Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01689

 

 

 

 

 

                                   Ө-20 СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/02042 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө-20 СӨХ-ны  Д.Ү, Ж.Н нарт холбогдуулан гаргасан орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн гэрээг цуцалж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт 13 105 000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 33 341 950 төгрөг гаргуулах хариуцагч Ж.Нсөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Ж.Н, хариуцагч Д.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ө-20 СӨХ 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн сууц өмчлөгчдийн ээлжит бус хурлаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг томилж, Б.Ныг гүйцэтгэх захирлаар томилсон. Д.Ү, А.Онар 2016 оны 9 дүгээр сараас хойш 4 дүгээр орцны 00 тоот 2 өрөө байранд түрээс, цахилгааны төлбөр төлөхгүй амьдарч эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Д.Ү нь Ж.Нхөрөнгийг харж ханддаг, 2018 оны 9-12 дугаар сарын төлбөр 70 000 төгрөгийг холбооны дансанд төлсөн, байрыг суллаж өгөхөд татгалзахгүй гэдэг боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Тус СӨХ нь дундын эзэмшлийн 4 дүгээр орцны 2 өрөө 36 м.кв өрөөг Ж.Нт 17 тоот гэрээний дагуу 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай сарын 70 000 төгрөгөөр, хугацаа хожимдуулсан хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор түрээслүүлж, гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Мөн 28 тоот гэрээгээр 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл З жилийн хугацаатай, сарын 130 000 төгрөгөөр, хугацаа хожимдуулсан хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Тус СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот хамтарсан тогтоолоор Ж.Н2011-2020 он хүртэл төлөгдвөл зохих түрээсийн төлбөрт 8 330 000 төгрөгөөр тооцон гаргуулж СӨХ-ны дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Бхуульд заасны дагуу Ж.Нтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.1-ийг зөрчиж түрээсийн орлогыг СӨХ-ны дансанд төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй. Түрээсийн гэрээний 3.4-д зааснаар алданги төлөх ба нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан тул 8 330 000 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцно. СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 06 тоот шийдвэрээр 1, 3, 4, 10 орцны 00 тоот өрөөнүүдийн түрээсийн төлбөрийг 200 000-300 000 төгрөгөөр тогтоож, гэрээг шинэчлэн байгуулахыг гүйцэтгэх захиралд даалгасан. Гэвч гэрээний хугацаа дуусаагүй учир сарын түрээсийн төлбөрийг 130 000 төгрөгөөр нэхэмжилсэн. Ж.Н28 тоот гэрээний 4.3.5, 17 тоот түрээсийн гэрээний 4.3.5 дах заалтыг зөрчсөн тул түрээсийн гэрээг цуцалж, ...00 тоот З6 м.кв өрөөг чөлөөлүүлнэ. Иймд 2011-2020 он, 2021 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт 9 170 000 төгрөг, алдангид 3 935 000 төгрөг нийт 13 105 000 төгрөг гаргуулж, орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн 28 тоот гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Үын тайлбарт: Тус 00 тоот өрөөнд амьдардаггүй, хууль бусаар эзэмшиж ашиглаагүй. Уг байрыг Ж.Нтүрээсийн гэрээний дагуу эзэмшиж ашигладаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/Ш32020/00972 дугаар захирамжаар Д.Ү, А.Онарыг ... 00 тоот орон сууцнаас албадан чөлөөлөх тухай ...СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг захирамж хүчин төгөлдөр байга тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй: Хариуцагч Д.Ү нь гэрээний нэг тал биш, 00 тоотод амьдардаггүй. Түрээсийн төлбөрийг Д.Ү төлөх ёсгүй. 2011 оноос хойш нэхэмжлэл гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ж.Нтайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2011 оноос хойш түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шинээр томилогдсон захирал н.Наранцацрал 2020 оны 9 сард томилогдсон учир уг хугацаанаас  хойш нэхэмжлэл гаргах эрхтэй. 00 тоот өрөөг 2011 оноос хойш гэрээний дагуу бүрэн ашиглах боломж олгоогүй. Ж.Н  ... 229 тоотод 37 жил тасралтгүй амьдарч байгаа оршин суугч, СӨХ-ны гишүүний хувьд дундын өмчлөлийн эд зүйлсийг ашиглах, эзэмших эрхтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны 7 сарын 27-ны өдрөөс тус 00 тоот өрөөг түрээсэлж, үйл ажиллагаа явуулах байсан боловч СӨХ-ны гэрээний үүргийн зөрчлөөс болж гэрээнд заасан хугацаанд түрээслэгчийн эрхээ эдэлж чадаагүй. 2014 онд н.О, н.Р нар дур мэдэн 00 тоот өрөөний хаалгыг онгойлгон орж эд хөрөнгө эвдэж гэмтээсэн тул хөрөнгөө хамгаалж Д.Үоор харж хамгаалуулдаг. СӨХ-ны 2015 оны нийт гишүүдийн хурлын тогтоолыг шүүх хүчингүй болгосон. Түрээсийн төлбөрийг нөхөж тооцохоор тохирсон баримт байгаа. Санхүүгийн баримтгүйгээр түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Д.Ү, Ж.Н нарын хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ж.Нсөрөг нэхэмжлэлд: Ж.Ннь ... 229 тоотод 37 жил тасралтгүй амьдарсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр СӨХ-нд бичиг хэрэг, канон, нотариатын үйл ажиллагаа явуулахаар зорилгоор 00 тоот өрөөг түрээслэх хүсэлт гаргасан. Үүний дагуу 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны зориулалтын бус байр түрээслэх 17 дугаартай гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээгээр 4 дүгээр орцны 00 тоотыг түрээслэх байсан боловч сууц өмчлөгчдийн холбоо өдөр тутмын үйл ажиллагаагаа 00 тоотод явуулж байсан тул өөр газарт нүүхээр төлөвлөж 2013 оныг хүргэсэн. 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дахин түрээсийн гэрээ байгуулсан боловч 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны хэсэг оршин суугчид 45 гишүүн оролцсон хууль бус хурал болж, түүнээс сонгогдсон Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал нар 00 тоот өрөөнд СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг явуулахаар бичиг хэрэг, каноны үйл ажиллагааг зогсоосон. Энэ талаар Ж.Ннь удирдах зөвлөлийн гишүүнийхээ хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4922 дугаар шийдвэрээр 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн СӨХ-ны хурал, хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Гэтэл хууль бус хурлаас сонгогдсон удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд ажлаа өгөлгүй 2016 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед Ж.Нтүрээсийн гэрээний хугацаа дуусаагүй гэж байрыг суллаж өгөхгүй түгжсэн байсан. СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Оюун Ж.Н учирсан хохирлыг түрээсийн төлбөрт суутгахаар тохиролцсон. 2016 оны 4 сараас бичиг хэрэг, нотариатын үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлсэн. Түрээсийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 он, 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлогод 33 341 950 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ж.НӨ-20 СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа ...00 тоот 2 өрөө орон сууцанд нотариатын үйл ажиллагаа эрхлэхээр түрээслэсэн боловч төлбөрөө төлөхгүй, бусдад түрээслүүлж орлого олж байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хугацаа дууссан байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 2014 онд эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн байх бөгөөд хохиролтой холбоотой асуудлаар СӨХ-ны удирдах, хяналтын зөвлөлөөс шийдвэр гараагүй. Ж.ННотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчиж ажиллаж байсан. Хан-Уул дүүргийн тойрогт нотариатын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Ннь СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын ажлыг хийж байгаагүй, АНУ-д 6 cap амьдарч байгаад Монголдоо буцаж ирэн нотариатын үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй бол сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н3 770 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө-20 СӨХ-д олгож, хариуцагч Ж.Н, Д.Ү нарыг Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 20 дугаар байрны 4-р орцны 00 тоотоос албадан гаргаж, чөлөөлөн, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9 335 000 төгрөгийн шаардлагыг, Ж.Нгэрээнээс учирсан хохиролд 33 341 950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401 150 төгрөгийг, хариуцагч Ж.Нсөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 324 600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Н180 570 төгрөгийг, хариуцагч Д.Үоос 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө-20 СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Нболон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6, 10 дугаар зүйлийн 10.10.8-д заасныг буруу хэрэглэсэн. Б.Н нь СӨХ-ны хяналтын зөвлөлийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Ж.НӨ-20 СӨХ-ны гишүүн бөгөөд өмчлөгчийн хувьд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу дундын өмчлөлөөс эзэмшиж, ашиглах эрхтэй.  Хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2 дах заалт хамаарах тул Ө-20 СӨХ-оос 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцсэн эсэх, хэлэлцсэн бол сууцны зориулалтын бус талбайг эзэмшиж ашиглаж байгаа сууц өмчлөгчөөс авах хөлс төсөвт хэрхэн тусгагдсан талаар бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу хяналтын зөвлөлийн гишүүн Г.Бг, Д.Бн нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг анхаарч үзээгүй. Хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хэрэгжээгүй. Нэхэмжлэгч талаас гэрчээр асуугдсан н.О, М.Бнарын мэдүүлгийг шийдвэртээ товчилж, түүвэрлэн цухас дурьдсан ба мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй зориуд орхигдуулан хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал түрээсийн төлбөр алдангид 4 305 000 төгрөг, гэрээний төлбөрт 7 140 000 төгрөг, нийт 12 095 000 төгрөгийг Ж.Ннэхэмжилсэн гэдэг. Гэтэл нэхэмжлэгч гэрээний төлбөр, алдангид нийт 13 105 000 төгрөгийг Ж.Н, Д.Ү нараас нэхэмжилсэн байхад шүүхийн шийдвэрт тусгасан нэхэмжлэлийн үнийн дүн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнтэй тохироогүй 1 010 000 төгрөгийн зөрүүтэй байдаг. Ямар хугацааны гэрээний төлбөр, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт түрээсийн төлбөр төлж байсан 540 000 төгрөгийн орлого болон Ө-20 СӨХ 2 жил 00 тоотод үйл ажиллагаа явуулж байсан учраас төлөх ёстой төлбөр болох 1 680 000 төгрөг, нийт 2 220 000 төгрөгийг хасаж тооцох атал хасалгүй шийдвэртээ тусгасан нь буруу гэж үзэж байна. Мөн Ө-20 СӨХ-ны санхүүд бэлнээр түрээсийн төлбөр төлж байсан талаар тайлбарлаж санхүүгийн материалыг авч СӨХ-той түрээсийн тооцоог нарийвчлан гаргах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, хохиролтой шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч нараас нэхэмжилсэн 13 105 000 төгрөгөөс хэдэн төгрөг хасч тооцох, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар тодорхойлж чадаагүй. Шүүх хөндлөнгийн байх зарчмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн байр сууринаас хандаж, дур мэдэн нэхэмжлэлийн шаардлага, төлөх төлбөрийг тодорхойлсон. Д.Үын хувьд тус өрөөнд байсан эд зүйлсийг харж хандаж байсан болохоос эзэмшиж, ашиглаагүй. Д.Үоос улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Д.Ү түрээсийн гэрээний тал биш, хариуцах этгээд биш.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, түрээслүүлэгч нь сууцны бус зориулалтын техникийн өрөөгөө шилжүүлж өгөхгүй удсанаас үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж чадаагүй талаар нотлох баримтууд хэрэгт авагдсаар байхад шүүх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан зарчмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ө-20 СӨХ хариуцагч Ж.Н, Д.Ү нарт холбогдуулан ... 00 тоот орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн гэрээг цуцалж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр, алдангид нийт 13 105 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.Нэс зөвшөөрч гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 33 341 950 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

Хэрэг авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараахь үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч Ж.Н2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ө-20 СӨХ-ны дундын эзэмшлийн .... 00 тоот өрөөг канон, бичиг хэрэг, нотариатын үйлчилгээ явуулах зориулалтаар сарын 70 000 төгрөгөөр, 2 жилийн хугацаатай түрээслэх, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Талууд гэрээний нөхцөлөө өөрчлөхгүйгээр гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай сунгажээ. ...СӨХ нь тус 00 тоот өрөөнд 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд хариуцагч нь түрээсийн объектыг эзэмшиж ашиглаж чадаагүй байна. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дахин гэрээ байгуулж, сарын 130 000 төгрөгөөр 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохиролцон, хариуцагч Д.Үыг тус 00 тоот өрөөнд суулган, гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцыг сууцыг чөлөөлөөгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2017 оны 4-12 сар, 2018 оны 1-6 дугаар сарын түрээсийн төлбөрийг гэрээний зүйлийг ашиглаж чадаагүй хугацааны түрээсийн төлбөрт нөхөн тооцсон байна. Талууд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээнээс өмнөх төлбөрийн талаар маргаагүй. Хариуцагч Ж.Н2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны хооронд түрээсийн төлбөрт төлсөн 490 000 төгрөгийг нэхэмжлэгч 2011 оны 8 сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөөс хасч тооцжээ. /1хх43-48, 222-226/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2011 оны 8 сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангид 4 305 000 төгрөг гаргуулах хэсгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

Шүүх 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүрэгт 7 140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 380 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... түрээсийн төлбөр төлөхгүйгээр байрыг удаан хугацаанд эзэмшиж, ашиглаж байх тул гэрээг цуцалж, Ж.Н, Д.Ү нарын хууль бус эзэмшлээс нь байрыг чөлөөлүүлж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг тооцож гаргуулна” гэж тайлбарласан бол хариуцагч  Ж.Н“ ... байрыг ашиглах боломж олгоогүй, Ө-20 СӨХ нь тус байранд өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг байсан, гэрээний төлбөрөө зохих ёсоор нь төлж байсан. СӨХ-ны өмнөх удирдлагатай түрээсийн төлбөрийн талаар тохиролцсон ...” гэж, хариуцагч Д.Ү “ ... гэрээний нэг тал биш, тус байранд амьдардаггүй, Ж.Нэд зүйлсийг харж ханддаг, түрээсийн төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтын талаар маргадаггүй, харин гэрээний зүйлийг гэрээнд заасан хугацаанд ашигласан эсэх, төлбөр төлөх эсэхэд маргаантай байна.

Хариуцагч Ж.Нтүрээсийн төлбөрийг бэлнээр болон дансаар төлж барагдуулсан боловч түрээслүүлэгч түрээсийн зүйлийг ашиглах боломж олгоогүй гэж тайлбарладаг. Шүүхээс ...СӨХ-ны Төрийн банкан дахь дансны хуулгад үзлэг хийхэд хариуцагч Ж.Н2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн төлбөрт 50 000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй болох нь тогтоогдсон. /1хх103-104/ Нэхэмжлэгч нь уг дүнг хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасч нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон байна.

Хариуцагч Ж.Ндээр дурьдснаас өөр баримтгүй, тэрээр 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарыг хүртэл 26 сарын түрээсийн төлбөр төлөөгүй байх тул сар тутамд төлөгдөх 130 000 төгрөгийг 26 сараар тооцож хариуцагчаас түрээсийн төлбөрт 3 380 000 төгрөг гаргуулах нь зүйтэй. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дууссанаас хойш хариуцагч нь байрыг суллаж өгөөгүй, эзэмшиж ашиглаж байх тул 3 сарын түрээсийн төлбөрт 390 000 төгрөг, хариуцагчаас нийт 3 770 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв.

.... 00 тоот орон сууцны зориулалтын бус байрыг хариуцагч Д.Ү, Ж.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Ж.Нгэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 33 341 950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

1. Өнөр-20 СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Нын төлөөлөх эрхийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.   

Тус СӨХ-ны ТУЗ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Б.Ныг томилсон байх ба тэрээр Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 11, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр тус 4-р орц 00 тоот байрны түрээсийн гэрээнүүдийг хүчингүйд тооцуулах, хохирол нэхэмжлэх, байр чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байна. /1хх11, 9-10/ Дээрх шийдвэр нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4.5-д нийцсэн байна.

2. Хариуцагч нь шүүх хуралдааны явцад дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг хуваарилсан талаарх баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал уг баримтууд СӨХ-нд байхгүй талаар тайлбарласан байна. Шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /3хх168-170, 198/

3. Г.Б, Д.Б нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг анхаарч үзээгүй, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хэрэгжээгүй гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагч нь дээрх гэрчүүдийн гэрийн  хаяг, холбогдох утасны дугаар зэрэг холбогдох мэдээллийг нь шүүхэд өгөөгүй, гэрчүүдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул энэ үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

4. Гэрч н.О, н.Б нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрт бүрэн гүйцэд тусгаагүй, дүгнэлт өгөөгүй, зориуд орхигдуулан нэхэмжлэгчийн талд ашигтайгаар хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл бөгөөд шүүх гэрчийн мэдүүлгийг тухайн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлдэг журамтай. Гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлттэй харьцуулан үзэхэд шүүх гэрчийн мэдүүлгээс ач холбогдолтой хэсгийг орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Шүүхийн шийдвэрт тусгасан нэхэмжлэлийн үнийн дүн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнтэй тохироогүй, 1 010 000 төгрөгөөр зөрүүтэй байхад хариуцагч Ж.Н3 770 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1 300 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүрэгт 4 305 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүрэгт 7 140 000 төгрөг, үүн дээр 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 650 000 төгрөг, нийт 12 095 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ. /3хх171-172/

6. Хариуцагч Д.Ү түрээсийн гэрээний нэг тал биш учраас хариуцагчаар татагдах ёсгүй, улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.

Маргаан бүхий 00 тоот өрөө нь хариуцагч Д.Үын эзэмшил, ашиглалтад байгаа болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Үын хууль бус эзэмшлээс 00 тоот өрөөг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан тул тэрээр уг нэхэмжлэлийг хариуцах этгээд тул шүүх хариуцагч Д.Үоос улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/02042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 475 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                  ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                          А.МӨНХЗУЛ