Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01399

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01399

 

 

 

 

 

 

                              Д.У, Х.Гнарын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02125 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.У, Х.Гнарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Д.У, Х.Гнараас зээлийн гэрээний үүрэгт 1 187 870 014 төгрөг гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болсон. Улмаар 2020 оны 5 сарын 12-ны өдрийн 20380431 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн.Төлбөр төлөгч Д.У, Х.Гнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2204009343 дугаарт бүртгэгдсэн, ... бүхий хувийн сууц болон ...талбарын дугаартай, улсын бүртгэлийн .......  дугаарт бүртгэгдсэн 500 м.кв үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг “Худалдаа хөгжлийн банк” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул НШШГГ 2021 оны 04 сарын 05-ны өдрийн тогтоолоор “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 1 362 740 260 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайлан тодорхойгүй, ойлгомжгүй бүрхэг байна. Шинжээч томилох тухай тогтоол 2021 оны 4 сарын 05-ны өдөр гарсан, хөрөнгө үнэлгээний тайлан 2021 оны 4 сарын 08-ны өдөр гэсэн огноотой, 2021 оны 4 сарын 06-ны өдөр хөрөнгийн байдалтай танилцсан нь цаг хугацааны хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг ул үндэстэй, бодитой хийсэн гэж үзэхгүй.  Шинжээч өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж зах зээлийн хандлагын аргаар 1 362 740 260 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээний нэгтгэсэн дүн гаргахдаа өртгийн болон орлогын хандлагаар гаргасан үнэлгээнүүдийг яагаад ашиглаагүй, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг гаргахдаа яагаад уг аргачлалыг сонгох болсон талаар тайлбарлаагүй.  Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээнд 410 м.кв гэж бичигдсэн байхад үнэлгээнд хэмжилтээр 643.7 м.кв гэсэн. Ямар аргачлал, багажаар хэмжилт хийсэн, давхар бүр нь хэдэн м.кв болсон тухай үнэлгээний тайланд дурдаагүй нь хэмжилт үнэн зөв хийгдсэн гэж үзэх боломжгүй. Нэгж талбайн зах зээлийн ханшийг хэмжилтээр гарч ирсэн талбайгаар үржүүлж үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэлгээг гаргаж байгаа учир хэмжилт буруу хийгдвэл үнэлгээ буруу гарна. Тус хөрөнгө нь гаднаа автомашины зогсоолтой, тусдаа хашаатай гэж дурдсан атал хөрөнгийн үнэлгээнд эдгээрийн нөлөөллийг тодорхой дурдаагүй. “Хөрөнгө эстимейт” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, үнэлгээчин Б.Батзаяа болон “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн харилцаа хамаарал тодорхойгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг ямар үндэслэлээр хөндлөнгийн шинжээчээр томилсон нь тодорхойгүй. Иймд шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээ бодитой болж чадаагүйгээс төлбөр төлөгч нарын эрх ашиг хохирч байна. Иймд улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, ... бүхий хувийн сууц болон ...талбарын дугаартай, улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэгдсэн 500 м.кв үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг үнэлсэн “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн 2021 оны 4 сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Х.Г, Д.Унараас 1 187 870 014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6 325 452 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...410 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын ....... дугаартай, 500 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 20380431/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 09 сарын 01-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 20380131/13 дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2021 оны 4 сарын 05-ны өдөр 4/54 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар тогтоолгоход 1 362 740 260 төгрөгөөр үнэлсэн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 4 сарын 09-ний өдрийн 4-229/6857, 4-229/6858, 4-229/6859 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, “Хөрөнгө эстимэйт” ХХК хөрөнгийг үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримталж үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, хариуцагч НШШГГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009343 дугаарт бүртгэгдсэн, ........ талбай бүхий хувийн сууц болон ............ байрлалтай нэгж талбарын ................. дугаартай, улсын бүртгэлийн Э-2204000338 дугаарт бүртгэгдсэн 500 м.кв талбайтай эзэмшлийн газрыг үнэлсэн Хөрөнгө эстимейт ХХК-ийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4/54 дугаар тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэх шинжээчээр томилсон байна. Нэхэмжлэгч нар үнэлгээчин Б.Батзаяа болон “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн харилцаа хамаарал тодорхойгүй байна гэж маргасан боловч “Хөрөнгө эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэж шүүх дүгнэсэн. Үнэлгээчин Б.Батзаяа нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-д ажилладаг болох нь тогтоогдоогүй байхад Б.Батзаяагийн хийсэн үнэлгээг тус компанийн хийсэн үнэлгээ гэж тооцож болохгүй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 410 м.кв гэж тусгагдсан, үнэлгээнд “хэмжилтээр 643.7 м.кв” гэжээ. Талбайн хэмжээг гаргахдаа хананаас хананы хооронд хэмжсэн эсэх, эсвэл тэнхлэг хоорондын зайг хэмжиж гаргасан эсэх нь тодорхойгүй, ямар багажаар хэмжилт хийсэн, давхар тус бүр хэдэн м.кв болсон талаар үнэлгээний тайланд огт дурдаагүй нь хэмжилт үнэн зөв хийгдсэн гэж үзэх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн талбайн талаар хэмжилтээр 643.9 м.кв гэснээс өөр зүйл бичээгүй нь уг үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3.8-д заасан шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

             

            Нэхэмжлэгч Д.У, Х.Гнар хариуцагч НШШГГт холбогдуулан ....... 410 м.кв талбайтай хувийн сууц,  мөн хаягт байрлах 500 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Д.У, Х.Гнараас нийт 1 187 870 014.76 төгрөг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд нэрлэн заасан 10 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх6-11/

Хариуцагч НШШГГ дээрх шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Д.Уянгын өмчлөлийн ....... хувийн сууц, мөн хаягт байрлах 500 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах, талуудаас барьцаа хөрөнгийн талаар үнийн санал авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулах үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч тал “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1 362 740 260 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоожээ. /хх12-15, 59-75/

 

            Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч “төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайг хэрхэн, ямар багажаар хэмжсэн, давхар тус бүр нь хэдэн м.кв талбайтай байгаа нь тодорхойгүй” гэж гомдлын шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.  

......... хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээг 410 м.кв гэж тусгасан байна. /хх64/ Гэтэл хэргийн 80-88 дугаар тал дах Хөрөнгийн үнэлгээний тайланд тус үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг хэмжилтээр 643.7 м.кв гэж бичсэн байх боловч талбай хэмжсэн багаж хэрэгсэл тодорхойгүй байхын зэрэгцээ хэмжилтэд баримталсан стандарт, журам бичигдээгүй байна. Мөн 2 давхар барилга нь давхар тус бүрдээ хэдэн м.кв талбайтай байгаа нь тусгагдаагүй болно. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээний аргачлал, үнэлгээ хийсэн стандарт журам бүрэн тусгагдсан эсэхийг анхаарч үзээгүй байна.     

Иймд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дах хэсэгт нийцээгүй гэж үзэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин ........ нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс түүнд уг компанийн ажилтны хувьд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулж тэмдэглэл үйлдсэн баримт байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно. /хх76-78/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар .........  410 м.кв талбай бүхий хувийн сууц болон .............. 500 м.кв талбайтай эзэмшлийн газрыг үнэлсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж,” гэж өөрчилж, “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                         А.МӨНХЗУЛ