Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/02312

 

 

 

 

 

     2021           09              23                                              184/ШШ2021/02312

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, М овогт С Ө /0000000/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Г Г /000000/-д холбогдох,

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 44,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би экскаватор худалдан авахаар /зарын дагуу/ Г.Г холбогдож, Robex 2900LC маркийн 1992 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 0000 УБ улсын дугаартай экскаваторыг худалдаж авахаар тохиролцож, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл нь гэрээ байгуулмагц, урьдчилгаа болох 30,000,000 төгрөгийг Г.Г Хаан банкны 000000000 тоот дансанд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон.

Гэтэл хариуцагч Г.Г надад худалдсан экскаватор нь гэрээний 4 дүгээр зүйлийг зөрчиж, биет байдлын доголдолтой экскаватор худалдсан бөгөөд худалдан авснаас 2 цагийн дараа би Г.Г ярьж, эвдэрхий техник байна буцаая гэж хэлэхэд “Би зээлийнхээ төлбөрт мөнгийг чинь өгчихсөн. Ямар ч боломжгүй болсон. Чи эвдрэлийг нь засаад авчих, би чамд засвар, үйлчилгээний 2,000,000 төгрөгийг үлдэгдэл 30,000,000 төгрөгөөс хасаж өгнө” гэж хэлсэн. Би авсан экскаваторыг 2, 3 засварчинд засуулсан.

Тухайн үед Г.Г дахин гэрээ сунгаж байгуулах талаар санал тавихад боломжгүй гэж хэлсэн. Би экскаваторыг засуулаад, ажил хийх зарын дагуу нэг газар очиход Г.Г ах нь миний экскаватор гэж хэлээд хашааны хаалгаа түгжээд буцаан авсан, худалдагч тал өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан учраас урьдчилгаа төлбөрт өгсөн 30,000,000 төгрөгийг Г.Г гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би С.Ө худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн. Миний тавьсан зарын дагуу экскаваторыг ирж, үзээд, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. С.Ө нь экскаваторыг засварчин дагуулж ирээд шалгаж, үзсэн. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нотариат дээр гэрээ байгуулах үед 40 хоногийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэж хэлээд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцон, гэрээ байгуулсан.

Гэрээний хугацаанд эвдрэл, гэмтэл огт гараагүй ба экскаватороор ажил хийж байсан. Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрөө авах талаар урьд өдрүүдэд нь утсаар холбогдон хэлж байсан. Гэтэл С.Ө нь гэрээний төлбөрийг төлж барагдуулах сүүлийн өдөр надтай уулзаагүй бөгөөд утсаар холбогдон “засварын 2,000,000 төгрөгийг хасаад өгвөл мөнгийг чинь 8 хоногийн дотор гүйцээж өгье” гэж хэлсэн.

Түүнээс хойш С.Ө надтай холбогдоогүй. экскаваторын ажил нь зуны 2, 3 сар л явагддаг. Би өөрийнхөө өнцгөөс харахад С.Ө нь 40 хоногийн хугацаатай гэрээ хийж, экскаваторыг зуны улиралд авч, ашиглачхаад, буцаагаад 30,000,000 төгрөгөө авна гэсэн бодолтой байсан байх гэж бодож байна.

Гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй бол урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгийг түрээсэнд тооцож суутгана гэж тохиролцсон.

Би гэрээ байгуулснаас хойш 48 хоногийн дараа 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр экскаватороо олж авсан. Тухайн үед С.Ө нь ажил хийнэ гэсэн зар тавьсан байсан тул зарын дагуу экскаватороо буцааж авсан. Тиймээс тухайн зуны улиралд олох байсан орлогоо олж чадаагүй учраас гомдолтой байна.

С.Ө нь биет байдлын доголдолгүй гэдгийг мэдээд авч явсан. Үүний дагуу хариуцагч доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан. Нэхэмжлэгч хариуцагчид доголдолтой гэдгийг 2-3 цагийн дараа мэдэгдсэн гэдэг нь худал зүйл юм. Мөн 2, 3 удаа засвар хийлгэсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Гэрээний 5.2 дахь хэсэгт болон Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд зааснаар худалдагч өөрт учирсан хохирлоо буцаан шаардах эрхтэй. Гэрээнд заасан 40 хоногийн хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас тухайн хугацаанд өөрийн олох боломжтой байсан орлогыг хохиролд тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

           

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байгаа бөгөөд Хариуцагч Г.Г нь өөрийн эзэмшлийн 0000 УБ улсын дугаартай, Robex 2900 LC маркийн экскаватороо 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 60 сая төгрөгөөр зарна гэсэн зарыг фэйсбүүктээ тавьсан байтал 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр С.Ө нь Г.Г руу залгаад экскаваторыг чинь үзмээр байна гэхээр нь хамт очиж үзүүлээд С.Ө нь үзэж харж, шалгаад явсан.

Маргааш нь С.Ө нь экскаватор сайн мэддэг ах гэх Ч гэж хүнийг дагуулан ирээд дахин шалгаж үзээд явсан ба түүний маргааш өдөр нь бас дахин ирж надтай уулзаад миний экскаваторыг урьдчилж, 30 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл 30 сая төгрөгийг 1 сарын хугацаанд төлөөд нэрээ шилжүүлж авъя гэсэн саналыг тавьсан. Уг саналыг нь Г.Г нь хүлээн зөвшөөрөөд нотариатаар гэрчлүүлэн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ба гэрээндээ 1 сар гэж ярьж байсныг нь 40 хоногийн хугацаанд үлдэгдэл 30 сая төгрөгийг төлөхөөр заасан.

Мөн тэдний хооронд байгуулсан уг гэрээний 4.9-д “Энэхүү гэрээнд заасан үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээсээ татгалзаж, эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй”, 5.1-д “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна”, 5.2-д “Худалдан авагч тал тогтоосон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч тал гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 Хохирлыг худалдан авагч талын урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээс гэж тооцон суутгана”  гэж тус тус заасан. Тэгээд 40 хоногийн дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр С.Ө үлдэгдэл 30 сая төгрөгөө авахаар утсаар ярьсан чинь “...надад чамд өгөх мөнгө байхгүй, би экскаватороор чинь мөнгө хийж чадаагүй” гэсэн тул гэрээнд заасныхаа дагуу экскаватороо авъя гэхэд “...би яг одоо Толгойт өртөөний хажууд миний экскаватороор 150 ширхэг нүх ухаж байгаа, удахгүй ажлын хөлсөө аваад үлдэгдэл 30 сая төгрөгөөс чинь 8 сая төгрөгийг нь өгнө” гэж хэлээд хүлээсэн ба хүлээх зуураа Г.Г нь ажил хийж байгаа гэсэн газарт нь олон өөр бусад газраар экскаватороо хайсан боловч олоогүй ба С.Ө нь утсаа ч авахаа больсон.

Ийнхүү ярьснаас хойш 8 хоногийн дараа фэйсбүүкээр харж байтал С.Ө нь өөрийн фэйсбүүк дээрээ экскаватороор ажил хийнэ гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу өөр дугаараас яриад газар шорооны ажил хийлгэх гэсэн юм гэж дуудаад, ирэхээр нь Г.Г нь өөрийн экскаватороо авсан гэрээний 4.9, 5.2-т заасныг зөрчөөгүй болно.

Түүний хувьд С.Ө байгуулсан “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, ямар нэгэн доголдолгүй экскаватор зарсан ба С.Ө нь өөрөө бүгдийг үзэж харж, шалгаад, хүнээр шалгуулаад авсан бөгөөд аливаа техник, тэр тусмаа хүнд даацын тээврийн хэрэгсэлд ажиллагааны явцад жижиг сажиг гэмтэл гарах тохиолдол гардаг болохыг С.Ө өөрөө ч мэднэ.

 Гэрээний 5.2-т заасны дагуу урьдчилгаа 30 сая төгрөгийг гэрээ цуцлагдсан учраас 40 хоногийн түрээсэнд тооцож авсан ба энэ гадуур экскаватор түрээслэдэг үнээс хэт доогуур буюу өдрийн 750,000 төгрөгөөр тооцогдож байгаа нь харин ч хариуцагчид алдагдалтай байхын зэрэгцээ С.Ө нь гэрээнд заасан хугацаагаар 8 хоногоор хэтрүүлсний хохирлыг тооцоогүй дүн болно.

Экскаваторыг даацаасаа хамаараад өдрийн 800,000-1,200,000 төгрөгөөр түрээслэдэг ханш тогтсон байдаг ба уг экскаваторын хувьд 2.9 тн даацтай том оврын ангилалд орох учраас өдрийн 1,000,000 төгрөгөөс доошгүйгээр түрээслэдэг доошгүй хөлсийг түрээсийн журмаар олох боломжтой байсан гэсэн үг юм. С.Ө нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, 40 хоногийн турш хариуцагчийн экскаваторыг авч ашиглачхаад үлдэгдэл төлбөрөөсөө нэг ч төгрөг төлөөгүй ба үүнээс болж энэ хугацаанд хариуцагч нь 40,000,000 төгрөгөөс доошгүй хэмжээний орлого олох боломжоо алдаж, хохирсон байхад урьдчилан төлсөн 30,000,000 төгрөгөө буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т “Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж зааснаар худалдагч буюу Г.Г нь өөрт учирсан хохирлоо худалдан авагч талаас нэхэмжлэх эрхтэй байхаар зохицуулжээ. Иймд С.Ө гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,000,000 төгрөгийг гаргуулан Г.Г олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. /хх-89-90/

 

               Нэхэмжлэгч С.Ө сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

Миний бие С.Ө нь Г.Г 2018 оны 7 сарын 19-ний өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан экскаватор зээлээр худалдан авч, гэрээний дагуу урьдчилгаа болох 30,000,000 төгрөгийг 2018 оны 7 сарын 19-ний өдөр төлсөн. Гэтэл Г.Г надад худалдсан экскаватор нь эрхийн зөрчилтэй буюу ашиглах боломжгүй эвдэрсэн экскаватор байснаас болж миний бие гэрээний хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.

Энэ бүхнийг Г.Г байнга утсаар хэлж, мэдэгдэж, миний бие гэрээгээ цуцлах санал тавьж байсан ч Г.Г миний өгсөн урьдчилгаа төлбөрийг зээлдэнд төлсөн учир гэрээг цуцлах боломжгүй, засвар хийсэн мөнгөнд үлдэгдэл төлбөрөөс 5,000,000 төгрөгийг хасч тооцьё гэж байсан.

Гэтэл намайг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд экскаватороо буцааж авсан төдийгүй миний төлсөн 30,000,000 төгрөгийг надад буцааж өгөөгүй. Гэвч одоо тус шүүхэд тухайн экскаваторыг түрээслэх гэрээ надтай байгуулаагүй атал түрээсийн төлбөр хэмээн 44,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул миний бие сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. /хх-112/

            Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Г.Г холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага,

-хариуцагч Г.Г нь С.Ө холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 44,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч худалдсан экскаватороо буцаан авч гэрээг цуцалсан тул урьдчилгаа төлбөрт өгсөн 30,000,000 төгрөгийг гаргуулна гэж”, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...урьдчилгаа 30,000,000 төгрөгийг гэрээ цуцлагдсан учраас 40 хоногийн түрээсэнд авсан” гэж тайлбарлаж маргажээ.

Зохигч “...экскаватор 1992 онд үйлдвэрлэгдсэн, худалдагч эд хөрөнгийг буцаан авсан, үлдэгдэл 30,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй” зэрэг үйл баримтын тухайд маргаагүй.

Зохигч хэн алин нь гэрчээр Ч оролцуулах хүсэлтээсээ шүүх хуралдааны хүсэлтийн шатанд өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзсан болно.

            Шүүх нэхэмжлэгч С.Ө үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 000 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 1992 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 0000 УБ улсын дугаартай Robex 2900LC маркийн экскаватор буюу эд хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцож, С.Ө 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г, худалдагч Г.Г эд хөрөнгийг нэхэмжлэгч С.Ө шилжүүлэн өгсөн, 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр худалдан авагч үлдэгдэл төлбөр, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үндэслэлээр экскаваторыг худалдагч тал буцаан авч, гэрээнээс татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хх-7-9/

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “... үүрэг гүйцэтгэгч ... үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” С.Ө хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд тэрээр 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 30,000,000 төгрөг өгөх үүргээ биелүүлээгүй байна. 

Нэхэмжлэгчээс шаардлагаа нотлохоор “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, нэхэмжлэгч болон хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, маргаан бүхий экскаваторын гэрчилгээ, Хаан банкны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, ******* дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Орхонсэлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “гэрчээс мэдүүлэг авсан” тэмдэглэл зэрэг баримтуудыг цуглуулж өгсөн. /хх-7-9,10,12,13-15/

Нэхэмжлэгч С.Ө нь “...2, 3 удаа засвар хийлгэсэн, биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй эд хөрөнгө байсны улмаас ажил хийж ашиг орлого олж чадаагүй” гэж тайлбарлах боловч хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 19-ны өдөр статер худалдан авсан баримт, бусад баримтууд нь эд хөрөнгө бүхэлдээ доголдолтой байсанг нотлохгүй юм.

Хариуцагч татгалзлаа нотлохоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, бусадтай байгуулсан гэрээ, дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хх-95-101, 113-116/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх үүрэгтэй.

Дээрх баримтууд, хууль, гэрээнд зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, үүрэг гүйцэтгэгч С.Ө үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр үүрэг гүйцэтгүүлэгч Г.Г гэрээнээс татгалзсан байна.

Зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон гэрч Д.Э  “... эрчлүүр /стартер/-ын гэмтэл нь ачилтанд холгогдсон шинэ гэмтэл байсан, ...300,000 орчим төгрөгөөр янзалж өгсөн үүнд цахилгааны утас гэх мэт зүйлс орно, өөр гэмтэлгүй” гэх мэдүүлэг,

-гэрч Л.О “...тухайн үед Г.******* нь бид нар дээр засвар хийлгэсэн зүйл байхгүй. Манайх засвар хийдэг. Бусад хүмүүс манайхаар засвар хийлгэдэг” гэх мэдүүлэг,

-хариуцагч Г.Г /...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийг С.Ө хүлээлгэн өгсөн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эрчлүүр /стартер/ эвдэрсэн, эд хөрөнгөө 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буцаан авсан” гэх тайлбар зэргээс дүгнэхэд эд хөрөнгө буюу экскаватор нь 1992 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөх үед эд хөрөнгө биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байжээ.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан бөгөөд худалдагч Г.Г нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч С.Ө эд хөрөнгийг хүлээн авах үед эд хөрөнгө биет байдлын доголдолгүй, тээвэрлэх явцад гэмтэл учирсан байна.

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.”,

251.2-д “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.”

251.3-д “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.”

Тиймээс худалдагч Г.Г шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж шүүх үзлээ. Доголдолтой гэж шүүх дүгнээгүй тул Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь заалт хамаарахгүй.

 

            Мөн түүнчлэн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.”

Энэ хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “...эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах бөгөөд эд хөрөнгийг хүлээн авах үед хариуцагч Г.Г нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхээ алдсан байна.

 

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1.-д зааснаар “...Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.

Иймд хариуцагч Г.Г худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хариуцагч Г.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 000 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д “худалдан авагч тал тогтоосон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч тал гэрээг дангаар цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй. Хохирлыг худалдан авагч талын урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээс гэж тооцон суутгана” гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч С.Ө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ өөрөө нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч С.Ө хариу үүрэг гүйцэтгэх хугацаа 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болж, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Г.Г эд хөрөнгө буюу экскаваторыг нэхэмжлэгч С.Ө буцаан авсан, мөн хавтаст хэрэгт авагдсан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ /...1 өдрийн түрээсийн дундаж 1,100,000 төгрөг/-ний тайлан, Г.Г бусадтай байгуулсан түрээсийн гэрээ /хх-113-114/, дансны хуулга зэргээс дүгнэхэд талууд гэрээг цуцалсан нөхцөлд хохирлоо шаардах, эд хөрөнгө хөлслөх үеийн үнэлгээгээр хохирлыг тооцох хүсэл зоригтой байжээ. /хх 95-101, 115-116/

Энэ хугацааны буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 7 хоногийн төлбөр /1 хоногийн дундаж түрээсийн төлбөр 800,000 төгрөг, 7*800,000/ нийт 5,600,000 төгрөг байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Ө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсан тайлбар өгөх боловч шүүх хуралдаанд өгсөн тайлбар, баримтаар түрээсийн төлбөр, хохиролд тооцно гэснийг үгүйсгээгүй, баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч С.Ө татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар ... түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.”

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу 5,600,000 төгрөгийг хангаж, үлдэх 34,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Г 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ө олгосугай.

2.Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө 5,600,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Г олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 377,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө олгож, нэхэмжлэгч С.Ө улсын тэмдэгтийн хураамжид 104,550 төгрөг гаргуулж хариуцагч Г.Г олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      В.АМАРТҮВШИН