Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01651

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01651

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02791 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Бид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49 812 338 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо 69 айл байр 1-6 тоотод оршин суух, ЧС52120111 регистрийн дугаартай Я.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г ХХК-д 15 000 000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган ББСБ-д зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. Г ХХК, Я.Б нарын хооронд 2015 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГО102150003 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5% хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, вакум цонхны үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөх зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Я.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000000000000 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 хороолол 33 байрны 0-0 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай 0-0000000000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 0000000000000 дугаартай барьцааны гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэгчийн 00/0-00 дугаар тамгаар баталгаажуулан Г ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу cap болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Я.Б нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13 728 620 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 4 200 000 төгрөг, зээлийн хүүд 9 285 930 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 242 690 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Я.Б нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн cap бүр үндсэн зээлээс 1 666 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.

Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-н зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үндсэн зээл 10 800 000 төгрөг, зээлийн хүү 32 045 134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 869 004 төгрөг, нотариатын төлбөр 28 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 49 812 338 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477 220 төгрөгийн хамт Я.Боос гаргуулах, зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 хороолол 33 байрны 0-0 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай 0-0000000000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчтэй ЗГО102150003 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр 15 000 000 төгрөгийг сарын 5,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан бөгөөд зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх баримт хангалтгүй байхад баримт гаргуулаагүй, нэхэмжлэгчийг 20 минут хүлээсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч орж ирээгүй байхад надтай харьцсанаар хэргийн талаар харьцаж тангаргаасаа няцсан. Иймд эргэлзээ төрж байна. Нэхэмжлэгч нь том барьцаатай цөөн тооны зээл олгосон тул хугацаа авч мөнгө хүүлж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаагүй. Худалдах эрх нь байхад худалдалгүй байсаар одоо хэдэн саяын хүү нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Салбарын гэрчилгээ дээр салбар нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад зээл олгосон байна. Иймд эрхгүй этгээд зээл олгосноос гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү тооцохгүй мөнгөө төлсөн. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй. Зээлээс төлсөн төлбөрийг хасч зөрүүг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Я.Боос зээлийн гэрээний үүрэгт нийт 2 171 380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 640 958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 0-0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэгдсэн 58.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 692 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 8 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудасны 4 дэх догол мөрөнд гэрээний 1.2.2-т зааснаар хөнгөлөлттэй зээлийн хүүг 3.5 хувь гэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл, энэхүү хэмжээний хүүг сараар биш нэг удаа төлөхөөр ойлгогдож байна. Тодруулбал, хүүг сараар тооцох талаар талууд тохиролцоогүй байна гэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 болон Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дах заалтуудыг зөрчин шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн 6 дугаар хуудасны 7 дахь догол мөр Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт сар бүр хүү тооцохоор тохиролцсон гэж үзэх боломжгүй байна гэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, зээлийн гэрээний 1.3, 2.1, 2.2, 2.10 дах заалт болон зээлийн гэрээний 4 дэх заалтын 4.2.1-т заасан заалтуудыг тус тус хянаж үзэлгүй шийдвэрлэсэн. Мөн талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 000000000000/А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ яригдсан боловч ямар гэрээ хийгдсэн талаар хянаж үзэлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.8 дах хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Я.Бид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 800 000 төгрөг, хүү 32 045 134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 869 004 төгрөг, нотариатын зардал 28 000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөг, нийт 49 812 338 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 000000000000 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Г ХХК нь 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, зээлийн үндсэн хүү 5,0 хувь, хөнгөлттэй зээлийн хүү 3.5 хувиар тогтоож Я.Бид зээлдүүлсэн болох нь хэргийн 15-17 дахь талд авагдсан 000000000000 тоот зээлийн гэрээгээр тогтоогдсон байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г ХХК нь Я.Бтой 000000000000 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Я.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 0-0 тоот, 58.0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэргийн 18-20 дахь талд авагдсан 000000000000 тоот зээлийн барьцааны гэрээгээр тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан үйл баримт, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний 1.2.1-д зээлийн үндсэн хүү 5,0 хувь, 1.2.2-т хөнгөлттэй зээлийн хүү 3,5 хувь гэж зээлийн хүүг хоёр өөрөөр тодорхойлсон ба талуудын хоорондын дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь банк бус санхүүгийн байгууллагын хувьд байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд аж ахуй эрхлэгч бус иргэнтэй байгуулсан стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зохицуулсан тул талууд зээлийн хүүг сарын 3,5 хувиар тохиролцсон гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчид зээлийн хүүг жилийн 3,5 хувиар тохиролцсон гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Талууд гэрээний 2.2 дахь хэсэгт зээл, түүний хүүг буцаан төлөх талаар тохиролцож зээл эргэн төлөлтийн хуваарийг хавсралтыг баталжээ. Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөлгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцон авна гэж зохигчид гэрээний 2.3-т тохиролцжээ.

 

Хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 542 500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 490 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 595 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2 191 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1 240 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1 321 200 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 221 920 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 150 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 177 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3 500 000 төгрөг, нийт 13 728 620 төгрөг төлсөн болох нь хэргийн 23 дахь талд авагдсан зээл төлөлтийн дансны хуулга баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд 15 000 000 орчим төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч зээл төлсөн баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул хариуцагчийг зээл, зээлийн хүүд 13 728 620 төгрөг төлсөн гэж үзнэ.

 

Иймд зээлийн гэрээний хавсралтаас үзвэл хариуцагч нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 4 245 471 төгрөг, нийт 19 245 471 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 13 728 620 төгрөгийг хасч тооцон 5 516 851 төгрөгийг хариуцагч Я.Боос гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 295 487 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан байна.

 

Зээлийн гэрээний 4.2.3-т зээлдэгч тус ББСБ-аас олгосон зээлийн үндсэн өр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь /үүнд, байгалийн элдэв гамшиг, давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэх мэт нөхцөл байдал мөн орно/ энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй, 4.2.4-т 4.2.3-т заасан болон бусад хүчин зүйлийн улмаас барьцаалагдсан эд хөрөнгө үрэгдэх буюу устаж алга болох нь зээлдэгчийг энэхүү гэрээний биелэлтийг хангуулах талаар ББСБ-н өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж тохиролцсон боловч зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй тул талууд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү тохиролцсон гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Боос 5 516 851 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 295 487 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 49 692 гэснийг 103 220 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ