Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01878

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01878

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Б.Г-д холбогдох

Хариуцагч:  Ч.М-д холбогдох

  2018 оны 12 сарын 10-ны өдрийн 00-00 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г-ын нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Б.Г миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 00-00 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Б.Гд даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Б, хариуцагч нарын төлөөлөгч Б.Б, гэрчГ.Н, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.Т нь И С С ХХК-ийн захиралГ.Нтэй хамтарч, И С С ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Цагдаагийн албан хаагчдын 30 айлын орон сууц барьж эхэлсэн. Ийнхүү 30 айлын орон сууц барихад дулаалгын хөөсөнцөр полистрал хавтан хэрэгтэй болсон тул И С С ХХК нь Г М ХХК-тай гэрээ байгуулж 25 кг нягттай 270 м.кв хөөсөнцөр хавтанг 31 368 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл Г М ХХК-тай дээрх нөхцлөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 15 598 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахаар тохиролцжээ. Гэвч Г М ХХК-ийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа шаардлагатай гэсэн тул Б.Т нь Б.Г надаас авсан итгэмжлэлийг үндэслэн зээлээр худалдах худалдан авах гэрээний барьцаа болгон миний эзэмшлийн 00-00УБЗ улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г гэх хүний нэр дээр шилжүүлсэн байна. Б.Г гэх хүний нэр дээр миний эзэмшлийн 00-00УБЗ улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. И С С ХХК нь Г М ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж, хөөсөнцөр хавтан авахаар тохиролцсон бөгөөд харин Б.Г гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл И С С ХХК болон Б.Г нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байтал тухайн тээврийн хэрэгслийг Б.Г нь үндэслэлгүйгээр эзэмшиж байна. Миний хүү Б.Т нь Г М ХХК-иас тавьсан шаардлагын дагуу хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт миний эзэмшлийн 00-00УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор Б.Г-ын нэр дээр шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг болон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор нотлогдох юм. Мөн Г М ХХК нь гэрээгээр тохиролцсон чанарын шаардлагад нийцээгүй буюу 10,5-12,6 кг-ын нягттай хөөсөнцөр хавтанг нийлүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн атлаа гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа болгох зорилгоор шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй юм. Иймд Б.Т болон Б.Г-ын хооронд хийгдсэн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 00-00УБЗ улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Б.Г миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Г-ын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г М ХХК-ийн захирал Ч.М нь Б.Г-ын гэр бүлийн хүн бөгөөд Б.Т нь тус компаниас дулаалгын хөөс худалдан авахаар тохирч, төлбөрөө бэлэн мөнгө болон Ниссан патрол маркийн 00-00УБЗ автомашинаар барагдуулахаар тохирсон байдаг. Тэгээд уг автомашиныг Б.Т нь аваасаа авсан итгэмжлэлээр Б.Г-ын нэр дээр шилжүүлж, машиныг өгсөн нь Иргэний хуулийн 39-р зүйлд заасан хүчинтөгөлдөр хэлцлийн дагуу шилжүүлсэн учраас энэ машин Б.Г-ын өмч. Тэгээд ч өмчлөгчөөр бүртгүүлж, нэр дээр нь шилжсэн байгаа. Гэвч Б.Т нь 2019.03.30-ны өдөр Ниссан патрол маркийн 00-00УБЗ автомашиныг хулгайлан авсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд 00000000 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Хариуцагч Б.Г, Б.Т нарын хооронд хийгдсэн гэрээ хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн гэрээ тул хүчинтөгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл байхгүй. Худалдаж авсан хөөсөнцөрийнхөө үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгт тооцож өгчихөөд одоо ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Мийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.М нь Г М ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд нэхэмжлэгчийн хүү Б.Т нь тус компаниас дулаалгын хөөс худалдан авахаар тохирч, төлбөрөө бэлэн мөнгө болон Ниссан патрол маркын 00-00УБЗ автомашинаар барагдуулахаар тохирсон байдаг. Тэгээд уг автомашиныг Б.Т нь ааваасаа авсан итгэмжлэлээр 2018 оны 12-р сарын 10-ны өдөр хариуцагчийн эхнэр Б.Г-ын нэр дээр шилжүүлж, нотариатаар баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39-р зүйлд заасан хэлцэл хийсэн юм. Уг автомашиныг барьцаа төлбөрт үлдээж, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй ба хөөсөнцөрийг шууд худалдан авалт хийж, төлбөртөө өгсөн болно. Гэвч Б.Т нь 2019 оны 03-р сарын 30-ны өдөр Ниссан патрол маркын 00-00УБЗ машиныг манай компанийн хашаанаас хулгайлан авсан тул ХУД-ийн Цагдаагийн 1- р хэлтэст эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байсан болно. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэрэгт Ч.М нь хариуцагч байх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.

Хариуцагч Б.Г-ын төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б.Ггийн хүү Б.Т нь И С С ХХК-тай хамтарч Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын орон сууц барьж эхэлсэн бөгөөд уг барилгад Г М ХХК-аас 31 368 000 төгрөгийн дулаалгын хөөсөнцөр хавтан худалдан авч, 15 598 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 15 688 000 төгрөгийн оронд аав Б.Ггийн өмчлөлийн 00-00УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркын автомашинаар төлж барагдуулахаар болж, ааваасаа авсан итгэмжлэлийн дагуу 2018 оны 12-р сарын 10-ны өдөр миний нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.1-д зааснаар Б.Ггийн өмчлөх эрх дуусгавар болсон билээ. Гэтэл Б.Т нь 2019 оны 03-р сарын 31-ний өдөр БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах М Т ХХК-ийн хашаанаас надад мэдэгдэлгүйгээр авч яваад өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөхгүй, унаж ашиглаж байгаа нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3-д заасан өмчлөх эрх зөрчигдөж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр зөрчигдсөн эрх сэргэх юм. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д заасан эрхийн дагуу Б.Ггээс хууль ёсны өмч болох 00-00УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашинаа шаардаж байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлд 3.1-д заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, 00-00УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Б.Гд даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм. Учир нь уг автомашинаар хөөсөнцөрийн төлбөрийг төлөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлтөл түр нэрийг нь шилжүүлж барьцаанд тавьсан асуудал байдаг. Гэтэл одоо өөрийн хөрөнгө мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Б.Г нь энэ гэрээний талуудын хооронд ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд эд хөрөнгөөрөө хохирсон хүн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

Шүүх гэрч Г.Нийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Б.Г, Ч.М нарт холбогдуулан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 00-00УБЗ улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Б.Г миний нэр дээр шилжүүлж, авто машины гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг,

Хариуцагч нь 00-00УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Б.Гд даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, маргажээ.  

 

  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Гд холбогдох хэсгийг хангаж, хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...И С С ХХК нь Г М ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж, хөөсөнцөр хавтан авахаар тохиролцсон бөгөөд харин Б.Г гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. И С С ХХК болон Б.Г нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байтал тухайн тээврийн хэрэгслийг Б.Г нь үндэслэлгүйгээр эзэмшиж байна. Миний хүү Б.Т нь Г М ХХК-иас тавьсан шаардлагын дагуу хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт миний эзэмшлийн 00-00УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор Б.Г-ын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл үлдэгдэл төлбөрт барьцаа болгох зорилгоор шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй юм. гэх тайлбарыг гаргажээ.

  Хариуцагчийн төлөөлөгч ... уг автомашиныг Б.Т нь ааваасаа авсан итгэмжлэлээр Б.Г-ын нэр дээр шилжүүлж, машиныг өгсөн нь Иргэний хуулийн 39-р зүйлд заасан хүчинтөгөлдөр хэлцлийн дагуу шилжүүлсэн учраас энэ машин Б.Г-ын өмч. Тэгээд ч өмчлөгчөөр бүртгүүлж, нэр дээр нь шилжүүлж авсан боловч одоо уг машин нь Б.Тт байгаа тул уг машинаа буцаан авч, өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. гэж тайлбар гаргаж, маргажээ.

  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч Б.Ггийн өмчлөлийн Ниссан патрол маркийн 00-00УБЗ улсын дугаартай автомашиныг Б.Т нь Б.Ггээс 2018.12.10-ны өдөр олгосон итгэмжлэлээр мөн өдрөө Б.Г-ын нэр дээр шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 61-63 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

Харин талууд дээрх машиныг шилжүүлэх болсон үндэслэлийн талаар маргаж байх ба нэхэмжлэгч тал уг машиныг үлдэгдэл төлбөр болох 15 680 000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж, хариуцагч тал 15 680 000 төгрөгийн төлбөрт авсан гэж тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар И С С ХХК болон Г М ХХК-ийн удирдлагууд хоорондоо тохиролцож, улмаар 270 м.куб хөөсөнцөр хавтанг нийт 31 368 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, эхний 15 598 000 төгрөгийг Г М ХХК-ийн захирал гэх Ч.Мийн дансанд хийж, үлдэгдэл төлбөр болох 15 680 000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцож нэхэмжлэгч Б.Т нь өөрийн эцэг Б.Ггээс олгосон итгэмжлэлийн дагуу түүний өмчлөлийн Ниссан патрол 10-20 УБЗ улсын дугаартай автомашиныг үлдэгдэл төлбөрийг төлөх хүртэл барьцаанд байлгахаар тохиролцож, улмаар тээврийн хэрэгслийн өмчлөлийг Б.Г-ын /захирал Ч.Мийн эхнэр/ нэр дээр шилжүүлж, машиныг унаж явах нөхцөлтэйгээр шилжүүлэн өгсөн болох нь эрүүгийн хэрэгт шалгаж тогтоосон баримтуудаар болон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралд гэрчГ.Нийн ...Б.Т уг хөөсөнцөр худалдаж авах ажлыг хариуцаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг Б.Т хариуцаж өгөхөөр тохирсон гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх баримтууд, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Харин дээрх компаниудын худалдах-худалдан авах гэрээний үүрэгт иргэн Б.Ггийн өмчлөлийн автомашиныг барьцаалж байгаа бол автомашины өмчлөгчтэй тохиролцоо хийгдээгүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх талаар гэрээ хэлцэл хийгдээгүй байхад хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ямар үндэслэлээр өмчлөлдөө шилжүүлэн бүртгэл хийгдсэн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хариуцагч тал нотлох баримтаар шүүхэд гаргаагүй.

  Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулахаар, хуулийн энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн хуулийн 156.3-т заасан ба мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Г нарын хооронд үүрэг үүссэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

  Учир нь, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээг бичгээр хийхээр зохицуулсан. Гэтэл хэлцэл хийгч талууд ийнхүү ямар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхийг харилцан тохиролцсон, талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлсон, үүрэг зөрчигдсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тусгасан бичгийн баримт буюу фидуцийн гэрээг бичгээр үйлдээгүй байна.

Иймд зохигчдыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасны дагуу бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхгүй тул тэдгээрийн хооронд хийгдсэн тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус, улмаар мөн хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүргийг хүлээнэ.

Дээрх хэлцлийн дагуу хариуцагч зүгээс А.Батбаатарт шилжүүлсэн зүйл үгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалт нэхэмжлэгч Б.Гд үүрэг үүсгэхгүй, харин Б.Ггийн зүгээс Ниссан патрол 10-20 УБЗ улсын дугаартай автомашиныг  тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагч Б.Гд шилжүүлсэн учир хариуцагч нь уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Б.Гд буцаан шилжүүлэх үүрэгтэй.

 Харин хариуцагч Б.Г нь дээрх автомашиныг худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан талаараа хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй энэ талаарх баримтгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Б.Ггээс 00-00улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Гын өмчлөлд шилжүүлсэн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар дээрх тээврийн хэрэгслийг Б.Ггийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг Б.Гд даалгаж, хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн 00-00УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Б.Гд даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 306 600 төгрөгнөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 236 400 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Н. Гэрэлжаргалд, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                         

                              ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ