Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 234

 

“МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ДА-ийн ЧБС-ын ИТХ-ын дарга

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:           Д.Мөнхтуяа

Шүүгчид:                         Г.Банзрагч

                                         Б.Мөнхтуяа

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар хуралдааны 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”

Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0224 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Ц.Баярцогт, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0224 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0224 дүгээр магадлалыг нэхэмжлэгч хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэн тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлага болон маргааны үйл баримтад хууль бус дүгнэлт хийсэн зэрэг үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоол, иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн маргаан бүхий Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “...“МТ” ХХК-тай ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ, кемп байрлах газрын зөвшөөрөл зэргийг олгохгүй байхыг сумын Засаг дарга Ариунболдод үүрэг болгосугай” гэж шийдвэрлэжээ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэхүү дүгнэлтээр юуг илэрхийлж байгаа нь туйлын тодорхойгүй байх ба энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй байна.

5. Учир нь “МТ” ХХК-ийн зүгээс Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолын талаар, уг тогтоол нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн эсэх талаар шүүхэд ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргаагүй байхад хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх тогтоолыг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбож дүгнэж байгаа нь буруу юм. Дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолын агуулгаас үзвэл “...газрын тосны олборлолт, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглахаар эрэл хайгуул хийх, Цооног өрөмдөх зөвшөөрөл олгохыг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон...” шийдвэр гаргасан. Энд дурдсанаар газрын тосны олборлолт мөн уул уурхайн үйлдвэрийн зориулалтаар газрын доорх усыг ашиглан эрэл хайгуул хийх, цооног өрөмдөх зөвшөөрөл олгохыг хориглосон нь “МТ” ХХК-ийн “Газрын тосны хайгуул хийх үйл ажиллагаатай огт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, “МТ” ХХК нь хэрэгт авагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-д зааснаар “Баянтүмэн-17” талбайд “...газрын тосны хайгуул хийх…” зориулалтаар эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгосны үндсэн дээр 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний хүрээнд Чойбалсан сумын нутагт 2850м гүнтэй хайгуулын нэг цооног өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэх талаар холбогдох төрийн захиргааны байгууллагууд болон сум, орон нутгийн удирдлагуудад хандсан байхад энэ үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй болно.

6. Газрын тосны тухай хуульд зааснаар "...газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалт..." гэсэн 3 өөр нэр томъёо хэрэглэгдэх бөгөөд “Эрэл” гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг хэлдэг. Харин “Хайгуул” гэдэг нь газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг хэлнэ. “Ашиглалт” гэдэг нь газрын тос, уламжлалт бус газрын тосны орд ашиглалтын бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааг тус тус хэлэх бөгөөд хайгуулын үр дүнд газрын тосны нөөц тогтоогдсон, тогтоогдсон газрын тосны нөөцийг хүлээн авах тухай төрийн төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай хүсэлтээ гаргаж ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаар ашиглалтын хугацаа тоологдож эхэлдэг гэжээ.

7. “МТ” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй харин хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байгаа учраас газрын тосны олборлолт хийх, уул уурхайн үйлдвэрийн зориулалтаар газрын тос олборлох зорилгоор ус ашиглах боломжгүй байхад энэ талаар хориглосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолыг дурдаж маргааны үйл баримтад дүгнэлт хийсэн нь буруу байх ба давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн мэргэжлийн хувьд алдаа гаргаж нэхэмжлэлд дурдаагүй үйл явдал, эрхийн актын талаар дүгнэлт хийсэн. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолыг үндэслэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын эрх хэмжээг эдлэн кемп байрлах эдэлбэр газрын зөвшөөрөл олгохоос татгалзаж, усны гэрээ, хог хаягдлын гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнд байхгүй, шийдвэр гаргах эрхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байсан.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт "...дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “...нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ..:” гэж заасантай нийцэхгүйгээс гадна мөн хуулийн 52 дугаар заасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна... ” гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт хийлээ.

9. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "...“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг...” гэж тодорхойлсон. Энэ тодорхойлолтоос үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдсөн бол шүүхэд хандаж уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болохыг хууль тогтоогч хуульчилсан байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг огт анхаарсангүй. “МТ” ХХК-ийн эрх яаж зөрчигдсөн бэ гэх асуудалд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу төрийн байгууллагын өмнө /Монгол Улсын Засгийн газар/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2018 оны хайгуулын ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу Чойбалсан сумын нутагт 2850м гүнтэй хайгуулын цооног өрөмдөх ажлыг эхлүүлэх үүднээс сумын Засаг даргад хандан кемп байрлах эдэлбэр газрын зөвшөөрлийг Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зөвшөөрөл хүсэхэд олгох эсэхийг шийдвэрлэх эрхгүй этгээдээс татгалзсан хариу өгсөн хууль бус үйлдэл, мөн хайгуул хийхэд огт хамааралгүй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн эдэлбэр газрын зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргасан нь “МТ” ХХК-д шууд нөлөөлж байна.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт сумын хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг анхаарна уу. Хариуцагч талаас дээрх байдлаар маргаан бүхий хууль бус захиргааны акт гаргасан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа ба энэ талаар анхан шатны шүүхэд тодорхой тайлбарласан. Нотлох баримтыг цуглуулах бүрдүүлэх үүрэг нь хэдийгээр захиргааны хэргийн шүүхэд байгаа боловч энэ үүргээ шүүхээс хэрэгжүүлэн холбогдох лавлагаа, баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргуулан авсан бөгөөд хэргийн оролцогч нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс өөрсдөө хуулиар олгогдсон татгалзлаа нотлох буюу үндэслэл бүхий тогтоол гаргасан болохоо нотлох үүргээ биелүүлээгүй байж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзэн давж заалдах журмаар гаргасан хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

11. Нөгөө талаар давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлага, эрх зүйн үр дагаврыг буруу тодорхойлж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах талаар ямар үүргийг биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэдгийг ерөнхий байдлаар нь дүгнэсэн. Анхан шатны шүүхээс хариуцагч Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан маргаан бүхий тогтоолуудтай холбоотой бүхий л баримтуудыг шүүх цуглуулсан, мөн нэхэмжлэгч талаас шаардлагатай бичгийн баримтуудыг, хариуцагч талаас татгалзаж байгаа үндэслэлтэй холбоотой баримтуудыг гарган өгсөн байхад давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг шууд үгүйсгэж дүгнэлт хийсэн.

12. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Учир нь, хэдийгээр нэхэмжлэгч ДА-ийн ЧБС-ын ИТХ-ын даргахолбогдуулан Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргасан боловч дээрх захиргааны актуудаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аль захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актаас зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай байхаас гадна илтэд ойлгомжгүй дүгнэлт болжээ.

13. Нэхэмжлэгч “МТ” ХХК нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар хуралдааны 01 дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолыг, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Сумын засаг дарга Ц.Ариунболдод үүрэг болгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баярцогтод холбогдуулан дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

14. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аль захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актаас зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна..." гэж дүгнэсэн нь эрх зүйн талаасаа хэргийн нотлох баримтуудтай зөрчилдөж байна. Дээрх маргаан бүхий 2 тогтоол гарснаар “МТ” ХХК нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж эрх, ашиг нь хөндөгдөж байхад өөр ямар байгууллагын ямар шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх ба энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болсон.

15. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг маргаан бүхий актуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж, талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нийцүүлэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас үнэлэх үүргээ шударгаар биелүүлээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

16. Мөн шүүх бүрэлдэхүүний зүгээс хэт нэг талыг барьж зөвхөн хариуцагч талын шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хүрээнд гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч байгаа нь тодорхойгүй, хүчингүй болгосноор ямар эрх ашиг нь хэрхэн сэргэх талаар анхан шатны шүүх тодруулаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь өөрөө илт үндэслэл муутай болжээ.

17. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0224 дүгээр магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

          ХЯНАВАЛ:

18. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байх тул шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

19. Нэхэмжлэгч “МТ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Баянтүмэн-17” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тухай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний хүрээнд тус сумын нутагт 2850 м гүнтэй хайгуулын нэг цооног өрөмдөх ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авахаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагад хандаж байсан үйл баримтуудтай холбоотой нотлох баримтууд хэрэгт бүрэн авагджээ.

20. Маргаан бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор “МТ” ХХК-тай ус ашиглах, хог хаягдлын гэрээ байгуулах болон кемп байрлах газрын зөвшөөрөл олгохгүй байхыг сумын Засаг дарга Ц.Ариунболдод үүрэг болгож, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “МТ” ХХК-д кемп барих газрын зөвшөөрөл олгохоос татгалзаж, ус ашиглах, хог хаягдлын гэрээнүүдийг байгуулахгүй байхыг сумын Засаг даргад мэдэгдэхээр тус тус шийдвэрлэжээ.

21. Нэхэмжлэгч нь “..сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хурал нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргаснаас манай компани “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Баянтүмэн-17” талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэж дээрх 16 болон 01 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахаар, хариуцагч нь “...сумын Засаг дарга энэ асуудлыг талаар саналаа Хуралд оруулж хэлэлцүүлсэн учраас хуульд заасан эрхийнхээ хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан шийдвэр гаргасан, хууль зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

22. Дээрхээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ойлгомжтой, тодорхой, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан шаардлага хангагдсан байхад давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй..., ...нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн..., ...эрх нь хэрхэн сэргэх талаар тодруулаагүй...” гэх зэргээр шаардлагагүй асуудлуудыг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн ...” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

23. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

24. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй...” гэж зааснаас үзэхэд, хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бусад этгээдийн бүрэн эрхэд хамааралтай асуудлаар тэдний өмнөөс шийдвэр гаргах боломжгүй байна.

25. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахыг заасан бөгөөд маргааны үйл баримт нь “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбайд хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу 2 сарын хугацаатай ус ашиглах, хог хаягдал, гэрээт талбайд кемп байрлуулах зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаанд хамааралтай, үүнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрх нь Газрын тосны тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай хуулиар тус тусдаа тусгайлан зохицуулагджээ.

26. Тодруулбал, Засаг даргын бүрэн эрхийг Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д “харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэхэд хяналт тавих, зөрчил гаргавал зөрчлийг таслан зогсоох, арилгуулах” 10.3.2-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн нутаг дэвсгэртээ хаягдал ус зайлуулах цэг тогтоох”, 13.1.5-д “энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрөл олгох”, 28.6-д “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ”, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д “нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх”, 9.4.7-д ”хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих...” гэж тус тус заажээ.

27. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр 9.1.1-д зааснаар “нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар “усны тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих” бүрэн эрхтэй.

28. Дээрх байдлаар газрын харилцаа үүний дотор газрын тосны харилцааны асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргын бүрэн эрхийг хуулиар тусгайлан тогтоосон, маргаанд хамааралтай асуудал нь Засаг даргын бүрэн эрхэд хамааралтай байна. 

29. Гэтэл хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид болон Хурал нь маргаан бүхий 2 актыг гаргахдаа Засаг даргад олгосон эрхийг түүний өмнөөс хэрэгжүүлж, дээр дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг зөрчжээ. Иймээс хуулийн шаардлага хангахгүй байгаа маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, маргаан бүхий тогтоолуудын улмаас хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ. 

30. Нэхэмжлэгч “МТ” ХХК нь цаашид хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, холбогдох материалаа бүрдүүлж, холбогдох зөвшөөрөл хүссэн асуудлаар Засаг даргад хандах, Засаг дарга тухайн гэрээ байгуулах, эсхүл татгалзах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл энэ асуудлыг хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан журмаар шийдвэрлэхэд хяналтын шатны шүүх хуралдааны энэ дээрх тогтоол нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

31. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0224 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ