Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01595

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01595

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02122 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Ц, Ц.Ч нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 744 458 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч, хариуцагч Ц.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ц, Ц.Ч нартай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 000000000 тоот зээлийн гэрээ, 000000000 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулан 11 250 000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, сарын 2,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч О.Ц, Ц.Ч нар нь 000000000 тоот зээлийн гэрээний баталгаа болгож 2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус 30 маркийн, 02-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллага өмчлөх, эзэмших эрхтэйгээр шилжүүлсэн болно. Гэвч О.Ц, Ц.Ч нар нь дээрх зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байна. 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 8 115 393 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 220 865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408 199 төгрөг төлөхөөр байна. Зээлдэгч О.Ц, Ц.Ч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 10 744 458 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж Н ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг дүр эсгэж хийсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээгээр тээврийн хэрэгслийг О.Ц гэх хүн нь авч ашиглаагүй бөгөөд Д.О нь тээврийн хэрэгслийг авсан. Хавтаст хэргийн 52-55 дугаар талд эрүүгийн хэргээс авсан шүүхийн шийтгэх тогтоол авагдсан ба тухайн эрүүгийн хэрэгт Д.О нь хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө Энэ машин нь миний машин бөгөөд би О.Ц гэх найзыгаа гуйж, автомашин зээлээр авахуулсан гэж хэлсэн байна. Тиймээс энэ зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч нар нь хариуцан төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч байгууллага нь Д.Отай холбогдож, зээлийн төлбөр төлөх талаар албан тоот явуулдаг байсан гэж хэлсэн. Хариуцагч О.Цт зээлийн гэрээний үүргийг шаардсан мэдэгдэл огт явуулж байгаагүй. Мөн энэ зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлж, Д.Оаар төлүүлэх боломжтой. Мөн нэхэмжлэгч байгууллага нь өөрийн үйл ажиллагаа, чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болон нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс энэ зээлийг өөр хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал нь зээл гаргах эрхтэй эсэхэд эргэлзээтэй байна. Тусгай зөвшөөрөл, эрхийг хууль ёсны дагуу авсан байх байтал зөвшөөрөлгүй эрхэлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч О.Ц, Ц.Ч нараас 4 077 211 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 667 247 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц, Ц.Ч нараас 80 185 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дах хэсэгт зааснаар хариуцагч О.Ц, Ц.Ч нараас 4 077 211 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 667 247 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, О.Ц, Ц.Ч нар нь Н ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 000000000 тоот зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулан 11 250 000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар сарын 2,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж зээлдэгч О.Ц, Ц.Ч нар үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Зээлдэгч О.Ц, Ц.Ч нар нь 000000000 тоот зээлийн гэрээний баталгаа болгож 2010 онд үйлдвэрлэсэн Тоёота прүс-30 маркийн 02-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагад өмчлөх, эзэмших эрхтэйгээр шилжүүлсэн болно. Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлахаар шаардах эрхтэй ба Н ХХК нь хэдийгээр банк бусын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тухайн үед авч чадаагүй байсан боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоог гэрээнд тусгаж баталгаажуулсан. Мөн зээлийн гэрээнд төлбөр төлөх хуваарийг тусгасан боловч түүний дагуу төлөлт хийгээгүй, зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 8 115 393 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2 220 865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408 199 төгрөг, нийт 10 744 458 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд зээлдэгч О.Ц, Ц.Ч нараас 10 744 458 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч О.Ц, Ц.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 744 458 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №000000000 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Н ХХК нь 11 250 000 төгрөгийг 2.90 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар О.Цт зээлдүүлж, О.Ц нь Ц.Чийн хамт өөрийн нэр дээр Д.Од тээврийн хэрэгсэл авч өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-9-13 дах тал/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл буюу зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн зөв болжээ. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Учир нь нэхэмжлэгч Н ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа хариуцагч нарт зээл олгосон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, 15.3.4-т ...банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэж заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч үндсэн зээлд 3 134 606 төгрөг, хүү 3 891 874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146 309 төгрөг, нийт 7 172 789 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй гэж дүгнэж хариуцагч О.Ц, Ц.Ч нарт шилжүүлсэн 11 250 000 төгрөгөөс тэдгээрийн төлсөн 7 172 789 төгрөгийг хасч, үлдэгдэл 4 077 211 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дах хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 862 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ