Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 18

 

М.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч М.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолтой, М.Т-д холбогдох эрүүгийн 1835000850081 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, Улаангом Политехник коллежийн малын асаргаа сантерийн 1-р курсын оюутан, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт Увс аймгийн Завхан сумын 4-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй РД:ОГ96072810, Т овогт М-ын Т.

Шүүгдэгч М.Т нь 2018 оны 03 дугаар 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах Улаангом Политехник коллеж сургуулийн хичээлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 319 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Ж.П-ын “Samsung” маркийн зөөврийн компьютер /notebook/ хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч Т ургийн овогтой М-ийн Т-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг хурааж улсын төсөвд шилжүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хурааж ирүүлсэн барьцаалан зээлдүүлэх гэрээний баримтыг хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр” тус тус шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан.

Увс аймгийн Прокурорын газраас яллагдагч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 73 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч М.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн.

Шүүгч шийтгэх тогтоолдоо “... Сургалтын танхим нь оюутнууд байнга хичээллэдэг, чөлөөтэй нэвтэрч орж гарах зориулалттай бөгөөд тухайн өдөр шүүгдэгч М.Т нь өөрийн байнга хичээллэдэг 319 тоот хичээлийн танхимд орсныг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч М.Тын гаргасан үйлдэлд хууль зүйн талаас нь дүгнэлт хийхэд эд хөрөнгийг хулгайлж авахын тулд тухайн хичээлийн танхимд нэвтэрсэн нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн санаатай үйлдэл юм. Иймд шүүгдэгч М.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хичээлдээ суух улмаар багшаасаа чөлөө авч Ховд аймаг явах зорилготой сургуульдаа очсон. Ангийн хаалга гараар гардаг цоожтой үүнийг манай ангийнхан бүгд мэддэг тул гараараа цоожыг татаад онгойлгоод орсон. Багшийн нөтбүүк арын шкафанд байгааг манай ангийнхан бүгд мэддэг. Бид нар авч фейсбүүк ордог байсан. Хулгай хийх зорилготой очоогүй тул хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй бөгөөд хуулийн шаардлагад нийцсэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тухайн гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч М.Т нь Улаангом полетехник коллежийн 319 тоот ангид хичээлдээ суух зорилготой суралцагчдын хувиар нэвтэрч хулгай хийж байгаа энэ үйлдлийг хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүх хуралдааны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан  прокурорын 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Т нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах Улаангом Политехник коллежийн хичээлийн танхим буюу 319 тоот ангиас хохирогч Ж.Пүрэвжавын “Samsung“ маркийн 320.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер /notebook/ хулгайлсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замааар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Прокурорын “...М.Т нь Улаангом коллежийн 319 тоот танхимд тухайн өдөр нэвтрэх шалтгаан нь хичээлдээ суух биш харин тэнд хадгалагдаж байгаа ангийн багш буюу хохирогч Пүрэвжавын зөөврийн компютерийг хулгайлах зорилготой байсан бөгөөд уг үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд хичээлийн бус цагаар, хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор сургалтын танхимд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах“ гэмт хэргийн шинжийг хангаж байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлж өгнө үү“ гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т заасан “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн“ гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад хууль бус аргаар нэвтрэн орохыг ойлгох бөгөөд харин нийтийн үйлчилгээний газар /дэлгүүр, сургууль, анги танхим  гэх мэт/-т хууль ёсоор нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх боломжгүй юм.

М.Т нь 319 тоот хичээлийн танхимд нэвтрэхийн тулд хууль бусаар буюу хаалганы цоожийг эвдэх, түлхүүр тааруулах, цонхоор орох зэрэг арга хэрэглээгүй бөгөөд хичээлийн цагаар, ангидаа нэвтэрдэг арга хэлбэрээр нэвтэрсэн болох нь мэргэжлийн сургалтын хичээлийн 03 дугаартай хуваарь болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

Шүүгдэгч М.Т нь өөрийн суралцаж буй сургуулийн ангидаа,хичээлийн цагаар нэвтэрч орсны дараа ангийн багш Ж.П-ын зөөврийн компьютерийг хулгайлсан үйлдлийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн М.Тыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 04 дүгээртэй эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧИД                               Б.ДАМБА

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ