Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0004

 

2016 оны 12 сарын 21 өдөр             Дугаар 221/МА2017/0004                      Улаанбаатар хот

Иргэн Ш.Г-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.З нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, иргэн Ш.Г-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Сайншанд сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 18 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ш.Г-ийн Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот захирамжийн Хүнбишийн Оюунцэцэгт холбогдох, тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийн Р-ийн Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие Ш-ын Г-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 06-р сарын 21 ний өдрийн 226-р захирамжийн Х-ийн О-т холбогдох, мөн аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03-р сарын 22-ны өдрийн 27-р захирамжийн Р-ийн Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болно. Нэхэмжлэгч Ш.Г нэхэмжлэлдээ гуравдагч этгээд Р.Б-т газар эзэмшүүлэхээр 2003 онд олгосон 000000 дугаарын гэрчилгээнд бичигдсэн шийдвэрийн огноо, дугаараар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03-р сарын 22 ны өдрийн 27-р захирамжийн Р.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Гэтэл хэрэгт нотлох баримт цуглуулах явцад Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03-р сарын 22 ны өдрийн 27-р захирамж нь "Тусламж үзүүлэх тухай" захиргааны акт болж тогтоогдсон ба нэхэмжлэгчийн бус захиргааны байгууллагын буруугаас газар эзэмшүүлэх 000000 дугаарын гэрчилгээнд захирамжийн дугаар ташаа бичигдсэн байхад энэ хэрэгт хамааралгүй гэж шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Р.Б-т 2003 онд олгосон 000000 дугаарын гэрчилгээг огт хамааралгүй шийдвэрийн огноо, дугаараар олгосон, уг гэрчилгээнд эзэмших газрын нэр байршил бичигдээгүй, хаана ямар газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй байх тул Дорноговь аймгийн Сайншанд сумын -р баг -р хэсэг тоотод байршилтай газрыг эзэмшүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12-р сарын 04 ний өдрийн 174 дүгээр "Газар баталгаажуулах тухай" захирамжийн 2 дугаар заалтад 2004 оны улсын тоо бүртгэлд хамрагдсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа 1, 2, 3, 4, 5-р багийн иргэдийн газрын хэмжээ, бүртгэлийг 2-р хавсралтаар . . . баталсугай, мөн 4 дүгээр заалтад Энэ тооллогоос өмнө газар эзэмших гэрчилгээ авсан иргэдийн газар эзэмших шийдвэрийн дугаарыг 1999 оны 03-р сарын 22 ны өдөр гаргасан 27 дугаар захирамжид хамааруулсугай гэж заажээ. Тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын 15-д Тогтоол, тушаал, захирамж зэрэг баримт бичигт оны эхнээс дугаар өгнө" гэж журамласан байхад 1999 оны 03-р сарын 22 ны өдөр гаргасан 27 дугаар захирамжид хамааруулахаар илт буруу алдаатай шийдвэр гаргасан байна. Дээрх Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр захирамжийн 2-р хавсралтаар батлагдсан газар эзэмшүүлэх иргэдийн бүртгэлийн 478 дугаарт Рэнцэндоржийн Баасанхүү гэсэн регистрийн болон иргэний үнэмлэхний дугааргүй нэр байгаа ба харин гуравдагч этгээдийн нөхөр байсан Р.Баасанжавын нэр огт байхгүй болно. Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.1-д "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан. . . газрыг эзэмшүүлэх шийдвэрийг . . . тухайн шатны засаг дарга гаргана" гэж заасан. Гэтэл Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12-р сарын 04 ний өдрийн 174 дүгээр захирамжийн 2-р хавсралтаар Р.Баасанжавын нэр дээр газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байхад Газрын тухай хууль зөрчин газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэр гарган Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.2 дахь хэсгийн "Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг зөрчсөн тул эс зөвшөөрч байгаа юм. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20-р зүйлийн 20.3.3-д "Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/", 21-р зүйлийн 21.1-д "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана" гэж тус тус заажээ. Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтаар газрын тухай хууль зөрчин засаг даргын шийдвэргүйгээр гуравдагч этгээдийн нөхөр байсан Р.Б-т олгогдсон газар эзэмшүүлэх 000000 дугаарын хууль бус гэрчилгээг үндэслэн гуравдагч этгээд Х.Оюунцэцэгт уг газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан тул Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 06-р сарын 21 ний өдрийн 226-р захирамжийн Х.О-т холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн 115/ШШ2016/0018 дугаарын шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй давж заалдаж байгаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114-р зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргаж байгааг хүлээн авч хуулийн дагуу хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Г-ийн өмгөөлөгчөөс Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-01-ний өдрийн 115/ШШ2016/0018 тоот шийдвэрийг эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 114-р зүйлийн 114.2 дахь хэсгийг үндэслэн давж заалдах гомдол гаргах учир нь: Уг шүүхийн шийдвэрээр Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот захирамжийн Хүнбишийн Оюунцэцэгт холбогдох ,тус аймгийн Сайншанд сумын засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийн Р.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дараах нөхцөл байдлуудаар анхааран үзнэ үү? Үүнд: 1.Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1 дэх хэсэгт :...х/х-ийн 88-98 хуудсанд авагдсан баримтаас үзэхэд Сайншанд сумын засаг даргаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг 15-р хэсэг МЗ-ын 7-21 тоот хаягт оршин суух Р.Б-д тухайн хаяг дахь газрын 689 м.кв хэмжээ бүхий хэсгийг 15 жилийн хугацаатай ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000000 дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ гэсэн атлаа уг гэрчилгээн дээр бичигдсэн илтэд засвартай оныг шүүхээс огт хөндөж дүгнээгүй нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл уг гэрчилгээн дээр 1999 оныг илтэд засварлаж 2003 он болгосон ба энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг гэрчилгээний засвар буюу оныг өөрчилж бичсэнийг шинжлүүлэхээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор бүх нөхцөл байдал хязгаарлагдаж эцэст нь шүүхээс энэхүү ноцтой баримтыг нотолгооны хэрэгсэлд хамруулан анхаарч үзээгүй болно. 2. Уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь тус гэрчилгээнд Сайншанд сумын засаг даргын захирамж гаргасан он нь 1999, 2003 гэж 2 янзаар бичигдсэн болохыг засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, тухайн захирамжуудыг 2004 оны Газар баталгаажуулах тухай 174 тоот захирамжийн "х/х-ийн 42-48-р хуудас" нотлох баримтаар хянаад тус сумын Засаг даргын 2003 оны 27 тоот захирамж нь Тусламж үзүүлэх тухай захирамж байх бөгөөд энэ нь бусдад тусламж олгох асуудлыг шийдвэрлэсэн байгаагаар тухайн хэрэгт хамааралгүй гэсэн нь ойлгомжгүй ба өөрөөр хэлбэл зөвхөн ийм байдлаар уг хэргийн гол нотолгоо болох гэрчилгээний оны засвар өөрчлөлтийг үгүйсгээд уг хамааруулахгүй байгаа нь илтэд өрөөсгөл дүгнэлт хэмээн үзэж байна. 3. Улмаар уг гэрчилгээн дээр бичигдсэн 2 оныг ийм байдлаар үгүйсгэж дүгнээд зогсохгүй уг захирамжийн хавсралтыг хариуцагч Сайншанд сумын Засаг даргын тайлбарт хавсарган ирүүлсэн даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 тоот "Газар баталгаажуулах тухай" захирамжийн 4-р заалтад "Энэ тооллогоноос өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан иргэдийн газар эзэмших шийдвэрийн дугаарыг 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27-р захирамжинд хамааруулсугай" гэж заасан заалтыг үндэслэн Баасанжавын газар эзэмших гэрчилгээг хууль ёсны болохыг шүүхээс дүгнэсэн ба уг хавсралтын 478-д Баасанжав биш...Р. Баасанхүү хэмээн бичигдэж улмаар уг нэрний ар талд регистрийн дугаар нь тавигдаагүй болох энэхүү баримтаар энэ бүгдийг үнэлээд байгаа нь боломжгүй болно. Иймд энэхүү үндэслэлээр Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг үндэслэн өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэг, Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны 27 дугаар захирамжаар Р.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх ...Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Тусламж үзүүлэх тухай 27 дугаар захирамжаар бусдад тусламж олгох асуудлыг шийдвэрлэсэн байгаагаар тухайн хэрэгт хамааралгүй байна ... 2004 оны газрын улсын тооллогоос өмнө Сайншанд сумын  дугаар баг, -ын тоотын 689 м.кв газрыг гуравдагч этгээд Р.Б-т олгосон 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000000 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний шийдвэрийн дугаар нь ... Сайншанд сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Газар олгож баталгаажуулах тухай 27 дугаар захирамжид хамаарч байна... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Р.Б-т 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн 15-р хэсгийн МЗ-7-21 тоотод байрлах 689 м.кв газар эзэмших эрхийн 000000 дугаар гэрчилгээ, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Р.Б-д  байрлах 702 м.кв ... гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, ... өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан иргэдийн газар эзэмших шийдвэрийн дугаарыг 1999 оны 03 дугаар сарын 22-ны 27 дугаар захирамжид хамааруулж ... гэж шийдвэрлэсэн 174 дүгээр захирамж] зэрэг нотлох баримт, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... газар олголтыг хийхдээ алхометр багажаар хэмжээд ерөнхий нэг хэмжээгээр газрыг олгодог байсан... тухайн үед нарийвчлал сайтай багаж байгаагүйгээс газрын хэмжээ зөрүүтэй байх асуудлууд байгаа..., ... 2004 оны 174 дүгээр захирамжийн хавсралтад Р.Баасанхүү гэж бичигдсэн юм билээ, гэхдээ эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсан дээр Р.Баасанжав гэдэг нэрээрээ бүртгэгдсэн байгаа ... гэх тайлбар зэргээс үзвэл газрын байршил, хаяг нь зөрүүгүй байх тул гуравдагч этгээд Р.Б-т 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон 000000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндэслэл нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны 27 дугаар захирамж гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт авагдсан Сайншанд сумын Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тойм зураг, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн кадастрын зураг зэрэг нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч Ш.Г болон гуравдагч этгээд Р.Б-ын эзэмшил өмчлөлийн газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн 15-р хэсгийн гэх нэг хаягт байрладаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн 15-р хэсгийн тоот хаяг, газрын хэмжээ 1540 м.кв гэж тэмдэглэгдсэн Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0019174 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс ... кадастрын зураг тодорхой бус 540 м.кв, 689 м.кв, 1298 м.кв гэж байгаа, гэрчилгээн дээр 1540 м.кв гэж байгаа..., ... анхнаасаа манай хадам аав Г-ын эзэмшилд бүхэлдээ байсан газарт Р.Б-т зохих газрыг эзэмшүүлснээс эзэмшлийн давхацсан байдал үүссэн... гэж тайлбарлан маргасан байна.

Гэвч Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр дүгнэлт-ээр тус гэрчилгээний 540 м.кв гэсэн бичилтийн урд 1-ийн тоог нэмж бичин засварласан болох нь тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгчээс 2012, 2013 онуудад Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкнуудын Дорноговь аймаг дахь салбаруудаас авч байсан зээлийн барьцаанд нэхэмжлэгчээс 540 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг барьцаа хөрөнгө болгон тавьж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй, түүний эзэмшлийн газартай давхцуулан гуравдагч этгээд Р.Б-т газар эзэмшүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт авагдсан газрын нэгж талбарын хэмжээ нийт 1298 м.кв талбай гэж тэмдэглэгдсэн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Кадастрын зургийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болгон маргасантай холбогдуулан, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд Х.О, нэхэмжлэгч Ш.Г нарын өмчлөлийн газрын кадастрын зураг дахь талбайн хэмжээ, шүүхээс хийсэн үзлэг зэрэг нотлох баримт, тайлбарыг үндэслэн ...хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж маргааны үйл баримтыг зөв дүгнэснийг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар захирамжийн Х.О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:       

Шүүх ...гуравдагч этгээд Х.О нь Сайншанд сумын  дугаар баг,  тоот хаяг бүхий хашааны газраас өөрсдийн амьдарч буй орон сууцны талд хамаарах хэсгийг Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад заасан үндэслэл, журмын дагуу эзэмшил, өмчлөлдөө авсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй... гэж зөв дүгнэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан Х.О-ийн 2005 оны 04 сард гаргасан гэр бүлийн хэрэгцээнд зориулан 689 м.кв газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, Дорноговь аймгийн Сайншанд сумын р багийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны ...Х овогтой О нь -р багийн -р хэсгийн тоотод ам бүл -уул оршин суудаг. ... үнэн болно... гэх 343 дугаар албан бичиг, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/10 дугаар тогтоолоор баталсан аймгийн Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын 2006 оны төлөвлөгөө-ний 5 дугаар хавсралт зэрэг нотлох баримтууд болон Р.Б-ын 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус үндэслэн Дорноговь аймгийн засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар захирамжаар гуравдагч этгээд Х.О-т газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасантай тус тус нийцсэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 Хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр захирамжид ...Энэ тооллогоос өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан иргэдийн газар эзэмших шийдвэрийн дугаарыг 1999 оны 03 дугаар сарын 22-ны 27 дугаар захирамжид хамааруулсугай гэж зааснаас үзвэл 1999 оныг 2003 болгож өөрчилсөн эсэх талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Р.Б-ын 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 1999 оныг илтэд засварлаж 2003 он болгосон. ...гэрчилгээний засвар буюу оныг өөрчилж бичсэнийг шинжлүүлэхээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ