Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01649

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01649

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01878 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г, Ч.М нарт холбогдох 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Гын нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Г.Бгийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Бадмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь И ХХК-ийн захирал Г.Нтэй хамтарч, И ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Цагдаагийн албан хаагчдын 30 айлын орон сууц барьж эхэлсэн. Ийнхүү 30 айлын орон сууц барихад дулаалгын хөөсөнцөр полистрал хавтан хэрэгтэй болсон тул И ХХК нь Г ХХК-тай гэрээ байгуулж 25 кг нягттай 270 м.кв хөөсөнцөр хавтанг 31 368 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл Г ХХК-тай дээрх нөхцлөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 15 598 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахаар тохиролцжээ. Гэвч Г ХХК-ийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа шаардлагатай гэсэн тул Б.Т нь өөрийн эцэг Г.Бгээс авсан итгэмжлэлийг үндэслэн зээлээр худалдах-худалдан авах гэрээний барьцаа болгон Г.Бгийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Б.Г гэх хүний нэр дээрх Г.Бгийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. И ХХК нь Г ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ хийж, хөөсөнцөр хавтан авахаар тохиролцсон бөгөөд харин Б.Гтай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй. И ХХК, Б.Г нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байтал тухайн тээврийн хэрэгслийг Б.Г нь үндэслэлгүйгээр эзэмшиж байна. Б.Т нь Г ХХК-аас тавьсан шаардлагын дагуу хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт Г.Бгийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор Б.Гын нэр дээр шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг болон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор нотлогдох юм. Мөн Г ХХК нь гэрээгээр тохиролцсон чанарын шаардлагад нийцээгүй буюу 10,5-12,6 кг-ын нягттай хөөсөнцөр хавтанг нийлүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн атлаа гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа болгох зорилгоор шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй юм. Иймд Б.Т, Б.Г нарын хооронд хийгдсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00-00 улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Гын нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Г.Бгийн нэр дээр шилжүүлж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм. Учир нь уг автомашинаар хөөсөнцөрийн төлбөрийг төлөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлтөл түр нэрийг нь шилжүүлж барьцаанд тавьсан асуудал байдаг. Гэтэл одоо өөрийн хөрөнгө мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Г.Б нь энэ гэрээний талуудын хооронд ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд эд хөрөнгөөрөө хохирсон хүн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн захирал Ч.М нь Б.Гын гэр бүлийн хүн бөгөөд Б.Т нь тус компаниас дулаалгын хөөс худалдан авахаар тохирч, төлбөрөө бэлэн мөнгө болон Ниссан патрол маркийн 00-00 автомашинаар барагдуулахаар тохиролцсон байдаг. Тэгээд уг автомашиныг Б.Т нь өөрийн эцэг Г.Бгээс авсан итгэмжлэлээр Б.Гын нэр дээр шилжүүлж, автомашиныг өгсөн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцлийн дагуу шилжүүлсэн учраас уг автомашин Б.Гын өмч болсон тул өмчлөгчөөр бүртгүүлж, нэр дээр нь шилжсэн. Уг автомашиныг барьцаа төлбөрт үлдээж, зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй ба хөөсөнцөрийг шууд худалдан авалт хийж, төлбөртөө өгсөн болно. Гэвч Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ниссан патрол маркийн 00-00 автомашиныг компанийн хашаанаас хулгайлан авсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд 0000дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Хариуцагч Б.Г, Б.Т нарын хооронд хийгдсэн гэрээ хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл байхгүй. Худалдаж авсан хөөсөнцөрийнхөө үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгт тооцож өгсөн атлаа одоо ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Энэ хэрэгт Ч.М нь хариуцагч байх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Г.Бгийн хүү Б.Т нь И ХХК-тай хамтарч Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын орон сууц барьж эхэлсэн бөгөөд уг барилгад Г ХХК-аас 31 368 000 төгрөгийн дулаалгын хөөсөнцөр хавтан худалдан авч, 15 598 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 15 688 000 төгрөгийн төлбөрт эцэг Г.Бгийн өмчлөлийн 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркын автомашинаар төлж барагдуулахаар болж, Г.Бгээс авсан итгэмжлэлийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Гын нэр дээр шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар Г.Бгийн өмчлөх эрх дуусгавар болсон. Гэтэл Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол түлхүүр ХХК-ийн хашаанаас надад мэдэгдэлгүйгээр авч яваад өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөхгүй, унаж ашиглаж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д заасан өмчлөх эрх зөрчигдөж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр зөрчигдсөн эрх сэргэх юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу Г.Бгээс хууль ёсны өмч болох 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашинаа шаардаж байгаа юм. Иймд 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Г.Бгээс 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Н.Гын өмчлөлд шилжүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар дээрх тээврийн хэрэгслийг Г.Бгийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг Н.Гд даалгаж, хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 306 600 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 236 400 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Н.Гд, хариуцагч Н.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгч Г.Бгийн хүү Б.Т нь 270 м.куб хөөсөнцөр хавтанг нийт 31 368 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхний 15 598 000 төгрөгийг Г ХХК-ийн захирал гэх Ч.Мийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 15 680 000 төгрөгт Ниссан патрол 00-00 улсын дугаартай автомашиныг бартераар шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгч Г.Бгээс Б.Тт олгосон итгэмжлэл хавтаст хэргийн 62 дугаар талд нотлох баримтаар авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтаар шинжлэн судлагдсан болно. Мөн энэ иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Г.Б байхад Б.Тыг нэхэмжлэгч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ниссан патрол 00-00УБЗ улсын дугаартай автомашиныг үлдэгдэл төлбөрийг төлөх хүртэл барьцаанд байлгахаар тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд хөөсөнцөрийн оронд бартераар шилжүүлсэн болох нь Б.Гын хохирогчоор өгсөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлэг /хх-79-80 дахь тал/, гэрч Ч.Мөөс дахин мэдүүлэг авсан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл /хх-81-82 дахь тал/, Б.Тын гэрчээс мэдүүлэг авсан 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдах ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтаар шинжлэн судлагдсан болно. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Т нь гэм буруутай болох нь нотлогдож, яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн шүүх хуралдаан болсон ба манай талаас эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, залуу хүн гэдэг утгаар нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. Гэрч Г.Н нь Б.Т уг хөөсөнцөр худалдан авах ажлыг хариуцаж байсан бөгөөд бид 50:50 хувиар хамтарч хөрөнгө оруулсан учраас үлдэгдэл төлбөрийг Б.Т хариуцаж төлөхөөр тохирсон гэж мэдүүлсэн ба унаж явах нөхцлөөр автомашинаа барьцаанд тавьж, хөөсөнцөрийн үнийг дараа өгөхөөр тохирсон гэж мэдүүлэг өгөөгүй байхад шүүхээс буруу дүгнэсэн.

Итгэмжлэлд шүүхийн дүгнэсэн фидуци буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх эрх олгогдоогүй болно. Мөн хариуцагчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс авсан нотлох баримт Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-61 дэх тал/-аар Б.Т нь нэхэмжлэгчээс авсан итгэмжлэлийн дагуу Б.Гд өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь нотлогдоно. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд хэлцлийг тайлбарлах арга аргачлалыг тодорхой хуульчлан зааж өгсөн ба хэлцлийн үгийн шууд утгыг анхаарах талаар зохицуулсан. Хуульд заасан энэ арга, аргачлалын дагуу шүүх тайлбарлах ёстой байхад хэрэглэх ёстой энэ талаар хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтэд өөрийн биеэр шижлүүлэв гэсэн үгийн сонголтоор илэрхийлсэн. Хариуцагч нь түүний энэ хүсэлтийг шууд хүлээн авч, талууд энэ хүсэл зоригийн илэрхийллээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн учраас талуудын хооронд өмчлөх эрх шилжсэн. Хариуцагчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс авсан нотлох баримт тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-61 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-60 дахь тал/ зэргээр Ниссан патрол 00-00 улсын дугаартай автомашин нь иргэн Б.Гын өмчлөлийн автомашин мөн болох нь нотлогдож байгаа бөгөөд эдгээр нь нотлох баримтаар авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтаар шинжлэн судлагдсан болно. Тийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Г, Ч.М нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Гын нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Г.Бгийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч уг автомашины өмчлөгч Б.Г болохыг тогтоож, уг автомашиныг Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэргийн 62 дахь талд авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл Г.Бгээс Б.Тт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн Г.Бгийн өмчлөлийн 00-00 улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Гын нэр дээр шилжүүлж, уг автомашиныг Б.Г эзэмшилдээ авсан байна.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь Б.Т нь Г ХХК-аас тавьсан шаардлагын дагуу хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт Г.Бгийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор Б.Гын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл үлдэгдэл төлбөрт барьцаа болгох зорилгоор шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй гэж, хариуцагч нар Б.Т нь Г ХХК-аас дулаалгын хөөс худалдан авахаар тохирч, төлбөрөө бэлэн мөнгө болон Ниссан патрол маркийн 00-00 автомашинаар барагдуулахаар тохиролцсон бөгөөд уг автомашиныг Б.Т нь өөрийн эцэг Г.Бгээс авсан итгэмжлэлээр Б.Гын нэр дээр шилжүүлсэн гэж талууд автомашины эзэмшил, өмчлөх эрх шилжих үндэслэлийн талаар өөр өөрөөр тайлбарлан маргасан байна. Энэ тохиолдолд зохигчдын хоорондын үүрэг, түүнтэй холбоотойгоор итгэмжлэлийн дагуу автомашин шилжүүлсэн хэлцэл хийгдсэн эсэх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай.

 

Мөн талуудын хооронд үүссэн үүрэг болон үүргийг хүлээлгэн өгөх асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн буюу нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүргийн зүйлийг өөрчлөх талаар хэлцэл хийгдсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай. Нэхэмжлэгч барьцааны гэрээ байгуулж автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлаж байхад шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг буцаан шилжлүүлэхийг даалгаж шийдвэрлэхдээ автомашиныг эзэмшилд шилжүүлсэн үндэслэлийг анхаараагүй байна.

 

Түүнчлэн, Г ХХК-аас худалдан авсан хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт Б.Т маргааны зүйл болох автомашиныг шилжүүлэн өгснөөр уг төлбөр төлсөн гэж үзэх үйл баримтын талаар талууд маргаж байхад анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны зүйл, түүнд хамаарах ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулж хэргийг шийдвэрлэх учиртай. Тухайлбал, Г ХХК, И ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу худалдан авсан хөөсөнцөрийн тал үнийг Б.Т төлөх үүрэгтэй эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд И ХХК-ийн захирал Г.Н гэрчээр оролцсон ба И ХХК-ийн өр төлбөртэй холбоотой асуудал буюу өр төлбөрийн зарим хэсгийг Б.Т төлөх үүрэгтэй байсан эсэх, үүргийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал үүссэн гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г ХХК, И ХХК-ийг тус тус гуравдагч этгээдээр оролцуулах эсэх нөхцөл байдлуудыг шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх учиртай.

 

Иймд анхан шатны шүүх гэрээний үүрэг шилжихтэй холбоотой асуудлуудыг дүгнэхгүйгээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ гэж хэрэгт хамааралгүй, талуудын маргааны зүйлд байхгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ. Энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ