Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 83

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Х.Энхтуул,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

    Шүүгдэгч: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой М-ийн Т-д холбогдох эрүүгийн 1835000850081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, Улаангом Политехник коллежийн малын асаргаа сантерийн 1-р курсын оюутан, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт Увс аймгийн Завхан сумын 4-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОГ96072810, Т ургийн овогтой М-ийн Т.

    Холбогдсон хэргийн талаар:

                Шүүгдэгч М.Т нь 2018 оны 03 дугаар 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах Улаангом Политехник коллеж сургуулийн хичээлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 319 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Ж.П-ын “Samsung” маркийн зөөврийн компьютер /notebook/ хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч М.Т-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

               Шүүгдэгч М.Т нь 2018 оны 03 дугаар 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах Улаангом Политехник коллежийн хичээлийн танхим буюу 319 тоот  ангиас хохирогч Ж.П-ын “Samsung” маркийн зөөврийн компьютер /notebook/ хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 

                хохирогч Ж.П-ын мөрдөн байцаалтад өгсөн : “Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Самсунг” маркийн зөөврийн компьютероо хулгайд алдсан. Би уг компьютерийг Улаанбаатар хотоос 2016 онд 950.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Түүнээс хойш тасралтгүй хичээл заах сэдвүүдийг боловсруулдаг байсан. Би нөүтбүүкээ өнөөдрийн байдлаар 700.000 төгрөгийн ханштай гэж бодож байна. Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 08 цагг Улаангом коллеж дээр ирж хуваарьт ангиудад хичээлээ заачихаад 11 цаг 05 минутанд их завсарлагааны үеэр 319 тоот ангийг цоожлоод гарсан. Тэгээд 12 цаг 05 минутын үед цайндаа яваад буцаж ангидаа ирээд шкаф онгойлгож компьютер/ нөүтбүүк/-оо авах гэтэл алга болсон байсан. Би их завсарлагаанаар гарахдаа нөүтбүүкээ ангийнхаа шкафанд хийгээд гараад явсан юм. Надад уг нөүтбүүкээс өөр хохирол учраагүй. Миний нөүтбүүкийг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-16-р/,

                хохирогч Ж.П-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн “Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Улаангом Политехник коллежийн Малын асаргаа мэргэжлийн 1-р анги нь миний дааж авсан анги байгаа юм. Манай ангид тус сургуулийн мал аж ахуйн мэргэжлийн багш болох Б бид хоёр хичээл заадаг. 2018 оны 03 дугаар сарый 02-ны өдөр би дангаараа ангидаа хичээл заах хуваарьтай байсан. Манай анги өглөө 08 цагаас  хичээл эхэлсэн бөгөөд 11 цаг 40 минут хүртэл хичээл ороод завсарлаад тарцгаасан. Манай анги нийт 23 оюутан сурагчтай бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай ангийн 8 хүүхэд хичээлд суусан. Манай ангид практикт голдуу ажиллаж байгаа хүмүүс суралцдаг тул бие даалтаа аваад ажилтай хүмүүс нь практикт дадлагаар ажилладаг. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Т өглөө хичээлдээ ирээгүй тасалчихсан. Манай анги 11 цаг 40 минут хүртэл хичээллээд сүүлийн 2 цагийн дадлага бие даалт хийлгэхээр тараасан. Манай анги Хятад цоожтой бөгөөд би өглөө ирэхдээ түлхүүрээрээ ангиа онгойлгосон. Хичээл завсарлаад явахдаа ангиа цоожоор цоожлох гэхэд гацчихаар нь би манай ангид урьд нь байсан хуучин шар өнгийн гараар татаад онгойчихдог Хятад улсад үйлдвэрлэгдсэн цоожоор цоожилчихоод явсан. Уг цоожийг гараар онгойдог гэдгийг манай ангийн хүүхдүүд ерөнхийдөө мэддэг юм. Манай сургууль 11 цаг 05 минутаас 11 цаг 25 хүртэл 20 минут их завсарладаг. Надад учирсан хохирол барагдсан. Миний нөүтбүүкийг манай ангийн Т хулгайлсан байсныг цагдаагийн байгууллага илрүүлэн олж надад хүлээлгэн өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Т нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом Политехник коллежийн Малын асаргаа санитерийн ангийн 1-р ангид элсэн орсон. Би түүнийг тэр цагаас хойш танина. Т нь зан байдлын хувьд хичээл сургалт, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, төлөв даруу, хамт олонтойгоо эвсэг найрсаг, мэргэжилдээ дур сонирхолтой, заасан зүйлийг сайн сурч байгаа хүүхэд юм. Манай ангийн сурагчид 2018 оны 06 дугаар сард төгсөнө. Малын асаргаа санитерийн анги нь 10 сарын хугацаатай суралцуулдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

                Иргэний нэхэмжлэгч Д.Ж-ны мөрдөн байцаалтад өгсөн: “Манай ломбарданд 2018 оны 03-р сарын 02-ны өдөр нэг нөүтбүүк тавигдсан ба тухайн эд зүйлийг зүс танихгүй, дунд зэргийн нуруутай, хар үүргэвчтэй цүнх үүрсэн, 25 орчим насны залуу барьцаанд тавиад гарсан. Тэгээд тухайн залуу маргааш нь буюу 2018 оны 03-р сарын 03-ны өдөр дахиад нэг орж ирээд “Мөнгө нэмээд өгчих гэж гуйгаад хэдэн төгрөг нэмээд аваад явлаа” гэж манай эхнэр хэлж байсан юм. Өөр надад мэдэх байхгүй. Тухайн нөүтбүүкийг 140.000 төгрөгийн барьцаанд тавьсан ба надад 140.000 төгрөгийн хохирол учирсан.  Т гэдэг залуу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр С-ийн 5845448820 дугаартай дансруу 142.000 төгрөг шилжүүлсэн байсан. 2000 төгрөг нь хүүд нь гарсан мөнгө юм. Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй. Тухайн нөүтбүүк саарал өнгийн, “Самсунг” брэндийн А3 үзүүлэлтэй нөүтбүүк байсан бөгөөд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24/,

               Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Т  2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш манай гэрт байгаа юм. Т  2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймаг явж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв дээр очиж туршлага солилцох талаар надад ярьж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би үдийн цайндаа ирэхэд Т байхгүй байсан. Уг өдрийн 14:00 цагийн үед над руу утсаар ярьж Ховд аймаг явж байгаа талаараа хэлсэн юм. Тухайн үед манай эхнэр Б гэртээ байсан. Би тухайн үед ажил дээрээ байсан болохоор гэрт ирээд хувцсаа аваад явсан гэдгийг л мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

              гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ Т нь миний нөхөр Ц-ийн хамаатан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш бидэнтэй хамт амьдарч байгаа. Т нь Улаангом коллежид малын эмчээр суралцаж байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өглөө би 09:00 цагийн үед жижүүрийн ээлжнээс буусан бөгөөд намайг унтаж байтал Т гэрт орж ирээд “Би Ховд аймаг явлаа” гэж хэлээд гараад явсан. Тэгээд Т 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой Ховд аймгаас ирсэн. Тэгэхдээ хаана юу хийгээд ирсэн талаараа юу ч яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,  

               гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн : “Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгаас Ховд аймаг руу өөрийн эзэмшлийн 37-15 УВХ улсын дугаартай цагаан өнгийн “Истана” маркийн тээврийн хэрэгслээр 10 хүн тээвэрлэж Ховд аймагт хүргэсэн юм. Намайг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаангомын зах дээр зогсож байтал Т гэх залуу Ховд аймаг явах унаа хайж ирсэн. Маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 11:00 цагийн үед ирж надад 86963196 гэсэн дугаарыг бичүүлчихээд явсан. Тэгээд 15:00 цагийн үед ирж миний машинд суусан бөгөөд би зорчигдыг Ховд аймагт “Их буян” заахын үүдэнд буулгасан. Т нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний машинд сууж Ховд аймгаас буцаж ирсэн бөгөөд Ховд аймгаас ирэхдээ 25.000 төгрөгийн зардал өгсөн. Увс аймгаас Ховд аймаг руу явахдаа 20.000 төгрөгийн зардал өгсөн. Би Т-ыг ямар нэгэн компьютер авч явж байгааг хараагүй. Гэхдээ зөөврийн компьютер багтах боломжтой үүргэвчтэй цүнх үүрч явж байсныг санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,  

               гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн : “2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байж байтал гаднаас нэг залуу орж ирээд “Нөүтбүүк барьцаанд тавьмаар байна” гэхээр нь би нөүтбүкийг нь цүнхнээс нь гаргаад шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байсан тул 100.000 төгрөгөөр барьцаанд авсан юм. Тэгээд тухайн залуу гараад явсан ба тэр  маргааш нь орж ирээд дахиад “Мөнгө нэмж авна” гэхээр нь “Бичиг баримтаа аваад ир” гэхэд “Бичиг баримт байхгүй” гэж хэлээд ТҮЦ машинаас лавлагаа авч ирээд 30.000 төгрөг нэмж аваад явсан юм. Нөүтбүүк барьцаалсан хүн нь Т гэх хүн байсан. Тэр Т гэх хүнийг  би өмнө нь харж байгаагүй хүүхэд байна лээ. Би тухайн нөүтбүүкийг нь хулгайн гэдгийг мэдээгүй. Тухайн нөүтбүүк нь “Самсунг” брэндийн саарал өнгийн нөүтбүүк байсан бөгөөд үзүүлэлт энэ тэрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн эд зүйл барьцаалсан Т гэх залуу намхан, хар бордуу царайтай, нүүрэн дээгүүр нь битүү юм гарсан, туранхай, хар куртиктай хүн байсан. Өөр ил харагдах шарх сорви, мэнгэ, шивээс зэрэг зүйл байхгүй халимаг үстэй залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,  

               гэрч П.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн :  “2018 оны 03 дугаар сарын эхээр манай хамаатны хүүхэд болох Т манайд ирээд надад “Би урд шөнө танай гадна ирээд тань руу залгаад та утсаа авсангүй” гэж хэлсэн. Тэгээд Т манайд хоол, унд идэж аваад явсан бөгөөд “Хүмүүстэй хамт тэмцээнд оролцохоор ирсэн. Буудалд байрлаж байгаа” гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Т манайд ирэхдээ ганцаараа ирсэн ба би Т-ыг хичээлийнхээ чиглэлээр л мэргэжлийн тэмцээнд оролцохоор ирсэн юм байх гэж бодсон. Т манайд ирэх үед би гэртээ 1-5 насны 2 хүүхдийн хамт байсан, өөр хүн байгаагүй. Т манайд ирэхдээ ямар нэгэн эд зүйл барьж, авч яваагүй. Манайд хоол идээд явсныхаа орой нь 20 цагийн үед дахин манайд ирсэн бөгөөд “Тэмцээн маргааш дуусна. Маргааш оройдоо буцаад Увс явна” гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо манайд хоноод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

               гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн : “Т нь миний том хүү юм. Т-ын үйлдсэн хэргийн талаар би мэдээгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын сүүлээр мэдээд Улаангом суманд ирсэн. Миний хүү Т нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр надруу залгаад “Та надад 200.000 төгрөг явуулаач” гэхэд нь би Х эгчийн данс руу мөнгө хийсэн. Тухайн үед ямар хэрэг болсныг асуугаагүй. Миний хүүд мөнгө хэрэгтэй гэхээр нь би боломжтой үедээ явуулдаг. Тэгээд би Улаангом суманд орж ирээд хүүгээсээ юу болоод байгаа талаар асуухад “Ангийнхаа багшийн зөөврийн компьютерийг хулгайлаад ломбарданд тавиад мөнгө авчихсан байж байгаад надаас авсан 200.000 төгрөгөөр түүнийг нь буцааж авч өгсөн” гэж надад хэлсэн/хх-ийн 34-35/,      

               “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018.03.09-ний өдөр гаргасан УВ/01/282 тоот Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолтод “Увс аймагт Samsung маркийн Soliron CPU-тэй 320 ГВ хард дисктэй 3 ГВ рамтай, хэвийн ажиллагаатай Notebook  / 2016 оноос хойш ашиглаж / -ийн зах зээлийн үнэ 2018 оны 3 дугаар сарын байдлаар 320.000/ гурван зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов”  /хх-ийн 40/ гэжээ ,  

                Шүүгдэгч  М.Т-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн   “....би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом Политехник коллежийн Малын асаргаа сантерийн ангид элсэн орж суралцаж байгаа. Тухайн анги нь 1 жилийн хугацаатай сургаж дадлагажуулаад ажлын байранд гаргадаг бөгөөд 2018 оны 06 дугаар сард  төгсөнө. Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 1-60 айлын 1-6 тоотод нагац ах Ц-ийн гэрт байж  сургуульдаа явж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баасан гараг байсан бөгөөд би 11 цаг 30 минутын үед гэрээсээ гараад 12 цаг 10 минутын үед сургууль дээрээ очиж анги руугаа явсан. Тухайн үед манай анги цоожтой байсан бөгөөд би цоожийг нь гараараа татаж онгойлгоод ангидаа ороод цүнхээ тавиад ширээн дээрээ суугаад ангийнхныг орж ирэхийг хүлээсэн боловч манай ангийнхан орж ирээгүй. Тэгээд би багштайгаа уулзаж чөлөө авах гэж байгаад багш орж ирэхгүй болохоор нь ангийн багш П-ын “Самсунг” маркийн нөүтбүүкийг шар шкафнаас нь гаргаж аваад онгойлгож үзээд оролдоод сууж байгаад ангиасаа аваад гарсан. Намайг ангиас гарахад манай ангийнхнаас хэн нь ч ирэхгүй болохоор нь би гарахдаа ангиа буцаагаад цоожилчихоод ангийн багшийн нөүтбүүкийг аваад явсан. Тухайн нөүтбүүкийг би куртикныхаа дотор талдаа нуугаад сургуулиас гарч гэртээ очоод зах гарч Ховд аймаг руу явах унаа хайгаад Т гэх жолоочтой уулзаад Ховд явахаар болсон.  Тэгээд гэртээ ирээд цүнх хувцсаа аваад 15-16 цагийн үед буцаж зах гараад Т гэдэг хүний машинд сууж Ховд аймаг руу явсан. Би тухайн үед мөнгөгүй байсан тул Х эгчээсээ “Ховд аймаг руу явах хэрэгтэй байна” гэж хэлээд 20.000 төгрөг авч замын зардал хийж явсан. Ховд аймагт очоод манай хамаатны эгч О-ийн гэрт очиж хоносон. Тэднийд хоноод маргааш өглөө нь буюу сарын 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг 30 минутын үед О эгчийн гэрээс гарч хулгайлж авсан нөүтбүүкээ “Гигаант” худалдааны төвийн хойд талд байх ломбарданд 100.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 03 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг руу буцах гээд дахин 30.000 төгрөг нэмж аваад нийт хүүтэйгээ 140.000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаатай тухайн нөүтбүүкийг тавьсан. Тэгээд Увс аймагт ирэхэд маргааш нь буюу 03 дугаар сарын 05-ны өдөр намайг “Цагдаа дээр ир” гэж дуудахад цагдаагийн газарт очиж нөүтбүүк хулгайлсан талаараа мөрдөгч Ц-д хэлсэн. Манай хичээл өглөө 08 цагаас ороод 14-15 цаг хүртэл хичээллэдэг. 2018 оны 03 сарын 02-ны өглөө би хичээлдээ очоогүй бөгөөд 12 цаг 10 минутын үед сургууль дээр очсон. Тэр өдөр манай ангийн хүүхдүүд хичээлээ тасалсан байсан. Намайг Улаангом Политехник коллежийн 319 тоот ангируу очиход манай анги цоожтой байсан бөгөөд манай ангийн цоож гараар татаад онгойчихдог болохоор би гараараа татахад цоож онгойж би ангидаа орсон. Ангийн багшийн нөүтбүүк байнга шкаф дотор нь байдаг бөгөөд уг шкафанд цоож байдаггүй. Би Ховд аймагт коллежид сурч байхдаа нэг охинтой танилцаж түүнтэй харилцаатай байсан. Тэгээд би Увс аймагт ирээд бид хоёр холбоогүй болсон тул би Ховд аймагт очиж тэр охинтой уулзая гэж шийдээд Увс аймгаас Ховд аймаг руу явсан юм. Ховд аймагт очоод тэр охины хаягаар нь хайж очиход байгаагүй тул такси бариад Ховд аймгийн төвөөр хайсан боловч олдохгүй болохоор нь 03 дугаар сарын 04-ний өдөр Увсад ирсэн. Би 03 дугаар сарын 03-ны өдөр ломбарданд тавьж олсон 100.000 төгрөгөөрөө тэр өдөр таксинд сууж, хоол идэж уусан. Мөн утсандаа 20.000 төгрөгийн нэгж хийгээд 10.000 төгрөгөөр нь 2 ширхэг тамхи аваад, нөгөө охинтойгоо уулзвал өгнө гэж бодоод захаас 35.000 төгрөгөөр бэлэг дурсгалын зүйл авсан. Тэгээд нэг мэдэхэд мөнгө маань дуусчихсан. Би тэр өдрөө уулзах гэж байсан охиноо олоогүй болохоор нь түүнд зориулж авсан бэлэг дурсгалын зүйлийг айлын хашааны дэргэд хагалаад хаячихсан. Би уг нь тэр нөүтбүүкийг гэртээ аваачиж фэйсбүүк орно гэж бодож авсан бөгөөд тухайн үед Ховд аймаг руу явах санаа төрөөд тэр нөүтбүүкийг аваад явчихсан юм. Намайг хэн нэгэн айлгаж дарамтлаагүй, айлгаж сүрдүүлж хулгай хийлгээгүй. Миний уулзах гэж байсан охиныг О гэдэг бөгөөд О гэж дууддаг. Тэр охин Говь-Алтай аймагт сурдаг, 10 жилд байхдаа Ховд аймгийн 7-р сургуульд сурдаг байсан талаараа надад хэлж байсан. Би хийсэн хэрэгтээ маш их  харамсаж байна. Багшид компьютерийг буцааж өгсөн,  иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлж өгсөн. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                  

                 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүст мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч М.Т нь хохирогч Ж.П-ын эзэмшлийн, 320.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung” маркийн зөөврийн компьютер / Notebook/- ийг авсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

                 Хохирогч Ж.П-ын хулгайд алдсан “Samsung” маркийн зөөврийн компьютер /Notebook/ 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан  2018-03-09-ний өдрийн УВ/01/282 дугаартай эд хөрөнгийн  үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/-ээр нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийн улмаас 320.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.

                Прокуророос шүүгдэгч М.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар буюу хичээлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий өрөө /орон байр/-д нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь : шүүгдэгч М.Т 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаангом Политехник коллежийн Малын асаргаа санитерийн 1-р ангид элсэн орж суралцаж байгаа, тус сургуулийн 319 тоот хичээлийн танхимд малын асаргаа сантерийн 1-р ангийн оюутнууд байнга хичээллэдэг, хохирогч Ж.П нь малын асаргаа, санитерийн 1-р ангийн анги удирдсан багшаар ажилладаг, хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр тухайн ангид 8 цаг 20 минутаас 14 цаг 10 минут хүртэлх хугацаанд хичээллэх хуваарьтай байсан зэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон хичээлийн хуваарь /хх-ийн 72-р тал/, Улаангом политехник коллежийн сургалтын менежерийн 2018-04-06-ний өдрийн 3/040 дугаартай Тодорхойлолт /хх-ийн 61-р тал/, анги удирдсан багш Ж.П-ын тодорхойлолт /хх-ийн 78-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

              Тухайн өдөр хохирогч Ж.П нь 319 тоот хичээлийн танхимыг  гараар татаж гаргадаг цоожоор цоожилсон, уг цоожийг гараар татаж гаргадагийг  малын санитерийн ангийн оюутнууд бүгд мэддэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч М.Т нь 319 тоот хичээлийн танхимд нэвтрэхийн тулд хууль бусаар буюу хаалганы цоожийг эвдэх, түлхүүр тааруулах, цонхоор орох гэх зэрэг арга хэрэглээгүй бөгөөд ердийн үед ангидаа ордог арга хэлбэрээр нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Сургалтын танхим нь оюутнууд байнга хичээллэдэг, чөлөөтэй нэвтэрч орж гарах  зориулалттай бөгөөд тухайн өдөр шүүгдэгч М.Т нь өөрийн байнга хичээллэдэг 319 тоот хичээлийн танхимд орсныг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй.  Иймд шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлсэн болно.                  

                Шүүгдэгч М.Т нь хохирогч Ж.П-ын “Samsung” маркийн зөөврийн компьютер /Notebook/-ийг хулгайлж Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Давшилт мөрөн хоршоо” ХХК-ийн “Арвай” барьцаалан зээлдүүлэх газарт 141.900 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч хохирогч Ж.П-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч нь учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх хохиролгүй гэж үзлээ.  

               Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт “Давшилт мөрөн хоршоо” ХХК-ийн “Арвай” барьцаалан зээлдүүлэх газрын захирал Д.Ж-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид 142000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч М,Т төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул гаргуулах хохиролгүй гэж үзлээ.  

                2. Шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

                Шүүгдэгч М.Т нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч М.Т-ын хувийн зан байдал, суралцаж байгаа байдлын талаар гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “М.Т нь  1996 онд Увс аймгийн Завхан сумын 4-р багт айлын том хүү болж төрсөн. Эцэг, эхээс 3-уулаа бөгөөд 2 эрэгтэй дүүтэй. Т 2003 онд Завхан сумын дунд сургуулийн 1-р ангид элсэн суралцаж 9-р ангиа төгсөөд 2012 оны намраас эхлэн Ховд аймгийн Политехник коллежийн Барилгын өрөг угсрагчийн ангид элсэн суралцаж, 2015 оны өвөл төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. Улмаар гэртээ мал маллаж байгаад 2015 оны намар нь цэргийн албанд татагдаж Завхан аймгийн Завхан Тэс суманд 1 жилийн цэргийн алба хааж ирээд гэртээ байж байгаад 2017 оны намраас эхлэн Увс аймгийн Улаангом Политехник коллежийн малын асаргаа санитерийн 1-р курст элсэн орсон. Одоо 2018 оны 06 дугаар сард сургуулиа төгсөх гэж байгаа юм. Т нь зан байдлын хувьд төлөв даруу, уг дуу цөөтэй, тэвчээртэй, дуулгавартай, ажилласаг, хөдөлмөрч хүү байгаа юм. Тд үерхдэг охин байдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Сүүлд сонсоход Ховд аймагт нэг охин байсан гэж хэлж байсан бөгөөд одоо үерхэж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тд өөрт нь ногдох эд хөрөнгө байхгүй. Т-ын аав М нь Хаан банкны Увс аймгийн Завхан сум дахь салбарт харуул ажилтай, би өөрөө тус банкинд үйлчлэгч ажилтай” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

              гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Т нь миний төрсөн эгчийн охиных нь хүүхэд бөгөөд би Т-ын нагац эгч нь байгаа юм. Т-ын гэр Увс аймгийн Завхан суманд байдаг. Т 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Улаангом Политехник коллежид элсэн орсон бөгөөд тэр цагаас хойш миний хүү Ц-ийн гэрт байгаа. Т нь маш төлөв даруу, эелдэг зөөлөн, бусадтай зөв боловсон харьцаатай хүүхэд бөгөөд би энэ хүүг их төлөв төвшин, тайван дөлгөөхөн болохоор нь тэр байдалд нь хүртэл итгээд өөрийнхөө хүүгийн гэрт байлгаж байгаа. Т нь суурь хүмүүжил сайн, хүнд тусархуу зантай хүү юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

               хохирогч Ж.П /анги удирдсан багш/ -ийн өгсөн:  “М.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом Политехник коллежийн Малын асаргаа санитерийн ангийн 1-р ангид элсэн орсон. Би түүнийг тэр цагаас хойш танина. Т нь зан байдлын хувьд хичээл сургалт, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, төлөв даруу, хамт олонтойгоо эвсэг найрсаг, мэргэжилдээ дур сонирхолтой, заасан зүйлийг сайн сурч байгаа хүүхэд юм. Манай ангийн сурагчид 2018 оны 06 дугаар сард төгсөнө” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагджээ.

                Шүүгдэгч М.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 74-р тал/ -аар нотлогдсон.

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч М.Т нь эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мэргэжил олгох сургуульд суралцаж байгаа зэрэг түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.  

                 Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.  

                 Шүүгдэгч М.Т нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж 130000 / нэг зуун гучин мянга/ төгрөгийн ашиг олж, өөртөө зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 130.000 төгрөгийг хурааж улсын төсөвд шилжүүлэх үндэслэлтэй байна.                 

                Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хурааж ирүүлсэн барьцаалан зээлдүүлэх гэрээний баримтыг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.                  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

                 1. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

                2. Шүүгдэгч Т ургийн овогтой М-ийн Т-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 130.000 / нэг зуун гучин мянга/ төгрөгийг хурааж улсын төсөвд шилжүүлсүгэй.

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хурааж ирүүлсэн барьцаалан зээлдүүлэх гэрээний баримтыг хэрэгт хавсаргасугай.

           7. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

                9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН