| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 147/2016/0031/э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2016-06-27 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Г.Амарсайхан |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 02
АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН
МАГАДЛАЛ
2016 оны 06 сарын 27 өдөр Дугаар 02 Баруун-Урт
Ч.Оюунсүрэнд холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сүрэн даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Прокурор Г.Амарсайхан
Ялтан Ч.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунгэрэлийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Оюунсүрэнд холбогдох 201517000273 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1984 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсрол мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Шажиг овгийн Чулууны Оюунсүрэн / РД: ЛЮ84110336 /
Шүүгдэгч Ч.Оюунсүрэн нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Хоньт” гэдэг газарт 2015 оны 08 дугаар сарын 21-ний шөнө согтуугаар гэрэлгүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцсоноос иргэн Г.Алтансүх, Б.Сонинбаяр, Ц.Өлзийбаатар нарыг дайрч, Г.Алтансүхийн бие махбодид хүнд, Ц.Өлзийбаатарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Шажиг овгийн Чулууны Оюунсүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ч.Оюунсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ч.Оюунсүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр зааж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар ялтан Ц.Оюунсүрэнгээс 939020 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 625000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ч.Оюунсүрэн нь хохирогч Г.Алтансүхэд эмчилгээний зардалд 81 сая төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатарт 358000 төгрөг төлснийг, хохирогч Г.Алтансүх нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, ялтан Ч.Оюунсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Ч.Оюунсүрэнд холбогдох эрүүгийн 201517000273 дугаартай хэргийг Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д хэсэгт “шүүх анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн... түүнчлэн гурав хүртэл насны хүүхэдтэй ... ганц бие эцэгт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байхад түүний асрамжид байгаа хүү О.Золбоот нь 8 настай байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурор эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д “шүүх анх удаа хүндэвтэр … гэмт хэрэг үйлдсэн ... түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй … буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байхад анхан шатны шүүх 8 настай хүүтэй ганц бие эцэг Ч.Оюунсүрэнд дээрх зүйл заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Оюунсүрэнд холбогдох эрүүгийн 201517000273 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Тус шүүхэд битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө ирээгүй болохыг дурдсугай.
3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ч.Оюунсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
Магадлалд хэргийн оролцогчид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болно.
ДАРГАЛАГЧ Г.СҮРЭН
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
О.БААТАРСҮХ