Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 581

 

Ц.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 428 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 794 дүгээр магадлалтай, Ц.А-д холбогдох 201425005570 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Х овогт Ц-ийн А нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэн ашиглаж иргэнд онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Ц.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192,000/ тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан” гэж нэмж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А-ы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн торгох ял шийтгэсэн 3 дахь заалт болон торгох ялын биелэлттэй холбоотой 4 дэх заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн яллах талын нотлох баримт болох гэрч О.А, Б.Х нарын мэдүүлэг болон шинжээчийн 6385 дугаартай дүгнэлтийг үндэслэн Ц.А-ыг гэм буруутайд тооцож, цагаатгах талын нотлох баримтууд болох гэрч Г.Б, түүний тэмдэглэлийн дэвтэрт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл болох “Г.Ө-т 60,000 ам.доллар зээлэв” гэсэн бичээс, гэрч Ц.Б, И.М нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт дахь гарын үсгийн 3 удаагийн шинжилгээгээр “Г.Ө-ын гарын үсгийг дуурайлган зураагүй” гэх үйл баримт нотлогдсон боловч сүүлийн буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 дугаартай дүгнэлтээр “цаасны өргөний хэмжээ 0,2 мм зөрүүтэй, ... 2 гарын үсгийн будагч бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдэгдээгүй байх боломжтой” гэх үйл баримтыг тогтоож, энэ дүгнэлтэд үндэслэж Ц.А-ыг гэм буруутайд тооцсонд харамсаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж бус хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шинжилгээгээр тогтоосон гэх цаасны хэмжээс зөрүүтэй байх, мөн тамганы тосон дээр бичигч бодисын мөр гарсан байх нь баримт бичгийг хуурамч гэдгийг шууд нотлохгүйн дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09/1693 дугаартай албан бичиг, мөн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04/ 4639 дугаартай албан бичгүүдээр “шинжилж буй баримт бичгийг устгахгүйгээр химийн шинжилгээ хийх боломжгүй” гэх тайлбарыг өгч байсан атлаа 6385 дугаартай дүгнэлтийг гаргаснаараа энэ хэрэгт эргэлзээтэй байдлыг үүсгэсэн боловч шүүх энэхүү үйл баримтыг үнэлж үзээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад гэрч О.А, Б.Х нарын өгсөн тогтворгүй мэдүүлгүүд, таамаглалд үндэслэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг шууд нотолсон шинжгүй нотлох баримтанд үндэслэн Ц.А-ыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Ц.А-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл хэлсэн саналдаа “Өмнөх шинжээчийн дүгнэлт бол бичигч хэрэгслийн хувьд устгахгүйгээр химийн шинжилгээ хийх боломжгүй гэж гарсан. Түүнээс биш томруулж харж болохыг хязгаарласан дүгнэлт гараагүй. Бид гарын үсэг биш гэж маргаагүй. Гарын үсэгтэй, тамгатай цаасан дээр зээлийн гэрээний загварыг хэвлэж гаргасан нь химийн шинжилгээгээр тогтоогдсон. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоосон. н.Х-д нь Г.Ө цаасан дээр гарын үсэг зурж, тамга дараад үлдээдэг байсан. Түүнийг Ц.А авч явсан гээд бүх зүйлийг тодорхой ярьсан. Өөрсдөдөө хамааралтай хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг үнэлсэнгүй гэх байдлаар гомдол гаргаж байх тул гомдлыг хангахаас татгалзаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ц.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан боловч анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд шийтгэх тогтоолын гурав, дөрөв дэх заалтыг хүчингүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн Ц.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.А нь 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Өсөхбаяр гүйцэтгэх захиралтай “UUSA” ХХК-ийн тамгатай цаасыг ашиглан “2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г.Ө нь 60,000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.А-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг шүүхийн шийдвэр гарснаар төгссөнд тооцсоныг давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн түүнийг шүүхэд гаргаж өгснөөр төгссөнд тооцон зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэрэг бичгийн баримтуудын агуулга нь бичгийн хэлбэрээр тусгагдаагүй байхад эхэлж тамга дарагдаж гарын үсэг зурагдсан байсныг нотолж байна. Энэ тохиолдолд уг бичиг баримтын агуулгыг хохирогч Г.Ө-ын гарын үсэг, “UUSA” ХХК-ийн тамга, тэмдгээр баталгаажсан гэж үзэх боломжгүй юм.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг нь шүүхэд гаргаж өгснөөр төгссөнд тооцогдох бөгөөд шүүхээс гарах шийдвэрийн агуулга, огноо нь уг гэмт хэргийн үйлдэгдсэн хугацаанд нөлөөлөхгүй болно.

Иргэн, захиргаа, эрүүгийн аливаа хэргийн нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны байх ёстой бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйлдэгдэж ёсчлогдсон байхыг шаардана. Ийнхүү хуульд заасан шаардлагыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Ц.А-ы иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэм буруу тогтоогдсон тул  шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 794 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

                     

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН