Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01583

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01583

 

 

 

хххххх-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/02034 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч хххххх-ын нэхэмжлэлтэй хариуцагч хххххххх-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч хххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1338 дугаар захирамжаар ххххххаас 20 000 000 төгрөгийг гаргуулан Ц.А олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар улсын бүртгэлийн Ү-22ххххххххдугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, 4 талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу үнэлгээ тогтоолгон 59 800 000 төгрөгөөр үнэлсэн байна. Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо,  тоотод байрлах орон сууцны ард Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг шинээр баригдсан учир ойр орчмын барилгын үнэ өссөн. Дунджаар зах зээлийн үнэ 1 м.кв нь 2 500 000 төгрөг болсон. Мөн тус орон сууц нь 1 давхарт байрлалтай тул худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 4-177/6219 тоот мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийг 59 800 000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон талаар танилцуулсан. Дэлхий нийтэд тархаад буй Ковид 19 цар тахлын улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гадны хүн оруулахгүй байгаа тул дээрх үнэлгээтэй танилцаагүй, хэрхэн яаж үнэлсэн хэд дугаар шинжээчийн үнэлгээ гарсныг мэдээгүй. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1338 дугаар захирамжаар ххххххаас 20 000 000 төгрөг гаргуулж Ц.А олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч ххххххт төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан. Тэрээр тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006254 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол,  м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20270671/6 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20270671/7 дугаар хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 59 800 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар 4-177/6220, 4-177/6219 дугаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч хххххх болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нарт мөн өдөр шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч хххххх нь үл хөдлөх эд хөрөнгөө сайн дураар худалдан борлуулах хүсэлт гаргасан тул хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тогтоон, мөн өдрийн 4-177/6477 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххххх-ын гаргасан хариуцагч хххххххх-т холбогдох шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн хөрөнгийг 59 800 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг орон сууцны ард Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг шинээр баригдсан, 1 давхарт байрлалтай тул худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой, мөн дэлхий нийтэд тархаад байгаа Ковид 19 цар тахлаас шалтгаалан улсын хил хаалттай тул барилгын материалын үнэ өссөн зэрэг нөхцөл байдал үүссэн. Хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйд ХХК 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан үнэлгээний тайланг unegui.mn сайтыг зах зээлийг ханшаар харьцуулах аргаар судалсан байдаг.

Үнэгүй.мн /Unegui.mn/ сайт нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын байршлын бүсэд зах зээлийн дундаж ханш нь 2 500 000 төгрөг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч хххххххх-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ. /хх1-2, 17/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1338 дугаар захирамж, мөн оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ГХ2020/00994 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн 2020  оны 7 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч ххххххт 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн байна. /хх24-26,28/ Тэрээр үүргээ биелүүлээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан болох нь хэргийн 33-59 дэх талд авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогджээ.

Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байсны улмаас хариуцагч нь хххххх-ын өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол,  м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна./хх-32, 60/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй байх ба хариуцагч байгууллага нь төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/48 дугаартай тогтоолоор Файн Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, барьцааны эд хөрөнгөд үнэлгээ хийлгэжээ. Энэхүү ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. /хх-64-65, 67/

Талууд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаагүй, шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Шинжээч Файн Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу эд хөрөнгөд үнэлгээ хийж, зах зээлийн жишиг үнийн арга нь тухайн эд хөрөнгийн үнэ цэнийн үзүүлэлтийг бодитой тодорхойлно гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд 59 800 000 төгрөгийн үнэлгээ тогтоож улмаар мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн үнэлгээний тайланг гаргаж, хариуцагч байгууллагад хүргүүлжээ. /хх 90/

Дээрх үнэлгээний тайлангаас үзвэл, шинжээч нь Үнэгүй.мн /Unegui.mn/ сайтаас үнэлж буй орон сууцтай ойролцоо байршилтай 3 орон сууцны жишиг үнийн зах зээлийн судалгаа хийж, талбайн хэмжээ, орон сууцны давхар, өрөөны тоо, худалдах үнэ зэргийг харьцуулан маргааны зүйл болох орон сууцанд үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заасан журмыг зөрчөөгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан тул дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал Үнэгүй.мн /Unegui.mn/сайтад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын байршлын бүсэд зах зээлийн дундаж ханш 2 500 000 төгрөг байна гэх гомдлын үндэслэл заасан боловч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч өөрийн тайлбараа нотлох баримтаар гаргах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийг дээрх тайлбарын үндэслэлээ нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/02034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД