Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Өмгөөлөгч С.Э  

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э.Ч-т холбогдох эрүүгийн 182.00000.00007 тоот хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р багт оршин суух, 2016 оны 03 сарын 31-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Г овогт Э.Ч,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Э.Ч нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч 2017 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Я” төвийн подвалын салхивчаар нэвтрэн орж 3 дугаар давхар болон подвалын хэсэгт байрлах иргэн Н.Б-н эзэмшлийн караокеноос Тошиба маркийн зөөврийн компьютер, архи, вино, шоколад, бугуйн цаг, самсунг маркийн гар утас, хар өнгийн үүргэвч, хяналтын камерын станц, 5,10,20,50,100-тын дэвсгэр тус бүр 100 ширхэг, лаазалсан самар зэргийг хулгайлж нийт 1.041.800 төгрөгийн хохирол,

-тус төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Э-н эзэмшлийн “B” дэлгүүрээс 9 ширхэг пальто, куртка 3 ширхэг, гутал 2 хос зэргийг хулгайлж 1.305.000 төгрөгийн хохирол,

-иргэн Х.О-н эзэмшлийн “Д” нэртэй барьцаат зээлийн газраас камерын бичлэг хадгалдаг станцыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 

-2017 оны 02 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн 117-р байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Д-н эзэмшлийн “Э” фитнессээс бэлнээр 180.000 төгрөг, савхин хар цүнх, хэтэвч, LG маркийн 2 ширхэг гар утас зэргийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 01 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг В нэртэй караокены цонхоор хууль бусаар нэвтэрч Соёрхол нэртэй архи 1 шил, Эвок нэртэй архи 1 шил, Соёмбо нэртэй архи 1 шил, чипс 2 ширхэг, жүүс 2 ширхэг, хяналтын камерын хард диск зэрэг эд зүйл  хулгайлж  610.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг З гэсэн рестораны вип өрөөний вакуум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бэлэн мөнгө 150.000 төгрөг, камерын хард диск, 1 шил Соёрхол архи зэрэг эд зүйл хулгайлж 531.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 -Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: 2017 оны 02 сарын 17-ноос 18-ны шилжих шөнө 03 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нэг сэрсэн чинь Замын-Үүд сумын 1-р багийн нутагт байрлах 117-р байрны зүүн талд нь байшинг налчихсан унтаж байгаад сэрсэн. Тэгээд би даараад 0 давхрын цонх нь дутуу хаагдсан байдалтай байхаар нь дотогшоо ус уух гээд ортол коридорын гэрэл асаалттай бүдэг гэрэлтэй байсан. Шагайгаад харсан чинь хүнгүй байхаар нь тухайн өрөөн дотор шүүгээ түүний дээр будаа агшаагч, цайны халуун сав, буцалгагч зэрэг байсан. Доор нь байсан шүүгээний хаалгыг татахад дотор нь хувцаснууд, наад талд нь савхин хар өнгийн хэтэвч байхаар нь нээгээд үзсэн чинь дотор нь мөнгө төгрөг байсан. Тоолохгүйгээр халаасандаа хийчихсэн. Тэгээд усны халуун савнаас ус уух гээд татсан чинь хажууд нь Зоос хийдэг мөнгөний гахай доош унаад хагарчихсан. Дотор нь 10, 20 төгрөгнүүд байсан. Тэгээд ус уучихаад буцаад эргээд гараад өөр өрөө рүү орсон. Тэр өрөөнд фитнессийн багаж техник хэрэгслүүд байсан. ...тэгээд гарахдаа хураасан матрасны дээд талд хар өнгийн савхин цүнх байхаар нь аваад  буцаад орж ирсэн цонхоороо гарсан. Би фитнессийн цонхоор гарч ирээд урагш гараад У дэлгүүрийн баруун зам дээрээс такси бариад АШАА-гийн дэлгүүр ороод фитнессийн өрөөнөөс авсан хар өнгийн хэтэвчээ онгойлгоод дотор нь байсан мөнгөөрөө 0,75 литрийн Улаанбаатар архи 1 шил, парламент тамхи 1 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, бэлэн хоол зэргийг аваад 45.000 төгрөгийн тооцоо хийсэн. ...Н ахын амьдардаг 115 дугаар байрны подвал 0 давхарт очиход тэнд хүн байгаагүй. Би ганцаараа дэлгүүрээс авсан архи уугаад унтаад өгсөн. Тэгээд би сэрсэн чинь өдөр 12 цаг болж байсан. Фитнессээс авч ирсэн хэтэвчээ нээж үзсэн чинь 130-аад мянган төгрөг байхаар нь мөнгөө аваад гадагшаа гарсан. Авч ирсэн хар өнгийн цүнхээ нээж үзээгүй. ...В караокены зүүн талд нь А ахтай тааралдсан. ....14 цагийн үед Х буудлын баруун талд байдаг хүнсний дэлгүүрээс 0,5 л Соёрхол архи аваад А ахын хамт В бөөний дэлгүүрийн баруун талд байх байрны гадаа А-н саарал өнгийн Уаз-469 маркийн машин дотор архиа хуваагаад уусан. Архи дуусахад А дахин уухгүй орлоо гэхээр нь бид тэндээсээ гараад буцаад вокзал руу алхаж байхдаа У гэх хүнтэй тааралдаад бид эргээд ганц нэгэн юм хувааж уухаар болоод 15 цаг 50 минутын үед такси бариад хойшоо гэр хороолол явсан. У-н таньдаг гэх монгол гэртэй айлд ороход Б, О дахин 2 танихгүй залуучууд байсан. Тэд архи дарс задалсан ууцгааж байсан. Би өөрт байсан мөнгөнөөсөө 40-50.000 төгрөгөнд нь архи авч өгсөн. Тэгээд тэндээс гараад ирсэн чинь гадаа харанхуй болчихсон 21 цаг болж байсан. Такси бариад шилэн кафен дэргэд А ахтай эргээд таарсан. Дахин 0,5 л архи аваад хувааж уусан. Нэг сэрсэн чинь 115-р байрны Н ахын подвалд ирчихсэн А ах бид 2 хамт унтаж байгаад сэрээд 2-уулаа гарах уу гээд хамт гарахад шөнө 01:30 цаг болж байсан. Бид 2 хамт 115 байрнаас алхаад У дэлгүүрээс 2,5 л Боргио пиво аваад 80 айлын гадаа сандал дээр уусан. ....Я караокены урд талын 0 давхрын цонхыг нь түлхсэн чинь онгойхоор нь лангуун дээр байсан Финлянд нэртэй архи 1 шилийг аваад буцаад цонхоор нь гараад архи А-д бариулчхаад буцаад Я-ны нөгөө цонхоор орсон. 1 давхар луу ороод рестораны хоол хийдэг өрөө рүү ороод тэндээ том үүргэвч аваад 3-р давхар луу гараад караоке руу ороод цаад талынх нь компьютертэй өрөөнд орж шургуулгыг нь татсан чинь эрэгтэй хүний бугуйн цаг, мөн төмөр шүүгээнээс 1000,500,100,50,10,20-тын дэвсгэртүүд байхаар нь аваад үүргэвчиндээ хийсэн. Мөн зөөврийн компьютерийн цүнх байхаар нь аваад буцаад 1-р давхар луу буугаад текний дэргэдээс зөөврийн компьютер, Соёмбо, Ченет, Беллас гэх мэт архи дарс аваад буцаад 2-р давхар луу гарсан. Модон хаалгатай өрөө байхаар нь хөлөөрөө жийж онгойлгоод дотогш ороход хувцасны дэлгүүр байсан. Боодолтой куртка, пальто байсныг тэр чигт нь аваад мөн кетэн гутал 1 хосыг аваад орж ирсэн цонхоороо буцаад гараад ирсэн чинь А ах пиво ууж байсан газраа Финлянд архиа орхичхоод явчихсан байсан. 115-р байранд очиход хүн байхгүй байсан, би үлдээсэн 0,75 л архиа ганцаараа ууж дуусгаад гарахад гэгээ орчихсон байсан гэжээ. /1-р хх-ийн 166-176/

-2018 оны 01 сарын 07-ны 22 цагийн орчимд Замын-Үүд сум 1-р баг Б бааранд лаазтай пиво авч уугаад баар хаах үед гарсан. Бааранд анх орохдоо дэлгүүрээс авсан 0,75 гр-ийн Соёрхол архи 1, Сэрүүн нэртэй том савтай пивийг цүнхэндээ нууж ороод бааранд нууцаар ууж байгаад баар хаасны дараа үлдсэнийгээ авч гараад 106-р байрны орцонд орж уусан. Тэгээд би З зоогийн ар талын улаан тоосгон  5 давхар байрны РС тоглоомын газрын орцонд орж үлдсэн тал шил архийг нь ууж байгаад үлдсэнийг нь орцны цонхон дээр нь үлдээгээд явсан. Тэгээд би орцноосоо гарч тамхи татаад З зоогийн зүгт алхаж байгаад 03 цагийн орчимд З зоогийн арын цонхоор нь авираад харахад хүн байхгүй болохоор нь З зоогийн хажуу талд зогсож байсан жижиг саарал өнгийн машины хамар дээр нь гишгээд вакуум цонхыг нь цааш нь түлхэхэд онгойхоор нь цонхноос нь барьж авиран дотогш ороход вип өрөөнд нь ороод ирсэн. Би тэр вип өрөөнийх нь хаалгыг онгойлгоход хажуу талд гал тогоо нь өөдөөс тек нь харагдаж байсан. Текний араар ороход дэлгэцтэй асаалттай камер байхаар нь түүний хажууд байсан цэнхэр бариултай заазуур байхаар нь камерынх нь холболтуудыг нь заазуураар тасдаад текэн дээр нь тавьсан ба биед явсан асаагуурын гэрлийг асааж дэлгэцийн хажууд тусгахад хүрэн өнгийн түрийвч байсан. Дотор нь иргэний үнэмлэх, бэлнээр 115.000 төгрөг байхаар нь иргэний үнэмлэхийг нь гаргаж тавиад түрийвчтэй мөнгийг нь аваад доошоо тонгойгоод харахад газар шалан дээр цүнхтэй нөөтбүк байхаар нь нөөтбүкийг нь гаргаж орхисон цүнхийг нь авч камерын станц, түрийвч, лангуун дээрээс авсан Соёмбо архийг хийж, камерын станцны хажуу талд байсан тавагтай хоол байхаар нь гараараа барьж идчихээд урд талын булангийн вип өрөөний цонхоор нь гараад явсан. Тэгээд би цүнхтэй эд зүйлээ аваад Т буудал очиж нэг өрөө авсан. З зоогоос хулгай хийгээд авсан Соёмбо архиныхаа талыг уугаад өрөөндөө тасраад унтаад өгсөн байсан гэжээ. /2-р хх-ийн 35-36/         

-2018 оны 01 сарын 07-ны шөнө 05 цагийн үед Замын-Үүд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Т буудлын 207 тоотод нэг өрөө 25.000 төгрөгөөр аваад ганцаараа орж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 01 сарын 08-ны өдөр 16 цаг хүртэл унтчихсан байсан тэгээд буудлаасаа гараад Н дэлгүүр лүү ороод ундаа гоймон худалдаж аваад гартал үүдэнд Г /О/ гэх найзтайгаа тааралдсан. Тэрээр Эрээн хотод ажиллаж амьдардаг бөгөөд Эрээнээс найз охиноо хотоос тосох гээд ирсэн гэж байсан. Тэгээд би Г-г дагуулаад буудал руу орсон, би урьд өдөр нь З зоогоос авсан байсан Соёмбо нэртэй архи задлаад бид 2 уусан, архи талдаа орох үед Г тасраад унтаад өгсөн. Би үлдээд шөнө 00:00 цаг хүртэл уугаад суусан байх, би 04 цагийн үед буудлаасаа гадагшаа гарсан. Намайг гарах үед Г нь согтуу унтаад үлдсэн.  З зоогоос авсан зөөврийн компьютер хийдэг цүнхийг бариад эргээд В караокены гадаа очоод хашааг нь давж ороод үүдний хэсгийн вакуум цонхыг түлхээд онгойлгоод цонхоор дотогш ороод текний хэсгээс Соёмбо нэртэй архи 1 шил 0,75 гр, Соёрхол нэртэй архи 1 шил 0,75 гр, Эвок нэртэй архи 1 шил, Пабрика чипс 2 ширхэг, моя семъя 2 ширхэг, бонаква цэвэр ус 8 ширхэг 0,5 л, фүзтий ундаа 10 ширхэг0,5 л, жаазтай зурагнуудын нүүрэнд хийсэн байсан 15.000 төгрөг, шүүгээн дээр байсан пасканаас 10.000 төгрөг, хяналтын камерын хаард 1 ширхэг, шаргал өнгийн сейфийг эвдсэн. Би эдгээр эд зүйлсийг эвдээд буцаад нөгөө цонхоороо гараад Т буудал руу яваад өрөөндөө орсон чинь Г унтаж байсан. Би юмнуудаа орхичхоод цүнх, камерын станц хоёрыг аваад гараад Т-н урд талын хогийн цэг дээр хаячхаад буцаад буудал руугаа ороод Соёмбо архиа задлаад ганцаараа өглөө 06 цаг хүртэл суусан байх. Нэг мэдэхэд унтсан байсан бөгөөд сэрсэн чинь Г нь гаднаас нэг эмэгтэй дагуулаад 07:20 цагийн үед орж ирэхэд нь сэрсэн. Тэгээд үлдсэн Соёмбо архиа Г бид хоёр ууж дуусгаад Соёрхол архийг Г Эрээн лүү аваад явлаа гэхлээр нь би өгсөн юм. Би тэр хоёрыг 9 цагийн үед Эрээн рүү явуулах гээд вокзал руу хамт алхаж хүргэж өгөөд би буцаад Т буудалдаа ороод Эвок архиа задлаад 200 гр хэртэй уугаад унтаад өгсөн байсан. Буудлын эгч 17 цаг болж байхад сэрээгээд одоо гараарай гэхлээр нь би Эвок архиа аваад буудлаас гараад гаалийн 3 шар гэх байрны орцонд ороод ганцаараа ууж дуусаад нилээд согтсон байсан ба Ж РС гэх газар цагдаагийн алба хаагчидтай тааралдаад саатуулагдсан гэжээ. /2-р хх-ийн 115-117/          

-Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 сарын 20-ны өглөө 07 цаг 30 минутын үед К банкны ажилтан манай гэрт ирж Замын-Үүд сум 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Я караокед хулгай орсон юм шиг байна өрөөнүүдийн бүх хаалга онгорхой байна гэж хэлсэн. Би гэрээсээ шууд өөрийн ажиллуулдаг Я караокед очиход төв хаалга бол цоожтой хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Хаалгаар ороод подвалд байрлах нийтийн караокены хаалга онгорхой орж үзэхэд ар талын вакуум цагаан өнгийн цонх хагарсан байсан ба тухайн үед нийтийн караокены текэн дээр байсан Тошиба маркийн саарал өнгийн нөтбүүк, лангуун дээрээс нь 0,75 л Соёмбо архи 2 шил, Финлянд архи 2 шил, Буллас нэртэй вино 1 шил, Ченет нэртэй вино 1 шил, алпен голд 3 ширхэг, үе үе кофе 2 ширхэг тус тус байхгүй байсан ба бусад эд зүйлс хэвэндээ байсан. 3 давхарт байрлах караокены вип өрөө рүү орох гэтэл хаалгыг нь түлхэж эвдэлсэн байсан ба ажлын өрөөний хаалгыг эвдэн дотогш орж ширээний ар талын хананд байрлах шилэн шүүгээн дотроос 100-тын дэвсгэр 100 ширхэг, 50-тын дэвсгэр 100 ширхэг, 20-тын дэвсгэр 100 ширхэг, 10-тын дэвсгэр 100 ширхэг, 5-тын дэвсгэр 100 ширхэг, харанхуй өрөөнд байрлах хяналтын камерын станц зэрэг хулгайд алдагдсан. Хяналтын камерын станцаас бусад зүйлсийг хүлээн авсан гэжээ. ...тухайн хэргийн холбогдогчийг олж тогтоон надад учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн гэхдээ надад Я төвийн караокед байсан хяналтын камер алга болсон бөгөөд камерын үнэ 384.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /1-р хх-ийн 33-34, 141/

-Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 сарын 17-18 шилжих шөнө би нөхөр Э-ны хамт БНХАУ-ын Эрээн хотод байсан. Тэгээд 15 цагийн орчим БНХАУ-ын Эрээн хотын автомашины зогсоол дээр бэр эгч Ц-тэй тааралдахад танай фитнессийн заал-1 дээр хулгай орсон байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр Замын-Үүд сумын 117-р байрны подвалд байрлах фитнессийн зааланд ирэхэд хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй харин хувцас сольдог өрөөний салхивч онгорхой байсан ба хулгайч манай фитнессийн заалнаас хувцасны шкафны шургуулганд байсан хар савхин түрийвч дотор нь байсан орлогын 180.000 төгрөгийг авсан байсан. Мөн хом театр дээр байсан сваровски ээмэг 1 хос, 2 граммын нарийн алтан гинж 1 ширхэг, 3 граммын талсттай монетан бөгж 1 ширхэг, савхин хар цүнх 1 ширхэг, ЛЖ маркийн цэнхэр хавтастай мэдрэгчтэй ягаан гар утас 1 ширхэг, ЛЖ маркийн мэдрэгчтэй хар өнгийн гар утас 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан. ...Одоо үнэт эдлэлээ нэхэмжлэхгүй. Миний нэхэмжилсэн 180.000 төгрөг, 170.000 төгрөгийн ЛЖ маркийн гар утас нийт 350.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /1-р хх-ийн 35-36, 140/

-Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02с арын 19-ны орой дэлгүүрээ хаагаад хаалгаа түгжээд явсан юм. 2017 оны 02 сарын 20-ны өглөө 07 цагийн үед дэлгүүр дээрээ очсон чинь миний түрээсэлдэг өрөөний хаалга нь онгорхой байсан бөгөөд дэлгүүрээс дараах эд зүйлүүд алдагдсан байсан. Эмэгтэй хавах намрын 9 ширхэг пальто, хүрэн өнгийн кет 1 ширхэг, улбар шар өнгийн кет 1 ширхэг, куртка 3 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Би тэр өдөр БНХАУ-ын Бээжин хот руу явах ажилтай байсан бөгөөд тэр өдрөө цагдаагаар явж чадаагүй 4-5 хоног яваад ирсэн чинь Замын-Үүдийн цагдаагаас эмэгтэй мөрдөн байцаагч дуудаад таны дэлгүүрээс алдагдсан бараа эд зүйлүүд олдсон гээд дуудахаар нь ирээд цагдаагийн хэлтэс дээрээс 9 ширхэг пальто, хүрэн өнгийн кет 1 ширхэг, улбар шар өнгийн кет 1 ширхэг зэрэг эд зүйлээ бүрэн бүтэн хүлээгээд авсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй, манай дэлгүүрээс өөр алдсан зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 135-136/     

-Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би Я төвийн 2 дугаар давхарт байрлах “Д” нэртэй ломбардыг өөрийн эхнэр А.Б-н хамт ажиллуулдаг юм. 2017 оны 02 сарын 18-нө орой 19 цагийн үед ломбардаа хаагаад явсан. Манай ломбард модон хаалгатай далд цоожтой байдаг юм. Барьцаанд авагдсан эд зүйлээ өрөөн доторх сейфэнд хадгалдаг юм. 2017 оны 02 сарын 19-ны өглөө 07 цагийн үед манай байранд үйл ажиллагаа явуулдаг Капитрон банк эрт нээдэг тул нээж ороод болсон асуудлын талаар надад мэдэгдсэн. Тэгээд ломбард дээрээ ирсэн чинь бүх хаалганууд нь нээлттэй байсан тэгээд бид цагдаад мэдэгдсэн. Сейф саванд бол хүрээгүй байсан харин сейфний дэргэдэх жижиг модон хайрцаг дээр байсан ломбардны доторх бичлэг хийдэг камерын станцыг аваад явсан, алга болсон байсан. Надад гаргах санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй би тухайн станцын  төлбөрөө нэхэмжлэхгүй гэжээ. /1-р хх-ийн 137-139/

-Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Ө ХХК-ны З зоог нэртэй газрын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. 2018 оны 01 сарын 07-ны орой манай З зоог нь 23 цагийн үед хаасан юм. 2018 оны 01 сарын 08-ны өглөө манай З зоогийн бармен О нь над руу утсаар залгаад хэлэхдээ би 08:50-ын үед З зоогийг нээгээд ороход тек орчмын байрлал хөдөлсөн 2 вип өрөөний цонх онгорхой хулгай орсон юм шиг байна гэхлээр нь би ирж үзэхэд тиймэрхүү  орж эд зүйл алдагдсан байдалтай байхаар нь цагдаа дуудсан. Pro cam маркийн хяналтын камерны хаард диск 300.000 төгрөгний үнэтэй, монгол гар хийцийн ширэн түрийвчин цүнх 25.000 төгрөг, Соёмбо архи 0,75 л 45.000 төгрөг, нөүтбүкний цүнх 10.000 төгрөг, тавагтай хоол 16.000 төгрөг, бэлэн мөнгө 150.000 төгрөг нийт 546.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилнэ гэжээ. /2-р хх-ийн 12-15/     

-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг В нэртэй караокены үйл ажиллагааг эрхлэн явуулдаг юм. Соёрхол 0,75 л архи 1 шил 15.500, Эвок 0,75 л архи 1 шил 31.500  төгрөг, Соёмбо 0,75 л архи 1 шил 45.000 төгрөг, Пабрика чипс 2 ширхэг 8000 төгрөг, Моя семья жүүс 2 ширхэг 5200 төгрөг, хяналтын камерын станц 300.000 төгрөг, мөнгөний 50х60 см хэмжээтэй сейф.100.000 төгрөг, бонакуа цэвэр ус 0,5 л 8 ширхэг4800 төгрөг, фүүзтий ундаа 0,5 л 10 ширхэг 15.000, галын хор 5 л хэмжээтэй 1 ширхэг 30.000 төгрөг, цонх арам түгжээ нь эвдэрсэн 1 түгжээ засварлах 25.000 төгрөг, хаалганы түгжээ хөшигдөж эвдэрсэн засварлахад 25.000 төгрөг тус тус үнэлж байна. Би хяналтын камерын станц хаардыг 2018 оны 02 сарын 13-ны өдөр эргүүлэн авсан байгаа өөр ямар нэгэн эд зүйлээ эргүүлэн авч чадаагүй байна. Өөрт учирсан хохирлоо авмаар байна гэжээ. /2-р хх-ийн 71-74/

- Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 дугаар сарын дундуур Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 117 дугаар байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг “Э фитнессийг ажилуулдаг найз Д нь БНХАУ-ын Эрээн хот руу хувийн ажлаар явахдаа фитнессийнхээ түлхүүрийг надад үлдээсэн. Фитнессийн түлхүүр үлдээсэн өдөр нь цагийн хувиараар фитнесс ажилладаггүй өдөр байсан бөгөөд Д “маргааш фитнессийг нээгээд” ажилуулчихаарай гэж хэлж байсан. Ингээд маргааш нь 10 цагийн орчим фитнессийг нь нээсэн.  Эхлээд хулгай орсныг нь мэдээгүй юм. Уг нь Д надад фитнессийнхээ түлхүүрийг үлдээхдээ цэвэрлэчихсэн байгаа гэж хэлж байсан юм. Ингээд ОО-ын хажуу талын өрөөнөөс шүүр аваад цэвэрлэх гэтэл хувцас солих өрөөний салхивч онгорхой байсан. Тэгээд би Д-н ах Г рүү утсаар ярьж “фитнессийн хувцас солих өрөөний цонх онгорхой байна” гэхэд Г ах зурагт, хөгжим байна уу гэхэд байна гэж хэлэхэд Г ах за за тэгвэл зүгээр байлгүй хүүхэд ороод гарсан байх гэж хэлсэн. Тэгээд би цэвэрлэгээ хийгээд байж байтал Г ах хүүхдээ дагуулж ирээд мөнгө үлдээсэн байсан гэж байна тэрийг нь үзээдэхье гэсэн тэгээд дасгал хийдэг өрөөний шүүгээн доторхыг үзчихээд энд түрийвчтэй мөнгө үлдээсэн гэсэн тэр нь байхгүй байна цагдаа дуудъя гэсэн. Ингээд Г ах цагдаад дуудлага өгч цагдаагийн алба хаагчид ирж үзлэг шалгалт хийсэн гэжээ./1-р хх-ийн 142/

- Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлсэн дээрх гутлын мөр нь хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй байсан тул бэхжүүлж авсан. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн гутлын мөрийг харьцуулан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилоогүй. Э.Ч-н түр оршин сууж байсан гэх Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 115 дугаар байрны подвалд үзлэг хийсэн үзлэгээр хивсийг хулгайн эд зүйл байж болзошгүй гэж үзэн гэрэл зургаар бэхжүүлсэн гэхдээ хурааж аваагүй. Харин эмэгтэй хүний 9 ширхэг пальто, 2 ширхэг куртик, бугуйн цаг зэргийг Ялгуун караокены 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг барааны дэлгүүрийн эзэн гэх хүнд /нэрийг нь мэдэхгүй байна/ хүлээлгэн өгсөн хүлээлгэж өгөхдөө тэмдэглэл үйлдээгүй. Тухайн хэргийн газарт үзлэг хийх явцад уг газар нь 3 давхар объект байсан бөгөөд үзлэгийг хийж дуусгаагүй орхигдсон байна. Тухайн үед бол хэргийн газраас гутлын улны мөрийг бэхжүүлж авсан бөгөөд хэргийн газраас 12 ширхэг гарын мөр мөн илрүүлсэн. Гарын мөрөнд шинжээч томилоод шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 009 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд тэнцсэн мөрнүүдээс 1 литрийн савтай сүүний саван дээрээс авсан гарын мөрнөөс 2 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Э.Ч-н гарын дардасны зүүн гарын дунд хурууны мөртэй тохирч байна гэсэн хариу гарсан тул гутлын улны мөрөнд шинжээч томилоогүй юм. Тухайн үед бол Э.Ч-с хураан авсан 9 ширхэг пальто куртик 2 ширхэг, мөн 2 ширхэг кет гутал зэрэг эд зүйлүүдийг Ялгуун төвд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч эзэн Б.Э гэх хүнд тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн юм. Бугуйн цагийг нь хохирогч Б-д хүлээлгэн өгсөн гэхдээ тухайн үед хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдээгүй. Галт тэрэгний зурагтай хивсийг хэргийн газраас түр хураан аваад хохирогч нарын эд зүйл биш байсан тул тухайн байранд нь үлдээсэн юм гэжээ. /1-р хх-ийн 143-145/

- Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би эхнэр Н.Б-н хамт Замын-Үүд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Я” төвийг ажиллуулдаг юм. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед манай Ялгууны байранд үйл ажиллагаа явуулдаг “К” банкнаас “Я” төвийн хаалга үүд нээлттэй байна хулгай орсон байж болзошгүй байна гээд мэдэгдсэн, тэгээд Н.Б бид 2 ирэхэд доод талын хаалганууд нээлттэй харагдаж байсан бөгөөд цагдаа руу дуудлага өгсөн юм. “К” банк, Э-н ажиллуулдаг Бэлэн хувцасны дэлгүүр, О-н ажиллуулдаг “Ломбард” зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг юм. Манай эхнэр Н.Б-н нэр дээр түүний эзэмшил дээр бүртгэлтэй явдаг юм, энэ хэрэгт бол манай Н.Б нь хохирогчоор оролцож байгаа тул надад цаашид миний оролцоо байхгүй гэж үзэж байна. Тухайн мөнгөн дэвсгэртүүд 3 дугаар давхарт Н.Б бид 2-ын өөрсдийн байдаг өрөөний шүүгээнд байсан юм, хулгай орсны дараа уг мөнгөн дэвсгэртүүд бүгд алга болчихсон байсан, харин дараа нь цагдаа ирээд Ч гэх жижигхэн биетэй шар царайтай залуу орсон болохыг мэдээд Цагдаагийн хэлтсийн албан өрөөнд ирж мөнгө эд зүйлүүдээ ав гэхлээр нь ирж авсан тухайн үед бол эмэгтэй байцаагч байсан санагдаж байна миний хувьд 1, 5, 10, 20, 50, 100-тын дэвсгэртүүдээ бүгдийг бүрэн бүтэн хүлээж авсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй, манай эхнэр Н.Б нь камерынхаа асуудлыг нэхэмжлэх байх гэжээ. /1-р хх-ийн 146-147/

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 07 цагт Замын-Үүд суманд Улаанбаатар хотоос ирсэн, ирсэн өдрөө хувцас эд зүйл авах гээд “Эрээн” хот руу гараад хоночхоод 18-ны өдөр 15 цагийн үед ирж вагоноо хүлээгээд вокзалын ойролцоо жижигхэн биетэй шар царайтай 20-25 насны залуу ирээд “Утас сонирхох уу? хөгшөөн” гэсэн тэгэхлээр нь сонирхохгүй ээ, гэсэн чинь хямдхан шүү дээ 20.000 төгрөгөөр ав гэхлээр нь би 20.000 төгрөгний утас гэж юу байхав дээ гэж бодоод 20.000 төгрөг өгөөд авчихсан юм. Тэгээд би вокзалын баруун талд үсчинтэй ломбард байсан тэнд ороод би өөрийнхөө бичиг баримтаар 60.000 төгрөгөөр авна гэхлээр нь барьцаанд тавьчихаад тэгээд ч вагон хөдлөх дөхөж байсан тэгээд би суудалд суугаад Улаанбаатар луу буцсан, хэд хоногийн дараа над руу ломбарднаас ярьж байсан би тухайн утсыг авахгүй тул “за за сунгуулнаа” гэж хэлээд л орхисон. Би ганцаараа тэр залуу ганцаараа явж байсан, тэр залуугаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан гэжээ. /1-р хх-ийн 148/

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын сүүлчийг хүртэлх хугацаанд “Б” төвийн 2 дугаар давхарт нэг өрөөг сарын 250.000 төгрөгөөр түрээслэн Ломбард ажиллуулж байсан юм, анх ломбард ажиллуулж эхлэхдээ өөрийн найз У гэх хүний “В” нэртэй ХХК-ны нэр дээр түрээсийн гэрээгээ хийсэн ба У бол хамтрагч ажиллаагүй юм. Би ломбард ажиллуулж байхдаа Барьцаат зээлийн үйлчилгээний гар тасалбар үйлддэг бөгөөд 70 дугаартай тэмдэглэлд Үйлчлүүлэгч: Б гар утастай 20 гаран насны эрэгтэй хүн 60.000 төгрөгний барьцаанд тавьчихаад явсан, гар утсыг 7 хоногийн дотор авах ёстой байдаг тул би 7 хоногийн дараа дугаарын утсаар удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан, тэгээд би хүн нь ирэхгүй болохоор цагдаагийн эрүүгийн төлөөлөгч Д.Г-д гар утас барьцаанд өгчихөөд хүн нь ирэхгүй байна гээд хэлсэн чинь Д.Г ирээд “энэ хулгайн гар утас байна” гэж надад хэлж байсан юм. Түүнээс хойш 1 сар орчмын дараа нэг эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд нөгөө ягаан өнгийн гар утсыг манай эхнэрийн утас гэсэн тэгэхлээр нь би “Та нарын утас юм бол та нар утсаа мөнгөө өгөөд авчих, дараа нь цагдаад мэдэгдээд хохирлоо авчих” гэсэн чинь “зараад мөнгөө авахгүй юу” гэж хэлээд гараад явчихсан, түүнээс хойш би 2017 оны 03 дугаар сар гаргаад өдрийг нь санахгүй байна хүмүүс зарах гар утас байна уу? гээд орж ирдэг тул тухайн утсыг үзүүлээд танихгүй хүнд 60.000 төгрөгөөр нь буцаад зарж ломбардыг хохиролгүй болгосон юм. Би тухайн үед Б гэх хүний бичиг баримтыг хараад хүний царай зүстэй нь тулгаж харахад бол өөрөө мөн байна гэж харсан гэжээ. /1-р хх-ийн 150-151/

-Шинжээч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Тухайн үед үзлэг хийж хэргийн газраас гарын мөр, гутлын улны мөрийг зэргийг илрүүлж бэхжүүлж авсан, мөрдөн байцаагчаас гарын мөрөнд шинжилгээ хийлгэх тогтоол ирүүлсэн бөгөөд уг мөрөнд шинжилгээ хийж хэргийн холбогдогч этгээдийн гарын мөртэй тохирсон харин гутлын улны мөрөнд шинжилгээ хийлгэх тогтоол ирүүлээгүй гэжээ. /1-р хх-ийн 152/

- Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 01 сарын 08-ны өглөө 09:30 цагийн орчимд манай ажилтан О манай нөхөр Н.Г руу залгаад З зоог ресторанд хулгай орсон юм шиг байна гэж хэлсний дагуу манай нөхөр над руу залгаж хэлэхээр нь би цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Тэгээд би дуудлага өгөөд ажил дээрээ яваад очиход манай рестораны зүүн талын вип өрөөний цонхоор орсон хулгайч орсон байдалтай байсан ба вип өрөөний цонхны харалдаа зогссон байсан машины хамар дээр хулгайч гишгэсэн бололтой гутлын мөр үлдсэн байсан. Би ресторан дотроо орж үзэхэд вип өрөөнд шавхайтай гутлын мөр байсан ба текний арын ухсан бололтой эмх замбараагүй болгосон байсан ба манай камерын Хард дискийг гал тогооноос заазуур аваад тасдаж авсан байсан. Тэгээд байж байтал цагдаа ирж үзлэг хийсэн. Манайх заалаа харсан 4, хулгайч орсон вип өрөөний 1, гадна үүдээ харсан 1, гал тогооны 1 нийт 7 камертай. Лангууны араас бор ширэн пасктай орлогын 150.000 төгрөг, камерын 1000 ГБ багтаамжтай, HD камерын бичигч хард, текэнд байсан 0.75 гр-ын Соёмбо архи 1 шил, нөөтбүүкийн хар өнгийн гар цүнх зэрэг зүйлс алдагдсан. Уг нь нөөтбүүкний цүнхэд HP маркийн нөөтбүүк байсан ба түүнийг авалгүй гаргаж тавиад цүнхийг нь аваад явсан байсан. Өмнө нь буюу 2017 оны 12 сарын 29-нд шивээстэй, шар царайтай, намхан залуу хоол идээд тооцоогоо хийлгүй хулгай орсон цонхоор гараад зугтсан байсан. Би тэр хүнийг сэжиглэж байна. Бэлнээр 150.000 төгрөг, соёмбо архи 37.000 төгрөг, Хард диск 300.000 төгрөг, нөөтбүүкний цүнх 30.000 төгрөг нийт 517.000 төгрөгний хохирол учирсан гэжээ. /2-р хх-ийн 19/

- Гэрч Ю.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 01 сарын 08-ны өглөө ажилдаа ганцаараа 08:50 цагийн орчимд очоод ажлын хаалгаа түлхүүрээр нь нээгээд дотогш орж текний ар талд очиход урьд өдөр нь ажлаасаа буухдаа үлдээсэн байсан тавагтай хоолыг текэн дээр гаргаад тавьсан байдалтай дээрээс идчихсэн, бараг дуусгасан байхаар нь эргэн тойрноо харахад нөөтбүүкний ард байсан улаан савтай бурмыг газраар асгасан байсан ба тэгээд камерлуугаа хартал камерын дэлгэцийг хажуу тийш нь харуулсан хаардыг нь заазуураар тасдаад авсан байхаар нь өрөөний цонхнуудаа шалгаж үзэхэд 11 дугаартай випд өрөөний цонхны хөшиг нь далийсан, цонхон доор гутлын шавартай мөр байсан ба 5 дугаар өрөөний цонхыг шалгахад цонх нь онгорхой, гадна ялааны хамгаалалтын торыг нь урчихсан байхаар нь хулгай орсон байна гэж бодоод захирал Г руу залгаад мэдэгдсэн. Өрөөнүүд бүгд цэвэрхэн, би ажлаасаа буухдаа бүх цонхоо шалгаж гарсан. Орлогын 150.000 төгрөг, Соёмбо архи, камерын хард диск, нөөтбүүкний цүнх зэрэг зүйлс алдагдсан байсан гэжээ. /2-р хх-ийн 20-21/

- Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Т буудалд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн ба үүрээр буюу 08-ны 05:00 цагийн орчимд саарал өнгийн малгайтай цамц, гадуураа бараан өнгийн хувцастай, цайвар өнгийн годон гутал өмссөн шар царайтай, намхан архи үнэртүүлсэн залуу сул өрөө байна уу? гээд орж ирсэн ба тухайн үед нь би бичиг баримтыг нь үзээд чи 1994 оных юм байна, дээрээс нь Замын-Үүдийн хүн байна оруулахгүй гэхэд надад уурлан Замын-Үүдийн хүн яагаад амарч болдоггүй юм гээд гарахдаа гадаа хаалга нээгээд явсан ба тэгэхээр нь хаалгаа хаачих аа миний дүү гэхэд өөрөө хаагаач гээд уурлаад явсан ба тэгж явснаасаа хойш 30 орчим минутын дараа эргэж ирээд надаас эгчээ би карго дээр ачаа ачаад ирлээ гээд ядарч байна оруулчих гэхээр нь бичиг баримтыг нь тооцооны мөнгийг нь аваад 207 дугаарын өрөөнд оруулсан. Тэгээд би өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд ээлжээ хүлээлцсэн. Зураг дээрх хүн манай буудалд орж амарсан хүүхэд мөн байна. Тухайн үед буудалд орохдоо карго дээрээс ирлээ гэж байсан. Намайг байх хугацаанд гаднаас ганцаараа орж ирсэн ба гартаа ямар нэг зүйл барьж ороогүй, хувцас нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдоогүй байсан. 1993 оны хүн байсан ба хаяг нь Замын-Үүд хаягтай байсан. Нэрийг нь би буухдаа дараагийн ээлжийн хүнд 207 тоот өрөөнд Замын-Үүдийн халамцуу хүн орж амарч байгаа гэж хэлэн ажлаасаа буусан. Нөгөө ээлжийн хүнийг байх хугацаанд буюу 01 сарын 08-ны шөнө буудлаас орж гараад байсан гэж хэлсэн. Би үүрээр 05 цаг өнгөрөөгөөд орж ирэхээр нь амарч байгаад өдөр гарах байх гэж бодоод бүртгээгүй оруулсан. Энэ буруутай үйл ажиллагаа боллоо. Үгүй. Харин дараагийн ээлж авсан ар дээр нэг хүүхэд тортой зүйл авч орсон. Өнөө өглөө үйлчлэгч өрөөг нь цэвэрлэхэд өрөөнөөс нь “FUZE TEA” ундааны 4 сав, 2 ширхэг цэнхэр өнгийн архины шил, дутуу идээд үлдээсэн улаан өнгийн ууттай пабрика чипсний уут зэрэг хог гарсан. Өрөөнөөсөө гарахдаа нэг бүтэн пабрика чипс, “FUZE TEA” ундаа 5, 6 сав байсныг авч гарсан ба тухайн үед хамт байсан намхан, туранхай, шар царайтай банди уутанд юм хийж байхад нь харсан. О гэдэг ба гэсэн дугаартай. Маргааш өглөө ээлж авна гэжээ. /2-р хх-ийн 84-85/

-Шинжээчийн 009 тоот дүгнэлт: 1.Хэргийн газраас бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн мөрүүдээс 1 литрийн цэвэр сүүн дээрээс авсан гарын мөрнөөс 2 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Э.Ч-н гарын дардасны зүүн гарын дунд хурууны мөртэй тохирч байна. 3. Гарын мөрний ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирч байна. 4. Замын-Үүдийн Шүүхийн шинжилгээний хэсэгт папиллон сангийн систем байхгүй тул хийгдэх боломжгүй байна гэжээ. /хх-ийн 37-45/

- Шинжээчийн 01/011 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3.3 дугаартай 3 ширхэг гарын мөр нь санд МN005110002986 дугаараар бүртгэгдсэн Т.Нандин-Эрдэнийн баруун гарын долоовор, дунд хуруугаар үүсгэгдсэн байна гэжээ. /2-р хх-ийн 23/

- Шинжээчийн 03/003 тоот дүгнэлт: 1.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөр нь ерөнхий шинж тэмдгийн хувьд шинжилгээнд тэнцэнэ. 2.Хэргийн газраас бэхжүүлж авсан баруун хөлийн гутлын мөр нь яллагдагч мөртэй, мөрний ерөнхий шинж тэмдгийн хувьд тохирч байна. 3.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /2-р хх-ийн 30-31/

- Шинжээчийн 01/012 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /2-р хх-ийн 92/

- Шинжээчийн 03/002 тоот дүгнэлт: 1.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан баруун 3 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Хэргийн газраас бэхжүүлж авсан баруун хөлийн гутлын мөр нь яллагдагч Э.Ч-н хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн годон гутлын мөртэй мөрний ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна. 3.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /2-р хх-ийн 99-100/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол /1-р хх-ийн 01-02/

- Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 03/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 04-07/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 08-21/

- Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  22-26/

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 27/

 - Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 57/

- Шинжээчийн 101 тоот дүгнэлт /1-р хх-ийн 106/

-2016 оны 03 сарын 31-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоол /1-р хх-ийн 113-119/

- Шинжээчийн 122 тоот дүгнэлт /1-р хх-ийн 155/

- Шинжээчийн 10 тоот дүгнэлт /1-р хх-ийн 157/

- Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 179-180/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 193/

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 01-02/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 03/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 04-09/

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 10/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 11/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 57/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 58-67/

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 68/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 69-70/

- Шинжээчийн 27 тоот дүгнэлт /2-р хх-ийн 103/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 150-157/

- Хохирогч Н.Б, С.Д, Б.Б, Н.О, Н.Г нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд гаргаж өгсөн хүсэлтүүд /2-р хх-ийн 193-198/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Хохирогч Н.Б-д нийт 1.041.800 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 18.500 төгрөг нийт 1.060.300 төгрөгийн хохирол учруулсан байхад улсын яллагч бэлэн мөнгийг хохирол оруулан тооцоогүй болох нь шүүх хуралдааны шатанд тодорхой болсон тул шүүгдэгчийн Н.Б-д нийт 1.060.300 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Э.Ч нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч 2017 оны 02 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн 117 дугаар байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Д-н эзэмшлийн “Э” фитнессээс бэлнээр 180.000 төгрөг, савхин хар цүнх, хэтэвч, LG маркийн 2 ширхэг гар утас зэргийг хулгайлж нийт 310.000 төгрөгийн хохирол,

-2017 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Я” төвийн подвалын салхивчаар нэвтрэн орж 3 дугаар давхар болон подвалын хэсэгт байрлах иргэн Н.Б-н эзэмшлийн караокеноос Тошиба маркийн зөөврийн компьютер, архи, вино, шоколад, бугуйн цаг, самсунг маркийн гар утас, хар өнгийн үүргэвч, хяналтын камерын станц, 5,10,20,50,100-тын дэвсгэр тус бүр 100 ширхэг, лаазалсан самар зэргийг хулгайлж нийт 1.060.300 төгрөгийн хохирол,

-тус төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Э-н эзэмшлийн “B” дэлгүүрээс 9 ширхэг пальто, куртка 3 ширхэг, гутал 2 хос зэргийг хулгайлж нийт 1.305.000 төгрөгийн хохирол,

-иргэн Х.О-н эзэмшлийн “Д” нэртэй барьцаат зээлийн газраас камерын бичлэг хадгалдаг станцын хулгайлж 250.000 төгрөгийн хохирол, 

-2018 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг З гэсэн рестораны вип өрөөний вакуум цонхоор хууль бусаар нэвтрэн орж бэлэн мөнгө 150.000 төгрөг, камерын хард диск, 1 шил Соёрхол нэртэй архи зэрэг эд зүйл хулгайлж нийт 531.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 01 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг В караоке нэртэй караокены цонхоор хууль бусаар нэвтэрч Соёрхол нэртэй архи 1 шил, Эвок нэртэй архи 1 шил, Соёмбо нэртэй архи 1 шил, чипс 2 ширхэг, жүүс 2 ширхэг, хяналтын камерын хард диск зэрэг эд зүйл хулгайлсан, галын хор, цонхны рам түгжээ, хаалганы түгжээ зэргийг эвдэж нийт 610.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч С.Д-н “...савхин хар цүнх 1 ширхэг, ЛЖ маркийн цэнхэр хавтастай мэдрэгчтэй ягаан гар утас 1 ширхэг, ЛЖ маркийн мэдрэгчтэй хар өнгийн гар утас 1 ширхэг, бэлнээр 180.000 төгрөг тус тус хулгайд алдагдсан байсан.” /1-р хх-ийн 35-36/, хохирогч Н.Б-н “...Хаалгаар ороод подвалд байрлах нийтийн караокены хаалга онгорхой орж үзэхэд ар талын вакуум цагаан өнгийн цонх хагарсан байсан ба тухайн үед нийтийн караокены текэн дээр байсан Тошиба маркийн саарал өнгийн нөтбүүк, лангуун дээрээс нь 0,75 л Соёмбо архи 2 шил, Финлянд архи 2 шил, Буллас нэртэй вино 1 шил, Ченет нэртэй вино 1 шил, алпен голд 3 ширхэг, үе үе кофе 2 ширхэг тус тус байхгүй байсан ба бусад эд зүйлс хэвэндээ байсан. 3 давхарт байрлах караокены вип өрөө рүү орох гэтэл хаалгыг нь түлхэж эвдэлсэн байсан ба ажлын өрөөний хаалгыг эвдэн дотогш орж ширээний ар талын хананд байрлах шилэн шүүгээн дотроос 100-тын дэвсгэр 100 ширхэг, 50-тын дэвсгэр 100 ширхэг, 20-тын дэвсгэр 100 ширхэг, 10-тын дэвсгэр 100 ширхэг, 5-тын дэвсгэр 100 ширхэг, харанхуй өрөөнд байрлах хяналтын камерын станц зэрэг хулгайд алдагдсан.” /1-р хх-ийн 33-34/, хохирогч Б.Э-н “...Эмэгтэй хавах намрын 9 ширхэг пальто, хүрэн өнгийн кет 1 ширхэг, улбар шар өнгийн кет 1 ширхэг, куртка 3 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан.” /1-р хх-ийн 135-136/, хохирогч Х.О-н “...сейфний дэргэдэх жижиг модон хайрцаг дээр байсан ломбардны доторх бичлэг хийдэг камерын станцыг аваад явсан, алга болсон байсан.” /1-р хх-ийн 137-139/, хохирогч Н.Г-н “..Pro cam маркийн хяналтын камерны хаард диск 300.000 төгрөгний үнэтэй, монгол гар хийцийн ширэн түрийвчин цүнх 25.000 төгрөг, Соёмбо архи 0,75 л 45.000 төгрөг, нөүтбүкний цүнх 10.000 төгрөг, тавагтай хоол 16.000 төгрөг, бэлэн мөнгө 150.000 төгрөг нийт 546.000 төгрөгийн хохирол учирсан.” /2-р хх-ийн 12-15/, хохирогч Б.Б-н “...Соёрхол 0,75 л архи 1 шил 15.500, Эвок 0,75 л архи 1 шил 31.500  төгрөг, Соёмбо 0,75 л архи 1 шил 45.000 төгрөг, Пабрика чипс 2 ширхэг 8000 төгрөг, Моя семья жүүс 2 ширхэг 5200 төгрөг, хяналтын камерын станц 300.000 төгрөг, мөнгөний 50х60 см хэмжээтэй сейф.100.000 төгрөг, бонакуа цэвэр ус 0,5 л 8 ширхэг 4800 төгрөг, фүүзтий ундаа 0,5 л 10 ширхэг 15.000, галын хор 5 л хэмжээтэй 1 ширхэг 30.000 төгрөг, цонх арам түгжээ нь эвдэрсэн 1 түгжээ засварлах 25.000 төгрөг, хаалганы түгжээ хөшигдөж эвдэрсэн засварлахад 25.000 төгрөг тус тус үнэлж байна.” /2-р хх-ийн 71-74/ гэх мэдүүлгүүд, гэрч М.М, Б.Б, С.О, Ю.О, Н.С, шинжээч П.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 009, 01/011, 03/003, 01/012, 03/002 тоот дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Ч-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй болохоо илэрхийлсэн хүсэлт, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэв.

Шүүгдэгч нь 2017 оны 08 сарын 09-нөөс 12 сарын 09-нийг хүртэл 122 хоног, 2018 оны 02 сарын 10-наас 05 сарын 09-нийг хүртэл 88 хоног нийт 210 хоног цадан хоригдсон хоногийн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Э.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан давтан үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Ч-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан 2 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-н цагдан хоригдсон 210 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Э.Б