Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2016/0181/З |
Дугаар | 221/МА2017/0068 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2017/0068
2017 оны 01 сарын 18 өдөр Дугаар 221/МА2017/0068 Улаанбаатар хот
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч Ш.Б, Г.Э, Д.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах аудитын газрын гаалийн улсын байцаагч Ш.Б, Г.Э, Д.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 75 дугаар зүйлийн 75.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын гаалийн улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар актын Гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 25.388.874 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-иар төлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар тус актаар ногдуулсан 7.616.662 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн Ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч нарын 2015 оны 01-р сарын 09-ны өдрийн 10/15 тоот актыг хүчингүй болгуулах тухай захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн 884 дугаар шийдвэрийг хүлээн авч судалж үзээд эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно. Учир нь: 1. Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т "...Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ...", мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т ...Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ... гэж заасныг баримтлаагүй гэж үзнэ. 1.1. Гаалийн улсын байцаагч нарын 2015 оны 01-р сарын 09-ний өдрийн 10/15 тоот актад "Т" ХХК-ийн "...санхүүгийн баримтад үндэслэн шалгахад импортоор авсан зарим барааны гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчил илэрлээ... гэж тогтоож захиргааны хариуцлага ногдуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсгийг баримталсан ба уг зүйлд ...Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бурдуулэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал ууслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаарт заасан хариуцлага хүлээлгэнэ... гэснийг баримталсан байна. Хууль тогтоогч нь энэхүү зүйл заалтад зөрчилд ямар үйлдлүүд хамаарахыг нэрлэн зааж, үйлдэл тус бүрийн хэлбэрийг тодорхой заасан байх бөгөөд "дутуу мэдүүлсэн нь зөрчил гэж үзэх үндэслэлд хамаарахаар заагаагүй болно. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй, хариуцлага хүлээлгэхээр тогтоогоогүй үйлдэлд хариуцлага ногдуулсан улсын байцаагч нарын актыг үндэслэлтэй гэж үзэж хүчин төгөлдөр хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж, тайлбарласан шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна. 1.2. Шүүх 2015 оны 01-р сарын 09-ний өдрийн 10/15 тоот актаар тогтоосон 28 388 874 төгрөгийг зөвтгөж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "...Импортын гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно...", мөн 4.5-т "...нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтыг Засгийн газар батална..." гэж заасныг баримтлаагүйд оршино. Шүүх хуралдааны явцад дээрх хуулийн зүйл заалт мөн нэн тааламжтай болон хөнгөлттэй тарифын асуудлын талаарх гаалийн байцаагч нарын дурдаж байсан 2015 оны 07-р сарын 09-ний өдрийн "Импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээ батлах тухай" 74 тоот тогтоолыг баримтлаж актын үнийн дүнг хэвээр нь баталсан нь хуульд нийцээгүй болохыг Давж заалдах шатны шүүх анхааран үзнэ үү. Гаалийн улсын байцаагч нарын 2015 оны 01-р сарын 09-ний өдрийн 10/15 тоот акт тогтоох үед Монгол Улсын Их хурлын 1999 оны 06-р сарын 03-ны өдрийн "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" 27 тоот тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно. Уг тогтоол нь импортын барааны гаалийн тарифын ердийн хэмжээг тогтоосон байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг тогтоолд тааламжтай эсхүл хөнгөлттэй нөхцөл огт дурдагдаагүй байгаа юм. Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэгдэн орох тухай /цаашид "Киотогийн конвенц" гэх/ Монгол Улсын хууль 2006 оны 05-р сарын 26-ны өдөр батлагдсан бөгөөд Киотогийн конвенцийн Дөрөвдүгээр бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Гаалийн болон бусад татварын хувь хэмжээг албан ёсны хэвлэлд гарган ... гэж заасан ба хариуцагчийн зүгээс тооцох болсон хувь хэмжээг тогтоосон нийтэлсэн баримтыг гаргаж өгөөгүй, мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан үүргээ огт биелүүлэлгүйгээр зөвхөн гаалийн улсын байцаагч нарын актад дурдсан дүнг зөв гэж үзсэн нь учир дутагдалтай болсон юм. Нэн тааламжтай тариф эсвэл хөнгөлттэй нөхцөлийг баримтлан нөхөн татвар болон торгуулийг ногдуулж байгаа нь ойлгомжгүй болно. Өөрөөр хэлбэл шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзнэ. "Т" ХХК-ийн зүгээс lotte samkang гэсэн бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Солонгос Улсаас, рашаан ус болох бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Франц Улсаас, бусад бараа бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн Улсаас лсаас импортолсон болох нь гаалийн мэдүүлэг дээр бүрэн тусгагдсан болно. Засгийн газрын 2009 оны тогтоолын 1 хавсралтаар "Нэн тааламжтай тариф хэрэглэх дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын жагсаалт"-ыг баталсан юм. Уг жагсаалтын 2-т АНУлс, 64-т БНСУлс, 92-т Европын холбоо буюу түүний гишүүн болох Франц улс багтаж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан олон улсын гэрээ, хэлэлцээрийг баримтлаагүй орхигдуулсан байна гэж үзэж үндэслэлтэй байна. Дээрх зүйлээс үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 884 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Давж заалдах шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг биечлэн оролцуулж, нэмэлт тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээр хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хянан үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана, 106.3.1-т Захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж шүүх маргааныг хянан үзээд хийх дүгнэлт, шийдвэрийн хүрээ хязгаарыг зааж хуульчилжээ.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 8 сар гаруй хугацаанд нэхэмжлэгч нь маргаан бүхий актаар нөхөн төлбөр, торгууль ногдуулах болсон үндэслэл болох ...импортоор авсан зарим барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх зөрчлийг гаргаагүйтэй холбоотой судалгаа тооцоо, баримт нотолгоог буюу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шүүхэд гаргаж мэдүүлэх, мэтгэлцэх бүрэн боломжтой байжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь анхнаасаа маргаан бүхий актын үндэслэл болох импортоор авсан зарим барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх зөрчлийг гаргаагүй талаарх холбогдох тооцоо, судалгаа баримт нотолгоог гаргаж, мэтгэлцээгүй, харин хариуцагч нарын хяналт шалгалт явуулсан үйл ажиллагаатай холбогдуулан ...удирдамж томилолтгүйгээр шалгасан, ...шалгалтын эцсийн үр дүнгийн акт, баримтыг удирдлагуудад биечлэн танилцуулаагүй, ... үүний улмаас Т группийн салбар ХХК-ууд татварын өршөөл үзүүлэх тухай ил тод байдлын хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлан мэдээг зөв гаргаж өршөөлд хамрагдах боломжгүй болгож биднийг хохироож байна... гэж маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шаардсан үндэслэлийг тодорхойлж маргасан байх тул энэ үндэслэлтэй нь холбогдуулан шүүх ...хариуцагч нар шалгалтын удирдамжийг эрх бүхий албан тушаалтанд танилцуулсны үндсэн дээр шалгалтыг эхлүүлсэн нь хууль зөрчөөгүй, шалгалтыг сунгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан байх тул мэдэгдээгүй, удирдамж гардуулаагүй, мэдээлэл зөвлөгөөгөөр хангаагүй, Төрийн хяналт шалгалтын болон Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж шалгалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хуульд заагаагүй, хариуцлага хүлээлгэхээр тогтоогоогүй үйлдэлд хариуцлага ногдуулсан улсын байцаагч нарын актыг үндэслэлтэй гэж үзэж хүчин төгөлдөр хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж, тайлбарласан шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг хангаагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу мэдүүлсэн гэх зөрчлийг гаргаагүйтэй холбоотой тооцоо судалгаа, баримт нотолгоог гаргаж маргаагүйгээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол тайлбартаа ...дутуу мэдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцохоор зүйл заалт байхгүй, дутуу мэдүүлсэн гэдэг заалт огт байхгүй байхад 293.1-ийг баримталсан, хэрэглэж байгаа зүйл заалт нь зөрчлийг илрүүлсэн заалт биш, энэхүү заалтад зөрчилд ямар үйлдлүүд хамаарахыг нэрлэн зааж, үйлдэл тус бүрийн хэлбэрийг тодорхой заасан байх бөгөөд дутуу мэдүүлсэн нь зөрчил гэж үзэх үндэслэлд хамаарахаар заагаагүй... гэж нэхэмжлэгчийн гаалийн хилээр бараа нэвтрүүлэхдээ дутуу мэдүүлсэн зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нараас нэхэмжлэгч компанийг шалгалтад хамруулсан цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, ...ийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл хэрэв мэдүүлэгч барааны тоо хэмжээг засварлах зэрэг аргаар худал мэдүүлж гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн бол хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоор байх тул ... дутуу мэдүүлсэн нь худал мэдүүлэх зөрчилд хамаарна гэх хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... хариуцагчийн зүгээс тооцох болсон хувь хэмжээг тогтоосон нийтэлсэн баримтыг гаргаж өгөөгүй, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ огт биелүүлэлгүй ...Киотогийн конвенцыг болон Засгийн газрын тогтоолыг шүүх нотлох баримтаар аваагүй... нэн тааламжтай тариф эсхүл хөнгөлттэй нөхцөлийг баримтлан нөхөн татвар болон торгуулийг ногдуулж байгаа нь ойлгомжгүй... гэх гомдол, тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй байна. Учир нь,
Дээрх гомдолд дурдагдсан Киотогийн конвенц, Засгийн газрын тогтоол гэх баримтууд нь нийтэд илэрхий эрх зүйн эх сурвалж байх тул тэдгээрийг шүүхийн журмаар гаргуулах шаардлагатай, хэрэгт зайлшгүй авагдсан байх ёстой баримт гэж үзэхгүй.
Гаалийн байцаагч нарын Т ХХК-ийн шалгалтад хамруулсан 2010-2013 онуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зохицуулалтуудаас үзвэл, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гаалийн тариф гэж гаалийн татварын хувь, хэмжээг, 3.1.2-т гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг, 4 дүгээр зүйлийн 4.4-т Дор дурдсан гадаад улсаас гарал үүсэлтэй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэнэ, 4.5-д Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтыг Засгийн газар батална, 4.6-д Энэ хуулийн 4.5-т заасан жагсаалтад ороогүй улсын гарал үүсэлтэй, эсхүл уг жагсаалтад орсон улсын гарал үүсэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд ердийн тариф хэрэглэнэ, 4.7-д Энэ хуулийн 4.5-д заасны дагуу баталсан жагсаалтад хамаарах улсын барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн өдрөөс хойш уг барааны гарал үүслийн гэрчилгээг 45 хоногийн дотор нөхөн гаргаж өгсөн бол нэн тааламжтай тариф хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд илүү төлсөн гаалийн татварыг гаалийн байгууллага буцаан олгоно, 27 дугаар зүйлийн 27.3-т Мэдүүлэгчийн хүсэлтээр барааны гарал үүслийн улсыг гаалийн байгууллага урьдчилан тодорхойлж болно, 31 дүгээр зүйлийн 31.3-т Мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө, 31.5-д Импортын барааны гарал үүслийн улсыг нягтлан шалгах хугацаа 30 хоногоос хэтрэхээргүй байх бөгөөд гаалийн удирдах төв байгууллага уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно, 34.2-т Барааны гарал үүслийн гэрчилгээг импортын бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх үндсэн бичиг баримт гэж үзнэ, 43 дугаар зүйлийн 43.2-т Гаалийн байгууллага илүү төлөгдсөн гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно 43.2.1-т бараа ердийн тарифаас нэн тааламжтай тарифт шилжсэн гэж тус тус хуульчилжээ.
Мөн 2010-2013 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 88 дугаар тогтоолоор баталсан Барааны гарал үүслийн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т Худалдах, хэрэглэх, эсхүл ашиглах зориулалттай, нийт үнийн дүн нь 1000 ам.доллараас хэтрэхгүй бараанд барааны гарал үүслийн мэдүүлэг, эсхүл барааны гарал үүслийг баталгаажуулсан мэдүүлгийг үндэслэн нэн тааламжтай тариф хэрэглэнэ, 4 дүгээр зүйлийн 4.1-т Барааны гарал үүслийн улсыг мэдүүлэгч холбогдох нотлох баримтыг үндэслэн гаалийн мэдүүлгийг нөхөн бичих замаар гаалийн байгууллагад мэдүүлнэ, 4.2-т Мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг энэ дүрмийн дагуу өөрөө тодорхойлно гэж тус тус заасан байна.
Дээрх хууль дүрмийн зохицуулалтуудаас үзвэл мэдүүлэгч нь гаалийн татварын хувь хэмжээг өөрөө тодорхойлохоор байхаас гадна хэрэв нэн тааламжтай эсхүл хөнгөлөлттэй тарифаар гаалийн татвар төлөхийг хүссэн тохиолдолд заасан барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн өдрөөс хойш уг барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг 45 хоногийн дотор нөхөн гаргаж өгсөн тохиолдолд барааны гарал үүслийн мэдүүлэг, эсхүл барааны гарал үүслийг баталгаажуулсан мэдүүлгийг үндэслэн нэн тааламжтай тариф хэрэглэх, улмаар гаалийн байгууллага барааны гарал үүслийг нягтлан шалгасны үндсэн дээр илүү төлсөн татварыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буцаан олгохоор байна.
Хавтаст хэрэгт хавсаргагдсан Т ХХК-нд хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын материал гэх баримтаас үзвэл 2010 оны 06, 07, 09 дүгээр саруудын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлгүүдэд нэхэмжлэгч нь гаалийн тарифыг 5 хувиар төлөхөөр буюу тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Lotto Samkang нийлүүлэгч компанийн майонез, кетчупыг 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгтээ гаалийн тарифыг 5%-аар, Бүгд Найрамдах Франц Улсын NW Marketing&Distributio компанийн хийжүүлсэн усыг 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгтээ гаалийн тарифыг 5%-аар, Америкийн Нэгдсэн Улсын Floridas Natural Growers a Division компанийн жүүсийг 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгтээ гаалийн тарифыг 5%-аар, Otis Mc Allister компанийн жүүсийг 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгтээ гаалийн тарифыг 5%-аар гаалийн татварын төрлийг өөрөө сонгож мэдүүлсэн болох нь тус тус тогтоогджээ.
Нэхэмжлэгч Т ХХК нь улсын хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх үед гаалийн мэдүүлэг гаргахдаа эсхүл мэдүүлснийхээ дараа нөхөн мэдүүлэх замаар нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тарифын дагуу гаалийн татвар төлөхөөр эрх бүхий этгээдэд холбогдох нотлох баримтын хамт хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан байх бөгөөд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүх тус компанийн гаалийн хилээр нэвтрүүлсэн барааг нэн тааламжтай болон хөнгөлөлттэй нөхцөлөөр татвар ногдуулахтай холбоотой хүсэлт гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаарх хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааг бус харин хариуцагч гаалийн байцаагч нарын импортоор авсан зарим барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх зөрчил шалгалтаар илэрсэн гэж үзэж татвар, торгууль нөхөн төлүүлэхээр тогтоосон захиргааны актыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэж, актаар тогтоосон төлбөрөөс 7,616,662 төгрөгийн торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг батлах тухай 74 тоот тогтоолыг баримталж актын үнийн дүнг хэвээр баталсан нь хуульд нийцээгүй ... нэн тааламжтай тариф хэрэглэх дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын жагсаалтад багтаж байгаа улсаас бараа импортлосныг анхаараагүй... гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдал бичилтийн хувьд алдаатай байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 75 дугаар зүйлийн 75.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын гаалийн улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар актаар ногдуулсан 7,616,662 /долоон сая зургаан зуун арван зургаан мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 25,388,874 /хорин таван сая гурван зуун наян найман мянга найман зуун далан дөрөв/ төгрөг болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ