Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01505

 

“Ж ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01563 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д, Б.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 62 136 742 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Д нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 20 272 382 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 42 хувь, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 405 дугаар байр, 34 тоот, 118 м.кв орон сууц, зоорийн давхрын 128 тоот, 18 м.кв авто зогсоолын зориулалттай Ү-2204036737 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.

Зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 сараар, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 сараар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 сараас тус тус сунгасан. Зээлдэгч зээлийн хүүд 933 085 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулах юм. Үндсэн зээл 20 272 382 төгрөг, зээлийн хүү 36 553 604 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 310 756 төгрөг, нийт 62 136 742 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 538 834 төгрөгийг хариуцагч Б.Доос гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн гэрээний үүргээ хариуцагч Б.Д сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам 405 дугаар байр, 34 тоот, 118 м.кв орон сууц, зоорийн давхрын 128 тоот 18 м.кв авто зогсоолын зориулалттай Ү-2204036737 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 62 136 742 төгрөг гаргуулах тухай “Ж ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн санхүүгийн байгууллагаас цар тахалтай холбогдуулан зээлдэгчид ямар ч төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлээгүй. Хэт өндөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсонд гомдолтой байна.

Хариуцагч Б.Дийн зүгээс зээлийг төлөх боломжгүйгээ удаа дараа илэрхийлэн, шүүхээр шийдүүлэн хүүгээ зогсоолгох санаачилга гаргаж байсан боловч одоог хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээр цаг хугацаа хожиж ийм хэмжээний өр хуримтлагдсан гэж үзэж байна... зээлийн гэрээний харилцаан дээр маргах зүйлгүй.

Нэхэмжлэгч нь 12 сарын төлөлт хийгдээгүй, найдваргүй зээлдэгчийг яагаад шууд шүүхэд хандаад барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулаагүй, хуульд зохицуулалт байгаа хэдий ч тодорхой хэмжээний ашиг олсон учраас зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах талаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Доос зээлийн гэрээний үүрэгт 62,136,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Д биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо/13311/, Нарны зам 405 дугаар байрны 34 орон сууц, 404 дүгээр байрны зоорийн давхрын 128 авто зогсоолд байршилтай орон сууцны, авто зогсоолын зориулалттай, 118.14 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр, гэрчилгээний дугаар 000158109, Ү-2204036737/ үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,834 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос улсын тэмдэгтийн хураамжид 538,834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан талуудын чөлөөт байдлыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь цар тахалын энэ хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан бидний санхүүгийн эх үүсвэр хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн болох 62 136 742 төгрөгийг бүрэн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс хүү, алдангийн хэмжээг багасгах эрх хэмжээ байдаг байтал шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэхийг огт шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн шууд нийцсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс талуудыг эвлэрүүлэх, төлбөрийн нөхцөл дээр харилцан тохиролцох бүх нөхцлөөр хангах үүрэгтэй байтал эс үйлдэхүй гарган санаачлагагүй ажилласан гэж үзэж байна. Бидний зүгээс хүү огт төлөхгүй гэсэн шаардлага тавиагүй. Хүүгийн хэмжээг багасгах л хүсэлтэй байгаа.

Анх 20 272 382 төгрөгийн зээл аваад 36 553 604 төгрөгийн хүү, 5 310 756 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болтол нь санаатайгаар шүүхэд шилжүүлэхгүй ашиг олох зорилготой байсан нь илэрхий байтал “Ж ББСБ” ХХК-ийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна.

Ийм учраас хүүгийн хэмжээг 15 000 000 төгрөгөөр бууруулж, алдангийн хэмжээг хүчингүй болгон 56 825 986 төгрөгийг төлөх боломжтой. Нийт нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэсгээс буюу 15 000 000 төгрөгийг буруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь хариуцагч Б.Д, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 136 742 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “Ж ББСБ” ХХК, Б.Д нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 830/ЗГ тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч “Ж ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Дид 20 272 382.16 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ. /хх10-12/

 

Талууд дээрх зээлийн гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 сараар, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 сараар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 сараас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

            Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Ж ББСБ” ХХК, Б.С нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 830/БГ барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.С-ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам 405 дугаар байрны 34 тоот 118.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 404 дүгээр байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 128 тоот авто зогсоолыг барьцаалсан байна. Барьцааны гэрээг талууд бичгээр үйлдэж,  улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-ийн кассын зарлагын ордерын баримтаар 20 272 382.16 төгрөгийг хүлээн авч, зээлийн хүүнд 933 085 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Б.Д нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.3-т зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч зээлдүүлэгчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон байна.

 

 Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь хариуцагч Б.Доос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.Доос үндсэн зээл 20 272 382 төгрөг, зээлийн хүү 36 553 604 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 310 756 төгрөг, нийт 62 136 742 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Шүүхэд зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгах эрх хэмжээ байхад шүүх зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах буюу чөлөөлөх талаар зохицуулагдаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлалгүй орхигдуулсаныг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01563 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “452 дугаар зүйлийн 452.1” гэснийг “452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ