Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01636

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01636

 

 

                                     “Ө-324” СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/01979 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ө-324” СӨХ-ны хариуцагч Д.Рхолбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 916 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус СӨХ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24, 25 дугаар байрны 470 өрхийн 2 100 гаруй оршин суугчдын эрх ашгийг хамгаалан ажилладаг. 25 дугаар байрны 36 тоотод оршин суугч Д.Р СӨХ-ны төлбөрийг 2018 оны 7 дугаар сараас хойш төлөхгүй оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Иймд Д.Ргаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 916 300 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна. СӨХ-ны төлбөрийн хэмжээ 2018 оноос өмнө нэмэгдсэн, бусад сууц өмчлөгч нар төлбөрөө хэвийн төлж байна. Өмнө  авч байсан 16 200 төгрөгөөр СӨХ үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж оршин суугчдын саналыг үндэслэн удирдах зөвлөлөөс төлбөрийн хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: СӨХ-ны сарын төлбөр 16 200 төгрөг байсан. Төлбөрөө зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлж байсан. 2018 оны 7 дугаар сард СӨХ-ны төлбөр 26 950 төгрөг болсон байсан. СӨХ-ны хурал дээр албан ёсны шийдвэр гаргсан талаар танилцуулаагүй. Иймд СӨХ-ны төлбөрийг хууль бус гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Ргаас 916 300 /есөн зуун арван зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө-324” СӨХ-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 540  төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас төгрөг 12 540 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэл болсон нотлох баримт нь тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр тогтоол болсон. СӨХ-ны төлбөрийг хуваарилан тогтоох асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт заасан. Удирдах зөвлөлөөс эрх хэмжээгээ хэтрүүлэн өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дах хэсэгт заасны дагуу СӨХ-ны төлбөрийн асуудлаар бүх гишүүдийн хурал хийгээгүй, тогтоол, тэмдэглэл байхгүй, санал асуулга аваагүй атлаа оршин суугчид хүсэл зоригоо илэрхийлэн санал өгч дэмжсэн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Санал өгсөн гэх 80.7 хувийн оршин суугч нь хэн болох, тус байрны оршин суугч мөн эсэх, хэзээ саналаа өгсөн, ямар санал өгсөн, зөвшөөрч байгаа эсэх, татгалзаж байгаа эсэх зэрэг байдлууд тодорхойгүй. Баримтаар нийт оршин суугчдаас санал авч, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл гэдгийг тогтоох боломжгүй хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй эргэлзээтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас СӨХ-ны төлбөр тогтоосон асуудлаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг шүүхийн журмаар гаргуулах, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ч.Азарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар удирдах зөвлөлийн тогтоолоос өөр баримт ирүүлээгүй. Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудлаар удирдах зөвлөл эрх хэмжээгээ хэтрүүлэн хуулиар эрх олгогдоогүй асуудлаар дур мэдэн хууль бус тогтоол гаргасныг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан зарчмыг зөрчсөн. Шүүх хэргийг ийм байдлаар шийдвэрлэвэл удирдах зөвлөл нэртэй 6 хүн хууль бус тогтоол гарган бүх гишүүдийн эрхийг хэрэгжүүлэх, оршин суугчдаас дур зоргоор төлбөр шаардах, эрх ашгийг нь ноцтой зөрчих шүүхийн практик тогтох ноцтой үр дагаварт хүрнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Ө-324” СӨХ хариуцагч Д.Рхолбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 916 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Р нь 2018 оны 7 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй талаар хариуцагч маргадаггүй боловч “2018 оны 7 дугаар сараас эхлэн төлбөрийг үндэслэлгүй нэмсэн, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн гишүүд дур мэдэн шийдвэрлэсэн, өмнө төлж байсан 16 200 төгрөгөөр төлөхөд татгалзахгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэг заасан журмын дагуу үнэлээгүй байна. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч нь СӨХ-ны гишүүн байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй байна.

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

 

“Өнөр-324” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн, оршин суугчдын СӨХ-ны засвар үйлчилгээний хөлсийг м.кв тутамд 300 төгрөгөөр, жижүүрийн хөлсийг 7 000 төгрөгөөр, лифтний засвар үйлчилгээний хөлсийг 10 000 төгрөг, цэвэрлэгээний материал, хөдөлмөр хамгааллын зардлыг 2 000 төгрөгөөр сар бүр тооцож авахаар тогтоосон тогтоол, СӨХ-ны засвар, үйлчилгээний зардал болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн хөлсийг нэмэх тухай санал асуулгын дүн гэх баримтыг үндэслэн засвар үйлчилгээний зардлын хэмжээнд өөрчлөлт орсон гэж үзэхээргүй байна. /хх21-22/

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоох ажиллагаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дах хэсэгт заасан удирдах зөвлөлийн ажлын чиг үүрэгт хамааралгүй байна.

 

Хэрэгт бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан, төлбөрийн хэмжээг бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн, хуралд оролцсон гишүүд зөвшөөрсөн баримт авагдаагүй.

 

Хариуцагчийн 2018 оны 7 дугаар сараас өмнө дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд сар тутам 16 200 төгрөг төлдөг байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй тул уг дүнгээр 2018 оны 7 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 6 дугаар сар хүртэлх 35 сарын хугацаанд хамаарах зардалд хариуцагчаас 16 200 төгрөг х 35 сар = 567 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 916 300 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжид 26 541 төгрөг төлөх байтал 12 540 төгрөг төлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээнд тооцон 17 660 төгрөг гаргуулахаар өөрчлөв.    

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/01979 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 916,300 /есөн зуун арван зургаан мянга гурван зуу/ ...” гэснийг “... 567 000 /таван зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Өнөр-324” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 349 300 /гурван зуун дөчин есөн мянга гурван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “... 12,540 ...” гэснийг “... 17 600 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                         А.МӨНХЗУЛ