Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01397

 

А.Отгонбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч А.Отгонбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Оюунчимэгт холбогдох

Зээлийн төлбөр 9 706 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Оюунчимэгийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Цогням шүүх хуралдаан гаргасан тайлбарт: “...Иргэн А.Отгонбаяр миний бие иргэн Ж.Оюунчимэгтэй 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй; алданги тооцохгүйгээр зээлдүүлэх гэрээг бичгээр үйлдэж, түүнд 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болно. Гэвч Ж.Оюунчимэг зээлээсээ 500 000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг гэрээний дагуу буцааж төлөөгүй өнөөг хүрлээ. Иймд хариуцагч Ж.Оюунчимэгээс үлдсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү 5 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 206 950 төгрөг, бүгд 9 706 950 төгрөгийг гаргуулж өгнө үү..." гэжээ. Мөн А.Отгонбаяр нь хүүхдийн хувцас зараад өгөөч гэж. Ж.Оюунчимэгт хандсан байдаг. Ж.Оюунчимэг нь энэ хувцасны мөнгийг л өгсөн. Энэ хувцасны мөнгийг зээлийн мөнгөтэй хольж хутгамааргүй байна. Нийтдээ нэхэмжлэлийн шаардлага бол 9 706 950 төгрөгийг Ж.Оюунчимэгээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: “...Иргэн Ж.Оюунчимэг миний бие нь иргэн А.Отгонбаяртай 2014.05.23-наас 2014.10 23-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй 5 сая төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэ хугацаанд би 1 сая төгрөгийг төлсөн А.Отгонбаяр сар болгон надаас мөнгөний хүү гээд 200 000 төгрөг авч байсан. Хувцасны мөнгийг би тооцоогүй. Миний ойлгож байгаагаар гэрээнд заасны дагуу хугацааны хүүг тооцъё гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 5 сарын хугацааны хүү өгнө гэж бодож байгаа. Тэгэхээр 7 500 000 болж байгаа. Үүнээс 1 000 000 төгрөгийг өгсөн учраас үндсэндээ 6 500 000 төгрөг өгнө гэж бодож байна. Шүүх хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өөлд овогт Жамъянгийн Оюунчимэгээс 6 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ж.Оюунчимэгээс 118 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Отгонбаярт олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Ж.Оюунчимэгээс 9 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Отгонбаярт олгосугай.” гэж, 2 дахь заалтын: “ ... 118 950 төгрөг гаргуулж” гэснийг “...206 950 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч иргэн А.Отгонбаярын нэхэмжлэлтэй холбоотой Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.09.21-ний өдрийн 20 тоот шүүхийн магадлалд иргэн А.Отгонбаярын гэрээний үүрэг болон үндсэн зээл 5 сая төгрөг болон 5 сарын хугацааны хүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж магадлалд дүгнэчхээд иргэн Ж.Оюунчимэг надаас 9 сая төгрөг гаргуулж А.Отгонбаярт олгуул гэж гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь үндэслэлгүй байгаа тул Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн гаргасан магадлалыг өөрчилж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн зарим шаардлагыг нэмж ханган шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч А.Отгонбаяр, хариуцагч Ж.Оюунчимэгээс 9 706 950 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүрэг биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийн 3 дугаар талд дээрх гэрээ нотлох баримтаар авагдсан ба гэрээнд зааснаар хариуцагч нь 5 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүү төлөх нөхцөлөөр авсан, үүнээс 1 000 000 төгрөг төлсөн нь тогтоогджээ.

Гэрээний нөхцөлийг тооцоход хариуцагч нь гэрээ дуусахад үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 5 000 000 төгрөг, бүгд 10 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх гэрээний хугацааны хүүгийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281-2.1-д заасан “зээлийн гэрээний хүү” гэсэн ойлголтыг хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “алданги”-иас зааглан ялгаж чадаагүйгээс хууль хэрэглээний алдааг гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ. Хуулийн эдгээр зохицуулалтын шаардлага нь иргэд, аж ахуйн хоорондын зээлийн гэрээнд хүү тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулахыг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгч А.Отгонбаяр 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ж.Оюунчимэгт 5 000 000 төгрөг зээлээр өгөхдөө хүү тохиролцон гэрээг бичгээр байгуулсан нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч үндсэн зээлийн мөнгийг хүүгийн хамт шаардах эрхтэй болжээ. Зээлийн гэрээний “хүү”-г мөнгийг бусдад зээлээр өгч ашиглуулсны хөлс, хариу төлбөр гэж үздэг.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзын талаар зохицуулсан нь зээлээр олгосон мөнгөний хариу төлбөр болох хүүгээс тусдаа ойлголт юм. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь хэрэв талууд гэрээнд анз төлөхөөр бичгээр тохиролцсон бол гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй хэмжээний анз төлнө. “Анз”-г гэрээний үүргийн биелэлтийг хангах арга буюу гэрээний хариуцлага гэж ойлгодог. Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний хүү 5 000 000 төгрөгийг гаргуулахдаа хуулийн 232.4-д заасан алдангийг буруугаар тайлбарлан хүүгийн 50%-иар тооцож 2 500 000 төгрөг, үндсэн зээлийн 5 000 000 төгрөг, бүгд 7 500 000 төгрөгийг гэрээний үүрэг төлөхөөр тодорхойлон, төлсөн гэх 1 000 000 төгрөгийг хасаж үлдэх 6 500 000 төгрөгийг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний дээрх алдааг залруулан гэрээний үндсэн төлбөр, хүүгийн 10 000 000 төгрөгөөс буцаан төлсөн 1 000 000 төгрөгийг хасаж үлдэх 9 000 000 төгрөгийг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэсэн, маргааны харилцаанд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв сонгон хэрэглэсэн нь хуульд нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оюунчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР