Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0007

 

2016 оны 12 сарын 21 өдөр                  Дугаар 221/МА2017/0007               Улаанбаатар хот

Б Х А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 838 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Б Х А ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б Х А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3, 6.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.1, 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00000-DG өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтээс үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-00000-DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаар бүхий албан тоотыг хүчингүй болгох Б Х А ХХК-ийн захирал А.Бадамдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай компани нь 2015 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Засаг даргад хандан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу тус аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт 103 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөлийг засаг даргын тамгын газар хүлээж аваад хуулийн дагуу уг тусгай зөвшөөрлийг олгох боломжтой эсэхийг тогтоолгохоор Дорноговь аймгийн засаг даргын 1/1817 албан тоот бичгийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байдаг. Ашигт малтмалын газар нь уг тоотын хариу болгож 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 5/9472 дугаартай албан бичгээрээ "Өргөдөлд дурьдсан талбай нь түрүүлж ирүүлсэн TX-00000-DG өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй" гэж дүгнэлт гарган Дорноговь аймгийн засаг даргад явуулсан байдаг. Энэхүү хууль бус дүгнэлтээс үүдэн уг тусгай зөвшөөрөлийг олгох боломжгүй болсон юм. Энэхүү давхцалтай гэж гарсан TX-00000-DG өргөдөл нь манай талбайтай огтхон ч хамааралгүй байсан тул манай компанийн зүгээс Ашигт малтмалын газрын даргад гомдол гарган шалгуултал буруу шүүлт хийсэн нь тогтоогдсон билээ. Ингээд өөрсдийнхөө буруутай үйлдэлийг дарахын тулд уг талбайг өөр эрдсийн хуримтлалтай байгаа тул олгох боломжгүй хэмээн ахин хууль бус дүгнэлт гарган манай компанид түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хууль бусаар хязгаарлаад байгаа юм. Бид нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахи хууль эрхзүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Уг шүүхийн шийдвэрт "Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "Б Х А " ХХК-ийн хүсэлт гаргасан Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байршилтаи 103 га б\хий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын бус бусад ашигт малтмал эрдсийн хуримтлалын илэрцтэй байсан нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн "Монгол улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа эрэл-ишлгалтын үр дүнгийн тайлан"-гаар нотлогдсон гэж үзэхээр байна" гэжээ. Уг талбайг эрдсийн хуримтлал бүхий талбай биш гэдгийг нотлох үүднээс доорхи тайлбарыг орууллаа. Ашигт малтмалын газар нь шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдэд зориулж 2015 онд Ашигт малтмалын хуулиар сургалт явуулж байсан ба үүнийхээ материалыг өөрийн албан ёсны цахим хуудас болох mram.gov.mn-даа байршуулжээ.

            http://mram.gov.mn/mram_new/images/stories/mram/Kadaster/Haiguuliin tusgai zowshoorol huleen awch shiidwerleh tuhai taniltsuulga..pdf хаягт байгаа. / Уг танилцуулганы 4-р хуудасанд ямар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлийг өргөдөлөөр олгох, ямар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлийг сонгон шалгаруулалтаар олгохыг хуулийн хүрээнд тайлбарласан байдаг. 4-р хуудасны материалыг дор оруулав. "Өргөдлийн журмаар олгох талбай" Талбайг бүхэлд нь болон хэсэгчлэн буцаан өгсөн /АМТХ 54, 55-р зүйл/ Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс цуцлагдсан /АМТХ 56.1.2/ Тусгай зөвшөөрлөөр олгогдож байгаагүй хэтийн төлөвгүй, эрдсийн хуримтлал тогтоогдоогүй талбай "Сонгон шалгаруулалтын журмаар олгох талбай" Улсын төсвийн хөрөнгөөр судалгаа хийсэн талбайд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай /АМТХ 19.12/ Доорхи үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан талбайд шинээр олгох /АМТХ 20.1/ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан /АМТХ 53.1.1/ нөөц болон тусгай хэрэгцээнд авсан талбай чөлөөлөгдсөн /АМТХ 56.1.3/ хайгуулын зардал нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрээгүй /АМТХ 56.1.4/ байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй цуцлагдсан /АМТХ 56.1.5/ гэж ангилан тайлбарласан байдаг ба хуулийн хүрээнд ч ийм зохицуулалттай юм. Дээрхиэс харахад эрдсийн хуримтлалгүй талбайг хайгуулын тусгай зөвшөөрөлөөр олгохдоо өргөдлийн журмаар олгохоор хуулинд тусгасан байна. Ашигт малтмалын хуулийн дээрхи заалтуудаас үндэслэн нийт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг сонгон шалгаруулалтаар олгох болон өргөдөлөөр олгох талбай гэж ангилах шаардлагатай болж үүний дагуу Засгийн газрын 2014 оны 7-р сарын 28-ны 239 дүгээр тогтоол гарсан байдаг. Уг тогтоолд өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох талбайг секунд, долийн нарийвчлалтайгаар тогтоож өгсөн байдаг. Үүнийг уул уурхайн сайдын 2014 оны 9-р сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалаар нийтэд мэдээлэх үүргийн дагуу ашигт малтмалын газрын цахим хуудсанд байршуулсан ба бидний хүсэж буй талбай нь бүхэлдээ өргөдлийн журмаар олгогдох талбайд хамаарч байгаа нь ашигт малтмалын газрын кадастрийн бүртгэлийн системд NAA-701 дүгээр дүрсний 323-351 дүгээр мөрөөр хүрээлэгдсэн талбайд оршиж байгаагаар харагдах юм. Энэ тогтоолд уг талбайг өргөдөлөөр олгох талбайд хамааруулсан нь эрдсийн хуримтлал бүхий талбай биш гэдгийг баталж өгч буй төрөөс гаргасан бичиг баримт юм. Ийм байсаар атал манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал хүссэн өргөдөлд эрдсийн хуримтлалтай гэсэн дүгнэлт гаргасан нь хууль бус юм. Энэ өргөдөлөөр олгох талбайг гаргахдаа бүх эрдсийн хуримтлалтай талбайг ялган координатжуулан тогтоогоод эдгээрийг хасан гаргасан байдаг. Гэтэл шүүхээс монгол улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдээвчилсэн судалгаа, эрэл шалгалтын үр дүнгийн тайланг үндэслэн давхцалтайг тогтоов гэжээ. Ашигт малтмалын газрын шүүхэд гаргаж өгсөн уг нотлох баримтанд байгаа 27 дугаар хуудасны 4-5 мөрийг үндэслэн шүүх шийдвэрээ гаргажээ. Уг 4-5 мөрөнд барагцаагаар тавьсан минутын нарийвчлалтай ганцхан цэгийн координат байдаг.

Газар зүйн солбицол              УӨ 00 00' 00"

ДХ 000 00' 00"

Энэ координатыг нарийвчвал өргөрөгийн дагуу 1,2 км, уртрагийн дагуу 1,8 км-ийн дотор зөрүү гарах боломжтой юм. Бид секунд долийн нарийвчлалтай асуудал ярьж байхад минутын нарийвчлалтай талбай үүсгэх боломжгүй ганцхан цэгээр асуудлыг шийдсэнд гомдолтой байна. Секунд долийн хэмжээнд нарийвчлан тогтоогоод өгсөн Засгийн газрын тогтоол нь байсаар атал ямар ч нарийвчлалгүй яаж давхцах нь тодорхойгүй нэг цэгтэй бичиг баримтыг үндэс болгосон нь шүүх нотлох баримт буруу үнэлсэн гэж үзэх үндэс болж байгаа юм. Мөн эрдсийн хуримтлал бүхий талбайг албан ёсоор ялгасан Засгийн газрын 239-дүгээр тогтоолыг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүйг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын хуулийн 19.12-т Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж заасан байдаг. Гэтэл уг талбайг манай компани өргөдөл өгснөөс хойш өргөдөл гаргасан Ашигт малтмалын газарт өргөдөлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн компанид шүүхээр маргаан үргэлжилж байх явцад XV-00000 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлөөр олгосон байдаг. Хэрэв уг талбай нь эрдсийн хуримтлалтай бол Ашигт малтмалын хуулийн 19,12-оор сонгон шалгаруулалтын журмаар олгогдох байсан. Харин Ашигт малтмалын газар нь уг талбайг өргөдөлийн журмаар олгосон ба Ашигт малтмалын газрын энэ үйлдэл нь уг талбайг эрдсийн хуримтлал бүхий талбай биш гэдгийг баталж өгч байгаа үйлдэл гэж ойлгож байгаа ба шүүх шийдвэр гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Нэг компани авах болохоор эрдсийн хуримтлалтай болоод дараагийн компани авахад эрдсийн хуримтлалгүй болгосон энэ үйлдэлийг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү олгосон үйлдлийг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй буруу үнэлсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ "Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3,3-т "Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6,1-д "Ашигт малтмалын ордыг дор дурдсанаар ангилна". 6,3-т "Барилгын материалын зориулалтаар аишглах боломжтой элбэг тархалт б\хий хурдас чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна" гэж хуульчшсанаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх аишглахтай холбогдсон харилцааг 2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр батлагдсан "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулъ"-д зааснаар зохицуулахаар хуулъчшсан байна. Өөрөөр хэлбэл иэхэмжлэгч "Б Х А" ХХК-ийн хүсэлт гаргасан Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байршилтай 103 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал бус бусад ашигт малтмал эрдсийн хургштлалын шэрцтэй байсан нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн "Монгол улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа эрэл-шалгалтын ур д]пгийн тайлан "-гаар нотлогдсон гэж үзэхээр байна " гэжээ. Уг талбай нь элбэг тархалт бүхий хурдас чулуулгийн хуримтлал бүхий талбай юм. Энэ нь хариуцагчийн нотлох баримт болгоод байгаа "Монгол улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчшсэн судалгаа эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан" -гийн 27-р хуудасны 12-13-р мөрөнд "талбайн хэмжээнд ерөнхийдөө элюви, делювийн сэвсгэр хурдас их хэмжээгээр тархсан байна" гэснээс харж болох бөгөөд эдгээр сэвсгэр хурдасыг зам барилгын түүхий эдэд ашигладаг юм. Бидний хувьд уг талбайд зам барилгад ашиглах хайрганы чиглэлээр хайгуулын үйл ажиллагаа явуулах ба уг үйл ажиллагаанд хуулинд харш аливаа үйл ажиллагаа байхгүй болно. Бид түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулинд заасны дагуу өөр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа уг талбайд явуулахгүй юм. Уг хуулинд өөр ашигт малтмал хайсан нь тогтоогдвол уг тусгай зөвшөөрөлийг цуцлах заалт нь ч тодорхой байдаг. Уг хуулийн дагуу 37,1,4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж ашигласан нь тогтоогдсон тохиолдолд цуцлахаар заагдсан байдаг. Мөн уг хуулиар эрдсийн хуримтлалтай эсэхээс үл хамааран хайгуулын талбайг олгохоор заасан байдаг./Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.10-аар/ Энэ нь уг талбайд зөвхөн хуулинд нийцсэн үйл ажиллагаа явуулан хайрганы хайгуулаа хийгээд явахад болохгүй зүйл байхгүйг харуулж байгаа юм. Шүүх шийдвэр гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14,10-р заалтыг байсаар атал хуулийг буруу хэрэглэсэн, Хариуцагчийн өгсөн "Монгол улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан" -гийн 27-р хуудсыг нотлох баримтын хувьд зөв хэмээн үзсэн атлаа уг нотлох баримтанд байгаа 27-р хуудасны 12-13-р мөрөнд "талбайн хэмжээнд ерөнхийдөө элюви, делювийн сэвсгэр хурдас их хэмжээгээр тархсан байна" гэсэн түгээмэл тархацтай ашигт малтмал байгаа нь тодорхой байгаа хэсгийг харгалзан үзээгүй зэрэг нотлох баримтыг буруу үнэлсэн зүйлс байгаа юм. Дээрхи үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 27-ны 838 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Б Х А ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 27-ны 838 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, Б Х А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б Х А ХХК-ийн захирал А.Б-с ....манай компанийн ТХ-00000-DG код бүхий өргөдлийг Ашигт малтмалын газраас шалгаад татгалзаж шийдвэрлэсэн ... Ингээд манай компани ... дээд албан тушаалтанд гомдлоо гаргатал ТХ-00000-DG өргөдлийн дугаарыг техникийн алдаа гаргаж буруу бичсэн, мөн ТХ-00056-DG дугаартай өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай гэж буруу шүүлт хийсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн ... авч ... өөр төрлийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн. ... Ашигт малтмалын газар нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад байхгүй зүйлээр дүгнэлт гаргасан ... Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн TX-00000-DG өргөдөлд өгсөн Кадастрийн хэлтэсийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан TX-00000-DG өргөдлийг бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 201/04/13 тоотын зарим хэсгийг хүчингүй болгуулах гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар, хариуцагчаас ...Хэдийгээр нэгэнт хасагдсан өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай гэж зураг зүйн шүүлтийг буруу хийсэн ч нэхэмжлэгч компанийн түгээмэл тархац ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ... гэж зааснаас өөр төрлийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлтэй байсан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах харилцаа үүсэхгүй учраас тус компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн боломжгүй юм.... гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй атлаа Монгол Улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан Бал чулууны сэдэвчилсэн судалгаа, эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан гэх баримтыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00000-DG өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтээс үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-00000-DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаар бүхий албан тоотыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. 4.1.1-д түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалттай ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, хайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг 4.1.4-т түгээмэл тархацтай ашигт малтмалын орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг гэж тус тус хуульчилсан.

Хавтаст хэрэгт 3.1.2-т Найдварын илрэл гээд ... энд протерозойн настай шохойн чулуу ба занар зонхилно. Эдгээр чулуулаг нь хоорондоо өнцгийн үл нийцлэг үүсгэн байрлах бөгөөд талбайн хэмжээнд ерөнхийдөө элюви, делювийн сэвсгэр хурдас их хэмжээгээр тархсан байна. ...Шохойн чулуу нь зүүн хойш 200 суналттай, эгц босоо буюу 2900 өнцөг 78-900 уналттай, гадаргуу дээр 200м орчим үргэлжилсэн. ... гэх зэргээр дүгнэгдсэн Монгол Улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа, эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан гэх нотлох баримт авагджээ. Энэхүү дүгнэлтэд дурдагдсан ашигт малтмалын илэрцийн талаарх дүгнэлтийг түгээмэл тархацтай ашигт малтмал эсхүл ердийн ашигт малтмалын эрдсийн хуримтлал болохыг тодорхойлох боломжгүй байна.

Гэтэл шүүх ... нэхэмжлэгч Б Х А ХХК-ийн хүсэлт гаргасан Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байршилтай 103 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал бус бусад ашигт малтмал эрдсийн хуримтлалын илэрцтэй байсан нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Монгол Улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа, эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан-гаар нотлогдсон гэж үзэхээр байна... гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 34.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасантай нийцэхгүй байна.

Зүй нь дээрх дүгнэлтэд дурдагдсан ашигт малтмалын нөөцийн талаарх тодорхойлолт дүгнэлт нь эрдсийн хуримтлалыг барилгын зориулалттайгаар ашиглаж болох эсэх талаар тодорхойлсон өөр бусад нотлох баримтаар дэмжигдсэн эсхүл үгүйсгэгдсэн байдлыг тогтоосны эцэст дээрх байдлаар дүгнэхээр байна.

Түүнчлэн тус судалгаа тайланд дурдагдсан талбай нь нэхэмжлэгчийн хүсэлт гарган маргаж буй талбайтай аль хэсгээр хэр давхцалтай байгаа эсэх, эрдсийн хуримтлал байгаа эсэх нь тодорхойгүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмал бус бусад ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илэрцтэй байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн, Анхан шатны шүүх ... Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор зөвшөөрөгдсөн талбайд ашигт малтмал хайх хүсэлтийг Ашигт малтмалын газарт (хуучин нэрээр) хандаж гаргах бөгөөд бусад ашигт малтмал эрдсийн хуримтлалын илэрцтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар Ашигт малтмалын болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцсэн гэж дүгнэв. ... гэжээ.

Гэтэл тус Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолд заасан талбайтай нэхэмжлэгч Б Х А ХХК-ийн өргөдөл гаргасан талбай болох Дорноговь аймгийн Айраг суманд байрлах 1-рт: Уртраг нь 1090,18мин, 41.75сек, Өргөрөг 450, 48мин, 56.62сек, 2-рт: Уртраг нь 1090, 19мин, 36.75сек, Өргөрөг 450, 48мин, 56.62сек, 3-рт: Уртраг нь 1090, 19мин, 36.75сек, Өргөрөг 450, 50мин, 00сек, 4-рт: Уртраг нь 1090,18мин, 41.75сек, Өргөрөг 450, 50мин, 00сек-тэй давхцаж байгаа эсэх, давхцаж байгаа бол хэр хэмжээгээр давхцсан талаарх нотлох баримт байхгүй, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 511 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралт буюу Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон сумдад холбогдох хэсгийг хэрэгт хавсаргасан байгаа нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайд ХV-00000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Амазон ресурс ХХК-д олгосон талаарх нотлох баримтыг хавсаргасан хэдий ч уг хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн ямар журмаар олгосон, нэхэмжлэгчийн хүссэн талбайтай давхцалтай эсэх, давхцалтай бол хичнээн хэмжээгээр давхацсан эсэх нь мөн тодорхойгүй, шүүх энэ талаар шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, түүнд дүгнэлт хийгээгүйн дээр эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байхад гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлага нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00000-DG өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэх шаардлага байх ба хариуцагчаас 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаар бүхий албан бичиг болон шүүхэд гаргасан хариу тайлбарт дээрх маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа буруу шүүлт хийсэн, мөн өргөдлийн дугаарыг TX-00000-DG гэж техник алдаа гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан зөрчлүүд засагдаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түүний хүрээнд, холбогдох баримтыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ