Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0047

 

2017 оны 01 сарын 11 өдөр                  Дугаар 221/МА2017/0047                  Улаанбаатар хот

Иргэн З.Б-ы нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, иргэн З.Б-ы нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22ы өдрийн 8 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоол, тус аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З.Б-д ажилгүй байсан хугацааны цалин болох 3577725 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийг даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасныг баримтлан тус сумын Засаг даргын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч П.А, Л.Ж, төлөөлөгч Ш.Б нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 113/ШШ2016/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 113/ШШ2016/0008 дугаар шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М миний бие 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан болно. З.Б-ы нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд буруу дүгнэлт хийсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гарган нэхэмжлэгч З.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна. Анхан шатны шүүхээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална" мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д "хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална" гэснийг зөрчсөн ба Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг нэгэнт тогтоосон тул тогтоолыг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэсэн болно. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 08 дугаар тогтоолыг өмнө нь аль ч шатны шүүх хууль бус хэмээн тогтоосон зүйл байхгүй байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 08 дугаар З.Б-ыг сумын Засаг даргаас огцруулах тухай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална" гэснийг зөрчөөгүй байна. Учир нь: 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15 төлөөлөгч Сүмбэр сумын Засаг дарга З.Б-ы 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 11 тоот тогтоолоор хангалтгүй үнэлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан "... чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй..." гэсэн үндэслэл болж байгаа тул Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг гаргаж Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.А-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д "Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ." гэж заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын "эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан ба тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн байна. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга З.Б-ыг огцруулах Сүмбэр сумын нэр бүхий төлөөлөгч нарын "Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах санал"-ын агуулга нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 дугаар хурлаар хэлэлцэгдэх 75 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар асуудлуудтай тохирсон тул "зохион байгуулалтын асуудал хэлэлцэх" -ээр оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан зөрчлийг үүсгэхгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана:" гээд 36.1.2-д "хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнах" гэж заасны дагуу Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлаас Сүмбэр сумын Засаг даргад хандан Сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын "Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хурлаар хэлэлцүүлэх тул хуралд материал ирүүлэх талаар албан бичгээр удаа дараа мэдэгдэхэд холбогдох материалыг хуралд ирүүлээгүй. Энэ талаар Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "... биелэлтүүдийг хуулийн хугацаанд бэлтгэж сумын Засаг даргад хянуулахаар өгсөн боловч хянаж байна гэх нэрийдлээр төрийн ажлыг удаашруулж, Тэргүүлэгчдийн хурал болон 16 дугаар хуралдаанд оруулсангүй" гэсэн тайлбарыг хэлсэн байна. Иймд Засаг дарга З.Б-ыг хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарч ажиллахаас татгалзсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалтгүй гэж үнэлсэн. Мөн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй нь уг хурлын төлөөлөгчдөөс Сүмбэр сумын Засаг дарга З.Б-ыг огцруулах санал гаргахад хүргэсэн байна. Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанд 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53,3 хувьтай байсан буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно" гэж заасан заалтыг хангасан тул уг хурал хүчинтэйд тооцогдохоор байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 "г/Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах, /сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;" бүрэн эрхийн хүрээнд Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал эрхээ хэрэгжүүлэн З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад ирүүлсэн байна. Дээрх нөхцөл байдлуудыг судалж Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн "З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай" Б/42 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэйгээр гаргасан болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23  дугаар зүйлийн 23.14-д "хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож батална" хэмээн заасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэг нь эрх зүйн актын хувьд хуулиас хүчин чадлаар доогуур Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй." 24.2 -д "Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно." 24.3-д "Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй." хэмээн заасан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоолоор Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын "эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн болох хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24      дүгээр зүйлийн 24.3-д заасан хугацааг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал зөрчөөгүй бөгөөд хэлэлцүүлэх асуудлыг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгч нарт тараасан байна. Хуульд нэгэнт тодорхой заасан байгаа тул Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дэгийг барьж асуудалд хандах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрхи байдлыг үндэслэн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 113/ШШ2016/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож З.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй буюу шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлагад дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч З.Б анх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 08 дугаар тогтоол болон Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн

З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоол, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоол, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаар тогтоол, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.А, Л.Ж, Ш.Б нарын бүрэн эрхийг дуусгавар болгохыг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоол, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоол, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 тогтоолуудыг хүчингүй болгуулах, З.Б надад ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин хөлсийг олгуулах, урамшуулах гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.А, Л.Ж, төлөөлөгч Ш.Б нарын бүрэн эрхийг дуусгавар болгохыг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа П.А, Л.Ж, Ш.Б нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж өөрчилсөн байна.

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх... гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байх боловч тус шүүх хуралдааны тэмдэглэл албан ёсоор баталгаажуулаагүй, тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас тайлбар гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүх нэхэмжлэлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоол, тус аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, З.Б-д ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийг даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах гэсэн шаардлагуудыг тус тус хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэлийн цалин хөлс гаргуулахтай холбоотой шаардлагын тухайд шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дүгнэлт хийгээгүй буюу хэрхэн ямар шалтгааны улмаас нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин болох 3 577 725 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар нотлох баримт маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт ямар хугацааны бичилтийг хийх нь зүйтэй талаар, өөрөөр хэлбэл дүгнэлт огт хийлгүйгээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасантай нийцээгүйн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан байдлаар нэмэгдүүлж, өөрчилсөн байдал, түүнчлэн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тодорхойлсноос үзвэл нэхэмжлэлийн цалин хөлс гаргуулахтай холбоотой шаардлага нь зөрүүтэй байхаас гадна шүүх нэхэмжлэлийн зарим шаардлага, үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Тухайлбал, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу ямар хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг хүссэн, ямар шалтгааны улмаас урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүрэн гүйцэд тодруулаагүй, эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зохих нотлох баримтуудыг цуглуулаагүй, дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт ... З.Б-д ажилгүй байсан хугацааны цалин болох 3 577 725 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг ... даалгасугай гэж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхийн шийдэл үндэстэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.А, Л.Ж, төлөөлөгч Ш.Б нарын бүрэн эрхийг дуусгавар болгохыг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа П.А, Л.Ж, Ш.Б нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага тусад нь гаргасан атлаа Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 67, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 тогтоолуудыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байдлаар тайлбарласан байхаас гадна тус нэхэмжлэлийн шаардлага нь утга агуулгын хувьд тодорхой бус ерөнхий агуулгатай, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хангагдах талаар тодорхойлоогүй байхад шүүх бүрэн гүйцэд тодруулах ажиллагаа хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, түүний хүрээнд, холбогдох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ