Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 5

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

              Нэхэмжлэгч: “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Ч сумын и-н Т-н Хурлын даргад холбогдох,

           Нэхэмжлэлийн шаардлага: “ЧС иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7-р хуралдааны 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “М Т” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх чиглэлээр анх 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.

      Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Б-17”  талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох  Газрын тосны газар болон манай компанийн хооронд анх 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулагдсан ба уг гэрээг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаар тогтоолоор баталснаар хүчин төгөлдөр болж ...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газартай гэрээг дахин шинэчлэн байгуулж, Засгийн газарт өргөн мэдүүлж баталснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-нд зааснаар манай компани нь /гэрээлэгч нь/ гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний салшгүй хэсэг болох А, Б хавсралтаар тодорхойлсон газрын тосны хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх эрхийг эдлэх ба Газрын тосны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, стандарт, шаардлагыг дагаж мөрдөх үүргийг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа болно.

      Манай компани нь “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/200 дугаар тушаалыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 272 дугаартай “Газрын тос хайх” аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авч “Б-17”  дугаар талбайд 2011-2017 оны хооронд 3000 физик цэгт хүндийн хүч, 7832 м.кв-т соронзон орны судалгаа, 536 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

           Харин 2018 оны газрын тосны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хүрээнд тусгай хэрэгцээний хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбайн нэг болох ЧС-ын нутагт 2850 м гүнтэй газрын тосны хайгуулын нэг цооног /Y:20330933м, Х:5353981м/ өрөмдөх ажлыг эхлүүлэхээр 2018 оны 8 сараас эхлэн төрийн захиргааны болон бусад холбогдох шатны байгууллагуудад газрын тосны хайгуулын цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх талаар хүсэлтүүдийг гаргасан. Үүний дагуу  Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 08 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”-ийг гарган Хэрлэн голын усыг өрөмдлөгийн технологид ашиглахаар, унд ахуйн хэрэглээнд ашиглах усыг ЧС-ын төвийн хүн амын усан хангамжийн гүн өрөмийн худгаас авах боломжтой гэж үзэн унд ахуйд 1 м.куб, өрөмдлөгт 43 м.куб, хоногт ашиглах усны хэмжээ нь нийт 44 м.куб гэсэн тооцоог гарган ЧС-ын Засаг даргаас ус ашиглах зөвшөөрөл авах, сумын байгаль хамгаалагчтай “Ус ашиглах гэрээ” байгуулан ус ашиглах эрхийн бичиг авах талаар зөвлөмж ирүүлсэн.

             Дээрх 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө болон ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн Дорнод аймгийн ЧС-ын Засаг дарга Ц.А-д хандан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2850 м гүнтэй газрын тосны хайгуулын нэг цооног өрөмдөх ажлыг гүйцэтгэхэд 2 сарын хугацаа шаардлагатай байгаа тул “Ус ашиглах гэрээ”, “Хог хаягдлын гэрээ”-үүдийг байгуулах болон кемп байрлах газрын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг гаргаж, ЧС-ын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/286 дугаартай албан бичгээр Байгаль орчныг хамгаалах болон Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дэх заалтыг үндэслэн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон байсан.

         Гэтэл ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 дугаартай “Сумын Засаг дарга Ц.А-д үүрэг болгох тухай” тогтоолыг гаргаснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийн эрх ашиг хөндөгдөөд зогсохгүй хууль хэрэгжихгүйд хүрээд байна...

       Хурлын тэргүүлэгчид маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, мөн сумын Засаг даргын 2018 оны 1/305 тоот албан бичиг зэргийг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн байх ба хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдлэн бусдын эрх ашгийг зөрчсөн тогтоол гаргасан гэж үзэхээр байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар тогтоолоор 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн газрын доорхи ус ашиглахаар эрэл хайгуул хийх, цооног өрөмдөхийг хориглосон байх ба “Б-17”  талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт ..., Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт ... гэж нэр томъёоны хувьд тайлбарласан байх ба хуульд заасан болон “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр Улсын тусгай хэрэгцээний газрыг газрын тосны хайгуулын зориулалтаар ашиглаж болно. Үүний дагуу манай компани нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ...заасныг Тэргүүлэгчид зөрчсөн. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны хайгуулын “Б-17”  талбайд “Газрын тосны эрэл, хайгуул хийх” төсөл нь Дорнод аймгийн Баянтүмэн, Чойбалсан, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган сумдын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 7832.39 км2 талбайтай бөгөөд энэхүү газрыг Монгол Улсын Засгийн газраас “Улсын тусгай хэрэгцээ”-нд авсан бөгөөд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэхээр болсон. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт зааснаар ...эрх нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна.  

          Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг батлан мөрдүүлж байгаа бөгөөд манай компани тус тогтоолд заасны дагуу газрын тосны хайгуул хийх, цооног өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь хуульд нийцнэ. Уг журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт ...заасны дагуу гэрээ байгуулахаар сумын холбогдох байгууллагад хүсэлт гаргаад байсан. Хуульд зааснаар сумын Хурал нь Улсын тусгай хэрэгцээний газраас бусад тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн, мал амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх бүрэн эрхтэй бөгөөд Хурлын энэ бүрэн эрхийг Тэргүүлэгчид эдлэхгүй, мөн сумын Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийг тогтоол гаргах замаар шууд хязгаарлаж болохгүй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь хэсэгт зааснаар ...эрх нь Хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд хамаарах ба үүнд зааснаар зөвхөн ашигт малтмалын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын үндэслэл болсон тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан үзээд тухайн өргөдөл, санал, гомдлыг хүлээж авах эсэх асуудлыг шийдвэрлэх талаар зохицуулсан байх ба шууд хориглосон захиргааны актыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргах хууль зүйн боломжгүй юм. ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Засгийн газрын бүрэн эрхэд халдаж хууль бус шийдвэр гаргалаа.

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт зааснаар ...талаарх сумын Засаг даргын нийтлэг бүрэн ...эрхтэй байхаас гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна. Дээр дурдсан тусгай хэрэгцээний газар гэдэгт Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь хэсэгт зааснаар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай Улсын тусгай хэрэгцээний газарт орох бөгөөд Монгол Улсын Засгийн газар ...тухайн шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг нь авсны үндсэн дээр Улсын тусгай хэрэгцээнд авах ба тусгай хэрэгцээнд авсан газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах зөвшөөрөл өгөх эрх нь сумын Засаг даргад байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт зааснаар ...эрхтэй байхад Хурлын Тэргүүлэгчид хуулиар өөрт нь олгоогүй эрхийг эдлэн тогтоол гаргасан нь хууль бус болсон бөгөөд иргэдээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан ямар журмын дагуу хэрхэн яаж судалсан нь тодорхойгүй байгаа болно.

            ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр ээлжит бус хуралдааныг хуралдуулан “Үүрэг болгох тухай” 01 дугаартай тогтоол гаргаж, Б-17 талбай нь хүн ам, мал амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх тул цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхаар тогтоож, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосон нь захиргааны хууль бус ажиллагааны улмаас тус талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт ...гэж заасан бөгөөд Хурлын дарга тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх эрхийг эдлэхээр байх ба Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болох хуулийн зохицуулалттай. Хурлын дарга Ц.Б нь хуралдаан хуралдуулах асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан эсэх, ээлжит бус хуралдаан хуралдуулах талаар Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан эсэх, мөн Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй шаардсан зэрэг нь тодорхойгүй байна.

         “Үүрэг болгох тухай” тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан ...заалтыг баримталсан нь ойлгомжгүй байх ба асуудал хэлэлцүүлэх, санал оруулах эрхтэй этгээд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ...гэж заасантай нийцэхгүй байх ба өмнө нь уг газрын тосны хайгуул хийх Б-17 талбайг Улсын тусгай хэрэгцээнд авахдаа орон нутгийн саналыг авсан болно. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт ...гэж заасан бөгөөд дээрх хоёр үндэслэлээр санал оруулж байгаа тохиолдолд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах ...энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан бөгөөд Б-17 талбай нь хүн ам, мал амьтны эрүүл мэндэд болон байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар холбогдох тооцоо, судалгаа лавлагааг авсан эсэх нь тодорхойгүй байгаа болно. Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудал нь дээрх хуульд зааснаар зөвхөн орон нутгийн тусгай хэрэгцээний талбай бүхий газарт хамаарахаар байх бөгөөд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хэрэгцээний Б-17 талбайд ямар үйл ажиллагаа явуулахгүй байхыг хориглож байгаа зэрэг нь тодорхойгүй байна.

         “М Т” ХХК нь 2018 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд    2850 м гүнтэй хайгуулын нэг цооногт шаврын бичиглэл, цементацийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Шинжиан жинтун Монголия технологи үйлчилгээ” ХХК-тай ажлын гэрээ байгуулан дээрх ажилд шаардлагатай нэг сая юанийн үнэлгээтэй нэг жилийн 58565 /тавин найман мянга таван зуун жаран тав/ ам доллараар түрээслэн авсан 143 нэр төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бараа материал бүхий бүртгэлийн худгийн тоног төхөөрөмжийн өрөө нэг багц, 64640 /жаран дөрвөн мянга зургаан зуун дөч/ юанийн үнэ бүхий 64 тонн цементийг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн бөгөөд дээрх маргаан бүхий 2 тогтоолын улмаас батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөлд их хэмжээний хохирол хүлээх нөхцөл байдал үүсээд байна. ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон  Хурлын ээлжит бус хуралдаанаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ...захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг огт хэрэгжүүлээгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт ..., мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт ...гэж тус тус заасан байх тул манай компани нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын Засаг дарга Ц.А-д үүрэг болгох тухай” 16 дугаар  тогтоол, тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 2018 оны 10 сарын 15-ны өдрийн “Үүрэг болгох тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

       Нэхэмжлэгч “М Т” ХХК нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг өөрчлөх тухай нэхэмжлэлдээ: ...тус шүүхэд “М Т” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хзх-133/18 дугаар албан бичгээр хандан нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үед хариуцагч Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, 01 дугаартай ...тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг ...мэдээд өмнө гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа өөрчлөн Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7-р хуралдааны 01 дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байна.

       ...Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Нутгийн удирдлагын байгууллагын эрх үүргийг тодорхойлж өгсөн байх бөгөөд Газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах үүрэгтэй байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга ...бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байгаа бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хориг тавих, ...зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй биш байна.

       ...Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7-р хуралдааны 01 дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолд кемп байрлах эдэлбэр газрын зөвшөөрөл, өрөмдлөгийн ажлыг хийхтэй холбогдуулан ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ байгуулахгүй байхаар мэдэгдсэн нь хууль бус болсон.

       Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот ...усны дүгнэлт өгсөн. Энэ дүгнэлтийг үндэслэн ус ашиглах гэрээ байгуулах, хог хаягдлын гэрээ байгуулах, кемп байгуулах газрын зөвшөөрөл авахаар ЧС-ын Засаг даргад хандсан. Энэхүү усны дүгнэлтэд зааснаар гэрээ байгуулах болон зөвшөөрөл олгох эрх нь сумын Засаг даргад байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

        Иймд Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Сумын Засаг дарга Ц.А-д үүрэг болгох тухай”, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7-р хуралдааны 01 дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

    Нэхэмжлэгч “М Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн ...2 шаардлагыг шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 7-р хуралдаанаас “Иргэдийн саналыг дэмжих тухай” 01 дугаартай тогтоол гарсан учраас 2 дахь шаардлагаа 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрчилсөн.

         ...”М Т” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээг Монгол Улсын Засгийн газар баталснаар “М Т” ХХК “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Бантүмэн-17 талбайд газрын тосны хайгуул хийх, ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 272 дугаартай “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”, өөрөөр хэлбэл газрын тос хайх зориулалтаар 8 жилийн хугацаатай, 2021 он хүртэл дээрх талбайд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон. ...Тусгай зөвшөөрлийн дагуу Б-17 талбайд газрын тос зөвхөн хайх үйл ажиллагааг 2011 оноос хойш явуулж байгаа. 2011 оноос 2017 оны хооронд “М Т” ХХК Б-17 талбай гэсэн Дорнод аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан, нийт 7832 км2 талбайг ашигласан. 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөөнд зааснаар ЧС-ын нутаг дэвсгэрт нийт 2850 метр гүнтэй хайгуулын 1 цооногийн өрөмдлөгийн ажил хийх менежмент төлөвлөгөө батлагдсан байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн Байгаль орчны газар,  Авто тээврийн үндэсний төв, төрийн эрх бүхий байгууллагуудад хүсэлтээ гаргасан. Ингээд Дорнод аймгийн Байгаль орчны газраас “2018 онд ус ашиглуулах дүгнэлт” гарсан. ...Энэ дүгнэлтийг үндэслээд ЧС-ын Засаг даргад хандаж ...хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн байдаг. Гэтэл ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар “Сумын Засаг даргад үүрэг болгох тухай” тогтоолоор “...Магнай трейд ХХК-д газрын зөвшөөрөл олгох боломжгүй, хог хаягдлын болон ус ашиглуулах гэрээ байгуулах боломжгүй...” гэсэн хариу өгсөн. Энэ хариуг гарахаас өмнө ЧС-ын Засаг дарга Ц.А-ын зүгээс “...Магнай трейд ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хог хаягдлын гэрээ, ус ашиглуулах гэрээ байгуулах, кемп байрлах газрын зөвшөөрөл олгох  боломжтой. Та бүхэн Газрын тосны тухай хууль болон тусгай зөвшөөрөл, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу сум орон нутгийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой шүү...” гээд, гэрээний саналын хамт “М Т” ХХК-д ирүүлсэн байсан. ...сумын Засаг даргад олгогдсон эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдлээд хууль бус захиргааны акт гаргасан. Энэ акт гарснаар “М Т” ХХК 2018 онд өрөмдлөгийн ажлыг хийх, цаашлаад “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, хууль тогтоомж хэрэгжихгүй байх, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад, 2018 оны 12 сарын 12-ны өдөр 01 дугаартай ээлжит бус хурадаанаас гарсан тогтоолоо хүчингүй болгосон. ...нутгийн захиргааны байгууллагаас гарч байгаа хэм хэмжээний акт нь нэг онцлог шинжтэй. Энэ нь хуульд тусгайлан эрх олгогдсон байх юм. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт олгогдоогүй эрхийг эдлээд газрын зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь илт хууль бус байна гэж үзэж байгаа юм. Ингэснээрээ “М Т” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэсэн. Хоёр дахь үндэслэл нь, Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Засаг дарга Ц.А-д “М Т” ХХК-тай ус ашиглуулах болон хог хаягдлын гэрээ байгуулахгүй байхыг мэдэгдсүгэй гэж байгаа юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “М Т” ХХК-тай гэрээ байгуулахгүй. Ус ашиглуулах болон хог хаягдлын гэрээ байгуулах эрх мөн сумын Засаг даргад байгаа. Ус ашиглуулах гэрээний хувьд байгаль орчны байцаагчтай хийгдэнэ. ...Тиймээс 1-рт, “М Т” ХХК-ийн зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Сумын Засаг даргад үүрэг болгох тухай” тогтоол, 2-рт, тус Хурлын ээлжит 7-р хуралдааны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоол илт хууль бус захиргааны акт байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

         Б-17 гэсэн талбай нь Улсын тусгай хэрэгцээний газар. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд ...гэж заасан. “М Т” ХХК, Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, мөн гэрээний А, Б хавсралтаас харахад, А хавсралтад гэрээт талбайн зураг байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх аймгийн Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас лавлагаа гаргуулсан байсан. Эдгээр байгууллагаас ирсэн хариугаар их тодорхой байсан. Энэ Б-17 талбай нь Улсын тусгай хэрэгцээний газар учир Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарснаар энэ газар “Улсын газар зүйн мэдээллийн сан”-д бүртгэгдсэн учраас Газрын тосны газрын бүртгэлд бүртгэлтэй байна гэж байгаа юм. ...Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан учраас доод шатны байгууллагууд түүнийг биелүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хэрэгжүүлэх ёстой. Гэтэл илт өөрт олгогдоогүй эрхийг эдлээд хууль бус захиргааны акт гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд “М Т” ХХК-аас дээр дурдсан ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон тус Хурлын ээлжит 7-р хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

        Хариуцагч ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Т” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...хүсэлтийг сумын Засаг даргад ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/305 тоот албан бичгээр “М Т” ХХК-ийн ирүүлсэн материалд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй тул кемп байгуулах газрын зөвшөөрөл олгохгүйг мэдэгдсэн байна. Албан ёсоор зөвшөөрөл олгохгүйг мэдэгдсэн байхад “М Т” ХХК нь кемпээ байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч М.М ард иргэдийн эсэргүүцлээ илэрхийлсэн гарын үсэг бүхий жагсаалтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан дээр танилцуулсан. ...саналыг хэлэлцээд “М Т” ХХК-д ус ашиглах, хог хаягдлын гэрээ, кемп байгуулах зөвшөөрлийг олгохгүй байх шийдвэрийг “сумын Засаг дарга Ц.А-д үүрэг болгох тухай” 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хуулийн дагуу баталж гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит VII хуралдааны 01 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны журмын 3 дугаар зүйлийн 3.6, 3.7 дахь заалтыг тус тус үндэслэн, хуралдаанд ирвэл зохих 7 тэргүүлэгчдээс 6 нь оролцож, ирц 85.5 хувийн ирцтэйгээр уг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. ...”М Т” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2764/18 тоот албан бичгээр Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII дугаар хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг …хэлэлцэх асуудалд оруулах тухай хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд хүсэлтийг ...танилцуулан, ээлжит VII дугаар хуралдааны хэлэлцэх асуудалд нэмж оруулахаар Тэргүүлэгчдийн олонхоор шийдвэрлэсэн... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг үндэслэн хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 19 нь оролцож, 90.4 хувийн ирцтэйгээр уг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн. Иймд “М Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

        ...Бид тодорхой хууль журамд тохирсон зүйлийг авч хэрэглэсэн. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Хурлын даргын нийтлэг бүрэн эрх гэдэг дээр 22.1.12-т ...гэж заасан байгаа. Үүний дагуу бид уламжилсан. Энэ тогтоол гарах болсон үндэслэл нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд олборлолт хийхдээ гүний ундны усыг ашиглахгүй...” гэсэн тогтоол гарсан. ...Мөн болж байгаа процессын хувьд, сум орон нутгийн иргэд болон захиргаанд мэдэгдэхгүй, амралтын өдрөөр буусныхаа дараа араас нь бичиг баримтаа бүрдүүлж явсан. Нэг дэх өдөр ажилдаа ирэхэд сумын иргэдийн эсэргүүцэл эхэлсэн байсан. Сумын Засаг дарга болон Хурал, сумын иргэдээс мэдсэн хүн нэг ч байгаагүй. Нэг мэдэхэд кемп буучихлаа гэдэг зүйл болсон. Хурлын дарга бол зөвхөн Хурлыг хуралдуулах үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу миний зүгээс 7-р хуралдааныг хуралдуулахаас өмнө “М Т” ХХК-аас 2018 оны 12 сарын 31-ний өдөр ирсэн хүсэлтийг уламжилж, хуралдааныг хойшлуулаад, аль аль талд нь боломж олгох үүднээс сумын 20 төлөөлөгчтэй уулзаж, учир байдлыг танилцуулан, Сүмбэр багийн иргэдэд мэдээлэл өг гэдэг боломжоор хангаж байсан. Ингээд 2018 оны 11 сарын 08-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 21 төлөөлөгч яг л энэ шийдвэрээ гаргасан. Энэ асуудал үнэхээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Ямар ч мэдэгдэх зүйлгүй ирж буусан. Үүнийг иргэд эсэргүүцсэн. Ажиллагааг нь зогсооё гэдэг байдлаас биш, эдэлбэр газрын бичиг баримтаа авсаны дараа буух байтал ямар ч мэдэгдсэн зүйлгүй Хятад иргэдийг авч ирээд буусан асуудал байгаа юм. Буусан хойноо араас нь бичиг баримтаа хөөцөлдсөн байгаа гэжээ.

                         ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “М Т” ХХК нь Анх “Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.[1]

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М Т” ХХК нь Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр  сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[2] болно.

             1. Анх “М Т” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулагджээ.

 Энэхүү гэрээг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаар тогтоолоор[3] баталснаар “М Т” ХХК  “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Б-17 талбайд газрын тосны хайгуул хийх, ашиглах эрхтэй болсон бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 272 дугаартай “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”[4]-ийг газрын тос хайх зориулалтаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар олгожээ.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-т нийцүүлэн шинэчлэхийг Монгол улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоолоор зөвшөөрсний дагуу дээрхи гэрээг 2018 онд шинэчлэн байгуулсан байна.[5]

         2. Маргаан бүхий Захиргааны акт болох Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолын талаар: “М Т” ХХК-иас 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө болон ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн Дорнод аймгийн ЧС-ын Засаг дарга Ц.А-д хандан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2850 метр гүнтэй газрын тосны хайгуулын нэг цооног өрөмдөх ажлыг гүйцэтгэхэд 2 сарын хугацаа шаардлагатай байгаа тул “Ус ашиглах гэрээ”, “Хог хаягдлын гэрээ”-үүдийг байгуулах болон кемп байрлах газрын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг гаргасан бөгөөд, ЧС-ын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/286 дугаартай албан бичгээр гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон.

         Гэтэл Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоол, иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн “М Т” ХХК-тай ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ, кемп байрлах газрын зөвшөөрөл зэргийг олгохгүй байхыг сумын Засаг дарга Ц.А-д үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ.[6]

     Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын тэргүүлэгчид нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх”-ээр хуульчилсан. Гэтэл Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь дээрхи тогтоолыг гаргахдаа иргэдээс ямар агуулгатай санал гаргасан, гаргасан санал нь хууль тогтоомжид нийцсэн эсэх зэргийг нарийвчлан судлахгүйгээр өөрийн бүрэн эрхэд хамааралгүйгээр сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн байна.

       Монгол улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолын 5.1.1-т улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж, ашиглуулах, 5.3-т    Улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга...зохих журмын дагуу шийдвэрлэхээр заасан байна.

            Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахаар заасан.

        Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолоор “Газрын тос олборлолт, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорхи гүний ус ашиглахыг хориглох тухай” шийдвэрийг гаргажээ.

            Дээрхи тогтоолын 1-т ...Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутаг дахь газрын тосны олборлолтын үйл ажиллагаанд газрын доорхи усны нөөцийг ... газрын тос олборлолт, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорхи ус ашиглахыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоохоор, 2-т Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан газрын тосны олборлолт, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорхи ус ашиглахаар эрэл хайгуул хийх, цооног өрөмдөх зөвшөөрөл олгохыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосон шийдвэрийг гаргасан байна. Энэхүү тогтоол нь газрын тосны хайгуул хийхтэй холбоотой тогтоол биш юм.

         3. Маргаан бүхий Захиргааны акт болох Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 01 дүгээр “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолын талаар:

            Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 01 дүгээр “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, иргэдээс ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “М Т” ХХК-ийн газрын тосны хайгуулын “Б-17” -р талбай нь ЧС-ын Сүмбэр багт 8800 М2 газарт буюу 2850 м2 гүнтэй хайгуулын 1 цооног...өрөмдөх ажлыг тус сумын иргэд дэмжихгүй байгаа тул “М Т” ХХК-д эдэлбэр газрын зөвшөөрөл олгохыг татгалзсугай, Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын засаг дарга Ц.А-д “М Т” ХХК-тай ус ашиглах гэрээ байгуулах, хог хаягдлын гэрээ байгуулахгүй байхыг мэдэгдсүгэй гэсэн шийдвэрийг гаргажээ.[7]

         Дээрхи тогтоолыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан ямар зүйл заалтыг баримталсан нь тодорхойгүй шийдвэрийг гаргасан байна.

             Анхнаасаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байна. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллагад шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй, өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан байна.

          Иймд Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, Дорнод аймгийн ЧС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.АМАРЖАРГАЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 1-7, 80-р хуудас

[2] Хавтаст хэргийн 110-р хуудас

[3] Хавтаст хэргийн 54-р хуудас

[4] Хавтаст хэргийн 55-р хуудас

[5] Хавтаст хэргийн 56-59, 15-53-р хуудас

[6] Хавтаст хэргийн 98-р хуудас

[7] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас