Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01403

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01403

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02169 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ү” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Ш” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр МЭК-2020/19 тоот заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Натур Мед сувиллын барилгын дотор заслын ажлуудыг хийхээр болсон. Тус ажилд туслуулахаар “Ү” ХХК-ийн захирал Д.Л-тэй 23 000 000 төгрөгөөр ажлын хөлсөө харилцан тохиролцож, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс ажлаа эхлүүлж, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаа бүрэн гүйцэд дуусгахаар болсон. Энэхүү ажлын нийт 23 000 000 төгрөгийн хөлснөөс “Ү” ХХК болон түүний захирал Д.Л-д нийт 16 000 000 төгрөгийг манай компани өгсөн байдаг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг “Ү” ХХК-ийн 1805121119 тоот Голомт банкны дансанд, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр     5 000 000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг түүний хувийн 5030241717 тоот Хаан банкны данс руу тус тус шилжүүлж манай компанийн зүгээс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл “Ү” ХХК гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар тухайн ажил дууссан. Манай компани 2020 оны 11 сараас хойш тухайн газарт ажиллахаа больсон. Бидний гэрээ байгуулсан “Ү” ХХК нь “Ш” ХХК-тай тохиролцоод манай компанийн хийж байсан ажлыг үргэлжлүүлж хийсэн. “Ш” ХХК-ийн захирал О.Ц-аас мэдүүлэг авахад ажлаа бүрэн дуусгаагүй гэж мэдүүлсэн. Ажил гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байсан учраас гэрээнээс татгалзаж мөнгө шаардсан. “Ү” ХХК-ийн захирал Д.Л манай шилжүүлсэн мөнгөөр материалыг авчихаад ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр агуулахдаа хадгалаад байсан учраас бид маш олон удаа очиж маргаан гаргасан боловч материалыг буцааж өгөөгүй. Захиалагч болох “Ш” ХХК-аас манай компанид шаардлага тавьсан учраас захирал О.Цыг дагуулж агуулахад очиж материал байгаа гэдгийг харуулсан. Гэтэл Д.Л гээс дахиад материалууд дутуу байна гээд нэмж мөнгө шаардсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд манай компанийн өгсөн хөлс дээр нэмж 5 000 000 төгрөгийн хөлс авсан байна. “Ш” ХХК-аас ирсэн баримтад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 25 удаагийн шилжүүлгээр барилгын дотоод засалтай холбоотой 26 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж байна. Үүнээс хойш “М” ХХК-д ямар нэгэн мөнгө өгөөгүй. Харин 18 000 000 төгрөгийг “Ү” ХХК-ийн захирал 5030241717 дугаар данс руу шилжүүлсэн байна. Ажил гүйцэтгэнэ гээд гэрээ байгуулчихаад гэрээний нөгөө талдаа ажлын үр дүнг нь үзүүлэлгүйгээр гэрээ хийсэн хүнтэй биш түүнээс давж захиалагчтай харьцсанаас болж манай компани хохирол хүлээсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “Ү” ХХК бид энэ ажлыг 23 000 000 төгрөгөөр хийж дуусгана гэчихээд дахиад нэмж мөнгө авсан байна. Манай компани “Ш” ХХК-тай 35 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Хэрэв 35 000 000 төгрөг манай компанид орж ирсэн бол 23 000 000 төгрөг хасагдахад манай компанийн ажлын хөлсөнд 12 000 000 төгрөгийн ашиг авчрах байсан гэсэн тооцоолол гарч байгаа. Бид шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Ажлын үр дүнгээ биелүүлсний дараа 16 000 000 төгрөг авах байсан гэж үзэж гэрээнээс татгалзаж байгаа. Гэрээнд заасан урьдчилгаа 9 000 000 төгрөг, санхүүжилт 7 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэхэд ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй учраас гэрээнээс татгалзсан мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй байна. Харин бусад олох байсан ашгаа орхиод гэрээний дагуу мөнгөө нэхэмжилж байна. Иймд дээрх гэрээний дагуу манай компаниас ажлын хөлсөнд төлсөн 16 000 000 төгрөгийг “Ү” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ш” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах Nature Med нэртэй сувиллын газрын модон хийц, тавилгын ажлыг гүйцэтгүүлэхээр “М” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд манай компани 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК-тай мөн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж туслан гүйцэтгэгчээр оролцсон. “М” ХХК нь гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй. 16 000 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч бараа материал, хавтангийн үнэ байсан. Хэрэгт авагдсан дансны хуулгаас аль нь ажлын хөлс вэ, аль нь бараа материалын үнэ вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. 23 000 000 төгрөгийн ажлын хөлсийг өгөөгүй. Мөн гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалуудыг хугацаандаа өгөөгүй. Энэ талаар “Ш” ХХК-ийн захирал О.Ц мэдүүлсэн. Ажил саатсан нь бараа материалын татан авалтаас болсон гэсэн мэдүүлэг өгсөн. Захиалагч өөрөө үүргээ биелүүлээгүй учраас манай компанийн зүгээс ажлын хөлсийг бүрэн өгөөд гүйцэтгэлээ ав гэсэн агуулгаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг барьцаалсан. Үүнийг буруутгах үндэслэлгүй. “Ш” ХХК-ийн захирал О.Ц “М” ХХК-д 64 000 000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг өгсөн. Ажлын гүйцэтгэлийг “Ү” ХХК-аас авсан байж “М” ХХК-аас нэхэмжилдэггүй, 64 000 000 төгрөг өгчихсөн, маргаан байхгүй гэж байна. “М” ХХК нь “Ү” ХХК-тай тохиролцоод туслан гүйцэтгэгчээр оролцуулаад ажлуудаа хийж гүйцэтгүүлье гэсэн боловч 64 000 000 төгрөгөө шилжүүлээд авчихсан байж туслан гүйцэтгэгчийнхээ ажлын хөлсийг дутуу өгсөн учраас туслан гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ барьцаалсан. О.Ц үндсэн компанитай байгуулсан гэрээгээ цуцлаад манай компаниар үндсэн ажлаа хийлгүүлье гээд үлдсэн төлбөрийг төлсөн. Ажлынхаа гүйцэтгэлийг хурдан авахын тулд ийм арга хэмжээ авсан. Ерөнхий ажил гүйцэтгэгч тал болох “М” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 3.1, 3.2 дахь хэсэгт заасны дагуу туслан гүйцэтгэгч талд ажлын хөлсийг бүрэн төлөөгүй, барилгын ажилд шаардлагатай бараа, түүхий эдийг татан авч засал чимэглэлийн ажлыг үргэлжлүүлэн дуусгах боломжгүй байсан тул захиалагч тал болох “Ш” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж манай компанийг ажил гүйцэтгэгчээр сонгон гэрээ байгуулж захиалгат ажлыг хийж дуусгасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлцээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож байгаа учраас гэрээнээс татгалзаад мөнгөө авъя гэсэн үндэслэл хэлж байна. Гэтэл манай компани захиалагч компанид ажлыг хүлээлгэж өгсөн. Ажлыг хугацаандаа гүйцэтгэсэн байсан. “М” ХХК нь үндсэн захиалагч компанид ажлыг гүйцэтгэж өгнө гэж мөнгө шилжүүлж авчихаад туслан гүйцэтгэгч компанидаа мөнгийг нь шилжүүлээгүй өөрсдөө үрэгдүүлсэн байдаг. О.Ц гэдэг хүн өөрөө манай компанийг “М” ХХК-тай холбож өгсөн. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй асуудал байгаа учраас “М” ХХК-аас ямар нэгэн хохирол нэхэмжилдэггүй, нэхэмжлэгчийн дуудсанаар ирээд нэхэмжлэгч талд мэдүүлэг өгөөд байдаг. “М” ХХК туслан гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлөхгүй байсан учраас “Ш” ХХК-ийн зүгээс үлдсэн төлбөрийг өгөөд ажлаа хүлээгээд авчихсан. Манай компанид ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй гэсэн зүйл байхгүй, ажлыг чанарын дагуу хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөр төлөх хугацаа байгаа, санхүүжилт 2020 оны 7 сард хийгдэх байсан. Бараа материал “Ү” ХХК-ийн талбай дээр буугаад ажлаа эхлэхэд бэлэн болчихсон үед дундын санхүүжилт хийгдсэн. Энэ мэтчилэн өөрсдөө үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд захиалгат ажлыг бүрэн хийж дуусган нөгөө талдаа бүрэн хүлээлгэн өгсөн, “Ш” ХХК, “М” ХХК хоорондоо гэрээгээ цуцалсан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч Ү ХХК-аас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг нотлох баримтаар нотлогдох ёстой гэж үзэн нэхэмжилсэн 16 000 000 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн учир дутагдалтай байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой дурдаж, холбогдох баримтуудыг хавсаргаад байхад шүүх ийм шийдвэр гаргаж манай компанийг хохироож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Ү” ХХК-аас төлөх төлбөрийг 16 000 000 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч талд ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээлгэн өгсөн боловч ажлын хөлс 7 000 000 төгрөгийг буцаан нэхэмжлэгч талд өгөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч тал буруугүй бөгөөд захиалагч тал өөрөө албан бичгээр нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа тул ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээлгэн өгсөн хариуцагч талыг буруутгах үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан дансны хуулгаар ажлын хөлсийг “Ү” ХХК хүлээн аваагүй атал хувь хүний дансны хуулгаар компанийг ажлын хөлс авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МЭК-2020/19 тоот модон хийц, тавилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “Ү” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Натур Мед сувиллын барилгын дотор заслын ажлуудыг хийх буюу гэрээний 1.2-т заасан ажлуудыг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхдээ “М” ХХК-аас засварын ажилд шаардлагатай материалыг авч, өөрийн багаж тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэх, “М” ХХК нь ажлыг хүлээн авах, засварын ажлын хөлс 23 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн 4-9 дэх талд авагдсан модон хийц, тавилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М” ХХК нь “Ш” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр МЭК-2020/18 дугаартай заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Натур Мед сувиллын барилгын дотор заслын ажлуудыг гэрээний 1.2-т заасан ажлуудыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлын хөлсийг 64 031 168 төгрөг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх-91-94 дэх тал/

 

            Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 16 000 000 төгрөгийг хариуцагч “Ү” ХХК-д шилжүүлсэн боловч хариуцагч гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэн өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

 

“М” ХХК нь дээрх гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр “Ү” ХХК-ийг ажилуулахаар МЭК-2020/19 тоот модон хийц тавилгын ажил гүйцэтгүүлэх гэрээг уг компанитай байгуулж, ажлын хөлсөнд      23 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ. 

 

“Ш” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцлаад 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Ү” ХХК-тай заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр “М” ХХК-тай тохиролцсон ажлыг хийж гүйцэтгүүлэх, уг ажлын хөлсөнд 14 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

Гэрч О.Ц нь шүүхэд “М ХХК-тай байгуулсан гэрээнд ажлын хөлсний дүнг тохиролцож гэрээ байгуулж бараа материалын төлбөрт мөнгө шилжүүлсэн, ажлын хөлс гэж мөнгө шилжүүлээгүй, тус компанитай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ. Уг гэрч нь “Ш” ХХК-ийн захирлаар ажилладаг.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь захиалагч “Ш” ХХК-аас гэрээт ажлын материалын үнэд 16 000 000 төгрөг шилжүүлэн авснаас хариуцагч “Ү” ХХК-д буюу туслан гүйцэтгэгчид ажлын хөлсөнд 7 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн болох нь хэргийн 25, 28 дах талд авагдсан “М” ХХК-ийн захирал Б.Э-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч “Ү” ХХК 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч уг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан гэх тайлбар гаргасан боловч аль нэг тал нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцлах нөхцөлд үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдэл өгөх хугацаа өгөх журмыг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

 

Ийнхүү гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй, харин захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээгээр бий болсон ажлын үр дүнгийн хэмжээгээр ажлын хөлсийг төлж, үлдэх төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Талууд гэрээг цуцлах үед “Ү” ХХК хэдий хэмжээний ажлыг бодиттой гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг хариуцагч нотлоогүй боловч хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тодорхой хэмжээний ажил хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Учир нь хэргийн 141 дэх талд авагдсан “Ш” ХХК-ийн “Ү” ХХК-тай байгуулсан гэрээний хавсралт гэх баримтад “дугуй баганы бэлдэц бүрэн, замаск будаг хийгдэх дутуу, ресепшн тек бэлдсэн, замаск, зүлгүүр, будаг хийгдэнэ, дугуй хананы савхнууд хийгдсэн, хавтан дээр наагдаж будагдаж угсрагдана, 1-4 давхарын коридорын багана хийцлэлүүд 2000 ширхэг савх мод 600 ширхэг хуулга наагдсан, 1200 ширхэг наах дутуу, рестораны тааз наагдсан боловч хэтэрхий туяхан, хоёр талын саналаар материалыг сольж шинээр хийх, рестораны арк 7 ширхэг наагдсан, угсархад бэлэн, гэрлийн нүхтэй савх мод хийгдсэн, хуулга наагдаж угсарна, ресторан текны тааз төмөр гагнаж бэлдсэн, будаж угсарна” гэж хийгдсэн ажлын явцыг 2 талын инежерүүд хүлээлцсэн байна.  

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Дээрх хийж гүйцэтгэсэн ажлын үнийг тодорхойлох баримтыг талуудын хэн аль нь   гаргаагүй,   шүүхийн   журмаар   нотлох   баримт   бүрдүүлэх  шинжээч  томилуулах  тухай

хүсэлт, түүнчлэн “Ш” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд буюу “Ш” ХХК “М” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, “Ү” ХХК-тай шинээр байгуулсан гэрээний зөрүүг 7 000 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй. Учир нь эдгээр гэрээний дагуу хийгдэх ажил буюу гэрээний зүйл адил байна.

     /хх-63-68 дах тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь “Ш” ХХК-аас гэрээт ажлын материалын зардалд шилжүүлэн авсан 16 000 000 төгрөгөөс хариуцагч “Ү” ХХК-д ажлын хөлсөнд 7 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 25, 28 дах талд авагдсан “М” ХХК-ийн захирал Б.Э-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон тул хариуцагч “Ү” ХХК-аас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх зохигчдын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 158 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 127 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                          ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ