Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01398

 

Ш.Гантөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00367 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1670 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ш.Гантөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Өнөрсайханд холбогдох

Хамтран ажиллах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 91 978 301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ш.Гантөрийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Гантөр, хариуцагч Ш.Өнөрсайхан, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Гантөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ногоолинталст констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Бямбаа бид хоёр барилгын салбар 2006 онд хурдацтай хөгжиж, барилга, орон сууц олноор баригдаж эхэлсэн болохоор энэ бизнест орвол зүгээр юм байна гээд шавар зөөгч болон авто краныг оруулж ирээд барилгын зах зээлд ажиллах бизнесийг эхлүүлэх гэж байсан тэр үед бидний танил Н.Баасанжавтай тааралдаад энэ тухайгаа ярьсан. Н.Баасанжав бидний оруулж ирэх гэж байгаа техник дээр нэмээд шавар шахагч оруулж ирвэл бүр ашигтай юм биш үү гээд бидэнтэй хамтрах санал тавиад, улмаар бэлэн мөнгө байхгүй, харин түүний оффисийн байрыг Худалдаа хөгжил банкны зээл болох 30 000 000 төгрөгийг төлөөд барьцаанаас чөлөөлчихвөл дахиад барьцаанд тавьж мөнгө зээлээд хамтаръя гэж ярьсан. Тэр үед бид хоёр түүний саналыг хүлээн аваагүй. Н.Баасанжав дахин 2007 оны 3 дугаар сарын эхээр уулзан өөрийнх нь Худалдаа хөгжил банкны зээлийн үлдэгдэл 6 300 000 төгрөг үлдсэн. Та хоёр тэрийг төлчихвөл үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас суллаад, дахин барьцаалан зээл авах хамтаръя гэсэн саналыг бид хүлээн авсан. 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Н.Баасанжавын Худалдаа хөгжил банкны зээлийн үлдэгдэл 6 300 000 төгрөгийг Ш.Гантөр миний бме бэлнээр тоолон Н.Баасанжавд дахин зээл авахаар эргүүлэн өгөхөөр тохиролцож хүлээлгэн өгсөн. Н.Баасанжав банкны зээл хөөцөлдөж байх хугацаанд Р.Бямбаа нь Н.Баасанжавын санал гаргаж байсан шавар шахагч машиныг БНХАУ-ын Шанхай хотоос 380 000 юанаар худалдаж авах боломжтой байгаа ба урьдчилгаа 30 000 юань төлөн баталгаажуулах боломжтойг утсаар холбогдон надад хэлснийг Н.Баасанжавт дамжуулан хэлж, худалдаж авахаар зөвшилцөн 30 000 юаны урьдчилгааг намайг түр өгч байхыг санал болгон, зээлээ авахаар дахин эргүүлэн төлөхөөр тохиролцсоны үндсэн дээр 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 30 000 юань ба тухайн өдрийн ханшаар 4 600 000 төгрөгийг шилжүүлсэн. 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нарын Монгол шуудан банкны зээл 80 000 000 төгрөг хүссэнээс зээлийн шимтгэл, хураамж хасагдан 78 944 000 төгрөгөөс шавар шахагч машины төлбөрийн үлдэгдэл 350 000 юань буюу 53 550 000 төгрөгийг Шанхай хот руу шилжүүлсэн. Н.Баасанжав нь 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн мөнгөнөөс 1 000 000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд авсан. 2007 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус бүр нь 135 000 юаны үнэтэй шавар зөөгч машиныг БНХАУ-ын Шанхай хотоос 2 ширхгийг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 40 000 юань ба тухайн ханшаар 6 120 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 230 000 юань ба 35 190 000 төгрөгийг 14 хоногийн дараа эргэн очиж бэлнээр төлөн шавар зөөгч машинаа ачуулсан. Ингээд бид 1 ширхэг авто кран 32 130 000 төгрөг, 2 ширхэг шавар зөөгч 41 310 000 төгрөг, 1 ширхэг шавар шахагч 58 140 000 төгрөг, тээврийн зардал 10 341 050 төгрөг, гаалийн татвар 7 966 710 төгрөг, томилолтын зардал 5 763 183 төгрөг, холбооны зардал 156 347 543 төгрөгөөр нийт 4 ширхэг ажлын машинтай болсон Р.Бямбаагийн эхнэр н.Энхбаяр болон найз н.Наран нарын нэр дээр 30 000 000 төгрөгийн зээлийг 2007 онд авч машины засвар үйлчилгээнд зарцуулсан. Мөн дараа нь 27 000 000 төгрөгийн засварыг өөр хүмүүсийн нэр дээр зээл авч хийсэн. 2008 оны хавар 5 сард Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нар 1 ширхэг шавар шахагч, 2 ширхэг шавар зөөгч машинуудыг авч явсан. Жилийн дараа 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэлцэл үйлдэж, түлхүүр бичиг баримтыг хүлээж авсан. Монгол шуудан банкнаас Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нарын авсан зээлээ төлөхийг шаардан, 80 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүү 46 331 179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 557 299 төгрөг, нийт 134 908 478 төгрөгийг нэхэмжилж улмаар Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нар Ш.Гантөр дангаар хариуцах ёстой гэж маргаж, шүүх талуудад 50, 50 хувиар хариуцуулан 67 454 239 төгрөгийг Ш.Гантөрөөс, 67 454 239 төгрөгийг Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нараас гаргуулахаар шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 887 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон. Гэтэл Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нар 2014 оны 2 сард хамтран ажиллах гэрээнээс татгалзан өөрт учирсан хохиролд дээр дурдсан 67 454 239 төгрөгийг нэхэмжилж шүүх Ш.Гантөрөөс 55 000 000 төгрөгийг гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нар 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хамтран ажиллах гэрээнээс татгалзсан учир Ш.Гантөр миний бие энэхүү гэрээний дагуу нэг тал гэрээнээс татгалзсанаас үүдэлтэй өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэж Ш.Өнөрсайханаас 91 978 301 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ш.Өнөрсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тайлбарт: 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1007 тоот шийдвэрээр Монгол Шуудан банкны нэхэмжлэлтэй, Ш.Гантөр, Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн. 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ш.Гантөр нь бидний /Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав/ орон сууц, Лексус маркийн автомашиныг зээлийн барьцаанд барьцаалан авсан 80 000 000 төгрөгийн зээлийг Ш.Гантөр ганцаараа авч түүнийгээ захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Бид Ш.Гантөрөөс нэг ч төгрөг аваагүй. Ш.Гантөр нь 1 ширхэг шавар шахагч, 2 ширхэг шавар зөөгч машинуудыг өөрөө авсан тухай баримтуудыг хавсаргасан байна. Энэ талаар өмнө нь хүлээн зөвшөөрч ярьдаггүй байсныг сая гаргаж байна. Хамтран ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5744 тоот шийдвэр, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 231 тоот магадлал, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 299 тоот тогтоолоор Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав, Ш.Гантөр нарын хамтран ажиллах гэрээ болон хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 225, 227-д заасныг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас 55 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Ш.Гантөр нь хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор хамтарч банкнаас зээл авсан боловч уг зээлийг Ш.Гантөр нь ганцаараа захиран зарцуулсан, хамтран ажиллах гэрээний дагуу тоног төхөөрөмжийг дундын өмчлөлд шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар учирсан хохирлоо Ш.Гантөрөөр төлүүлэхээр шийдвэрлүүлсэн гэж үзэж байна. Иймд Ш.Гантөрийн гаргасан гэрээнээс татгалзсанаас үүдэлтэй өөрт учирсан хохирлоо шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг өмнө нь шүүхээс шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаас өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтыг Ш.Гантөр тухайн үед хэрэглээгүй гэдгийг тайлбарлаж байна. Ш.Гантөр нь 80 000 000 төгрөгийг аваад хамтран ажиллах гэрээгээ орхиод 9 жил өнгөрүүлж 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзсан тухай хохирол нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Гантөр бидэнд туслаач гээд байхаар нь би өөрийн компанийн байранд өрөө гаргаж өгөөд зээл авч өгсөн. Ш.Гантөрийн ярьж байгаа 179 000 000 төгрөгийг би ерөөсөө мэдэхгүй. Би энэ хүнд тухайн үед хувьцаа хүртэл өгч байсан. Залуу хүн ажиллах хүсэлтэй юм байна гээд тухайн үед бид тусалж дэмжсэн боловч өнөөдөр ийм байдалд биднийг оруулж байна. Нэхэмжлэгч залилан мэхлэгч юм гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00367 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Өнөрсайханаас 91 978 301 төгрөгийг гаргуулах тухай Ш.Гантөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 688 041 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1670 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 841 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Гантөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөр гомдол гаргаж байна. Хамтран ажиллах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 91 978 301 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан. Гэтэл 181/ШШ2016/00367 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт үүнийг шүүх ИХШХШТХ-ийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байгаа үйлдэл гэж дүгнэж байгааг нь ИХШХШТХ-ийн 26.2-т заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гэж үзэж байна. Гэтэл 1670 дугаартай магадлалын хянавал хэсэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг хуульд заасан журмаар явуулсан гэж дүгнэсэн нь буруу болсон байна. Мөн нэхэмжлэгч намайг анхан шатны шүүхэд хүсэлт тавьж өмнөх өмгөөлөгч шүүх хуралд орох боломжгүй гэсэн учраас өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар байхад өмгөөлүүлэх эрхээр хангаагүй бөгөөд энэ талаар магадлалд заахдаа өмнө нь энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан Д.Наранцэцэгийн хүсэлтээр хурал хойшлуулж байсан өмгөөлөгчөө сольж шүүх хуралдаанд оролцох хангалттай хугацаа байсан, өмгөөлөгч авах эрхийг хориглосон, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь учир үндэслэлгүй байна. Харин ч би шүүхэд хандаж өмгөөлөгч авах эрхээ хангуулахаар хүсэлт тавьсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч миний өмгөөлүүлэх эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэж ИХШХШТХ-ийн 25, 34.1-д заасныг ноцтой зөрчиж миний өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан байхад яагаад хууль зөрчөөгүй байх билээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт хамтран ажиллах гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 2012 оны 4 сарын 24-ны өдрөөс тоолж 2015 оны 4 сарын 24-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75.2.1-д заасантай нийцсэн гэж дүгнэсэн.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт заахдаа Өнөрсайхан, Баасанжав нар 2014 оны 12 сарын 04-ны өдөр хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн шүүхийн 5744 тоот шийдвэр гарч давах хяналтын шатаар хянагдаж хэвээр үлдэж хүчин төгөлдөр болжээ гэж дүгнэсэн. Тэгвэл хамтран ажиллах гэрээний хугацаа дуусахаас өмнө тэд гэрээнээс татгалзсан энэ хугацаанаас шаардах эрх үүссэн. /2014.12.04-ны өдрөөс/ Иргэний хуулийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж заасны дагуу авч үзвэл Ш.Гантөр би энэ үеэс эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн тул /ИХ-ийн 76.2-т заасны дагуу/ хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2017.12.04-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байгаа бөгөөд би 2016 оны 04 сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар ийм байхад хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ш.Гантөр хариуцагч Ш.Өнөрсайханд холбогдуулан 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гаргажээ.

Анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ш.Гантөр өмгөөлөгчийг нь байлцуулахыг хүсэж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаагаа мэдэгдэж, хариуцагч Ш.Өнөрсайханаас “Хамтран ажиллах гэрээ”-нээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 91 978 301 төгрөг гаргуулна гэж шаардлагын дүнгээ тодорхойлон хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлж нотлох баримтаар нийт 127 хуудас баримтыг шүүхэд гаргажээ. /хх-245-249/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн  өөрчилсөн шаардлага бүхий нэхэмжлэл түүнд хавсаргасан нотлох баримтын талаар талуудын хооронд ямар ч мэтгэлцээнгүйгээр зөвхөн хариуцагчийн “...баримтыг нэг бүрчлэн мэднэ, энэ баримтууд хэрэгт хамааралгүй баримтууд байна..., шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй...” гэсэн тайлбар хуралдаан дээр гаргасныг үндэслэн хэргийг мөн өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2016/01964 тоот захирамжаар шүүх хуралдааныг түр хойшлуулж, мөн өдрөө шүүх хуралдааныг явуулахаар товлож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тухайд холбогдуулан ямар ч ажиллагааг явуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 6.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.2, 67 дугаар зүйлийн 67.1.2, 105 дугаар зүйлийн 105.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-д заасантай нийцээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг гаргасан байх тул шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Иймд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00367 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1670 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 617 841 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР