Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1671

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04730 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч ХХХХ, “ХХХХХ” ХХК-д тус тус холбогдох

 

Гэрээний үүрэгт 66 791 858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа:  ХХХ нь өөрийн өмчлөлийн Гранд плаза худалдаа үйлчилгээний цогцолборт байрлах ХХ давхарын ХХ тоотын 157.58 м.кв талбайг оффис, тавилгын зориулалтаар "ХХХХ” ХХК-тай гэрээг хийх гэсэн боловч тухайн үед тус компанийн бичиг баримт байхгүй гэх шалтгаанаар тус компанийн захирал ХХХХтэй 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 014/02 дугаар түрээсийн гэрээг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан. Одоо тус компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулж байгаа. 1 м.кв талбайн түрээс 20 000 төгрөг, 1 сарын төлбөр 3 151 600 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний хугацаанд 12 сарын нийт 37 819 200 төгрөг төлөх ёстой боловч түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 151 600 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3 151 600 төгрөг,  2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 3 151 600 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 151 600, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3 151 600 төгрөг, нийт 15 758 000 төгрөгийг төлж, үлдэх 22 061 200 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 22 061 200 төгрөг, алданги 6 911 458 төгрөг, нийт 28 972 658 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Мөн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 20 000 төгрөгөөр буюу сарын 3 151 600 төгрөг байхаар ХХХХтэй тохиролцож, гэрээг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй байх тул 1 жилийн буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт нийт 37 819 200 төгрөгийг, өмнөх гэрээний үүрэг 28 972 658 төгрөгийн хамт бүгд 66 791 858 төгрөгийг ХХХХгээс гаргуулж өгнө үү. Хариуцагч “ХХХХ” ХХК-иас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг дүгнэх, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцох гэж хариуцагчийн зүгээс удаа дараа хичээсэн. Түрээслэгчийн зүгээс удаа дараа иргэдийн худалдан авах чадвар муу байна, төлбөрийн хэмжээг дахин харах хэрэгтэй байна, төлбөрийг хэрхэн гүйцэтгэх хуваарь ийм байна гэх зэрэг ажил хэрэгч саналуудыг хүргүүлэн уулзах хүсэлтийг тавьж байсан боловч хариу өгөөгүй. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн орлого тасалдаж түрээслэгчийн бизнес ашиггүй болсон бөгөөд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрээд байна. Түрээсийн гэрээний 4.8-д заасны дагуу түрээсийн төлбөрийг буулгах боломж бас байна гэж түрээслэгчийн зүгээс үзэж байна. Учир нь гэрээ хоёр талын эрх ашгийг харилцан хангахуйц байж хүчин төгөлдөр болно. Наадам, Цагаан cap зэрэг бүх нийтийн амралтын өдрүүд, тоггүй байсан өдрүүдийн төлбөрийг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эхний гэрээний үндсэн төлбөрөөс үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги төлөх үндэслэлгүй. Мөн сүүлийн гэрээний 1 м.кв талбайн үнийг буулгах талаар хариуцагч нь нэхэмжлэгчид санал гаргаж байсан тул 37 819 200 төгрөгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

              Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч ХХХХгээс 59 880 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 911 458 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч "ХХХХ" ХХК-иас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХгээс 457 352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Түрээсийн гэрээг талууд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байгуулахдаа 1 м.кв талбайг 15 000 төгрөг байхаар харилцан амаар тохирсон. Үүнийг түрээслэгч тал зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоон шийдвэр гаргасангүй. Иймд тус хугацааны түрээсийн төлбөрт 37 819 200 төгрөг төлүүлэхээр анхан шатны шүүхээр шийдвэрлэсний 9 454 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн байранд бүх нийтийн амралтын өдөр болон тог хязгаарласны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй нийт өдөр нь 56 өдөр байсан. Анхан шатны шүүхэд үүнийг нотлох баримтыг гаргаж өгсөн боловч энэ өдрүүдийг хасаж тооцоогүй, холбогдох баримтыг шалгаж үзээгүйд гомдолтой байна. Үүнд бүх нийтээр амрах амралтын өдөр 20, түрээсийн байрны тогны трансформатар унадаг, түрээслэгч өөрөө хүсэлт гаргаад түрээсийн байрны захиргаагаар тог хязгаарлуулсан өдрүүд нь 2013-2014 онд 18, 2015 онд 13 өдөр, 2016 онд 5 нийт 56 өдөр болсон. Энэ 56 өдрийн түрээс нь 5 882 986 төгрөг болж байна. Талууд түрээсийн гэрээний төлбөрийг харилцан тохиролцож багасгасан байхад мөн түрээсийн байрыг ашиглаж чадаагүй хугацааны төлбөрийг түрээслэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь хууль бус байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс 15 337 786 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэргийн нөхцөл байдлыг тодруулан анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. Эсвэл дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс 15 337 786 төгрөгөөр анхан шатны шүүхийн шийдвэрийг багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХд холбогдуулан түрээсийн төлбөр, алдангид нийт 66 791 858 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алданги шаардах эрхгүйгээс гадна 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр 1 м.кв талбайг 15 000 төгрөг байхаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд нэг талаас “Гранд плаза” худалдаа, үйлчилгээний цогцолборын 6 дугаар давхрын 6-11-д байрлах 157.58 м.кв талбайд олон үйлдэлт болон гэр ахуй, оффисын тавилга худалдах зориулалтаар 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай ашиглуулах, нөгөө талаас 1 м.кв талбайн түрээс 20 000 төгрөг, 30 хоногийн 3 151 600 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 014/02 дугаар бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх /хх.3-5/ боловч анхан шатны шүүх уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх 014/02 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Бусдын эд хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан этгээд нь уг эд зүйлийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн буцаан шаардах шаардлагад мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар “үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгөөс зайлшгүй олох ёстой байсан орлого үр шим буюу талбайн ашиглалт” хамаарах тул нэхэмжлэгчийн олох байсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль болон гэрээнд заасан эд хөрөнгийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндэслэлгүй ашигласны төлөө төлөх ёстой төлбөрөөс төлөгдөөгүй 22 061 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 232 дугаар зүйлд заасан анз буцаан шаардах шаардлагад хамаарахгүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан дээрх 014/02 дугаар гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардан гаргуулах эрхгүй болно. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Талууд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэг талаас “Гранд плаза” худалдаа, үйлчилгээний цогцолборын 6 дугаар давхрын 6-11-д байрлах 157.58 м.кв талбайд олон үйлдэлт болон гэр ахуй, оффисын тавилга худалдах зориулалтаар 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай ашиглуулах, нөгөө талаас 1 м.кв талбайн түрээс 20 000 төгрөг, 30 хоногийн 3 151 600 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, бичгийн хэлцэл хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гэрээний дагуу түрээсийн төлбөрт 37 819 200 /3 151 600*12=37 819 200/ төгрөг шаардах эрхтэй. Уг гэрээний үүрэгтэй холбоотой алданги шаардаагүй болно.

 

Хариуцагчийн зүгээс 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 15 000 төгрөг байхаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний 4.1-д 1 сарын төлбөр нь  3 151 600 төгрөг гэж тодорхой заасан байх бөгөөд, хариуцагчийн зүгээс уг баримтыг няцаасан баримтыг гаргаж өгөөгүй, тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Мөн дээрх гэрээний 4.9-д “ажлын цагаар түрээсийн талбайн цахилгаан өдөрт 5 цагаас дээш тасарсан тохиолдолд тухайн өдрийн түрээсийн төлбөрийн 50 хувийн төлбөрөөс түрээслэгчийг чөлөөлнө”, 4.10-д “цогцолбор түрээслэгчээс шалтгаалахгүйгээр ажиллахгүй болсон тохиолдолд цогцолбор ажиллаагүй хугацааны түрээсийн төлбөрийг түрээслэгч төлөхгүй” байхаар заасан боловч уг нөхцөл байдал үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд өөрсдийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар түрээсийн төлбөрийн хэмжээ гэрээнд зааснаас бага хэмжээтэй байсан, түрээсийн эд хөрөнгийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тус тус нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Зохигчид түрээсийн гэрээний зүйл болох үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь ХХХ мөн эсэх үйл баримтын талаар маргаагүй тул хэргийн 6 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 58 дахь талд авагдсан “Гранд плаза” худалдаа үйлчилгээний цогцолборын захиргааны албанд гаргасан ХХХХ-ын хүсэлт гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс гадна гэрээний 4.9, 4.10-д заасан нөхцөл байдалд хамааралтай нотлох баримт биш тул эдгээр баримтад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04730 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХгээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 22 061 200 төгрөг, түрээсийн төлбөр 37 819 200 төгрөг, нийт 59 880 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгож, Иргэний хуулийн 232 дугаар дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 6 911 458 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                                  ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ