Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 15

 

Б.Б , О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 163/2018/0040/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                          

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   Б.Б , О.Б

            Шүүгдэгч О.Б хууль ёсны төлөөлөгч С.Одонсувд

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         М.Найдан     

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Б , О.Б нарт холбогдох 1815000180008 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Сувдаагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б. Б .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .............. бага боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, , Говогт О. Б

 Б.Б , О.Б нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүйдийн шүтээн” гэх хийдэд нэвтрэн бурхан, судар зэргийг хулгайлж 765.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Б. Б , өсвөр насны шүүгдэгч Г овогт О. Б нарыг үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б 2 жилийн хугацаагар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Боногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад, шүүгдэгч Б.Б ын 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өвсөр насны шүүгдэгч О.Б оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас тус тус чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б, шүүгдэгч Б.Б  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, шүүгдэгч Б.Б т тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 34 см урттай иштэй, хуучин төмөр шаантагтай 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, үзүүр хэсэг нь хагас муруйсан 39 см урттай арзгар төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Б , О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , өсвөр насны шүүгдэгч О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сувдаа эсэргүүцэлдээ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал:  ...

  Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч нарт ял завшуулж байна. Үүнд: Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар "энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах" гэсэн заалтыг хэрэглэж ял оногдуулах байтал ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч О.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар "Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана" гэсэн заалтыг хэрэглэж, хорих ял оногдуулж сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхээр хуульд заасан байхад ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Ялаас чөлөөлөх үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл урван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан байхад хүнд гэмт хэрэгт ялаас чөлөөлсөн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Баянмөнхөд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, шүүгдэгч Б.Б т тодорхой ажил үүрэг гүйцэтгэхийг даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иймд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ:“ ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б , өсвөр насны шүүгдэгч О.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж тодорхойлсон, албадлагын арга хэмжээг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, мөн хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэж төрөлжүүлсэн байхад

шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.

Гэтэл өсвөр насны шүүгдэгч О.Б үйлдсэн гэмт хэрэг нь хуульд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй юм.

Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэжээ.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалт нь тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зохицуулалт бөгөөд анхан шатны шүүх дээрх заалтыг буруу ойлгож хэрэглэн шүүгдэгч нарыг хорих ялаас чөлөөлсөн байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүх холбогдох хуулийн зүйл хэсгийг “17.1 дүгээр зүйлийн 2.2.1”, “7.2 дугаар зүйлийн 1.1.1”, “7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3”, “8.2 дугаар зүйлийн 1.3” гэх мэтчилэн өөр өөрөөр бичсэн, шүүгчийн захирамжинд хэрэг хүлээн авсан огноог буруу бичсэн зэргийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

              ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Ц.Сувдаагийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б , О.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ё.БЯМБАЦЭРЭН                          

              ШҮҮГЧИД                                                                   С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ