Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01508

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01508

 

 

 

 

 

 

                               С М ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01948 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С М ХХК-ийн хариуцагч Б.Пд холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С М ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд гадаад улсаас автомашин, тээврийн хэрэгслүүдийг зуучлан борлуулах үйл ажиллагааг 2012 оноос хойш эрхлэн явуулж эхэлсэн. Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай, Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд гүйцэтгэх захирал нь байгууллагын нууцыг хамгаалах өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эзэмшиж, ашиглаж байсан нэхэмжлэгчийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл баримт бизнесийн үйл ажиллагааны арга барил харилцагчийн хувийн мэдээллийн сан зэргийг гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж буй хүн компаниас гараад тодорхой хугацаанд хувийн зорилгод ашиглахгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал олгохгүй байх, шударга бус ашиг хонжоо олохгүй байх зорилгын үүднээс гэрээгээр үүрэг хүлээсэн. Б.Пг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл Б.П автомашины сэлбэг, эд ангийн худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЭДКМ ХХК-ийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж Япон улсаас автомашины зуучлан борлуулах үйл ажиллагааг эрхэлснээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг шууд зөрчсөн үйлдэл хийсэн. Хөдөлмөрийн гэрээ гадаад хэл дээр хийгдсэн боловч хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд хариуцагч Б.Пд хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т заасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: С М ХХК-д тасралтгүй 8 жил ажилласан. 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийг төлөөлж Тошитака Танака гэдэг хүн гарын үсэг зурсан. Тэрээр нэхэмжлэгч талыг бүрэн эрхтэй төлөөлөх этгээд биш. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард талд 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Тошитака Танакаг гүйцэтгэх захирлаар томилсон тул хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан нь ойлгомжгүй. Тошитака Танакаг томилогдохоос 1 сар 10 хоногийн өмнө Б.Пг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр чөлөөлсөн. Б.П 8 жилийн хугацаанд менежер, ахлах менежер, борлуулалтын менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийг амжилттай ажиллахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Хариуцагчийн Монгол улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, аятай тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, мөн хувийн хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг нь зөрчиж байна. С М ХХК-ийн гэрээ контракт, албан бичгүүд нь монгол хэл дээр архивт хадгалагдах ёстой. Монгол хэл дээр гэрээ байгуулсан гэж байгаа боловч нотлох баримтгүй, гадаад хэл дээрх гэрээг хариуцагч ойлгосон эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч компанийн нууцлал алдагдсан, нууцлалыг задруулсан талаар баримт байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар хариуцагч Б.Пд холбогдох нэхэмжлэгч С М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Аливаа компанийн гүйцэтгэх захирлын албан тушаал нь байгууллагын нууцад хамаарах, түүний эрхлэн явуулдаг үйл ажиллагааны бүхий л мэдээ, мэдээлэл, санхүүгийн болон үр ашгийн тооцоолол, арга барил, технологи зэрэг бүх нууцтай харьцдаг, харилцагчдын хувийн мэдээлэл бүхий өгөгдлийн сангаас мэдээ, мэдээллийг татаж үзэх эрхтэй, байгууллагын өмнөөс худалдаа, арилжааны гэрээ, хэлцэл байгуулах эрх мэдэл бүхий өндөр хариуцлагатай, эрх мэдэлтэй албан тушаал юм. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гүйцэтгэх захиралтай Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд байгууллагын нууцыг хамгаалах, өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эзэмшиж, ашиглаж байсан нэхэмжлэгчийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, баримт, бизнесийн үйл ажиллагааны арга барил, үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн сан зэргийг гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж буй хүн компаниас гарсны дараа тодорхой хугацаанд хувийн зорилгод ашиглахгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал олгохгүй байх, шударга бус ашиг хонжоо олохгүй байх зорилгын үүднээс шударга өрсөлдөөний зарчмын хүрээнд үүрэг хүлээлгэсэн. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, гарах үр дагаврыг нь урьдчилан тооцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн Үндсэн хуульд заасан хүний эрх талаас нь хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хариуцагчийн эрх ашигт хамааруулж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С М ХХК хариуцагч Б.Пд холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.П 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хариуцагч С М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх3-7, 13-17/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “хариуцагч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч компанитай шууд өрсөлдөхүйц компанид ажиллахгүй байх үүргээ зөрчиж 2021.01.25-ны өдөр нэхэмжлэгч компанитай ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулан ажиллуулж Япон улсаас автомашин зуучлан борлуулах ажиллагааг явуулж байна” гэж тайлбарлалаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 Хөдөлмөрийн гэрээний англи хэл дээрх хувь, түүний орчуулгаас үзэхэд гэрээний 7.2.14-т ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш 3 жилийн дотор компанийн шууд өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байхаар тохиролцсон байна.  

Дээрх гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан нөхцөлд нэхэмжлэгчийн нэгэн адил ижил төрлийн, шууд өрсөлдөхүйц хэмжээний үйл ажиллагаа хариуцагч эрхэлдэг болохыг нотлох үүрэгтэй. Хэргийн 18 дугаар тал дах ЭДКМ ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа гэх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хуулбар хувь байна. Мөн нэхэмжлэгчийн “хариуцагч Япон улсаас автомашин зуучлан борлуулах ажиллагааг эрхэлж байгаа” гэх тайлбар баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарлан таниулсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Япон улсаас ирсэн англи хэл дээрх гэрээний загварт гарын үсэг зуруулсан, монгол хэл дээр гэрээ байгуулаагүй .., гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул гэрээний нарийвчилсан зохицуулалт буюу 7.2.14-т заасныг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсон нь эргэлзээтэй байна.  /хх10-12, 37-38/

Харин нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар эрхээ хамгаалуулах агуулгатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг өөрчлөх зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01948 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг хасч, 4. гэснийг 3. гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.МӨНХЗУЛ