Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/41

 

 

  2018            06             20                                                 2018/ДШМ/41

 

                      Э.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Б, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Тулгаа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Чт холбогдох, эрүүгийн 1820000000007 дугаартай, 2 хавтас 486 хуудас бүхий эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, ....дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, ах, дүүгийн хамт  Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг,...тоотод оршин суух, тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Гал овогт Э-ийн Ч /РД:ЕО93092913/-т холбогдуулан  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.Ч нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч 2017 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ялгуун төвийн подвалын салхивчаар нэвтрэн орж 3 дугаар давхар болон подвалын хэсэгт байрлах иргэн Н.Бгийн эзэмшлийн караокеноос Тошиба маркийн зөөврийн компьютер, архи, вино, бугуйн цаг, шоколад, Samsung маркийн гар утас, хар өнгийн үүргэвч, хяналтын камерын станц, 5, 10, 20, 50, 100-тын дэвсгэрт тус бүр 100 ширхэг, лаазалсан самар зэргийг хулгайлж нийт 1041800 төгрөгийг хохирол,

Тус төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Э эзэмшлийн “Брэнд шоп” дэлгүүрээс 9 ширхэг пальто, куртик 3 ширхэг, гутал 2 хос зэргийг хулгайлж 1305000 төгрөгийн хохирол,

Иргэн Х.Огийн эзэмшлийн “Дэгоулд Буллион” нэртэй барьцаат зээлийн газраас камерын бичлэг хадгалдаг станцыг хулгайлж 250000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 117 дугаар байрны подвальд үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Дгийн эзэмшлийн “Эрдэнэс питнесс”-ээс бэлнээр 180000 төгрөг, савхин хар цүнх, хэтэвч, LG маркийн 2 ширхэг гар утас зэргийг хулгайлж, 310000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 08-09 нд шилжих шөнөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке нэртэй караокены цонхоор хууль бусаар нэвтэрч Соёрхол нэртэй архи 1 ширхэг,  Эвок нэртэй архи 1 шил, Соёмбо нэртэй архи 1 шил, чипс 2 ширхэг, жүүс 2 ширхэг, хяналтын камерын хард диск зэрэг эд зүйл хулгайлж, 610000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 07-08 нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Заан зоог рестораны вип өрөөний вакум цонхоор, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн мөнгө 150000 төгрөг, камерын хард диск, 1 шил Соёрхол архи зэрэг эд зүйл хулгайлж, 531000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гал овогт Энхтуяагийн Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан давтан үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Чийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чт оногдуулсан 2 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чинзоргийн цагдан хоригдсон 210 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Гэрэлбадрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ болон прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад яллагдагчийн үйлдлийг давтан үйлдлээр гэж дүгнэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т гэмт үйлдэл, эс үйлдэхүйг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 3 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд уг хуульд давтан үйлдлийг хуульчлаагүй байхад шийтгэх тогтоолд яллагдагчийг давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтандаа шүүгдэгч Э.Чт оногдуулсан 2 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчиж шүүгдэгч Э.Чт ямар хугацаатай, ямар хоёр хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд Э.Чийн цагдан хоригдсон 210 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай гэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон мөн Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна гэж тус тус заасан байхад шүүгдэгч Э.Чт оногдуулсан ялаас хэдэн өдөр, сарын хорих ялыг хасч хэдэн жилийн хорих ялыг хасч хэдэн жилийн хорих ялыг биечлэн эдлэх нь тодорхойгүй байх бөгөөд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Чт холбогдох эрүүгийн 1820000000007 дугаартай хэргийг 2018.04.23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв гэж бичиж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурорын газар буюу байгууллага яллах дүгнэлт үйлдэх хуулийн зохицуулалт байхгүй байна. Иймд Э.Чт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаа шүүгдэгч Э.Чийг 2017 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” төвийн подвалийн салхивчаар нэвтрэн орж Н.Бгийн эзэмшлийн караокеноос 1.041.800 төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгө, мөн төвд үйл ажиллагаа явуулдаг Б.Э эзэмшлийн “Вренд шоф” дэлгүүрээс 1.305.000 төгрөгийн эд зүйл, мөн Х.Огийн эзэмшлийн “Дэгоуллд Буллион” нэртэй барьцаат зээлийн газраас 250.000 төгрөгийн эд зүйлийг тус тус хулгайлсан,

2017 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө  мөн сумын мөн багт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Дгийн эзэмшлийн “Эрдэнэс” фитнесийн цонхоор орж нийт 310.000 төгрөгийн эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлсан,

2018 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө мөн сумын мөн багт үйл ажиллагаа явуулдаг “Вип караоке”-ны цонхоор орж нийт 610.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,

2018 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө мөн сумын мөн багт үйл ажиллагаа явуулдаг “Заан зоог” рестораны цонхоор орж нийт 531.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө зэргийг хулгайлах гэмт хэргүүдийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч учруулсан гэж тус тус үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллуулахаар Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийг давтан үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Учир нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцэлд үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч С.Д /1-р хх-36, 71, 140/ Н.Б /1-р хх 33-34, 141/, Б.Энхцэцэг /1-р хх 134-135/,  Х.О /1-р хх 138-139/, Н.Гантулга /2-р хх 13-17/ Б.Байгалмаа /2-р хх 86-87/ нарын болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа ба эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байна.

Прокурор шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллуулахаар шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба харин анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3-т заасанд нийцсэнгүй.

Шүүгдэгч Э.Ч нь 4 удаагийн үйлдлээр нийт 6 хохирогчид хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүд үйлдсэнийг 2017 оны 03 дугаар сарын 28, 2018 оны 02 дугаар сарын 23-нд тус тус хэргүүдийг прокурорын тогтоолоор нэгтгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “ Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан тул шүүгдэгчид холбогдох хулгайн үйлдлийг гэмт хэрэгт тооцох эрүүгийн хууль нь 2015 оны Эрүүгийн хууль болно.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй байхад  хууль буцаан  хэрэглэсэн  нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээгээр нь буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ба хуульд зааснаас хөнгөрүүлээгүй байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа болсон.

Учир нь шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар оногдуулах хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 4 жилийн, эсхүл ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг оногдуулах байтал ингэж хэрэглээгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг ял оногдуулахдаа журамласныг хасаж тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2015 оны Эрүүгийн хуульд “давтан үйлдэл“ гэдэг нөхцөл байдал хуульчлагдаагүй байхад прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгчийг “ ...давтан үйлдлээр “ гэж хуулиар зохицуулагдаагүй хүндрүүлэн үзэх нөхцөл байдлаар ялласныг шүүх засаж залруулалгүй яллах дүгнэлтэд заасан нөхцөл байдлаар хүндрүүлж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргаж  2-ын ард  “жилийн“ гэдэг үгийг орхигдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан техникийн шинжтэй алдаа гэж үзэх бөгөөд прокурор энэ тухай саналаа анхан шатны шүүхэд нь хүсэлт гаргаж залруулга хийлгэх боломжтой байжээ.

Гэсэн хэдий ч нэгэнт давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тул эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч хангаж шийдвэрлэлээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзлээ.

Цаашид дээр дурдсан техникийн шинжтэй буюу шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг алдааг Эрүүгийн хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу тухайн шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулах нь зүйтэйг анхаарвал зохино.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас ... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж тэмдэглэснийг цаашид яллах дүгнэлт бичсэн прокурор буюу түүний нэрээр бичиж хэвших нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1, 33.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэх юм.

 Эдгээр үндэслэлүүд нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн  гэж үзэх үндэслэл болох тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удирдтгал хэсэг болон тогтоох хэсгийн 1, 2, 3-р заалтуудад тус тус дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.Чийн урьдчилан цагдан хоригдсон 210 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 1-д нийцсэний гадна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзнэ.

       Учир нь Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ... цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож хасахаар” заасныг зөвхөн шүүх хэрэглэх агуулгатай гэж ойлгох нь учир дутагдалтай ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15, 266 дугаар зүйлийн 266.1.1-д тус тус зааснаар хорих ял эдлүүлэх алба нь ... шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан тул энэхүү ялын тооцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийх нь дээрх хуулиудыг зөрчихгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөрөг үр дагаваргүй болно.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцлээс “... давтан үйлдлийг хуульчлаагүй, ... 2 хорих ялыг ... гэж тогтоосон нь ойлгомжгүй, ... прокурорын газар буюу байгууллага яллах дүгнэлт үйлдэх хуулийн зохицуулалт байхгүй ...” гэсэн агуулга бүхий хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үлдэх “... хэдэн жилийн хорих ялыг биечлэн эдлэх нь тодорхойгүй...” гэсэн агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн “ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас ...“ гэснийг “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас” гэж,

тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтын “Шүүгдэгч Гал овогт Энхтуяагийн Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан давтан үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг ,

“Шүүгдэгч Гал овогт Энхтуяагийн Чийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байр ...-д нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Чийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Чийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “ ... 2 ... “ гэсний ард “жилийн” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцлээс “... давтан үйлдлийг хуульчлаагүй, ... 2 хорих ялыг ... гэж тогтоосон нь ойлгомжгүй, ... прокурорын газар буюу байгууллага яллах дүгнэлт үйлдэх хуулийн зохицуулалт байхгүй ...” гэсэн агуулга бүхий хэсгийг хангаж,  “... хэдэн жилийн хорих ялыг биечлэн эдлэх нь тодорхойгүй...” гэсэн агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Ч нь  41 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                  А.САЙНТӨГС