Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01659

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01659

 

                                     С.Өнэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/02312 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Өхариуцагч Г.Гт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 44 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батнасан, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Гтай  2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Robex 2900LC маркийн 1992 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 7538 УБ улсын дугаартай экскаваторыг худалдан авсан. Гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 30 000 000 төгрөгийг Г.Гийн Хаан банкны 5006762434 тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл биет байдлын доголдолтой экскаватор худалдсан. Экскаваторыг худалдаж авснаас 2 цагийн дараа нэхэмжлэгчид эвдэрхий тул буцаая гэхэд урьдчилгааанд өгсөн төлбөрийг зээлэндээ өгсөн буцаах боломжгүй, засвар, үйлчилгээний 2 000 000 төгрөгийг үлдэгдэл 30 000 000 төгрөгөөс хасна гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь экскаваторыг 2-3 засварчнаар засуулсан. Г.Г гэрээ сунгахгүй гэсэн. Экскаваторыг Г.Гын ах буцааж авсан, худалдагч тал гэрээг цуцалсан учраас урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

  Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, урьдчилгаа 30 000 000 төгрөг авсан. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийг сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. С.Ө экскаваторыг засварчнаар шалгуулж, үзсэн. Гэрээний хугацаанд эвдрэл, гэмтэл гараагүй, экскаватороор ажил хийж байсан. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрийг авах талаар утсаар хэлж байсан. Засварын 2 000 000 төгрөгийг хасч өгвөл үлдэгдэл төлбөрийг 8 хоногийн дотор төлнө гэсэн. Экскаваторын ажил зуны 2, 3 сард явагддаг. С.Ө 40 хоногийн хугацаатай гэрээ байгуулж, экскаваторыг зуны улиралд ашиглаад, 30 000 000 төгрөгөө буцааж авна гэсэн бодолтой байсан гэж үзэж байна. Гэрээний 5.2-т худалдан авагч төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй бол урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг түрээсэнд тооцож суутгана гэж тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр экскаваторыг олж авсан. Зуны улиралд олох байсан орлогоо олж чадаагүй тул гомдолтой байна. Хариуцагч биет байдлын доголдолгүй экскаватор өгсөн гэдгийг мэдэж авч явсан. Хариуцагч доголдолгүй эд хөрөнгө худалдсан. 2-3 цагийн дараа хариуцагчид мэдэгдсэн гэдэг нь худал. 2-3 удаа засвар хийлгэсэн болохыг нотлох баримтгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний 5.2 дах хэсэг болон Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд зааснаар худалдагч өөрт учирсан хохирлоо буцаан шаардах эрхтэй. Гэрээнд заасан 40 хоногийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул уг хугацаанд олох боломжтой байсан орлогыг хохиролд тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээний 4.9, 5.1, 5.2-т заасны дагуу гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй. Хохирлыг худалдан авагч талын урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээс гэж тооцон суутгана гэж тус тус заасан. Нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлж, ямар нэгэн доголдолгүй экскаватор худалдсан. Нэхэмжлэгч шалгаж үзээд авсан бөгөөд аливаа техник, хүнд даацын тээврийн хэрэгсэлд ажиллагааны явцад жижиг сажиг гэмтэл гарахыг мэднэ. Гэрээний 5.2-т заасны дагуу гэрээ цуцлагдсан тул урьдчилгаа 30 000 000 төгрөгийг 40 хоногийн түрээсэнд тооцож авсан. Өдрийн түрээс 750 000 төгрөгөөр тооцох нь хариуцагчид алдагдалтай, нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанаас 8 хоногоор хэтрүүлсний хохирлыг тооцоогүй дүн болно. Экскаваторыг даацаасаа хамаараад өдрийн 800 000-1 200 000 төгрөгөөр түрээсэлдэг ба 2.9 тн даацтай том оврын ангиллын экскаваторыг өдрийн 1 000 000 төгрөгөөс доошгүй төлбөртэй түрээсэлдэг. С.Ө нь гэрээний үүргээ биелүүлээгүй, 40 хоногийн турш экскаваторыг ашиглаж үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Энэ хугацаанд хариуцагч нь 40 000 000 төгрөгөөс доошгүй хэмжээний орлого олох боломжоо алдаж хохирсон. Нэхэмжлэгч урьдчилгаа 30 000 000 төгрөгийг шаардах эрхгүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дах хэсэгт зааснаар хариуцагч өөрт учирсан хохирлоо худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй. Иймд С.Өаас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 44 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Экскаватор эрхийн зөрчилтэй буюу ашиглах боломжгүй эвдэрхий байсан тул гэрээний хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон. Энэ талаар хариуцагчид утсаар мэдэгдэж, гэрээ цуцлах санал тавьсан боловч гэрээ цуцлах боломжгүй, засвар хийсэн мөнгөнд үлдэгдэл төлбөрөөс 5 000 000 төгрөгийг хасч тооцно гэсэн. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

  Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 30 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Өт олгож, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Өаас 5 600 000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Гт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 400 00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 377 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Өт олгож, нэхэмжлэгч С.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 104 550 төгрөг гаргуулж хариуцагч Г.Гт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, утга агуулгын хувьд үндэслэх хэсэг, тогтоох хэсэгтэй зөрчилдсөн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ биет байдлын доголдолтой техник худалдсан гэж тодорхойлсон нь шүүхийн дүгнэлтээр няцаагдаж байхад няцаагдсан үндэслэлээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Худалдан авагчид холбоотой хуулийн зохицуулалтыг хариуцагчид холбогдуулан тайлбарласан байна. Гэрээний зүйл экскаватор нь үйлдвэрээс дөнгөж гарсан, эсхүл гадаадаас шинээр оруулж ирсэн техник биш. 1992 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2006 онд орж ирсэн тул эвдрэл гэмтэл гарсан гэж гэрчээс мэдүүлж байгаа асуудлыг дээрх байдлаар дүгнэх үндэслэлтэй. Энэ төрлийн хүнд даацын экскаватор нь ашиглалтаасаа хамаараад эвдрэл гарах тохиолдол байдаг боловч гэрээ байгуулах үед хэвийн ажиллагаатай байсныг С.Ө нь өөрөө болон бусад этгээдүүдээр шалгуулж авсан байдаг тул доголдолтой экскаватор худалдсан гэж дүгнэх боломжгүй. Гэрээ байгуулснаас хойш 48 хоног өнгөрч байхад гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаагүй, хариуцагч Г.Гийн зүгээс өөр бусдаар С.Ө руу утсаар яриулж, газар шорооны ажил хийлгэе гэхэд ямар ч асуудалгүй ажил хийхээр ирсэн, хэрэв тухайн үед нь эвдрэлтэй, доголдолтой байсан бол буцаан өгч мөнгөө авахгүй засвар хийгээд, гэрээний хугацаа дуусахад мөнгөө ч өгөхгүй, экскаватороо өгөхгүй гээд зугтаагаад байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээ цаашид үргэлжлүүлэх сонирхолтой бөгөөд өөрийн ашиглалтын явцад өөрөө эвдчихээд, өөрийн буруугаас ашиг орлогоо олж чадаагүй болохоор зугтаасан гэж үзэхээр, анх экскаваторыг худалдаж авахын өмнө С.Ө 2 удаа шалгаж үзсэн, дараа нь засварчнаар шалгуулаад авсан талаар маргадаггүй. Анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлын талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Мөн шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний хугацаа дууссанаас хойш экскаватороо хүлээж авах хүртэл хугацааны хохирлыг зөвхөн тооцон гаргуулж, бусад гэрээний хугацааны хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гарган гэрээний хугацаанд олох боломжтой байсан орлогынхоо хэмжээг баримтаар нотлон шүүхэд гаргасан бөгөөд шүүх хохирол учирсан нь нотлогдож байгаа талаар дүгнэсэн. Харин нэхэмжлэгч С.Өзүгээс сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэсэн баримт, тайлбарыг гаргаагүй байхад гэрээний хугацаанд хохирол учраагүй, гагцхүү гэрээний хугацаа дууссанаас хойш хохирол учирсан мэтээр дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3  дах хэсэг болон гэм хор арилгах нийтлэг журмын талаар зохицуулсан зохицуулалтаас харахад гэрээний хугацаа хэтрүүлсэн тал гэрээ байгуулагдсанаас хойш гэрээг цуцлах хүртэл бүх хугацааны хохирлыг нийтэд нь хариуцах үүрэгтэй. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан, утга агуулгын хувьд зөрүүтэй шийдвэрийг гаргасан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шийдвэрлэсэн тохиолдолд урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг хохиролд тооцож авах боломжгүй нөхцөл байдал үүсч, харин учирсан хохирлоо нотлох баримтуудыг үндэслэн 44 000 000 төгрөг гаргуулан авах боломжтой гэх байдлаар шийдвэрлэнэ гэж бодсон.  Гэтэл худалдагчийг доголдолгүй экскаватор худалдсан боловч урьдчилгаанд төлсөн мөнгийг нь буцааж өгөх, харин учирсан хохирлоо гэрээний хугацаа дууссанаас хойш тооцож авах ёстой гэх байдлаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг ойлгоогүй гэж үзэхээр байна. Экскаватор нь гэр, хашаанд үзмэр байдлаар хадгалдаг эд хөрөнгө биш, тодорхой ажил гүйцэтгэж, түүнээсээ ашиг олох зорилготой эд хөрөнгө юм. С.Өаас шалтгаалан экскаватороо 40 хоног ашиглаж чадаагүй, олох боломжтой байсан орлогоо алдсан байхад анхан шатны шүүхээс энэ хугацаанд хохирол учраагүй, түүнээс хойш харин хохирол учирна гэх байдлаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт маргахгүй. Харин урьдчилгаанд авсан 30 000 000 төгрөгийг С.Өт олгож, сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас 24 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Хариуцагч өмнө нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/00414 дугаар шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байсан. Хариуцагч Г.Г экскаватороо буцаан авчихаад урьдчилгаанд авсан 30 000 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлээр 44 000 000 төгрөг шаардаж байгаа биш харин учирсан хохиролд тооцон урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг авсан нь хууль зөрчөөгүй болохыг бодит баримтад үндэслэн дүгнэлт хийлгэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.Өаас 30 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Өхудалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Г.Г эс зөвшөөрч гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд 44 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 75-38 УБ улсын дугаартай robex 2900LC маркийн экскаваторыг 60 000 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 30 000 000 төгрөгийг гэрээ байгуулмагц төлөх, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулан гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэх, хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой экскаваторыг шилжүүлэхээр тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчид урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөг төлж, хариуцагч тээврийн хэрэгслийн эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр экскаваторыг буцааж авсан үйл баримт тогтоогджээ. /хх 7-9/

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал болон үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Гэрээний 5.1, 5.2-т “талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна, худалдан авагч нь тогтоосон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч гэрээг дангаар цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй. Хохирлыг худалдан авагчийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээс гэж тооцон суутгана” гэжээ.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцагч экскаваторыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буцаан авч, гэрээнээс татгалзсан гэж, харин нэхэмжлэгч “доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учраас буцаах талаар мэдэгдсэн” гэх үндэслэл заан мэтгэлцсэн. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах үндэслэл болох үүргийн зөрчил нотлогдсон байх шаардлагатай.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.

Хэргийн баримтаар гэрээний зүйл биет байдлын доголдолтой, гэрээнд заасан зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн нөхцөл байдал зэргийг харьцуулан үзэж хариуцагчийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Тодруулбал, гэрч Д.Эын “.., цахилгааны гэмтэл нь  ачилтын явцад даамжирсан байх боломжтой .., эрчлүүрийн гэмтэл нь ачилтанд холгогдсон шинэ гэмтэл байсан, ер нь шинэ, хуучин гэмтэл байсан ..., хуучин гэмтэл нь утаснууд хагарсан, бэхэлгээнүүддээ хэрчигдээд орхичихсон гэмтлүүд байсан” гэх, гэрч М.Сайнжаргалын “.., нэг удаа явах эд анги нь болохоо больсон нэг экскаваторыг янзлуулсан. Сүүлд 22-н товчооны хавьд нацосны сальник солиулж байсан ..,” гэх мэдүүлэг, статер худалдаж авсан баримтаар экскаватор цахилгааны гэмтэлтэй байсан нь тогтоогдож байх боловч энэ нь уг эд хөрөнгийг бүхэлд нь ашиглах боломжгүй байсан гэх үндэслэл болохгүй байна. Учир нь уг техник хэрэгсэл хуучин, засвар үйлчилгээ шаардлагатай болохыг худалдан авагч мэдэх боломжтой байжээ. /хх11,189-190,195/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлээр шаардлага гаргах эрхээ алдсан байна. 

Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүйгээс хариуцагч экскаваторыг буцаан авч гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас экскаваторын урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв.

Харин гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд 44 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... нэхэмжлэгч экскаваторыг өөрөө болон бусдаар шалгуулж авсан, үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй тул гэрээний 4.9, 5.1, 5.2-т заасны дагуу гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо нэхэмжилнэ. 40 хоногийн хугацаанд экскаваторыг ашигласан тул энэ хугацаанд олох ёстой байсан орлогоо түрээсийн төлбөрөөр тооцсон” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч экскаваторыг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшилдээ байлгасан үйл баримт тогтоогдсон. Харин экскаватор доголдолтой байсан тул гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, бусдаар төлбөртэй засуулсан” гэж тайлбарласан боловч хугацааны хувьд эргэлзээтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Д.Эн “ .., ер нь бол хуучин жоохон маастай тэрэг байсан, ачилтын явцад даамжирсан байх боломжтой. Хажуугаар нь эрчлүүрийн /статер/ гэмтэл нь ачилтанд холгогдсон шинэ гэмтэл байсан, бусад нь хуучин гэмтэл байсан .., цахилгаан утас, эрчлүүр утсыг янзалсан, цахилгааны гэмтлийг янзлахад лент, утас, төгөсгөгч, статерийн туслах релэ орсон ..,” гэх мэдүүлэг, мөн хэргийн 11 дүгээр тал дах 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр экскаваторын статер худалдан авсан нэхэмжлэх зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр экскаваторын /статер/ эд ангийг сольж тавьснаар цаашид зориулалтынх нь дагуу ашиглах боломжтой болсон гэж үзэхээр байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс экскаваторыг хариуцагчид хүлээлгэн өгсөн 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийг бусдын эд хөрөнгийг ашиглаж, үр шимийг нь хүртсэн гэж үзэв. /хх189-190/

Экскаваторын нэг өдрийн түрээсийн дундаж ханшийг хариуцагчийн өмнө нь бусадтай байгуулж байсан экскаватор түрээсийн гэрээ, түүний дагуу төлбөр авч байсан дансны хуулга, гэрч Л.О мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж 800 000 төгрөгөөр тооцоолон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс 12 хоногийн хугацаанд олох ёстой байсан орлогод 9 600 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /хх95-101, 113-116/

Талуудын урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг хохиролд суутган авах тухай тохиролцоо нь гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг ашиглах бүрэн боломжтой тохиолдолд хэрэгжинэ. Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл экскаваторыг засварчнаар засварлуулж байсан, тээврийн хэрэгсэл гэмтэлтэй талаар хариуцагчид мэдэгдэж байсан зэргээс үзэхэд хариуцагч нь урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг бүхэлд нь олох ёстой байсан орлого буюу хохиролд тооцон шаардах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/02312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Өаас 9 600 000 төгрөг гаргуулж, хариуцагч Г.Гт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 34 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “... 104,550 ...” гэснийг “... 168 550 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                  А.МӨНХЗУЛ