Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01594

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01594

 

С.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01600 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлтэй хариуцагч Я, Б хороонд тус тус холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 36 022 830 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Яны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насантогтох, хариуцагч Б хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцайз, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ч нь Яны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаар тушаалтай Биеийн тамир, спорт бодлогын газрын даргын албан тушаалд сарын 920 067 төгрөгийн цалинтай ажилласан. Яны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 0000 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Нэхэмжлэгч С.Ч нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарсан. Одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Түүнээс хойш ажилгүй байсан хугацааны цалингаа холбогдох яамнаас нэхэмжлэх явцад тус яам бүтцийн өөрчлөлтөд орж, Б хороо салж тусгай агентлаг байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор Яны хариуцаж байх үеийнх нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ББны харьяанд байсан үеийн цалин болох 27 721 917 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын 47 дугаар тогтоолоор Биеийн тамир, спорт улсын хороо байгуулах тухай тогтоол гарсан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хугацаа болох 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин Б хорооноос 8 300 913 төгрөг буюу нийт ажлын 159 хоногийн цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8, 10-т 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /хуучин нэрээр/ яамыг Я, С гэж өөрчлөн зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Б хороо болж спортын салбарын чиг үүрэг шилжсэн. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж соёл, спортын салбарын төсөв, хөрөнгө оруулалт С, Засгийн газрын тохируулагч агентлаг Б хороонд шилжсэнээр тус яамны чиг үүргээс соёл, спортын салбар бүрэн шилжсэн болно. С.Ч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /хуучин нэрээр/ яамны удирдлагуудтай уулзан санал солилцож өөрийн хүсэлтээр тус яамны харьяа Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ажиллуулах тухай Б/167 дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны даргаар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр томилогдсон. Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанд өөрийн хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гарган Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн С.Чыг ажлаас чөлөөлөх тухай Б/78 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Дээрх хугацаанд С.Ч нь Монгол Улсын Боловсролын их сургуульд ажиллаж цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 47 дугаартай Агентлаг байгуулах тухай тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Б хороог байгуулсан. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Засгийн газрын тохируулагч, агентлаг Б хороо байгуулагдсан Яны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 000 дүгээр тушаалаар Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны /хуучин нэрээр/ Биеийн тамир спортын бодлогын зохицуулалтын газрын нэр бүхий дөрвөн албан хаагч шилжиж ирсэн. Албан хаагчдыг шилжүүлэн ирүүлсэн Яны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 000 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дах хэсэгт хуулийн этгээлийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийн тусгаарлах гэснийг баримталсан байна. Иймд уг тушаалаар Б хороонд Яны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 000 дүгээр тушаалын хавсралтад заасан дөрвөн нэр бүхий албан хаагчдтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг тусгаарлан шилжүүлснээс нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаарх эрх, үүрэг, хариуцлага манай байгууллагад тусгаарлагдаж ирээгүй болно. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 266 дугаар тогтоолоор Бны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 0000 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Б газрын даргын албан тушаалд эгүүлэг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0308 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Бны Төрийн нарийн бичгийн даргын 20108 оны 0000 дугаар тушаалын хүчингүй болгож С.Чыг урьд эрхэлж байсан албан тушаалд томилох зүйтэй гэсэн шийдвэр Яанд холбогдож гарсан. Уг магадлалд Бны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 0000 дугаар тушаалын хүчингүй болгосон байх бөгөөд уг захиргааны актыг гаргасан эрх бүхий субъект нь Я болохоос Б хорооноос гаргасан захиргааны акт биш юм. Хүчингүй болгохоор шийдвэрлэсэн Бны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 0000 дугаар тушаалыг батлан гаргасан эрх бүхий байгууллага, түүний албан тушаалтнаар иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай болно. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 266 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0308 дугаартай магадлалд Бны Төрийн нарийн бичгийн даргын 2018 онд 00010 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул батлан гаргасан эрх бүхий төрийн байгууллага болох Янаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь зүйтэй юм. Иймд Б хороо нь нэхэмжлэгч С.Чын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 27 148 036 төгрөгийг Я /Б/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Яанд холбогдох шаардлагаас 573 881 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б хороонд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааныг баримтлан нэхэмжлэгч С.Чын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр зохих санд шилжүүлэхийг хариуцагч Яанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 485 839 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Янаас 293 690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл буюу иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэр /24 сар, 4 хоног/ гэх энэ хугацаанд С.Ч нь Бн /хуучин нэрээр/ яамны удирдлагуудтай уулзан санал солилцон, өөр ажилд шилжиж ажиллах тухай тушаал гарч Яны харьяа Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийтлэг үйлчилгээний албаны даргаар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс /22 сар, ... хоног/ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. /Дээрх хугацаанд цалин хөлс, эрүүл мэндийн даатгалыг бүрэн авч байсан/. Нэхэмжлэгч С.Ч нь дээрх хугацаанд тус яамны харьяа Монгол Улсын Боловсролын их сургуульд шилжин ажиллаж байх дээрх хугацаандаа цалин хөлс болох /28 804 124 төгрөг/, үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл /3 452 168 төгрөг/-ийн цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөгдсөн бөгөөд холбогдох нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах хэсэгт 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заасан хэмжээгээр зохих санд шилжүүлэх гэсэн нь дээрх хугацаанд цалин хөлс болох /28 804 124 төгрөг/, үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл /3 452 168 төгрөг/-ийн цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөгдөж байсныг нотлох баримтыг хүргүүлсэн. Иймд ажилгүй байсан гэх хугацаанд ажиллаж цалин хөлс авч байсан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь тасалдаагүй төлөгдөж байсныг нотлох баримтуудаар анхан шатны шүүхэд гаргаж өгөөд байхад ач холбогдол бүхий нотлох баримтуудыг судлан шинжлээгүй буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Янаас 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27 721 917 төгрөг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Б хорооноос 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0308 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 266 дугаар тогтоолоор С.Чыг Бны Б газрын даргын албан тушаалд ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-10-16 дах тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар баримт хэрэгт авагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-29.1.9-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бий болоогүй байна.

 

Ийнхүү иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол хөөн хэлэлцэх хугацаа арван жил гэж заасан байна. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

 

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг болно.

 

Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрт зааснаар нэхэмжлэгчийг ажилд нь томилох, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй боловч энэ талаар баримтгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Чын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 24 сар 4 хоногоор тооцож 27 148 036 төгрөгийг Я /Бнаас гаргуулж нэхэмжлэгч С.Чад олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Я /шүүхийн шийдвэр гарах үеийн нэршил Б/-аас нэхэмжлэгч С.Чын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 27 148 036 төгрөг гаргуулж, 573 881 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Биеийн тамир, спорт улсын хороонд холбогдох 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

 

Түүнчлэн, шүүх хариуцагч Б хороо нь нэхэмжлэгч С.Чыг үндэслэлгүй хууль бусаар ажлаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрт заасан субьект биш байх тул түүнд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8, 10 дах хэсэгт 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /хуучин нэрээр/ яамыг Я, С гэж өөрчлөн зохион байгуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Б хороо болж спортын салбарын чиг үүрэг шилжсэн нь нэхэмжлэгч С.Чын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Яны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Яны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Я нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ