Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/02671

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/02671

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Ш.Г /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш. Г-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25.860.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч Ш.Г, түүний өмгөөлөгч Д.А нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ш.Г миний бие Ш.Гаас Хамтран ажиллах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 91.978.301 төгрөг гаргуулахаар нэхэмжпэл гаргасан.

Нэхэмжпэгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг дараахь байдлаар багасган өөрчилж байна.

Н.Г нь 2007 оны 3 дугаар сарын эхээр надтай уулзан өөрийнх нь Худалдаа Хөгжлийн Банкны Өргөө салбарт байсан зээлийн үлдэгдэл 6.300.000 төгрөгийг төлчихвөл үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас суллаад дахин барьцаалан зээл авч  хамтарч ажиллая гэсэн саналыг тавьж би саналыг хүлээж авсан.

Ш.Г миний бие 6.300.000 төгрөгийг бэлнээр тоолон өгч Н.Г нь дахин зээл авахаараа эргүүлэн өгөхөөр надтай тохиролцож  мөнгийг  түүнд хүлээлгэн өгсөн.

Тэр  өдөр  Н.Г нь надаас  авсан  мөнгөөр  зээлийн  үлдэгдлийг төлж дуусган барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж Худалдаа Хөгжлийн  Банкны Өргөө салбарын зээл чөлөөлсөн тухай албан бичгийг тухайн өдөрт нь хуулбарлан авч өгсөн юм.

          Н.Г нь 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шавар  шахагч  машин  авахын тулд барьцаа болгож 30.000 юань Хятад руу шилжүүлэх шаардлагатай болсон боловч  мөнгөгүй тул надаас энэ мөнгийг шилжүүлж өгөхийг хүсэж зээл аваад  буцааж өгнө гэж гуйсны дагуу уг мөнгийг шилжүүлэн өгсөн юм. Гэтэл энэ мөнгийг ч өгөөгүй намайг хохироосоор байна.

Мөн Н.Г, Ш.Г нар нь хамтран ажиллах гэрээний дагуу надтай хамтарч байхдаа өөрийн хувийн хэрэгцээнд зориулан буцааж өгнө гэж надаас 15.000.000  төгрөг  авсан  бөгөөд тэрээр  2009  оны  1 дүгээр  сарын  15-ны  өдөр  буцааж өгнө гэж баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулсан юм.

   Н.Г, Ш.Г нар нь Ш.Г надтай хамтран ажиллаж байсан учираас, авсан мөнгөө буцааж өгөх байх  гэж итгэн хүлээж байтал  тэд  2014 оны 2 сард шүүхэд нэхэмжпэл гаргаж хамтран ажиллах гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нэхэмжилсэн юм.

Шат шатны шүүх энэ хэргийг хянаж Ш.Г надаас 55.000.000 төгрөгийг гаргуулахаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүхийн  299 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Н.Г, Ш.Г нарыг хамтран ажиллах гэрээнээс татгалзаж хохирол учирсан гэж үзэж шүүхээр асуудалаа шийдвэрлүүлсэн учраас өөрсдийн нь надаас хувийн хэрэгцээндээ зориулан зээлж авсан 25.850.000 төгрөгийг буцааж өгнө гэж хүлээж байсан.

Надаас авч буцааж өгөхөөр амалсан дээрх мөнгийг шүүхийн шийдвэрээр надаас гаргуулахаар заасан төлбөрөөс хасаж тооцно гэж бас л хүлээж байсан боловч надаас авсан мөнгийг буцааж өгөх талаар огт дурьдахгүй, шүүхэд өгсөн хариу тайлбартаа ч огт бичээгүй байна.

Иймд  Ш.Гаас  6.300.000 төгрөг, 15.000.000 төгрөг, 30 000 юанийг тэр үеийн ханш 152 төгрөгөөр тооцож 4 560 000 төгрөг, бүгд 25.860.000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-д заасан үндэслэлээр нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн нэхэмжилж буй зүйл нь огт үндэслэлгүй, би Ш.Гөөс мөнгө зээлж авч байгаагүй.

2007 оны 4 дүгээр сард Ш.Г миний нөхөр Н.Гд хамтран ажиллах санал тавьж , өөрийгөө зээл авч чадна, Монгол шуудан банкны 130 дугаар салбарын эрхлэгч Б.Цог-Эрдэнийн сайн найз, одоо барилгын салбарын ид үе эхэлчихлээ, авто кран -1, шавар зуурагч-2 машин надад байна, ганц дутаад байгаа шавар зөөгч машин авах шаардлагатай байна. Та барьцаа хөрөнгөө тавьчих, тэгвэл би зээл аваад шавар зөөгч машинаа өөрөө оруулж ирээд, та зүгээр л ашиг хүртээд сууна, олсон ашигаасаа би өөрөө банкны зээлийг төлчихнө гэж итгүүлсэн.

  Тэр үед Ш.Г манай оффис дээр өрөө түрээсэлдэг байсан ба манай өрөөгөөр орж гарч байсан.

Зээл төлж дууссан тухай 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн баримтыг авч гарсныг би мэдээгүй. Энэ баримтыг хараад энэ хоёр барьцаа хөрөнгөтэй гэдгийг мэдэж, хамтран ажиллах санал тавиад байсан байна.

Бид Монгол шуудан банкнаас 80.000.000 төгрөгийн зээл авахаар болоод би нөхөр Н.Г, Ш.Гийн хамт банк руу очих замдаа зээлийн 80 000 000 төгрөгөөс хамтран ажиллах гэрээний дагуу шавар зөөгч машины үнийг л чамд өгнө, үлдсэнийг нь би авч, авсан мөнгөнийхөө хүү, зээлийг өөрсдөө төлнө гэдгээ хэлж байсан юм.

Банкан дээр очоод та хоёр наанаа сууж бай, би танилтайгаа уулзаад мөнгө өгөх эсэхийг асуугаад гараад ирье гэж хэлээд танилынхаа өрөө рүү ороод гарч ирэхгүй зөндөө удаад байхаар нь нөхөр бид хоёр гайхаад асуутал орж ирэнгүүтээ мөнгөө аваад арын хаалгаар гараад явчихсан байсан.

  Ш.Гийг хайхад аль түрүүн Хятад руу нисчихсэн байсан. Энэ үед л нөхөр бид хоёр зальдуулснаа мэдэж маш хүнд байдалд орсон.

Хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харахад түүнд автокран, шавар зуурагч машинуудын аль нь ч байгаагүй бөгөөд тэр үед автокран 22.000.000 төгрөг, шавар зөөгч машин 35.000.000 төгрөг, шавар зуурагч машин 20.000.000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд зээлийн 80.000.000 төгрөгөөр бүгдийг нь авах боломжтой байсан.

2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 5744 дугаарт шийдвэрт Ш.Гийн нэхэмжилж буй  6.300.000 төгрөгийн талаар дүгнээд бичсэн байгаа болно.

Миний нөхөр Н.Г бид хоёр 2007 оны 4 дүгээр 07-ны өдөр Хятад улс руу 30.000 юанийг Ш.Г шилжүүлснийг огт мэдэхгүй. Тэр үед Ш.Гтэй хамтран ажиллах саналд хариу өгөөгүй үе юмаа.

Шавар зөөгчийн үнийг шилжүүлэхийн дулд 30.000 юанийг зээлсэн гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Учир нь 2007 оны 4 дүгээр сарын 07 -ны өдөр шилжүүлсэн мөнгө нь шавар зөөгч машиных биш харин автокраны үнэ болох нь 2007 оны 4 дүгээр сарын 02- нд Наран гэх хүнд 140 000 юань , 2007 оны 4 дүгээр сарын 07- нд А.Болд гэх хүнд 30.000 юань шилжүүлсэн байдаг.

Мөн 2007 оны 4 дүгээр сарын 20-нд Мөнхбатаас Гаруда транс ХХК-ийн Болормаагаар дамжуулж 22.000.000 төгрөгийн үнэтэй, тээврийн зардалд 200 000 төгрөг, гаалийн татвар 2007 оны 4 дүгээр сарын 20 нд автокран 1.264.025 төгрөг нийт 23.464.025 төгрөг төлсөн тухай баримтууд байдаг. Энэ нь тухай үеийн юанийн ханш 153-т хуваахад 153 359 641 юань болсон байна. Хугацааны хувьд ч энэ нь шавар зөөгч машины үнэ биш, харин автокраны үнэ болох нь тодорхой байна.

Ш.Г нь Ц.Бямбаатай манай ажлын өрөөнд маш аймшигтай ширүүн зодоон хийж, өрөөгөөр дүүрэн цус нөж болгон, тэтгэвэрийн хөгшин бид хоёрыг айлган сүрдүүлж, дарамтлан Ц.Бямбааг цагдаад өгч шалгуулж байгаа, танай өрөөнд би зодуулсан тул танай нөхрийг зодсон гэж хэлж шоронд хатаана гэж дарамталж байгаад надаар 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр уг бичгийг бичүүлсэн болно.

 Би Ш.Гөөс ямар ч мөнгө аваагүй. Тухайн үед Ш.Г, Ц.Бямбаа нар цагдаад бие биенээ өгч, зодооны хэргээр шалгуулж байсан тухай баримт цагдаад байгаа.

Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 231 дугаар магадлалд  Ш.Г нь 15.000.000 төгрөгийн баримтыг авч хэлэлцээгүй  гэх гомдлыг гаргасан боловч хамтран ажиллах гэрээнд хамааралгүй гэж үзэв гэж дүгнэсэн байдаг.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 24-нөөс эхэлж тоологдоод 3 жилийн хугацаа нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байхад Ш.Г нэхэмжлэлээ 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ш.Г нь Ш.Гд холбогдуулан Хамтран ажиллах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 91.978.301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.860.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Ш.Г нь  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Талуудын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдан тэд хамтран зээл авсныг тогтоож, зээлийн гэрээний гүйцэтгэлийг хамтран хариуцахаар дараах байдлаар шийдвэрлэжээ.

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1007 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 898 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 887 дугаартай тогтоолоор “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд” Ш.Гөөс 67.454.239 төгрөг, Ш.Г, Н.Г нараас 67.454.239 төгрөгийг тус тус гаргуулж Монгол шуудан банканд олгохоор шийдвэрлэжээ./1-р хх-ийн 37-45-р хуудас/

            Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5744 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 231 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор “гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд”  Ш.Гөөс 55.000.000 төгрөг гаргуулан Ш.Г Н.Г нарт олгохоор шийдвэрлэн “Ш.Гийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ш.Г, Н.Г нар нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байна гэж дүгнэжээ./1-р хх-ийн 17-28-р хуудас/

            Дээрх шийдвэр /Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 231 дугаартай магадлал/-т “... Ш.Гийн 15.000.000 төгрөгийн баримт нь хамтран ажиллах гэрээнд хамааралгүй” гэж дүгнэсэн байна. /1-р хх-ийн 24-р хуудас/

            Хариуцагч Ш.Г нь  нэхэмжлэгч Ш.Гд 15.000.000 төгрөгийг 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгнө гэж “Баталгаа” гарган нотариатаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./3-р хх-ийн 18-р хуудас/

            Иймд хариуцагч Ш.Гаас зээлийн төлбөрт 15.000.000 төгрөгийг гаргуулан Ш.Гд олгох үндэстэй байна.  

 Харин Ш.Г түүний нөхөр Н.Г нар нь 2007 оны 3 дугаар сарын эхээр Худалдаа Хөгжлийн Банкны Өргөө салбарт байсан зээлийн үлдэгдэл 6.300.000 төгрөгийг Ш.Г надаар төлүүлсэн,

         2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шавар  шахагч  машин  авахын тулд барьцаа болгож 30.000 юанийг тэр үеийн ханш 152 төгрөгөөр тооцож 4 560 000 төгрөгийг Хятад руу шилжүүлснийг тус тус гаргуулан өгнө үү гэж нэхэмжилж байгааг дараах үндэслэлээр хангах үндэсгүй байна. Үүнд:

1.Энэ нь талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдах үеийн үйл баримт байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Учир нь

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна, 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тус тус заажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5744 дүгээр шийдвэрт “Талуудын хэн алин гэрээнээс татгалзсан буюу гэрээнээс гарах санал гаргаж байгаагүйгээс үзэхэд уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 2012 оны 4 сарын 24-нөөс эхэлж тоолох бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 сарын 02-ны өдрийн 231 дүгээр магадлалд  “шүүх гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжпэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээний нийт хугацаа 5 жил гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болжээ” гэж тус тус дурдсан байх ба Улсын дээд шүүх дээр дурдсан магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэмээн дүгнэжээ./1-р хх-ийн 17-28-р хуудас/

Иймд талуудын хооронд 2007 оны 4 сарын 24-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-тэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2012 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн тоолох ба хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 4 сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна.

2.Хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гэрээний үүргийг зөрчсөн буруутай тал нь Ш.Г болохыг дүгнэсэн байхад буруутай тал нь нөгөө талаасаа өөрт учирсан хохирлыг шаардах учиргүй.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-ийг үндэслэн гаргаж байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Ш.Г нь 2007 оны 3 дугаар сарын эхээр 6.300.000 төгрөг, 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шавар  шахагч  машин  авахын тулд барьцаа болгож 30.000 юанийг тэр үеийн ханш 152 төгрөгөөр тооцож 4.560.000 төгрөгийг зээлж авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд 2007 оны 3 дугаар сарын эхээр зээлсэн 6.300.000 төгрөг, 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлсэн 30.000 юань буюу 4.560.000 төгрөг, нийт 10.860.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Гаас 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Ш.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.860.000 /арван сая найман зуун жаран мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688041 төгрөгийн 617841 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

           

                                     ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО