Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01431

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01972 дугаар шийдвэртэй, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Двд холбогдох гэм хорын хохиролд 1,871,027,879 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагч Д.Дв, хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК-ийн захирлын 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07/04 тоот тушаалаар Д.Дв нь нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Гэвч Д.Дв нь нягтлан бодогчоор 2007-2016 оныг дуустал 9 гаруй жилийн хугацаанд ажиллахдаа компанийн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг ямар ч зөвшөөрөлгүй авах, бусдад шилжүүлэх, эд хөрөнгийг хувьдаа ашиглах, завших, үрэгдүүлэх зэрэг зөрчил гаргаж байгаа болохыг сүүлд мэдсэн ба 2016 оны 10 дугаар сард “Дабль аксиом аудит” ХХК-иар аудитын шалгалт хийлгүүлэхэд “компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт материал нуун дарагдуулсан, улирал бүрийн тайланд тусгагдсан байх ёстой баримтыг дарагдуулж орхигдуулсан” гэж дүгнэсэн ба тус компанийн аудитын тайлангаар мөнгө хүлээн авсан болон дэмжих баримтгүй 446,578,700 төгрөгийн гүйлгээ байгааг тогтоосон.

Улмаар компанийн зүгээс 2016 оны 8 дугаар сард Д.Двын гаргасан хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг шалгагдах явцад томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 83 тоот дүгнэлтээр анхан шатны баримтгүйгээр 60,966,679 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болохыг тогтоосон.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо компанид учруулсан хохирлыг 1,107,545,379 төгрөг гэж дүгнэсэн тул уг мөнгөн хөрөнгийг Д.Дваас нэхэмжилж байна.

Мөн Д.Дв нь 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр миний танил БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту рүү 250,000 ам.доллар буюу 327,500,000 төгрөгийг ямар ч гэрээ хэлцэл байгуулалгүй, үндэслэлгүйгээр шилжүүлсэн. Улмаар БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту “Зоригоо Болдоогийн 249,970 ам.долларын нэг хэсгийг буцаан төлөв” гэх гүйлгээний утгаар 200,000 юань шилжүүлсэн ба Д.Дв уг мөнгийг н.Баярмаагийн нэр дээр шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл компанид буцаан төлөөгүй.

БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Болдоогийн 250.000 ам.долларын нэг хэсгийг буцаан төлөв” гэх гүйлгээний утгаар 995,000 юань шилжүүлсэн ба тэрээр Л.Амгаланбаатарын нэр дээр шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл компанид буцааж төлөөгүй байна.

Мөн БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту Д.Двын өгсөн зааварчилгааны дагуу 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Л.Мөнхтуяагийн эзэмшлийн 1905011247 тоот данс руу 633,000 юань буюу 131,664,000 төгрөгийг “...Болдоод буцаан төлөх 250.000 ам.долларын зээл үлдсэн болно” гэх утгаар шилжүүлсэн байдаг.

Уг БНХАУ-н иргэн Бао Кингэлэтугийн шилжүүлэх 250.000 ам.доллар буюу 327,500,000 төгрөгийг 380,224,000 төгрөг болгон Д.Двт шилжүүлсэн байхад Д.Дв нь уг мөнгийг компанид төлөөгүй болох нь БНХАУ-ын иргэн Бао Кингэлэтугийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мөнгөн гуйвуулгын баримтууд, тэдгээрийн орчуулга, мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 154 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно.

Иймд дээрх 250,000 ам.долларыг Монгол банкнаас зарласан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ханш болох 2852,33 төгрөгөөр тооцож, 713,082,500 төгрөгийг Д.Дваас нэхэмжилж байна.

Түүнчлэн “Дабль аксиом аудит” ХХК-д “Ш” ХХК нь 2007-2015 оныг дуусталх хугацааны санхүүгийн баримтад аудит хийлгэж, дүгнэлт гаргуулахад 8,000,000 төгрөгийг,

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс шинжээч томилох тогтоолын дагуу “Дабль аксиом адуит” ХХК-тай аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу төлсөн 32,000,000 төгрөгийг,

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагчийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дүгнэлтийн төлбөрт 1,000,000 төгрөг, 2,400,000 төгрөг, нийт 3,400,000 төгрөгийг, 

“Шинэлдөл констракшн” ХХК-ийн 2007-2014 оныг дуусах хүртэлх хугацааны материалд шалгалт хийж, дүгнэлт гаргуулахаар “Дабль аксиом аудит” ХХК-д төлсөн 7,000,000 төгрөгийг буюу нийт бодитоор гарсан зардал 50,400,000 төгрөгийг Д.Дваас нэхэмжилж байна.

Иймд бодитоор гарсан зардал 50,400,000 төгрөг, шинжээчийн 83 дугаар дүгнэлтээр тогтоосон 660,966,679 төгрөг, мөн шинжээчийн 154 дүгээр дүгнэлтээр тогтоосон 446,578,700 төгрөг, БНХАУ-ын иргэн Бао Кингэлэтугийн Д.Двт шилжүүлсэн 250,000 ам.доллар буюу 713,082,500 төгрөг, нийт 1,871,027,879 төгрөгийг Д.Дваас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Ш” ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд орсон бөгөөд тухайн үед н.Болормаагаас ажил хүлээн авсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 83, 154 дүгээр дүгнэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангасан материалыг үндэслэж дүгнэлт гаргасан бол “Дабль аксиом аудит” ХХК нь мөрдөгчийн асуултад хариулж дүгнэлт гаргасан.

Шүүхийн шийдвэрээр гэм буруутай болохыг тогтоогоогүй байхад нэхэмжлэгч прокурорын тогтоолыг үндэслэн надаас их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Намайг “Ш” ХХК-д ажиллаж байх хугацаанд санхүүгийн 7 ажилтан ажиллаж байсан ба харилцах дансны гүйлгээг гүйцэтгэх захирал, бэлэн мөнгөний кассын гүйлгээг гүйцэтгэх захирал болон кассын нярав хариуцдаг байсан. Би харилцахын бэлэн мөнгөний баримт авч тайлан гаргах, мөн татварын тайлан гаргах ажил үүргийн хуваарьтай ажиллаж байсан.

“Ш” ХХК нь хятадын нэг компанитай барилгын ажил хамтран гүйцэтгэж байсан. Компанийн орлого, зарлагын гүйлгээг гүйцэтгэх захирал хянадаг, санхүүгийн бүх баримтууд компани дээр хадгалагддаг байсан. Бэлэн мөнгө захиран зарцуулах, гарын үсэг зурах эрх байгаагүй, захирал н.Батболдын даалгавраар 250,000 ам.долларыг төгрөгөөр авч БНХАУ руу юаньд хөрвүүлэн гүйлгээ хийсэн, хэнд шилжүүлснийг мэдэхгүй. Уг мөнгөн шилжүүлгийн дүн нь 2 компанийн хооронд хийсэн орон сууцны барилга угсралтын гэрээний тооцоо нийлсэн актаар нотлогдоно. Буцаан гүйлгээ хийсэн гэх н.Амгаланбаатар, н.Баярмаа, н.Мөнхтуяа нарыг танихгүй.

Түүнчлэн намайг мөнгө идсэн, завшсан гэж хардсандаа цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан. Намайг буруутгах гэж хийлгэсэн дүгнэлтийн төлбөрүүдийг би төлөх үндэслэл байхгүй бөгөөд би дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаагүй. Нэхэмжлэгч сайн дураараа дүгнэлт гаргуулсан. 2016 онд ажлаас гарах үедээ бүх санхүүгийн баримт, файлыг хүлээлгэж өгсөн. Тэр их баримтууд дотроос ямар баримт нь дутуу, ямар баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсныг одоо харах боломжгүй.

Нэхэмжлэгч “Итгэлт аудит” ХХК-аар бүх тайлангаа хийлгэж, татварын өршөөлийн хуульд хамрагдаж байсан. Энэ талаарх баримтууд компанид байх ёстой. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Дваас гэм хорын хохиролд 1,871,027,879 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 9,513,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн дүгнээгүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон Голомт банкны 250,000 ам.долларын гүйлгээний баримтыг үндэслэн хариуцагч шилжүүлэх ёсгүй мөнгөн хөрөнгийг шилжүүлээд бусадтай хуйвалдан эргүүлэн өөрийн болон бусдын дансаар авсан талаар шүүх хуралдаан дээр тодруулан тайлбарлах гэхэд иргэний шүүх хуралд эрүүгийн асуудал ярихгүй гээд тайлбар хэлүүлээгүй болно.

Уг эрүүгийн хэрэг шалгагдах явцад шинжээчийн дүгнэлтийг гаргахад Д.Дв оролцож тайлбар өгсөн байдаг бөгөөд тэрээр гүйлгээг дэмжих анхан шатны санхүүгийн баримттай эсэхээ нотолж чадаагүй.

Мөн нэхэмжлэгч холбогдох хуулийн байгууллагын шийдвэрийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон. Гэтэл шүүх нэхэмжлэгч хариуцагчийн гэм бурууг нотлох ёстой мэтээр эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу, ойлгомжгүй тайлбарлаж, хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Шүүх хохирол шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарласан.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн Шүүхэд гэрчээр шинжээч Ц.Оюунтуул, аудитор Р.Цацрал, шинжээч Ш.Оюунчимэг нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан, мөн 201625013168 дугаар эрүүгийн хэргийн материалыг шүүхэд ирүүлж нотлох баримт судлуулахыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Дээрх хүсэлтүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдаж буй гүйлгээг давхардуулсан, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр нотлох баримтын эргэлзээг арилгаж хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч Д.Двд холбогдуулан гэм хорын хохиролд 1,871,027,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлээ нотлохоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн “Дабль аксиом аудит” ХХК-ийн 2 удаагийн болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 83 тоот, 154 тоот дүгнэлтүүдийг хэрэгт баримтаар өгсөн ба хариуцагч уг дүгнэлтүүдийг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх дээрх 101/ШЗ2021/02092 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч талаас дээрх дүгнэлтүүдтэй холбоотойгоор “Дабль аксиом аудит” ХХК-ийн аудитор Р.Цацрал, шинжээч Ш.Оюунчимэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуул нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШТ2021/00109 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу болжээ. /2хх96-100/ Учир нь шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч томилох шаардлагагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж байгаа бол уг дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг тодруулахаар шинжээчдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Түүнчлэн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Мөнгөн гуйвуулгын хүсэлт” гэх баримтад шилжүүлэгчийн нэр хэсэгт Л.Амгаланбаатар, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Мөнгөн гуйвуулгын хүсэлт” гэх баримтад шилжүүлэгчийн нэр хэсэгт н.Баярмаа, 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Мөнгөн гуйвуулгын хүсэлт” гэх баримтад шилжүүлэгчийн нэр хэсэгт Д.Мөнхтуяа гэж бичигдсэн, хятад хэлнээс орчуулагдсан баримт авагдсан байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байна.

 

Мөн хэргийн 57 дугаар талд авагдсан гадаад төлбөрийн даалгавар гэх баримтыг “...Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар гэх 250,000 ам.долларыг БНХАУ руу шилжүүлэг хийгдсэн баримт уншигдах боломжгүй бүдэг канондсон, орчуулагдаагүй, гуйвуулагч, хүлээн авагч зэрэг мэдээлэл англи хэл дээр бичигдсэн” гэж шүүхийн шийдвэр гаргах үедээ гэж дүгнэсэн байна.

 

Анхан шатны шүүх дээрх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэгдэх боломжгүй байгаа талаарх дүгнэлтийг шийдвэр гаргах үедээ хийсэн нь буруу бөгөөд энэ талаарх ажиллагааг шүүх хуралдаанаас өмнө эсхүл хуралдааныг 1 удаа хойшлуулж талуудаас тодруулах учиртай. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн баримтаас хасах эрхтэй бөгөөд ажиллагааг хийсэн бол хэргийн оролцогчид нотлох баримтын шаардлага хангах эсэх асуудлаа шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Түүнээс гадна мөнгөн хөрөнгийг Хятад иргэнээс гурван Монгол иргэнд шилүүлсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2021/02092 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт хүсэлтийг хангах үндэслэлтэй, үндэслэлгүй гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн, захирамжлах хэсэгт хүсэлтийг хангахаас татгалзсан нь ойлгомжгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу хийснээс болоод хэргийн оролцогчийн эрх зөрчигдөж, талуудын хооронд үүрэг үүссэн эсэхийг тодорхойлон дүгнэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01972 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 9,513,089 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА