Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01378

 

Т.Туулын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04730 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1671 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Сайндүү, “Ворлднэксес” ХХК-д тус тус холбогдох

Гэрээний үүрэгт 66 791 858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатарын гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд тайлбарт: Т.Туул нь өөрийн өмчлөлийн Гранд-плаза худалдаа үйлчилгээний цогцолборт байрлах 6 давхрын 11 тоотын 157.58 м.кв талбайг оффис, тавилгын зориулалтаар “Ворлднэксес” ХХК-тай гэрээг хийх гэсэн боловч тухайн үед тус компанийн бичиг баримт байхгүй гэх шалтгаанаар тус компанийн захирал Г.Сайндүүтэй 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 014/02 дугаар түрээсийн гэрээг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан. Одоо тус компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулж байгаа. 1 м.кв талбайн түрээс 20 000 төгрөг, 1 сарын төлбөр 3 151 600 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний хугацаанд 12 сарын нийт 37 819 200 төгрөг төлөх ёстой боловч түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдер 3 151 600 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3 151 600 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 3 151 600 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 151 600, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3 151 600 төгрөг, нийт 15 758 000 төгрөгийг төлж, үлдэх 22 061 200 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 22 061 200 төгрөг, алданги 6 911 458 төгрөг, нийт 28 972 658 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Мөн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 20 000 төгрөгөөр буюу сарын 3 151 600 төгрөг байхаар Г.Сайндүүтэй тохиролцож гэрээг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй байх тул 1 жилийн буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт нийт 37 819 200 төгрөгийг, өмнөх гэрээний үүрэг 28 972 658 төгрөгийн хамт бүгд 66 791 858 төгрөгийг Г.Сайндүүгээс гаргуулж өгнө үү. Хариуцагч “Ворлднэксес” ХХК-иас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г.Сайндүү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Түрээсийн гэрээг дүгнэх, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцох гэж хариуцагчийн зүгээс удаа дараа хичээсэн. Түрээслэгчийн зүгээс удаа дараа иргэдийн худалдан авах чадвар муу байна, төлбөрийн хэмжээг дахин харах хэрэгтэй байна, төлбөрийг хэрхэн гүйцэтгэх хуваарь ийм байна гэх зэрэг ажил хэрэгч саналуудыг хүргүүлэн уулзах хүсэлтийг тавьж байсан боловч хариу өгөөгүй. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн орлого тасалдаж түрээслэгчийн бизнес ашиггүй болсон бөгөөд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрээд байна. Түрээсийн гэрээний 4.8-д заасны дагуу түрээсийн төлбөрийг буулгах боломж бас байна гэж түрээслэгчийн зүгээс үзэж байна. Учир нь гэрээ хоёр талын эрх ашгийг харилцан хангахуйц байж хүчин төгөлдөр болно. Наадам, Цагаан сар зэрэг бүх нийтийн амралтын өдрүүд, тоггүй байсан өдрүүдийн төлбөрийг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эхний гэрээний үндсэн төлбөрөөс үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги төлөх үндэслэлгүй. Мөн сүүлийн гэрээний 1 м.кв талбайн үнийг буулгах талаар хариуцагч нь нэхэмжлэгчид санал гаргаж байсан тул 37 819 200 төгрөгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04730 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Сайндүүгээс 59 880 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 911 458 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Ворлднэксес” ХХК-иас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сайндүүгээс 457 352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1671 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04730 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Сайндүүгээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 22 061 200 төгрөг, түрээсийн төлбөр 37 819 200 төгрөг, нийт 59 880 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Туулд олгож, Иргэний хуулийн 232 дугаар дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 6 911 458 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Түрээсийн гэрээг талууд 2015 оны 6 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл байгуулахдаа м.кв-ийг нь 15 000 төгрөг байхаар харилцан амаар тохирсон байсан. Үүнийг түрээслэгч тал өөрөө ч зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоолгүй тус хугацааны түрээсийн төлбөрт 37 819 200 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснээс 9 454 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн байранд бүх нийтийн амралтын өдөр болон тог хязгаарласны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй нийт өдөр нь 56 өдөр байсан. Анхан шатны шүүхэд үүнийг нотлох баримтыг гаргаж өгсөн боловч энэ өдрүүдийг хасч тооцоогүй, холбогдох баримтыг шалгаж үзээгүйд гомдолтой байна. Үүнд бүх нийтээр амрах амралтын өдөр 20, түрээсийн байрны тогны трансформатор унадаг, түрээслэгч өөрөө хүсэлт гаргаад түрээсийн байрны захиргаагаар тог хязгаарлуулсан өдрүүд нь 2013-2014 онд 18, 2015 онд 13 өдөр, 2016 онд 5 нийт 56 өдер болсон. Энэ 56 өдрийн түрээс нь 5 882 986 төгрөг болж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээс 15 337 786 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээслүүлэгч нь цаг тухайдаа төлбөрөө шаардан авдаггүйгээс их хэмжээний төлбөр хуримтлагдсан, түрээсийн гэрээг буулгахаар амаар тохирсноо хэрэгжүүлэхгүй, олон удаа тог хязгаарлуулсан, аль аль талдаа ашигтайгаар түрээсийн гэрээг үргэлжлүүлэх саналыг огт хүлээн авдаггүй, түрээсийн байрыг нь чөлөөлж өгье гэхээр бараа материалтай нь түгжээд гаргадаггүй зэрэг зүй бус байдал нь түрээсийн гэрээний зүйл болох үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгч эзэмшигч нь Т.Туул мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Т.Туул нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг анхан шатны шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. 2015 оны 6 сарын 01 өдөр байгуулагдсан гэрээг м.кв нь 15 000 төгрөг болно гэсэн аман тохиролцооноос болж бид тус хугацаанд түрээсийн байранд байсан юм. Өнөөдрийн эдийн засгийн байдал, түрээслэгчийн үл ойлгогдох байдлаас шалтгаалан манай бизнес дампуурахад хүрээд байла. Хэргийн 58 дахь талд авагдсан “Гранд-плаза” худалдаа үйлчилгээний цогцолборын захиргааны албанд гаргасан Т.Туулын хүсэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар хүлээн авсан учраас хариуцагчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдоно, шүүх хуралдааны явцад хоёр талын тайлбараар нөхцөл байдал тогтоогдоно гэж үзсэн. Энэ нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хассан нь бидний эрх зүйн байдлыг бүр дордуулж байна. Шаардлага хангаагүй нотлох баримтыг анхан шатны шүүх хүлээн авсан нь хэргийг шийдвэрлэхэд энэ нь нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг тодруулан анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү? Эсвэл дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлыг харгалзан хяналтын шатны шүүхээс 15 337 786 төгрөгөөр анхан шатны шүүхийн шийдвэрийг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хэргийн материалтай танилцуулсан, шүүх хуралдаан оролцох эрхээр нь хангаж, мэтгэлцэх эрхийг нь бүрэн хэрэгжүүлж, хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Туул, хариуцагчаас 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 014/02 дугаар Түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 22 061 200 төгрөг, алданги 6 911 458 төгрөг бүгд 28 972 658 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээний үүрэгт 37 819 200 төгрөг, нийт 66 791 858 төгрөг гаргуулах шаардлага гаргасанд, хариуцагч 014/02 гэрээний алдангийг, мөн 2015 оны 06 дугаар сарын 23-ны гэрээний 1 м.кв талбайн үнийг буулгах талаар санал гаргаж байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч энэхүү тайлбар, татгалзлаа баримтаар нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 59 880 400 төгрөг хангаж шийдвэрлэхдээ 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 014/02 дугаар Түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцүүлэн дүгнэхгүйгээр, гэрээнд алданги төлөх хугацаа заагаагүй гэсэн үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох Гранд плаза худалдаа үйлчилгээний цогцолборт байрлах 155.58 м.кв талбай бүхий ажлын байр нь бие даасан тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгө байна. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээг талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бүртгүүлсэн учир хүчин төгөлдөр гэрээ болжээ.

Харин үүнээс өмнөх буюу 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 014/02 Түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бүртгүүлээгүйгээс уг гэрээ хүчин төгөлдөр бус болсон байх ба энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх алдангийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг гэрээний хугацаанд ашигласан хөлсийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр олгохоор шийдвэрлэсэн нь зөв гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дүгээр зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1671 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРСАЙХАН

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР