийн бүртгэлийг буруу хөтөлдөг байснаас үүдэн орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан нь төлбөрийн чадваргүй болох нэг шалгаан болсон. Иймээс В ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах нь зүйтэй гэж Хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргаж, шүүх хуралдааны үед дүгнэлтээ дэлгэрэнгүй тайлбарлаж байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01230 дугаар шүүгчийн захирамжаар 77,171,429 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013-2016 оны тайлангийн 59,273,529 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013-2016 оны тайлангийн 14,049,650 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлст тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны тайлангийн 9,130,005 төгрөг нийт 82,453,189.9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, Татварын алба татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан Мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна гэх нэхэмжлэл гарган маргаж байжээ.
Гэтэл татвар төлөгч В ХХК-нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 174,640,250 төгрөгийн орлого, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 787,240,905.26 төгрөгийн орлого, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 224,338,774.77 төгрөг нийт 1,186,219,930.03 төгрөгийн орлого олсон болох нь Голомт банкны 1415100293 тоот, Хаан банкны 5009465564 тоот, Төрийн банкны 108800016420 тоот харилцах дансны гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх ба татварт нэг ч төгрөг төлөөгүй нь нэхэмжлэгчийн Татварын өр төлбөрөө төлөхгүй санаатайгаар зайлсхийж байна гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар, үнэн зөв хөтлөх ба мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зарлагыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг аккруэл суурь гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч В ХХК нь Голомт банкинд ..... тоот төгрөгийн харилцах данстай байх ба уг дансаар 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 174,640,250 төгрөгийн орлого олж түүнийхээ 174,628,800 төгрөгийн зарлагын дансны гүйлгээ хийгдэж, Төрийн банкинд 108800016420 тоот төгрөгийн харилцах данстай байх ба уг дансаар 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 224,338,774.77 төгрөгийн орлого олж түүнийхээ 224,338,774.77 төгрөгийн зарлагын дансны гүйлгээ хийгдэж, Хаан банкинд 5009465564 тоот төгрөгийн харилцах данстай байх ба уг дансаар 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 787,240,905.26 төгрөгийн орлого олж түүнийхээ 787,240,905.26 төгрөгийн зарлагын дансны гүйлгээ хийгдэж, одоо 1,450 төгрөгийн үлдэгдэлтэй, хүсэлт гаргагч В ХХК-ийн санхүүгийн тайланд нийт хөрөнгийн дүн 2014 онд 92,551,1 төгрөг, 2015 онд 142,351,3 төгрөг, 2016 онд 166,100,5 төгрөг, 2017 онд 166,100,5 төгрөг гэж тайлагнасан болох нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр /2-р хх-ийн 5-7 тал/ нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч В ХХК-нь шүүхэд дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлт гаргасан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 787,240,905.26 төгрөгийн орлого олж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт хөрөнгийн дүн 166,100,5 төгрөг гэж тайлагнасан байжээ.
Гэвч дээрх мөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй, анхан шатны бүртгэл хангалтгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3 дах хэсэгт заасныг зөрчсөн байх ба энэ талаар хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ тусгажээ.
Иймд дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлт гаргагч В ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн В ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч В ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1 дэх хэсэгт зааснаар Ворлдкуайлати ХХК-ийн хүсэлттэй хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/04336 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ