Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00052

 

     Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Өсвөр насны шүүгдэгч Д.Н , түүний өмгөөлөгч Д.Дарьбазар, түүний хууль ёсны төлөөлөгч М.Лхагвасүрэн,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, П.Ган-Очир,

Өсвөр насны шүүгдэгч Д.Ч , түүний хууль ёсны төлөлөгч М.Насанжаргал, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Балжинням, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н , Б.Б , Д.Ч , Б.Б  нарт холбогдох 1815000030009 дугаартай, 163/2018/0040/Э индекстэй эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 14 настай, бага боловсролтой, Булган сумын 2 дугаар 12 жилийн сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх,м дүүгийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д. Н

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 15 настай, бага боловсролтой, Булган сумын 2 дугаар 12 жилийн сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Б  

3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 14 настай, бага боловсролтой, Булган сумын 2 дугаар 12 жилийн сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 2, эмээгийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Б. Б

4.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 14 настай, бага боловсролтой, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт Булган сумын 2 дугаар 12 жилийн 9 дүгээр ангийн сурагч, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Д. Ч  

Холбогдсон хэргийн талаар:

Д.Ч , Д.Н , Б.Б , Б.Б  нар нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг “Залуус” хороололд оршин суух иргэн, Б.Ж гийн байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг хулгайлан авч хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Н  мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө би 8 цаг 40 минутын үед хичээл дээрээ Билгүүн-дарьтай хамт сууж байсан. Гурвын завсарлагаанаар хуш модонд явчихаад ирье гэхэд 8 цаг 50 минутын үед Б  надад “Би Г ахынд очиж хоносон тэдний ёолкон дээр нь зөндөө мөнгө байсан, би  гэрийн түлхүүрийг мэднэ”  гэж хэлээд 9 цаг 30 минутын үед Ч т хэлж бид гурав 10 цаг 10 минут болж байх үед дээшээ  Г ахынх руу явсан. Г ахынх руу явах гээд эмнэлгийн ар талын хар зам дээр явж байсан чинь Ж багш хар машинтайгаа наашаа ирж байсан. Тэгээд бид 3 буцаж сургууль руу явсан. 12 цаг 20 минут болж байхад сургуулиас гараад явж байсан чинь араас Б дуудаж бид 3-ыг хаачих гэж байгаа юм гэхээр нь бид 3 Г ахынх руу явж хуш мод авна гэж хэлсэн. Бид 4 өгсөж явж байгаад Ч , Б 2-ыг торхны хажууд үлдээгээд Б , бид 2 цаашаа явсан. Цаашаа явж байхад би Б д “хулгай хийгээд баригдчихвал яах юм бэ” гэсэн чинь Б  би түлхүүрийг нь мэднэ гэсэн тэгэхээр нь би түлхүүрийн мэдсэн ч гэсэн баригдана гэхэд зүгээрээ манай ах юм чинь би арыг даана гэж надад хэлсэн. Тэгээд Б  бид 2 Ж багшийн гэрийн гадаа очиж, Б  тэдний түлхүүрийн хайгаад олохгүй байсан. Би Б д түлхүүр нь байхгүй юм чинь явах уу гэсэн чинь үгүй ээ байж бай цонхыг өшигөлчих гээд гал тогооных нь цонхыг өшиглөхөд онгойгоогүй, дараа нь Б  өшиглөж, хөл нь халтираад цонхыг нь цөмөлж дахин би өшиглөхөд цонх нь хагарч Б  бид 2 цонхыг нь хагалчихлаа гээд айгаад гүйж ирсэн чинь Ч  урдаас гарч ирээд цонхыг нь нэгэнт хагалсан юм чинь ямар нэг юм аваач гэж хэлсэн. Б  бид 2 буцаж очоод хагархайгаар цонхыг нь онгойлгож эхлээд би орсон дараа нь Б  миний араас орж ирээд ширээн дээр байсан чикобай мандарин 2 авсан. Тэдний гэрт нь ороод Б  ёолкон дээр мөнгө байгаа гэсэн боловч тэнд мөнгө байгаагүй тэгээд Б  наад талын  зурагтны тавилга дээр байна уу? хардаа гэж хэлэхээр нь харсан чинь 120,000 төгрөг байсан. Тэднийхээс гарах гэхэд Б  20,000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би Б т 20,000 төгрөг өгч өөрөө бас 20,000 төгрөг аваад цаашаа очоод би Ч , Б нарт  80,000 төгрөг байна гэж хэлээд 80.000 төгрөгийг бид 4 тэнцүү хувааж авсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө хичээл дээрээ сууж байх үед Н , Ч  хоёр дээшээ гурвын завсарлагаанаар хуш модонд явчихаад ирье гэсэн. Бид 3 хамт явж байгаад би буцаж сургууль руу явж хичээлдээ суулаа гэж хэлэхэд тэр 2 бас надтай хамт сургууль руу буцаж ирсэн. Дараа нь 12 цагийн завсарлагаанаар 00-ын хажууд бие засчихаад гадагшаа хөдөлмөрийн хичээлдээ орох гараад явж байсан чинь  Н , Ч  2 сургуулиас гарч ирээд намайг дуудаад дээшээ хуш модонд яваад ирье гэсэн. Бид 3 явах гэж байхад сургуулиас Б гарч ирээд бид 4 хамт явсан. Би тэр 3-тай дээшээ өгсөж байхдаа хулгай хийх талаар мэдэж наад айл чинь манай аав ээжийн найзын гэр гэж хэлэхэд Ч  дуугүй дагаад яв гэхээр нь би Н ыг дагаад явсан. Ч , Б 2 хохирогчийн гэрээс жаахан зайтай торхны наана үлдсэн. Ж багшийн гэрийн тэнд очоод нэг харсан чинь Н машин дотор нь орчихсон байсан, би юу хийгээд байгаа юм бэ? гэхэд цонхыг нь хөших зүйл хайж байна гээд, гэрийнх нь цонхыг хүрз, сүх 2-оор хөшиж хагалсан. Ж багшийн гэрийн цонх нь хагарахаар нь би айгаад зугтаад  гараад явахад хойноос Н гарч ирсэн. Тэгээд бид 2 айлын цонх хагалчихлаа болъё явъя гээд байж байсан чинь бид 2-ын урдаас Ч  ирж, нэгэнт цонхыг нь хагалсан юм чинь юм аваач гэсэн. Тэгээд Н яаж онгойлгож орох юм гэсэн чинь Ч  хагалсан нүх рүү нь гараа хийж онгойлгохгүй юу гэхэд Н хагарсан нүхээр нь гараа хийгээд цонхыг онгойлгож ороод орохдоо намайг гадна хүн хараад зогсож бай хүн ирвэл надад хэлээрээ гэж хэлээд тэднийд ороод Н бид хоёр тэр айлаас 5-10 минутын дараа гарч ирж, бид 4 нийлээд дошоо явж байх замдаа 80,000 төгрөгөө тэнцүү хувааж авсан. Тэр үед Н ын хөл нь доголж яваад байхаар нь яасан зүгээр үү  гэсэн чинь “Би цонхыг нь өшиглөж хагалж байгаад хөлөндөө шил оруулаад зүсчихлээ” гэж байсан. Тэгээд бид 4 хамт явж байгаад эмнэлгийн урд ирээд Н , Ч  2 доошоо уруудлаа гэсэн хаачих гэж байгаа юм бэ? гэсэн чинь “цагдаа руу орж өмнөх хэргээ гомдол, саналгүй гэсэн бичиг” авна гэсэн. Тэгээд Б бид хоёр Эмнэлгийн цаагуур гарч  яваад Анар дэлгүүрийн урдаас Б доошоо уруудаад би гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед сургуулийн урд Н , Билгүүн-дарь, Ч  нартай тааралдсан. Та 3 хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад хөдөлмөрийн хичээлийн хуш модонд явна гэж хэлээд тэр 3-тай хамт явсан. Өгсөөд явж байх үед нэг торхны хажууд Н Ч  бид 2-ыг энд байж бай гэж үлдээгээд Б , Н хоёр цаашаа явсан. Тэгээд цаашаа явчихаад 30 минутын дараа эргэж ирээд Ч  бид хоёрт тус бүр 20,000 төгрөг өгч бид 4 хамт явсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Ч  мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хичээл дээрээ хичээлээ хийгээд сууж байхад Н , Б  2 намайг дуудсан. Тэгээд би тэр 2-той очиж уулзаад гурвын завсарлагаанаар гарч явсан. Бид 3 Г гэдэг айлд очиж, хулгай хийнэ гэдгээ ярьсан. Тэгээд Г гэдэг айл руу очих гэж явж байх үед Ж багш урдаас машинтайгаа явж байсан. Бид 3 буцаж сургууль руугаа яваад 12 цагийн орчимд сургуулиас гараад би Б , Н , Б  бид 4 тэднийх рүү явсан юм. Н , Б  бид 3 хулгай хийх талаар урьд нь ярьсан байсан учраас Н , Б  2 тэр айл руу орсон. Харин Б бид 2 наана нь байж байсан. Тэгээд тэр хавиас хулгай хийсний дараа 12 цаг 30 минутын орчимд Н , Б  2 нөгөө хулгай хийсэн айлаас ирж, бүгдээрээ доошоо уруудаж явсан. Хулгай хийнэ гэдгийг Б , Н бид 3 эхнээсээ ярилцаж байсан. Хулгайн мөнгөнөөс нь  авсан нь миний буруу гэх мэдүүлэг,

1815000030009 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Ж гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчимд өөрийн Залуус хороололд оршин суух гэрээсээ хүүхдүүдийн хамтаар гэрээсээ гарсан.  Өглөө гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод, цонхоо хаагаад гарсан. Өмнө өөрийн эзэмшлийн автомашинтайгаа гардаг байсан ба тухайн өдөр Булган сумын төвөөс такси дуудаад сургууль руугаа явсан. Намайг сургууль дээр очиход өглөөний 10 цаг болж байсан шиг санагдаж байна. Ингээд ажлаа тараад орой 17 цагийн үед хүүхдүүдийн хамтаар гэртээ ирэхэд гэрийн маань хажуу талын вакум цонх нээлттэй шил нь хагарсан байдалтай байсан. Тэгээд урд талын хаалгыг түлхүүрээр нээж гэртээ орж ирээд гэрийнхээ эд зүйлийг шалгатал том өрөөний зурагтны тавиур дээр байсан бэлэн 120000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Бусад эд хогшил хэвийн байсан. Ингээд хуулийн дагуу цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас нэр бүхий хүмүүс ирээд холбогдох шалгалтын ажиллагааг хийгээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

Гэрч Б.Б өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 26-ны 21 цагийн үед Ж багш над руу залгаад “Танай хүү чинь манай гэрээс хулгай хийсэн байна” та 2 хаана байна гэж асуусан. Тухай үед би эхнэрийн хамтаар Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хувийн ажлаар явж таарсан. Тэгээд уг асуудлын талаар мэдээд Булган аймгийн төв рүү гарсан. Шөнийн 03 цагийн үед Булган аймгийн төвд ирсэн. Гэрт ирэхэд миний хүү Б  гэртээ байсан. Тэгээд хүүтэйгээ уулзаж хэргийн талаар тодоруулахад “Хүү маань уучлаарай Ж багшийн гэрээс найз нарын хамтаар өглөө эрт гэрт нь орж хулгай хийж гэрт нь байсан мөнгө авсан гэсэн. Гэхдээ хүү маань надад хэлэхдээ гэрт Н эхэлж орсон. Хүү ороогүй гэрийн гадаа хүн хараад зогсож байсан гэсэн. Тэр гэрт Н оос өөр хүн ороогүй гэсэн. Ингээд гэрээс гарч ирэхдээ Н 80.000 төгрөгтэй гарч ирээд хамт явсан Ч , Б , Б  нарт хувааж өгсөн гэсэн. Өөр надад хэргийн талаар сайн мэдээлэл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,

Гэрч Б.Л өгсөн: Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын Залуус хороолод оршин суух “Эрдмийн өргөө цогцолбр сургуулийн багш Ж гэрт хууль бусаар орж бэлэн мөнгө төгрөг авсан гэдгийг өнөөдөр хүнээс мэдсэн. Хүү Н өчигдөр өглөө 07 цаг өнгөрөөгөөд  хичээлдээ яваад 14 цагийн орчимд гэртээ ирсэн. Хичээлдээ суугаагүй байсан. Асуухаар цагдаа дээр байж байгаад ирлээ, хэргээ хаах гээд гэж хэлсэн. Орой нь гэртээ унтаж амарсан. Гадуур гараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

Гэрч Х.П өгсөн:...Би өнөөдөр Орхон аймгаас ирээд хүү Б г хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Тэрнээс биш айлд орсон талаар мэдэхгүй. Миний ойлгосноор Ж гэдэг багшийн гэрт орсон гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

Гэрч И.Н өгсөн:...Би хэргийн талаар хүнээс дуулж мэдсэн. Миний анги даасан хүүхдүүд айлаас хулгай хийсэн гэдгийг. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 хуудас/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 хуудас/,

насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 22-25/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27, 151-163 хуудас/,

Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 008 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлэн авсан 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнсэн гарын мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлэн авсан мөрнүүд болон дардсуудтай тохирохгүй байна. Хэргийн газраас илрүүлсэн гарын мөр нь Б.Б , Д.Н , Д.Ч  нарын гарын дардастай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/,

Тольдох өгөөж ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18/27 үнэлгээрээр 1 ширхэг вакум цонхны үнэлгээ 90000 /ерэн мянган/ төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70-74 хуудас/,

Хохирогч Б.Ж гийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээсээ алдсан бэлэн мөнгө болох 120.000 төгрөг болон 1 ширхэг вакум цонхыг бүрэн бүтэн болгосон хохирлыг үнэ болох 30.000  төгрөгийг хүлээн авсан баримт /хх-ийн 113-114 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-99 хуудас/ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Өсвөр насны шүүгдэгч Д.Ч , Д.Н , Б.Б , Б.Б  нар нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг “Залуус” хороололд оршин суух иргэн, Б.Ж гийн байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Н ын...Б  бид 2 цонхыг нь хагалчихлаа гээд айгаад гүйж ирсэн чинь Ч  урдаас гарч ирээд цонхыг нь нэгэнт хагалсан юм чинь ямар нэг юм аваач гэж хэлсэн.., зурагтны тавилга дээр 120,000 төгрөг байсан..., Б  20,000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би Б д 20,000 төгрөг өгч өөрөө бас 20,000 төгрөг авсан..., Ч , Б нарт 80,000 төгрөг байна гэж хэлээд 80.000 төгрөгийг бид 4 тэнцүү хувааж авсан гэх, өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүндарийн... бид 4 нийлээд дошоо явж байх замдаа 80,000 төгрөгөө тэнцүү хувааж авсан гэх, өсвөр насны шүүгдэгч Б.Б гийн...Ч  бид хоёрт тус бүр 20,000 төгрөг өгсөн гэх, өсвөр насны шүүгдэгч Д.Ч ийн...хулгай хийнэ гэдгийг Б , Н бид 3 эхнээсээ ярилцаж байсан гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2.2.1-д зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарыг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.   

Өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээлэлийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Харин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэх, чөлөөлөх журмыг шүүх хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д ...”гэмт хэрэг хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”...гэж заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нар нь Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг болох нь хэрэгт авагдсан суралцагчийн хувийн хэрэгүүдээр нотлогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарыг хорих ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх  нь зүйтэй гэж үзэв.   

Өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэж хэрэгжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                     ТОГТООХ нь:  

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б овогт Б. Б , Б овогт Д. Ч , Б овогт Б. Б , Т овогт Д. Н нарыг хүн байнга амьдах зорилулалтын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарыг тус тус 2 жилийн хугацаагар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялаас тус тус багасгаж 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялаас тус тус чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Б , Д.Ч , Б.Б , Д.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН