Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 03

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 сарын 27 өдөр               Дугаар 03                                     Баруун-Урт     

 

Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох

 хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Сүрэн, шүүгч Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Прокурор Г.Амарсайхан

Ялтан Д.Батхүрэл, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22/А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Батхүрэл, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарын гомдлоор шүүгчдэгч Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох 201517000155 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Сүрэнгийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 1, Баруун-Урт сумын 7 дугаар багийн Одконы хотхоны 4-30 тоотод оршин суух, гэмт хэрэгт холбогдох үедээ Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар  ажиллаж  байсан,  улсаас  авсан гавъяа шагналгүй, ял 

шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Лхам овгийн Дагдандоржийн Батхүрэл 

/РД: ЛЙ78060276/

 

2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баруун-Урт сумын 7 дугаар багийн Ургах наран хороололд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэг /РД: ЛЮ85020566/

 

1. Яллагдагч  Д.Батхүрэл  нь 2014  оны 04 дүгээр сард С.Батцэцэгээс зээл нэрээр халхавчлан 1000000 төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр авч улмаар Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргаанд 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бичиг хэрэг, няраваар томилсон, давтан үйлдлээр 2015 оны 01 сард тус газрын захиргаанд Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтний /бичиг хэрэг/ албан тушаалд Ө.Мөнхтуяаг томилохдоо 1000000 төгрөгийн хээл хахууль авахыг завдсан, 

 

2. Яллагдагч С.Батцэцэг нь 2014 оны 04 дүгээр сард Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргаанд ажилд орох зорилгоор тус захиргааны даргаар ажиллаж байсан Д.Батхүрэлд зээл нэрээр халхавчлан 1000000 төгрөгийн хээл хахууль өгч, улмаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бичиг хэрэг, няраваар томилогдсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22/А дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Лхам овгийн Дагдандоржийн Батхүрэлийг давтан үйлдлээр хээл хахууль авсан, шүүгдэгч Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэгийг хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Д.Батхүрэлийн хувьд ногдох хөрөнгөнөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж, 05 /таван/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч С.Батцэцэгийг 01 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан С.Батцэцэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан Д.Батхүрэлд оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр зааж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Батцэцэгт оногдуулсан 01 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан ялтан Д.Батхүрэлээс гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан Samsung Galaxy S II маркийн /S/N:R1BB698799,FCC LD: АЗLSHWM250S/ гар утсыг эд мөрийн баримтаар хураасан Мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг гар утсыг хохирогч Ө.Мөнхтуяад буцаан олгохоор, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Хэрэгт “Төрийн албаны зөвлөл, хууль хяналтынханд” гэж хаяглагдсан /03:40 минут, сек/ бичлэгийг CD-г 52х700 mb/80 compacft disc-т буулгаж бэхжүүлсэн, ярианы бичлэгийг 2 ширхэг СD-ийг хавтаст хэргийн хамт хадгалж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Д.Батхүрэлийг эзэмшлийн Тоёото Рав маркийн 28-58 СҮА улсын дугаартай машиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батхүрэл, С.Батцэцэг нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар С.Батцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Д.Батхүрэлд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Д.Батхүрэл давж заалдах гомдолдоо: 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан гэжээ. Гэтэл БОНХ яамны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалаар намайг тус газрын захиргааны даргаар томилсон. Тэгэхээр С.Батцэцэгийн мөнгө гээд байх үед ямар нэгэн ажил төрөл эрхлээгүй, албан тушаалтан байгаагүй. 

Ө.Мөнхтуяагийн хувьд Төрийн албаны шалгалтанд тэнцчихсэн байсан тул албан тушаалд томилсон. Энэ асуудал Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Монгол улсын Үндсэн хуулиар бусдыг хууль бусаар мөрдөн мөшгихийг хориглосон байхад О.Мөнхтуяа нь Ц.Лхамсүрэнгийн даалгавраар намайг мөрдөн мөшгих хэлбэрээр хууль бусаар бичлэг хийж үүнийгээ Ц.Лхамсүрэн олон нийтэд цацаж миний нэр хүндэд халдсан байхад энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргахад шалгахгүй байж Ө.Мөнхтуяагийн хууль бусаар хийсэн бичлэгийг намайг буруутгах нотлох баримт болгосон. Хээл хахуул авсан гээд байгаа эдгээр үйлдлүүд нь анхнаасаа хэн нэгний захиалгатай, зохиомол хэрэг гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: 1. Д.Батхүрэл нь хээл хахуул авах гэмт хэргийн субъект байх боломжгүй.  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой атал хэрэглээгүй. 3. Ажлын байр түрээслэх гэрээг албан ёсоор хуулбарлан авч хэрэгт хавсаргаагүй нь байцаан шийтгэх ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэж болохоор байна. Иймд Д.Батхүрэлд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Монгол улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар зүйлчилж, улмаар Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүний хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.  

 

Давж   заалдах   шатны  шүүх  хуралдаанд  оролцсон  прокурор  дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Батхүрэл нь 2014 оны 04 дүгээр сарын 23-нд “С.Батцэцэгийг ажилд авна” гэж амлан түүнээс 1000000 төгрөгийн хээл хахууль авч түүнчлэн яамнаас батлагдсан орон тоо, төсөв байхгүй байхад 2014 оны 05 дугаар сарын 23-нд бичиг хэрэг, няравын ажилд авч ажиллуулсан мөн Мэнэнгийн талын сав газрын захиргааны Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Мөнхтуяаг ажилд авахаас өмнө 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  хээл хахууль өгөхийг шаардаж авахаар завдсан.

 

 С.Батцэцэг нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ашиг сонирхлын үүднээс ажилд орохын тулд Д.Батхүрэлд 1000000 төгрөгийн хээл хахууль өгсөн болох нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн С.Батцэцэг / 1хх-154,159х/, гэрч М.Энхцэцэг /1хх-147х/, гэрч Б.Одонзул /1хх-149х/, Ө.Мөнхтуяа / 1хх-123, 1хх-128х/, Б.Зоригбат  /1хх-142х, 1хх-149х/, Ш.Өвгөнхүү /1хх-134х/, Ц.Лхамсүрэн /1хх-109х/ нарын мэдүүлэг, С.Батцэцэгийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-161-165х/, бичиг хэрэг няраваар  томилсон тушаал /1хх-202х/, хөдөлмөрийн гэрээ /1хх-206х/, О.Мөнхтуяаг томилсон, чөлөөлсөн тушаал /1хх-188,189х/, Мэнэнгийн талын сав газрын захиргааны бүтэц орон тоо баталсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаал /1хх-178х/, шинжээчийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 2426 дугаартай дүгнэлт /1хх-103-107х/, Ө. Мөнхтуяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-94-96/, компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9х/, эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоол, CD бичлэг /1хх-7-8х/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-38-40х/ зэргээр тогтоогдон нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь ялтнуудын гэм буруу болон тэдний үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарт тохирсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  зөрчөөгүй байна. 

 

Ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын тухайд:

Д.Батхүрэл нь хэдийгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар 2014 оны 04 дүгээр сарын 30-нд 25-аас эхлэн ажиллахаар томилогдсон боловч томилогдоно гэдгээ урьдчилан мэдэж байсан үедээ буюу 2014 оны 04 дүгээр сарын 23-нд   С.Батцэцэгийн ашиг сонирхлын үүднээс түүнээс хээл хахууль авч дараа нь өөрөө түүнийг бичиг хэрэг, няравын ажилд томилсон нь түүний “ ... би Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан” гэх /1хх-13-16/, “ ... Адъяагаравтай найз нөхөд учраас надад Батцэцэгт ажил мэдэж байгаарай гэж байсан. Адъяагаравтай уулзахдаа би томилогдохоо мэдээгүй байсан. Тэр та томилогдох юм шиг байнаа гэсэн” гэх /3хх-109х/, С.Батцэцэгийн “ ... Адъяагарав ах намайг Батхүрэлтэй очоод уулзчих гэсэн. Би 2014 оны 04 дүгээр сарын 23-нд анкетаа өгөхөд тэр мөнгөний хэрэг байна гэсэн тэгээд би данснаасаа 1000000  төгрөг авч өгсөн” гэх мэдүүлгүүд зэргээс дүгнэлт хийхэд Д.Батхүрэл, өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарын Батхүрэл нь 2014 оны 04 дүгээр сарын 23-нд албан тушаал эрхлээгүй байсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Ө.Мөнхтуяагийн гар утсанд хийсэн бичлэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх түүнийг нотлох баримтыг хэмжээнд үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна. 

 Иймд Д.Батхүрэл, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1.Ялтан Д.Батхүрэл,өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22/а дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

    ДАРГАЛАГЧ                          О.БААТАРСҮХ

                       ШҮҮГЧИД                          Б.ДЭНСМАА

                                                                      Г.СҮРЭН