Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01471

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01470

 

 

 

 

 

 

                                     Н.Бнэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01686 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Бхариуцагч ТБ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Э.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.БТБ ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтэст мэдээлэл судалгааны ажилтнаар 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажилд орсон.  2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хянан нийцүүлэх албанд мэргэжилтнээр шилжин ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халсан тушаалыг гардуулсан. Нэхэмжлэгч сахилгын давтан зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй, ажлаас халах тушаалд нэрлэн заасан зөрчлүүдийг гаргаагүй. Энэ талаар нэхэмжлэгчээс тайлбар авч байгаагүй. АНУ-ын Холбооны татварын төв байгууллага (IRS)-ын ТБ ХХК-ийн бүртгэлийн тусгай дугаарыг баталгаажуулалт хийх ажил нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй. Нэхэмжлэгч банкны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчөөгүй. Монгол банкнаас 2018 оны 4 дүгээр улиралд багтаан хийх ажлын зөвлөмжөөр мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийг үнэлэх аргачлалыг шинэчлэх ажлыг хугацаанд нь хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр удирдлагын зөвлөлийн хурлаар уг аргачлалыг батлахыг зөвшөөрсөн. Тухайн үеийн удирдлага тухайн аргачлалыг туршиж үзэн Монгол банк руу хүргүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гаргасан боловч шийдвэр 2018 оны 4 дүгээр улиралдаа багтаж гарсан. Монгол банканд хүргүүлэх ажлыг нэхэмжлэгч хариуцдаггүй, хэлтсийн бүх ажилчид хариуцдаг. Монгол банканд хүргэх ажлыг хэлтсийн мэргэжилтэн давхар баримттай хүргэж өгсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал агуулга болон хэлбэрийн хувьд хуульд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1969 тоот тушаалаар Н.Б үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Н.БТБ ХХК-ийн хянан нийцүүлэх албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг 2 удаа биелүүлээгүй хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Нэхэмжлэгч нь Төрийн банкны комплианс мэргэжилтэн болохын хувьд FATCA буюу холбооны татварын байгууллагатай холбоотой ажил үүргийг хүлээн авч хэрэгжүүлдэг ажилтан бөгөөд нэвтрэх эрх, бүх код зөвхөн нэхэмжлэгчид хадгалагддаг. FATCA-ийн вэб хуудсаас харахад мэдэгдлүүд ирж байсан нь харагддаг. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр мэйл ирсэн ба хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэл дунд мэдэгдлээр “хариуцагч мэргэжилтэн танаа” гэх гарчигтай, “хэрэв та албан хүсэлтээ энэхүү мэдэгдлээс хойш 90 хоног дотор ирээгүй бол гадаадын санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ нь цуцлагдана” гэсэн утгатай мэйл ирсэн. 90 хоног дотор бүх үйлдлүүдийг хийж мэдээллүүдийг үнэн зөвөөр бөглөснөөр хэвийн болох ёстой байсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 20:50 минутад нэхэмжлэгч Н.Билгээсэн мэйлд “хариуцагч мэргэжилтэн танаа гээд миний бие Төрийн банкийг төлөөлөн бичиж байна. Би /FATCA/-тай холбоотой ажлуудыг хариуцсан Комплиансын газрын мэргэжилтэн” гэж өөрийгөө хүлээн зөвшөөрч мэйл хүргүүлсэн байдаг. Мөн өмнө нь байсан данснуудыг давтамжтай Сertified болон гадаадын санхүүгийн байгууллагын гэрээг цаг хугацаанд нь бөглөн илгээгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн ажлын алдаа дутагдлаа шалтаг болгохгүй гэхдээ өөрийн зүгээс тайлбар хийх хүсэлтэй байна гэдэг агуулгатай мэйл хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь өөрийгөө /FATCA/-г хариуцсан мэргэжилтэн болох, өөрийн алдаа дутагдлаас болж цаг тухайд нь хүргүүлэх ёстой байсан мэйлийг хүргүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 2.2-т “Олон улсын болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж эрх бүхий байгууллагын стандарт шаардлага, банкны үйл ажиллагааг нийцүүлэх хяналт тавих”, 3.2-т “АНУ-ын иргэдийн гадаад улс, дансны хөрөнгийн татварт хамруулах тухай хуульд /FATCA/ зэргээр хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцан ажиллах” талаар заасан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Н/15 дугаар тушаалаар банкны мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаж эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчилж 2018 оны 4 дүгээр улиралд багтаан баталгаажуулж, Монгол банкны хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албанд ирүүлнэ гэсэн. Аргачлалыг батлуулаад зогсохгүй тухайн аргачлалыг батлуулсныг цааш хүргүүлэх үүрэг хүлээсэн. Монгол банканд явуулах албан тоотын төслийг хүргүүлэх үүргийг Н.Бгүйцэтгээгүй, харин хянан нийцүүлэх албаны мэргэжилтэн Б.Хоролгарав гүйцэтгэсэн. Н.Бажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хоёр удаа гүйцэтгээгүй. Хөдөлмөрийн гэрээний 7.4.20 дугаар хэсэгт ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй, 7.4 дүгээр зүйлд ажилтан дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг хохирол учирсны дараа биш хохирол учирч болохуйц нөхцөл байдал бий болгосон, түүнд хүргэсэн үйлдэл байснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой. Өмнө нь эдгээр үйлдлүүдийг нь хийгээгүй /FATCA/ төлөвийг failed to certified буюу цаашлаад хүчингүй болгон turner it хийснээр /FATCA/ хуулийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд Төрийн банкны зүгээс Америкийн нэгдсэн улсаас орж ирж байгаа орлогын 30 хувийг татварт шууд суутган авдаг. Үүнтэй холбоотой хамтран ажилладаг олон улсын байгууллагууд Төрийн банктай харилцаагаа цуцлах, Төрийн банкны нэр хүнд олон улсад унах аюул бий болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Н.Б ТБ ХХК-ийн Хянан нийцүүлэх алба /газар/-т мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ТБ ХХК-аас 35 109 476 төгрөгийг гаргуулж Н.Б олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Н.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 333 497 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажил олгогчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1969 тоот тушаалын үндэслэл болсон ноцтой зөрчлүүд нь ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргаагүй байна гэж хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дээрх гэрчилгээнүүдийг баталгаажуулж сунгах асуудал нь хоёр улсын урьд байгуулагдсан гэрээг цаашид мөрдөх эсэх, гэрээг хүчинтэй байлгах эсэхтэй холбоотой асуудал байх бөгөөд энэ нь гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах ажилтан Н.Бажил үүргийн хуваарьт багтахгүй, харин банкны эрх бүхий албан тушаалтны хариуцах ажил гэж үзэхээр байна. Түүнчлэн одоо Төрийн банкны FATCA төлөв цуцлагдаагүй, хэвийн байгааг гэрч Б.Нямбаяр мэдүүлсэн болно. " гэсэн нь үндэслэлгүй байна. Н.Бажлын байрны тодорхойлолтод Холбооны татварын байгууллага буюу FATCA хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах гэж байх бөгөөд үүнийг эрх бүхий албан тушаалтны үүрэг гэж үзсэн нь буруу байна. Шүүх энэ талаар яагаад банкны эрх бүхий албан тушаалтны хариуцах ажил гэж үзсэн талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Мөн гэрч Б.Нямбаяр FATCA төлөв цуцлагдаагүй хэвийн байгааг гэрчлэхдээ нэхэмжлэгч Н.Ббуруу гүйцэтгэсэн үүргийг засаж залруулах замаар төлвийг сэргээсэн тухайгаа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Үүнийг нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй гэж зөвтгөх үндэслэл болох ёсгүй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хангалттай нотлогддог. Тодруулбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ийнхүү хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул ..." гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч Н.БХолбооны татварын байгууллагад хүргүүлсэн цахим шуудан зэрэгт Урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон Үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд баталгаажуулах үүрэг бүхий этгээд нь нэхэмжлэгч Н.Бмөн болох, уг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа зэргийг өөрөө хүлээн зөвшөөрсөн хангалттай тодорхой дурдсан байхад уг нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. FATCA хуулийн дагуу хүлээх үүргийг Төрийн банкны Комплайенсын газар хариуцаж ажилладаг бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод "... /FATCA/ хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцан ажиллах..." гэж тодорхой зааснаас харж болно. Гэтэл Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан бичгийн тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа Урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон Үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд баталгаажуулах нь нэхэмжлэгчийн ажил үүрэгт хамаарахгүй гэж мэтгэлцэж байсан нь түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй байсан болохыг илтгэж байхад шүүх нотлох баримтаар нотлогдсон үйл баримтыг бус зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн үзлэг хийсэн баримт болох Холбооны татварын төв байгууллагын веб хуудаст дурдагдсан баримтуудаас харвал Холбооны татварын байгууллага Урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон Үечилсэн гэрчилгээнүүдийг хугацааг сунгах, мэдэгдсэн хугацаанд гэрчилгээг сунгуулаагүй тохиолдолд цуцлах тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан нь нотлогдоно. Нэгэнт нэхэмжлэгч нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг удаа дараа биелүүлээгүй нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.20 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Н.Бхариуцагч ТБ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч ТБ ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1969 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б FATCA хуулийн дагуу АНУ-ын холбооны татварын төв байгууллагын онлайн системээр урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд нь багтаан баталгаажуулаагүйгээс АНУ-ын холбооны татварын төв байгууллагаас Төрийн банкны FATCA төлвийг цуцалж, FATCA хуулийн хэрэгжилтийг хангаж буй гадаадын санхүүгийн байгууллагуудын жагсаалтаас Төрийн банкны бүртгэлийн тусгай дугаарыг хасах тухай мэдэгдлийг тухай бүрт баталгаажуулаагүй, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Н/15 тоот тушаалаар Банкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаж буй эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчилэн 2018 оны 4 дүгээр улиралд багтаан батлуулж Монголбанкны хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албанд ирүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг хугацаа хэтрүүлэн батлуулж, батлуулсан даруйд Монголбанканд хүргүүлээгүй, мөн ажлын байран дээр хамт олны дунд хэрүүл маргаан үүсгэж, удирдах албан тушаалтны зүй ёсны шаардлагыг биелүүлдэггүй, ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.2, 5.28.3, 5.28.17, 5.28.21, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.3, Хөдөлмөрийн гэрээний 7.4.5, 7.4.20, 7.4.24 дэх заасны дагуу ТБ ХХК-ийн хянан нийцүүлэх албаны мэргэжилтний ажил үүргээс нь чөлөөлсөн байна. /1хх3/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

            Сахилгын зөрчлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба үүнд “ ... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажлын цагаар болон ажлын байранд архи ууж согтуурах, мансуурах ..,” зэрэг зөрчлүүд заагджээ. /1хх119-122/

            Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-5.28.28-д заасан зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцсон байна. /1хх39-46/

            1. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан эхний үндэслэл буюу FATCA хуулийн дагуу АНУ-ын холбооны татварын төв байгууллагын онлайн системээр урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд нь багтаан баталгаажуулаагүй зөрчлийн тухайд,

            Ажлын байрны тодорхойлолтын 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь “ ... АНУ-ын иргэдийн гадаад улс дах дансны хөрөнгийг татварт хамруулах тухай хууль FATCA зэргээр хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцан ажиллах, АНУ-ын харилцагчийн мэдээлэл цуглуулах үйл ажиллагааны заавар боловсруулах, татварын байгууллагаас ирүүлсэн маягтыг орчуулах, нэгжид хүргүүлэх, сургалт зохион байгуулах, зөвлөгөөгөөр хангах, тайланг нэгтгэн бэлтгэж холбогдох байгууллагад олон улсын мэдээлэл солилцох системээр илгээх ..,” чиг үүрэгтэй байна. /1хх7-10/

            Харин тушаалд заасан FATCA хуулийн дагуу АНУ-ын холбооны татварын төв байгууллагын онлайн системээр урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд нь багтаан баталгаажуулах ажлыг нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх байсан ажил үүрэг гэж үзэхээргүй байна. Хариуцагч ТБ ХХК-ийн FATCA төлөв цуцлагдаагүй, хэвийн байгаа болох нь гэрч Б.Нямбаярын мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх207-208/ Энэ талаарх шүүхийн дүгнэлт буруу биш. Зохигч тушаалд заасан ажил үүрэг нэхэмжлэгчид хамааралтай эсэх талаар маргасан байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтаас хальж, дээрх ажил үүргийг хариуцах этгээдийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.

            2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Н/15 тоот тушаалын дагуу Банкны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаж буй эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчлэн батлах хугацаатай үүрэг даалгаврыг хугацаа хэтрүүлж батлуулан, батлуулсан даруйд нь Монголбанканд хүргүүлээгүй зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх145-146/

            Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 2.6, 4.1-т зааснаар “ ... мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүргийн хүрээнд хуулийн зүйл, заалт бүрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулж банкаар дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс сэргийлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн түвшинг тодорхойлох, үнэлгээ хийх аргачлалыг хэрэгжүүлж ажиллах ...” чиг үүрэгтэй байна. /1хх7-8/

            Тэрээр дээрх ажлыг хугацаа хэтрүүлэн Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/172 тоот тушаалаар батлуулж, батлуулсан даруйд нь Монголбанканд хүргүүлээгүй, хугацаа хожимдуулж хүргүүлсэн буруутай. Энэ нь сахилгын зөрчил мөн боловч хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил биш. /1хх147-150/

            3. Нэхэмжлэгч нь ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажлын цагаар болон ажлын байранд архи ууж согтуурах, мансуурах  зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хэргийн 47-48 дугаар талд ТБ ХХК-ийн хянан нийцүүлэх албаны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл байх боловч нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргасан болохыг тодорхойлох боломжгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

            Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 35 109 476 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

             2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 33 497 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

             3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                                    А.МӨНХЗУЛ