Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/01833

 

 

 

 

 

 

 

 

2022 04 20 101/ШШ2022/01833

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Д.Батцэцэг, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоот, Ш констракшн ХХК-ийн /РД: хххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххххххххх тоотод оршин суух, Да-ы Дт /РД: ххххххххх/ холбогдох

Гэм хорын хохирол 1.581.660.820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан,

Хариуцагч Д.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Гэрч Ц.Оюунтуул, Ш.Оюунчимэг,

Иргэдийн төлөөлөгч Х.Мөнх-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн захирал Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш констракшн ХХК-ийн захирал нь 2007 оны 08 сарын 15-ны өдөр 07/04 тоот тушаал гарган Даринчулууны Дыг тус компанийн нягтлан бодогчийн ажилд томилж 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс түүнд итгэж, компанийн үйл ажиллагааны дагуу гарах зардал, эд хөрөнгө, тайлан тооцоо зэргийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн явуулна хэмээн итгэж найдаж бүхий л ажлыг хариуцуулан ажиллуулсан.

Гэвч Д.Д нягтлан бодогчоор 2007-2016 оныг дуустал 9 жил гаруй хугацаанд ажиллахдаа компанийн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр авах, бусдад шилжүүлэх, эд хөрөнгийг хувьдаа ашиглах, завших, үрэгдүүлэх, хулгайлах зэрэг зөрчил гаргаж байгаа болохыг 2014 онд Б.Батсүх би тус компанид зөвлөхөөр ажилд ороод хяналт, шалгалтаар илрүүлсэн.

Үүнтэй холбогдуулж 2016 оны 10 сард Дабль аксиом аудит ХХК-иар аудитын шалгалт оруулахад компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт материал нуун дарагдуулсныг илрүүлж компанийн улирал бүрийн тайланд тусгагдсан байх ёстой баримтыг дарагдуулсныг олж тогтоосон.

Өмнө нь Ш констракшн ХХК-ийн нягтлан бодох бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, кассын өдөр тутмын бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэж алдаа дутагдал байгааг олж тогтоон, засаж залруулах үүрэг чиглэлийг Д.Дт өгч байсан бөгөөд тэрээр алдаа дутагдлыг засах биш харин компанийн тайлан тооцоог үргэлж буруу гаргах, будилуулах, эд хөрөнгө, мөнгө төгрөгийг хувьдаа завшиж байсан болохыг хожим хяналт, шалгалт баримтаар тогтоосон.

Улмаар компанийн зүгээс 2016 оны 8 сард Д.Дын гаргасан хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай 201625013168 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

1. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад томилсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ш констракшн ХХК-ийн 2008-2014 онуудын бэлэн мөнгөний гүйлгээг тулган шалгахад гүйлгээг дэмжих анхан шатны баримтгүй 60.966.679,22 төгрөгийн гүйлгээ хийсэн болохыг тогтоосон.

Мөн Дабль аксиом аудит ХХК-ийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 1908/92 дугаартай аудитын тайлангаар өмнө ирүүлсэн болон нэмэлт шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд шалгахад зөрчлийн дүнг давхардуулсан 23.456.100 төгрөг, кассын зарлагын ордерт удирдлага гарын үсэг болон мөнгөн хүлээн авсан гарын үсэгтэй 167.082.046 төгрөг, аудитын 2017 оны 01 сарын 16-ны өдрийн дүгнэлтэд орсон 138.724.341 төгрөг, дотоод хяналтын болон мөрдөгчөөс ирүүлсэн санхүүгийн баримтад байхгүй, нотлогдоогүй 68.693.506 төгрөг дотоодын хяналтаар илэрсэн, бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй, мөнгө хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй 446.578.700 төгрөгийн гүйлгээ байгаа зэргийг зарлагын баримт, бэлэн мөнгөний кассын баримтаар тогтоосон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154-р шинжээчийн дүгнэлтээр дээрх Дабль аксиом аудит ХХК-ийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 1908/92 дугаартай аудитын тайланг үндэслэлтэй болохыг дүгнэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоосон.

Д.Дын гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан яллагдагчаар татаж болохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 5439 дугаартай тогтоолын дагуу компанид учруулсан хохирлыг Д.Даас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

2. Д.Д нь 2018 оны 04 сарын 19-ний өдөр Б.Батболд захирлын танил БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту руу 250.000 ам доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 1 ам доллар 1.310 төгрөгтэй тэнцэж байсан/ буюу 327.500.000 төгрөгийг ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй, 250.000 ам доллар шилжүүлэх шалтгаан байхгүй байхад компанийн өмнөөс шилжүүлсэн.

Улмаар БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту иргэн н.Баярмаа руу 200.000 юань тухайн үеийн Монгол банкны ханшаар 2020 оны 05 сарын 02-ны өдөр юань 208 төгрөгтэй тэнцэж байсан ба 41.600.000 төгрөгийг ... Зоригоо Болдоогийн 249.970 ам долларын нэг хэсгийг буцаан төлөв гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байхад Д.Д иргэн н.Баярмаагийн нэр дээр шилжүүлсэн авч өнөөдрийг хүртэл компанид буцаан төлөөгүй байна.

Мөн БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту Д.Дын өгсөн зааварчилгааны дагуу 2012 оны 04 сарын 28-ны өдөр Ламтав овогтой Мөнхтуяагийн Голомт банкны 1905011247 тоот данс руу 633.000 юань буюу 131.664.000 төгрөгийг ... Жинь Манлай Улаанбаатарт Буянгаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 40.000 ам долларыг буцааж төлөхөд туслав. Юаньд шилжүүлэхэд 633000 юань. Болдоод буцаан төлөх 250.000 ам долларын зээл үлдсэн болно гэх утгаар шилжүүлсэн байдаг.

Дээрх БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту Д.Дт буцаан шилжүүлэх ёстой байсан 250.000 ам доллар буюу 327.500.000 төгрөг шилжүүлэхээс 380.224.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнийг БНХАУ-ын иргэн Бао Кингэлэту гэрчийн мэдүүлэг өгснөөр нотлохын зэрэгцээ мөнгө гуйвуулгын баримтууд, тэдгээрийн орчуулга, мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгйн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 дүгээр шинжээчийн дүгнэлтээр эдгээр мөнгийг Д.Д завшсан болох нь тогтоогдсон.

Иймд дээрх 250.000 ам долларыг өнөөдрийн Монгол банкны ханш болох 1 ам доллар 2.852,33 төгрөгөөр тооцож 713.082.500 төгрөгийг Д.Даас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

3. 2016 оны 10 сарын 29-ний өдөр Дабль аксиом аудит ХХК-тай Ш констракшн ХХК 2007-2015 оныг дуустал хугацааны санхүүгийн бүхий л баримтад аудит хийлгэж, дүгнэлт гаргуулахаар гэрээ байгуулж гэрээний төлбөрт 8.000.000 төгрөг төлсөн.

4. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолын дагуу тавигдсан 5 асуултын хүрээнд хариулт гаргуулахаар санхүүгийн тайланд аудиторын тайлан, дүгнэлт гаргах, зөвлөмж гаргах ажлыг Дабль аксиом аудит ХХК-иар гүйцэтгүүлэхээр аудитын үйлчилгээ үзүүлэх тухай 201601/60 тоот гэрээг байгуулж, гэрээний дагуу 32.000.000 төгрөгийг төлсөн.

5. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батмягмарын 2017 оны 03 сарын 20-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Д.Дт холбогдох эрүүгийн 201625013168 тоот хэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ц.Оюунтуулаар дүгнэлт гаргуулж, төлбөрт нь 1.000.000 төгрөг болон 2.400.000 төгрөгийг төлсөн.

Ш констракшн ХХК-ийн санхүүгийн баримт, харилцах дансны хуулга бусад баримтад тохиролцсон горимоор 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны материалд шалгалт хийж, дүгнэлт бүхий аудитын тайлан гаргуулахаар 2019 оны 08 сарын 09-ний өдөр аудитын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг Дабль аксиом аудит ХХК-тай байгуулж түүний дагуу 7.000.000 төгрөгийг төлсөн.

Иймд Д.Даас бодитоор гарсан зардал 50.400.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 дугаар дүгнэлтээр гарсан учирсан хохирол 660.966.679 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 дүгээр дүгнэлтээр гарсан учирсан хохирол 446.578.700 төгрөг, 250.000 ам долларыг Монгол банкны өнөөгийн ханш болох 1 ам доллар 2.852,33 төгрөгөөр тооцож 713.082.500 төгрөг, нийт 1.871.027.879 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Ш констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Д.Дт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 1.871.027.879 төгрөгийн нэхэмжлэлээс 289.367.059 төгрөгийг доорх байдлаар багасган нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 дүгээр дүгнэлтэд шинжээч асуулт 3-т хариулахдаа шинжилгээнд шинээр ирүүлсэн санхүүгийн баримтаар бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй мөнгөн хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй 446.578.700 төгрөгийн гүйлгээ байгааг тогтоосон.

Үүнээс нэмэлт шинжилгээнд ирүүлсэн Голомт банкны 2012 оны 04 сарын 19-ний өдрийн 250.000 ам долларын ханш 1.310 төгрөг буюу 327.500.000 төгрөгийн гадаад гуйвуулгын мөнгө давхардаж нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан байна.

Иймд шинжээчийн 154 дүгээр дүгнэлтээр тогтоосон 465.989.141 төгрөгөөс 2012 оны 04 сарын 19-ний өдрийн ам долларын ханшаар тогтоосон 327.500.000 төгрөгийг хасч 138.489.141 төгрөг болсон.

Үүн дээр Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар ам долларын өссөн ханшаар тооцоход 250.000 ам долларыг Монгол банкны 2022 оны 03 сарын 28-ны өдрийн ханшаар 731.805.000 төгрөг болж байна.

Энэхүү үнийн дүн дээр 138.489.141 төгрөгийг нэмэхэд 870.294.141 төгрөг болж байгаа.

Иймд шинжээчийн дүгнэлт гаргахад гэрээний дагуу төлбөр төлсөн тул уг төлсөн 50.400.000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааны дагуу нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу шинжээчийн 2017 оны 83 дугаар дүгнэлтээр тогтоогдсон 660.966.679 төгрөг, шинжээчийн 2020 оны 154 дүгээр дүгнэлтэд ам долларын ханш нэмэгдсэнтэй холбогдоод шаардсан 870.294.141 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Иймд хариуцагч Д.Даас нийт 1.581.660.820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш констракшн ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Д миний бие 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 сарын 15-ны өдрийн хооронд Ш констракшн ХХК-д нягтлан бодогчоор ажилласан. Тус компанид ажиллах хугацаанд санхүүгийн 7 ажилтан байсан.

Миний ажил үүргийн хуваарь бол харилцахын бэлэн мөнгөний баримт авч тайлан гаргах, татварын тайлан гаргах ажил байсан. Бэлэн мөнгө захиран зарцуулах гарын үсэг зурах эрх байгаагүй. Захирал Б.Батболд өөрийнхөө гарын үсгээр банкинд гүйлгээ хийдэг байсан. Энэ хугацаанд н.Болормаа, н.Мөнхбаяр, н.Туяа, н.Эрдэнчимэг, н.Гэрэлмаа гэсэн 5 хүн тооцооны нярав, тооцооны нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байсан. Эдгээр хүмүүс тооцоо болон бэлэн мөнгө, бараа материалаа хариуцаж, анхан шатны баримтаа бүрдүүлдэг байсан.

Эрүүгийн хэрэг шалгах явцад мөрдөн байцаалтын шатанд Дабль аксиом аудит ХХК-ийн гаргасан санхүүгийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.

Надад хэрэг үүсгүүлэхээр дүгнэлт гаргуулж байгаа шинжээчид компанийн кассын тайлан, бэлэн мөнгөний тооллогын баримт, харилцахын орлого зэрэг нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, зөвхөн анхан шатны баримт дээр дүгнэлт гаргуулсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 дугаар дүгнэлт, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 дүгээр дүгнэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангасан материал дээр дүгнэлт гаргасан.

Дабль аксиом аудит ХХК нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр дүгнэлт гаргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь Дабль аксиом аудит ХХК-ийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар мөрдөгчийн тавьсан асуултад хариулан дүгнэлт гаргасан.

Шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцоогүй байхад намайг гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон мэтээр прокурорын тогтоол дээр бичсэн байх ба нэхэмжлэгч Ш констракшн ХХК нь уг прокурорын тогтоолыг үндэслээд энэ их хэмжээний мөнгийг нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй.

Би Ш констракшн ХХК-д ажиллаж байхдаа ерөнхий нягтлан бодогч хийж байсан ба бэлэн болон бэлэн бус мөнгөний гүйлгээг кассын нярав, бараа материалын нярав, тооцооны нягтлан зэрэг тусдаа ажилтан хариуцан ажилладаг.

Миний хувьд зөвхөн санхүүгийн тайлан тооцоо гаргадаг байсан бөгөөд харилцах дансыг гүйцэтгэх захирал, бэлэн мөнгөний кассыг гүйцэтгэх захирал, кассын нярав хоёр хариуцдаг байсан.

Тухайн компанид ажиллаж байхдаа бэлэн мөнгөтэй харьцаж байгаагүй учир нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн шаардаж байгаа мөнгийг хувьдаа авч завших ямар ч боломж, үндэслэл байхгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 250.000 ам доллар буюу 713.082.500 төгрөгийг завшсан нь тогтоогдсон тул Д.Даас гаргуулна гэж нэхэмжилсэн байх ба Ш констракшн ХХК-ийн гаргаж өгсөн 250.000 ам долларын зээл олгов гэсэн баримт нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн мөнгөний баримт юм.

Татвараас нуун мөнгө шилжүүлсэн асуудал. Гадаад шилжүүлгээр мөнгө шилжүүлэхээр гааль дээр шалгадаг бөгөөд энэ шалгалтаас бултан мөнгө шилжүүлэхдээ зээл олгосон мэтээр гүйлгээний утгыг бичдэг байсан.

Дээрх мөнгөн шилжүүлгийн дүн нь 2 компанийн хооронд хийсэн орон сууцны барилга угсралтын гэрээний тооцоо нийлсэн актаар нотлогдох тул 250.000 ам долларыг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Би өөрийгөө компаниас нэг ч төгрөг хувьдаа авч хэрэглээгүй гэдгээ хангалттай тайлбарласан ба намайг буруутгах гэж хийлгэсэн дүгнэлтийн төлбөрийг би төлөх ёсгүй. 2016 онд ажлаас гарахдаа ажил хүлээлцсан актаар бүх баримт, файлаа хүлээлгэж өгсөн.

Намайг компанид 1.581.660.820 төгрөгийн хохирлыг учруулсан гээд байгаа бөгөөд гэтэл Ш констракшн ХХК-ийн хэрэгжүүлж байсан төсөл 3.000.000.000 төгрөгийн төсөл ба тал мөнгийг нь би авчихаар тухайн төсөл хэрхэн хэрэгжсэн байх бэ.

Шинжээчид санхүүгийн анхан шатны баримт хуульд нийцэхгүй болохоор дүгнэлт гаргах боломжгүй мөнгөн дүн гаргасныг нягтлан бодогч намайг завшсан мэтээр ойлгоод байна. Санхүүгийн анхан шатны баримтыг гагцхүү нягтлан бодогч бүрдүүлдэг эд биш бөгөөд кассын болон бэлэн мөнгөний нярвууд, санхүүгийн бусад ажилтнууд өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу мөн бүрдүүлдэг.

Иймд нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн надаас шаардаад байгаа 1.581.660.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Х.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн 1.581.660.820 төгрөгийг иргэн Д.Д завшсан гэх ямар ч үндэслэл олж харсангүй. Тийм учраас иргэн Д.Д буруутай гэж бодохгүй байна.

Нэхэмжлэгч талын ярьж байгаа байдал тодорхойгүй, нотлох баримтгүй, өөрсдөө хяналт шалгалт сайн тавиагүй учраас энэ их мөнгийг иргэн Д.Даас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч компанийн захирал Б.Батболд яагаад өөрөө оролцохгүй, эгчийгээ оролцуулж байгаад эргэлзэж байна. Эцэст нь хэлэхэд иргэн Д.Д 1.581.660.820 төгрөгийг хувьдаа завшаагүй, харин бичиг баримтын зөрчил гаргасан гэж дүгнэж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ш констракшн ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, Б.Батсүхэд олгосон итгэмжлэлүүд,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 5439 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, мөн прокурорын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 201625013168 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын хуулбар, мөн цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоолуудын хуулбар,

Ш констракшн ХХК-ийн 2016 оны 08 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст гаргасан гомдлуудын хуулбар, Ш констракшн ХХК-ийн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гаргасан өргөдлийн хуулбар, мөрдөн байцаагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоолын хуулбар, Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн 2020 оны 10 сарын 01-ний 19/20 дугаартай Д.Дын цалингийн тодорхойлолтын хуулбар,

Цагдаагийн газарт хүргүүлсэн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 8/1019, 8/1020 дугаартай хариу албан бичгийн хуулбар,

Д.Дын ам бүлийн талаарх тодорхойлолтын хуулбар, Ш констракшн ХХК-ийн захирлын Д.Дыг ажилд томилох тухай 2007 оны 08 сарын 15-ны өдрийн 07/04 дугаартай тушаалын хуулбар, мөн захирлын Д.Дыг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 2/16 дугаартай тушаал, Д.Дтай 2007 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан 5 дугаартай болон 2009 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан 2 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон гэрээний сунгалт, мөн 2013 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан 4 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон Д.Дын ажил үүргийн хуваарь,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 13 дугаартай яллагдагчид хязгаарлалт тогтоох тухай захирамжийн хуулбар,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 дугаартай дүгнэлтийн хуулбар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 124 дугаартай дүгнэлтийн хуулбар,

Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протоколын хуулбар,

Ш констракшн ХХК-ийн 2009 оны 02 сарын 26, 2009 оны 03 сарын 13, 2009 оны 04 сарын 23, 2014 оны 05 сарын 03-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, 2010 оны 12 сарын 24, 2010 оны 12 сарын 30, 2010 оны 12 сарын 31, 2011 оны 01 сарын 31, 2011 оны 07 сарын 08, 2011 оны 09 сарын 30, 2013 оны 12 сарын 31, 2013 оны 01 сарын 31-ний өдрүүдийн кассын зарлагын ордерын хуулбар, 1.953.000 төгрөг, 4.108.500 төгрөг, 5.398.800 төгрөг, 402.000 төгрөг, 40.000 төгрөг, 200.000 төгрөг, 225.500 төгрөг, 12.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтуудын хуулбар,

Голомт банкны гадаад төлбөрийн даалгаврын хуулбар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд, 2012 оны 05 сарын 23, 2012 оны 05 сарын 02, 2012 оны 04 сарын 28-ны өдрүүдийн мөнгөн гуйвуулгын хүсэлтүүдийн орчуулгын тамга бүхий хуулбар, хятад хэл дээр үйлдэгдсэн 3 хуудас баримтын хуулбар, ажилчдад хоолны мөнгө өгсөн тооцооны хуулбар,

Ш констракшн ХХК-д ажиллаж байхдаа Мойлтын тохойд барьсан гэх байшингийн 3 ширхэг гэрэл зураг, Ш констракшн ХХК-тай Т.Батсайханы 2016 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан Ш констракшн ХХК-ийн санхүүгийн баримт, тайлан, тэнцэлд шалгалт хийж дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар,

Ш констракшн ХХК-ийн Дабль аксиом аудит ХХК-тай 2016 оны 11 сарын 23, 2019 оны 08 сарын 09-ний өдөр байгуулсан аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, аудитын үйлчилгээний төлбөрийн хуваарийн хуулбар,

Ш констракшн ХХК-ийн захирал Б.Батболдоос 2016 оны 11 сарын 29-ний өдөр Т.Батсайханд 4.000.000 төгрөг, Дабль аксиом аудит ХХК-д 2016 оны 11 сарын 29-ний өдөр 22.400.000 төгрөг, 2016 оны 12 сарын 27-ны өдөр 9.600.000 төгрөг, 2019 оны 08 сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөг тус шилжүүлсэн баримтуудын хуулбарууд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2018 оны 08 сарын 07-ны өдөр шинжээчийн ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, 2020 оны 10 сарын 27-ны өдөр 800.000 төгрөг болон 1.600.000 төгрөг шилжүүлсэн баримтууд,

Эрүүгийн 201625013168 тоот хэргийн Ш констракшн ХХК-ийн нягтлан бодогч Д.Дт хамааралтай асуудлуудыг шалгасан Дабль аксиом аудит ХХК-ийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн аудитын тайлан,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст Дабль аксиом аудит ХХК нь 2017 оны 01 сарын 16-ны өдөр 1601/60 дугаартай албан бичгээр Ш констракшн ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Дтай хамааралтай асуудлуудыг шалгасан аудиторын дүгнэлтийн хуулбарыг хүргүүлсэн баримт,

Т.Батсайханы Ш констракшн ХХК-ийн захирал Б.Батболдод 2016 оны 11 сарын 20-ны өдөр хүргүүлсэн санхүүгийн баримтанд хэсэгчилсэн шалгалт хийсэн тухай баримтын хуулбар,

Тус компанийн 2011 оны 09 сарын 01-ний өдөр Н.Нарантуяагийн байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2009 оны 11 сарын 15-ны өдөр иргэн Д.Оюунбаттай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2008 оны 01 сарын 01-ний өдөр ӨМӨЗО-ны Хуа Рюү компанийн захирал Лу И Тунгтай байгуулсан Ш цогцолбор-ын 150 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар,

БНХАУ-ын иргэн Bao qinggeleyu-ийн цагдаагийн байгууллагад гэрчээр өгч байсан мэдүүлэг, 250.000 ам долларыг шилжүүлсэн баримтын орчуулгууд,

Голомт банкны 2022 оны 02 сарын 24-ний 14/хх/03-478 тоот хариу, нэхэмжлэгч талын Голомт банкинд гаргасан 2022 оны 02 сарын 16-ны өдрийн хүсэлт, 250.000 ам доллар шилжүүлсэн холбоотой орчуулгын баримтууд, Бээжин хот дахь Ябалоу худалдааны төвийн барилгын гэрэл зураг, Баянзүрх дүүрэг, 6-р хорооны 13-р хороолол, Нарны зам 99а, 99б дугаартай 75*2 айлын орон сууцны барилга байгууламжийг 2011 оны 03 сарын 04-ний өдөр ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын акт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Д.Д нь хариу тайлбар, өмгөөлөгч Т.Сайнбаяртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банктай Д.Дын 2014 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, барьцаалбар, Д.Дын Хурд групп ХХК-тай 2010 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан р4/48 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Рапид харш /17011/ 4-р байрны 48 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Д.Дын Худалдаа хөгжлийн банк дахь 452548050, 452586726, 452547998 тоот дансны хуулгууд, Б.Гэрэлмаагийн 452548042 хуулга, Д.Дын Ш констракшн ХХК-тай 2012 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Налайх дүүргийн Мойлтын тохойд барьсан байрны гэрэл зураг,

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний хуулбар, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Шар хад /13280/, Хилчин гудамж, 407-р байрны 30 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, байранд нүүж орох зөвшөөрөл, орон сууц хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт,

Д.Дын үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Л.Түмэнбаяр, Д.Минжмаа нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Дын төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

 

Тус шүүхийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 4295 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын хүсэлтээр:

Нэхэмжлэгч Ш констракшн ХХК-иас тус компанийн 2007-2016 он хүртэлх хугацааны татварын тайлан, нягтлан бодогч Д.Дт компанийн дансанд гарын үсэг зурж, гүйлгээ хийх эрх олгосон гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтыг,

 

2021 оны 03 сарын 23-ны өдрийн 109 дугаар шүүхийн тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын хүсэлтээр:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Ш констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2007-2016 оныг дуусталх хугацаанд бүртгэгдсэн компанийн дүрмийг,

Ариг банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагч, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Кредит банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк ХХК-иудаас Шинэдөл констракшн ХХК-ийн харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол 2007-2016 оныг дуусталх хугацаанд гүйлгээ хийх эрх бүхий албан тушаалтан хэн байсан талаарх лавлагааг,

Шинэдөл констракшн ХХК-иас 2007 оны 01 сараас 2015 оны 12 сарыг дуустал хугацааны санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын тайланг,

 

2021 оны 12 сарын 03-ны өдрийн 21261 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн хүсэлтээр:

-Голомт банкнаас тус банкны /13 дугаар хороолол дахь тооцооны төвөөс гэх/ БНХАУ-ын иргэн Ya Bao Lu гэгчийн 348056023804 тоот данс руу 2012 оны 4 сарын 19-ний өдөр Даринчулууны Д нь 250.000 ам доллар шилжүүлсэн баримтыг,

-2012 оны 4 сарын 18-ны өдөр Голомт банк дахь 1905011247 тоот дансанд Жинь Манлай Улаанбаатар буянтаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 40.000 ам долларыг буцааж төлөхөд туслав. Юаньд шилжүүлэхэд 633.000 юань. Болдоод буцаан төлөх 250.000 ам долларын зээл үлдсэн болно гэсэн гүйлгээний утгатай БНХАУ-аас Ламтавын Мөнхтуяа нэрээр шилжүүлсэн гүйлгээний баримтуудыг,

Худалдаа хөгжлийн банкнаас мөн банкинд 452559969 тоот данстай харилцагч иргэн Л.Амгаланбаатар 995.000 юанийн гүйлгээг Болдоогийн 250.000 ам долларын нэг хэсгийг буцаан төлөв гэсэн гүйлгээний утгатай 2012 оны 5 сарын 23-ны өдөр БНХАУ-аас шилжүүлсэн гүйлгээний баримтуудыг,

 

2021 оны 12 сарын 22-ны өдрийн 225 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн хүсэлтээр:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын архиваас мөн прокурорын газрын хяналтын прокурорын /Я.Сансар/ 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 5439 дугаар бүхий Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 201625013168 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хаасан гэх ба уг хэргээс БНХАУ-ын иргэн Лү И Тунгийн гэрчээр өгч байсан мэдүүлгүүдийг,

 

2022 оны 01 сарын 28-ны өдрийн 2740 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн хүсэлтээр:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын архиваас мөн прокурорын газрын хяналтын прокурорын /Я.Сансар/ 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 5439 дугаар бүхий Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 201625013168 дугаартай хэргээс БНХАУ-ын иргэн BAO QINGGELETU-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг,

Голомт банкнаас 2012 оны 4 сарын 28-ны өдөр Голомт банк дахь 1905011247 тоот дансанд Жинь Манлай Улаанбаатар буянтаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 40.000 ам долларыг буцааж төлөхөд туслав. Юаньд шилжүүлэхэд 633.000 юань. Болдоод буцаан төлөх 250.000 ам долларын зээл үлдсэн болно гэсэн гүйлгээний утгатай БНХАУ-аас Ламтавын Мөнхтуяа нэрээр шилжүүлсэн гүйлгээний баримтыг,

 

2022 оны 03 сарын 16-ны өдрийн 114 дугаар нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн хүсэлтээр:

Голомт банкнаас мөн банк дахь 1905011247 тоот дансны 2012 оны 04 сарын 28-ны өдрөөс 2012 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ш констракшн ХХК нь хариуцагч Д.Дт холбогдуулан гэм хорын хохиролд 1.871.027.879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

-Бодит зардал 50.400.000 төгрөг /шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 дугаар дүгнэлтээр тогтоосон учирсан хохирол 660.966.679 төгрөг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтээр тогтоосон учирсан хохирол 446.578.700 төгрөг,

-250.000 ам доллар буюу 713.082.500 төгрөг /нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020.10.25-ны өдрийн Монгол банкны ханш 1 ам доллар 2.852,33 төгрөг/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ш констракшн ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 289.367.059 төгрөгөөр багасган дараах байдлаар тодруулсан байна.

Үүнд:

-Шинжээчийн дүгнэлт гаргахад гэрээний дагуу төлсөн хохирол 50.400.000 төгрөг,

-ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 тоот дүгнэлтээр тогтоосон учирсан хохирол 660.966.679 төгрөг,

-ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 тоот дүгнэлтээр тусгасан хохирол, ам долларын ханш нэмэгдсэнтэй холбоотой 870.294.141 төгрөг,

/ШШҮХ-ийн шинжээчийн 2020.07.28-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтээр шаардсан 446.578.700 төгрөгт 250.000 ам доллар давхардан тусгагдсан тул хассан гэх/,

2020.07.28-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэх 465.989.141 төгрөг-327.500.000 төгрөг=138.489.141 төгрөг,

250.000 ам доллар*2022.03.28-ны өдрийн ханш=731.805.000 төгрөг,

731.805.000 төгрөг+138.489.141 төгрөг=870.294.141 төгрөг, Нийт 1.581.660.820 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

 

Ш констракшн ХХК-ийн захирал Б.Батболдын 2007 оны 08 сарын 15-ны өдрийн 07/04 дугаартай тушаалаар Д.Дыг уг өдрөөс нь тус компанийн тооцооны нягтлан бодогчийн ажилд томилжээ.

Нягтлан бодогч Д.Дтай 2007 оны 08 сарын 15, 2009 оны 08 сарын 15, 2013 оны 10 сарын 01-ний өдрүүдэд тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээг тухай бүрд нь сунгаж байсан бөгөөд гэрээгээр түүний ажил үүргийн хуваарийг дараах байдлаар тодорхойлж байсан байна. Үүнд:

-Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу даваа гаригаас баасан гариг хүртэл 09-18 цаг хүртэл ажиллах,

-Сар бүр бэлэн мөнгөний кассын тайлан, анхан шатны баримт тулгаж шалгах,

-Санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд хийж тайлагнах,

-Сар бүр инженер Э.Батсайханаас бараа материалын тайлан хүлээн авах,

-Компанийн үндсэн хөрөнгийг тоолж баталгаажуулж кодлож эзэмшиж буй хүмүүст хувиарлаж хяналт тавих,

-Гэрээт ажил бүрийг хянаж тооцоо нийлсэн актаар дуусгавар болгож байх,

-Ажилчдын анкет, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарийг зохих журмын дагуу баримт бүрдүүлж ажиллах гэсэн байна.

 

Мөн компанийн захирлын 2016 оны 4 сарын 20-ны өдрийн 2/16 дугаартай тушаалаар улс орны эдийн засгийн байдал хүндэрч цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болж санхүүжилт зогсонги болон ажилчдын цалин тавих боломжгүй болсон хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Д.Д нарын 4 ажилтаныг 2016 оны 04 сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 27-39 дүгээр тал/

 

Хариуцагч Д.Д нь 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ш констракшн ХХК-д нягтлан бодогчоор ажилласан талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Д.Дтай нэхэмжлэгч Ш констракшн ХХК эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Ш констракшн ХХК нь Д.Дт холбогдуулан 2016 оны 08 сарын 16-ны өдөр хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх гомдлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 09 сарын 17-ны өдрийн 201625013168 дугаартай тогтоолоор Д.Дын байгууллагын мөнгө хувьдаа завшсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13-22, 2 дугаар хавтасны 60-69 дүгээр тал/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 тоот дүгнэлтэд:

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас ирүүлсэн хавтаст хэрэг, хэрэгт авагдсан Ш констракшн ХХК-ийн санхүүгийн баримт материалуудыг судлан үзэв.

1. Дабль аксиом аудит ХХК-ийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 1601/80 тоот аудитын дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд бүрэн гүйцэт, иж бүрнээр хамрагдаагүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Ш констракшн ХХК-ийн 2008-2014 онуудын бэлэн мөнгөний зарцуулалтын гүйлгээг тулган шалгахад дэмжих анхан шатны баримттай 2.994.525.665,16 төгрөг, дэмжих анхан шатны баримтгүй 660.966.679,22 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Харин гүйлгээг дэмжих анхан шатны баримтгүй хийгдсэн 660.966.679,22 төгрөгийн гүйлгээг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Ш констракшн ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Д завшсан эсэх үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 80-84 дүгээр тал/

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 124 тоот дүгнэлтэд:

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас шинжилгээнд ирүүлсэн хэрэгт авагдсан Ш констракшн ХХК-ийн санхүүгийн баримт материалуудыг судлан үзэв.

Дабль аксиом аудит ХХК-ийн 2017 оын 01 сарын 16-ны өдрийн 1601/80 тоот аудитын дүгнэлтэд:

-Компани нь санхүүгийн үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн цахим файл байхгүй, ерөнхий журнал хөтөлдөггүй, ирүүлээгүй, гүйлгээ баланс бэлтгэдэггүй, ирүүлээгүй, бараа материалын дэлгэрэнгүй тайлан гаргадаггүй, ирүүлээгүй, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан гаргадаггүй, ирүүлээгүй, авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, тайлан гаргадаггүй, ирүүлээгүй, авлага, өглөгийн үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулдаггүй, ирүүлээгүй, жил бүрийн борлуулалтын журнал, тайлан ирүүлээгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, ирүүлээгүй.

-Д.Д тус компанид 2007.10.31-2014.12.31 хүртэл нягтлан бодогчоор ажиллахдаа захирлын зөвшөөрөлгүй, анхан шатны нотлох баримтгүй, бэлэн мөнгө хүлээн авсан гарын үсэггүй, хуурамч хүчин төгөлдөр бус баримттай нийт 3.655.492.911,38 төгрөгийн зарцуулалтыг санхүүгийн тайланд тайлагнасан байна гэж үзжээ.

-Тус компанийн 2009.01.01-2013.12.31-ний хоорондох мөнгөн хөрөнгийн орлого, зарлагыг анхан шатны нотлох баримт болон татварт тайлагнасан санхүүгийн тайлантай нэг бүрчлэн тулган шалгахад 132.203.000 төгрөгийн орлого нь байвал зохих орлогоос зөрүүтэй буюу дутуу бүртгэсэн нь баримтаар нотлогдож байна гэжээ.

 

Нэмэлт шинжилгээгээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас шинжилгээнд ирүүлсэн Дабль аксиом аудит ХХК-ийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 1601/80 тоот аудитын тайлан 33 хуудас, ШШҮХ-ийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 тоот дүгнэлт болон Ш ХХК-ийн санхүүгийн баримт 2 хавтас баримт материалыг үндэслэн хийсэн.

Дүгнэлт:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан дэмжих анхан шатны баримтгүй 660.966.679,22 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг хуулбарлан нэмэлт шинжилгээнд ирүүлсэн байна.

Өмнөх шинжилгээнд хамрагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар юунд зарцуулсаныг нотлох анхан шатны баримтууд шинжилгээнд ирээгүй тул эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.

2. ШШҮХ-ийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлтэд Дабль аксиом аудит ХХК-ийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 1601/80 тоот аудитын дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй. Учир нь санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд бүрэн гүйцэт, иж бүрнээр хамрагдаагүй байна гэж тусгасан.

3. Ш констракшн ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Д завшсан эсэх үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж дүгнэлт гаргасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 168-174, 2 дугаар хавтасны 167-169 дүгээр тал/

 

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дабль аксиом аудит ХХК-ийн аудитор Р.Цацрал, шинжээч Ш.Оюунчимэг нар Эрүүгийн 201625013168 тоот хэргийн Ш констракшн ХХК-ийн нягтлан бодогч Д.Дт хамааралтай асуудлуудыг шалган 2019 оны 08 сарын 28-ны өдөр 1904/04 тоот аудитын тайлан үйлджээ.

1. Ш констракшн ХХК-ийн 2008-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналтын хэсэгчилсэн шалгалтыг мэргэшсэн нягтлан бодогч Т.Батсайхан хийж 2016 оны 11 сарын 20-ны өдөр 844.534.693 төгрөгийн зөрчил илэрсэн талаар дүгнэлт гаргасан.

Мөрдөгчөөс ирүүлсэн компанийн санхүүгийн 14 ширхэг үдээстэй баримтуудыг үндэслэн дотоод хяналтаар гаргасан гүйлгээ бүрийг анхан шатны нотлох баримт руу тулган шалгахад:

-зөрчлийн дүнг давхардуулсан 23.456.100 төгрөг, кассын зарлагын ордерт удирдлага гарын үсэг болон мөнгө хүлээн авсан гарын үсэгтэй 167.082.046 төгрөг, манай аудитын 2017 оны 01 сарын 16-ны өдрийн дүгнэлтэд орсон 138.724.341 төгрөг, дотоод хяналтын болон мөрдөгчөөс ирүүлсэн санхүүгийн баримтанд байхгүй, нотлогдоогүй 68.693.506 төгрөг,

Дотоодын хяналтаар илэрсэн, бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй, мөнгө хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй 446.578.700 төгрөгийн гүйлгээ байгааг Д.Дт хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоохоор байна.

Д.Д тус компанид 2008.01.01-2014.12.31-нийг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллахдаа захирлын зөвшөөрөлгүй, анхан шатны нотлох баримтгүй, бэлэн мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, хуурамч хүчин төгөлдөр бус баримттай нийт 3.662.642.227,38 төгрөгийн зарцуулалтыг санхүүгийн тайланд тайлагнасан байна.

Энэ нь НББОУС 1-Санхүүгийн тайлагнал, Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл /нягтлан бодох бүртгэлийн зарчим/, 7.4, 7-т заасныг тус тус зөрчсэн гэж дүгнэн тайлан гаргасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 79-85 дугаар тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 тоот 201625013168 дугаартай хэрэгт санхүүгийн нэмэлт шинжилгээ хийсэн тухай дүгнэлтэд:

Нэмэлт шинжилгээг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас шинжилгээнд ирүүлсэн тогтоол, хэргийн материал 1 хавтас, Ш констракшн ХХК-ийн санхүүгийн баримт 15 хавтас, Дабль аксиом аудит ХХК-ийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 1908/92 дугаартай аудитын тайлан 7 хуудас, Голомт банкны гадаад гуйвуулга 1 хуудас зэргийг үндэслэн хийсэн.

Дүгнэлт:

1. Дабль аксиом аудит ХХК-ийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 1908.92 дугаартай аудитын тайлан нь нэмэлт шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд үндэслэлтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл /нягтлан бодох бүртгэлийн зарчим/, 7.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ, 7.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн нь үндэслэлтэй.

2. Нэмэлт шинжилгээнд мөрдөгчөөс ирүүлсэн санхүүгийн 15 хавтас баримтын хүрээнд ШШҮХ-ийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 2008-2014 онуудын нийт 572.485.352,45 төгрөгийн санхүүгийн баримтууд давхцан хамрагдсан байна.

3. Нэмэлт шинжилгээгээр Дабль аксиом аудит ХХК-ийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 1908.92 дугаартай аудитын дүгнэлтэд тусгагдсан дотоодын хяналтаар илэрсэн, бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй, мөнгө хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй 446.578.700 төгрөгийн гүйлгээ байгааг Ш констракшн ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Дт хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоохоор байна.

Үүнээс нэмэлт шинжилгээнд ирүүлсэн Голомт банкны 2012 оны 04 сарын 19-ний өдрийн 250.000 ам доллар /ханш 1310/ буюу 327.500.000 төгрөгийн гадаад гуйвуулгыг юунд зарцуулсаныг нотлох болон дэмжих анхан шатны баримт шинжилгээнд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Ш констракшн ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Д завшсан эсэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна хэмээн дүгнэлтээ гаргажээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 70-73 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 5439 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Д.Дт холбогдох үйлдлийг шалгаад тэрээр 2007 оны 08 сараас 2016 оны 04 сарын хооронд Ш констракшн ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас компанид их хэмжээний хохирол учруулсан, 2021 оны 04 сарын 19-ний өдөр олон улсын банк хоорондын гүйлгээгээр 250.000. ам долларыг шилжүүлж завшсан гэх үйлдэл тогтоогдсон.

Дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу яллагдагчаар татаж болохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 58-59 дүгээр тал/

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно....,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т .Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан тул дээр дурдсан прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч Д.Дыг бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй.

 

Ш констракшн ХХК-ийн захирал Б.Батболд нь Т.Батсайхантай 2016 оны 10 сарын 29-ний өдөр Ш констракшн ХХК-ийн санхүүгийн баримт, тайлан тэнцэлд шалгалт хийж дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гэрээт ажлыг хөлсийг 8.000.000 төгрөгөөр тохирч 2016 оны 11 сарын 29-ний өдөр Т.Батсайханд 4.000.000 төгрөгийг гэрээт ажлын хөлс гэсэн гүйлгээний утгатай,

мөн Дабль аксиом аудит ХХК-тай 2019 оны 08 сарын 09, 2016 оны 11 сарын 23-ны өдөр аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба аудитын тайланд хамрагдах хугацааг 2007.01.01-2014.12.31-ний өдөр хэмээн тогтоон, төлбөрийн дүнг 32.000.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд 2016 оны 11 сарын 29-ний өдөр 22.400.000 төгрөгийг гэрээт ажлын хөлс гүйлгээний утгатай,

2016 оны 12 сарын 27-ны өдөр 9.600.000 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөр гэсэн гүйлгээний утгатай,

2019 оны 08 сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөгийг аудитын гэрээт ажлын хөлс гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2018 оны 08 сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн, 2020 оны 10 сарын 27-ны өдөр 800.000 төгрөгийг шинжээчийн үнэ, 1.600.000 төгрөг Ш констракшнаас гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 65-77 дугаар тал/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

 

Дээр дурдснаас нэхэмжлэгч Ш констракшн ХХК болон Д.Д нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон ба Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 227.3-т заасны дагуу хохирол шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгүүлсэн болон шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн мөнгийг хохиролд тооцон хариуцагч Д.Даас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Ш констракшн ХХК-д 2008-2011 онуудад ахлах нягтлан бодогч н.Мөнхбаяр /Б.Батболд захирлын дүү/, тооцооны нягтлан бодогч н.Туяа, тооцооны нягтлан бодогч н.Эрдэнэчимэг, нягтлан бодогч Д.Д нар,

2011 оноос хойшхи хугацаанд нягтлан бодогч Д.Д, н.Гэрэлмаа инженер албан тушаалтай ч няравын, н.Батсайхан инженер боловч нягтлан бодогчийн ажил эрхэлдэг байсан хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдааны явцад тайлбарласан ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 83 тоот дүгнэлтээр тогтоосон Ш констракшн ХХК-ийн 2008-2014 онуудын бэлэн мөнгөний зарцуулалтын гүйлгээг тулган шалгахад дэмжих анхан шатны баримттай 2.994.525.665,16 төгрөг, дэмжих анхан шатны баримтгүй 660.966.679,22 төгрөгийн гүйлгээ хийгдсэн,

мөн шинжээчийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 154 тоот дүгнэлтээр тусгасан хохирол, ам долларын ханш нэмэгдсэнтэй холбоотой 870.294.141 төгрөг,

/ШШҮХ-ийн шинжээчийн 2020.07.28-ны өдрийн 154 тоот дүгнэлтийн дагуу шаардсан 446.578.700 төгрөгт 250.000 ам доллар давхардан тусгагдсан тул хассан гэх,

2020.07.28-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэх 465.989.141 төгрөг-327.500.000 төгрөг=138.489.141 төгрөг,

250.000 ам доллар*2022.03.28-ны өдрийн ханш=731.805.000 төгрөг,

731.805.000 төгрөг+138.489.141 төгрөг=870.294.141 төгрөг/ тус тус хариуцагч Д.Даас нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч Д.Дын Ш констракшн ХХК-д ажиллаж байх үеийн санхүүгийн баримтуудад хийсэн шалгалтаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл /нягтлан бодох бүртгэлийн зарчим/, 7.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ, 7.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчин дэмжих анхан шатны баримтгүй гүйлгээ хийсэн, тайланд тусгасан гэж дүгнэсэн болох нь шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоосон.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасны дагуу Ш констракшн ХХК-ийн захирал Б.Батболд, ахлах нягтлан бодогч н.Мөнхбаяр нар санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцахаар байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна,

13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна,

13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалт болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээс дүгнэвэл, санхүүгийн анхан шатны бэлэн мөнгөний зарлагын баримтыг мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичих, дарга, нягтлан бодогчоор зөвшөөрсөн цохолт хийлгэх, нярав олгох, мөнгө хүлээн авсан хүн гарын үсэг зурах зэрэг шат дамжлагаар мөнгийг олгохоор байна.

 

Гэтэл байгууллагын захирал, ерөнхий буюу ахлах нягтлан бодогч нар хяналт тавих үүргээ биелүүлээгүй атлаа тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Дыг дангаар нь буруутгаж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Д.Д нь 2012 оны 04 сарын 19-ний өдөр 250.000 ам долларыг зээл өгөв гүйлгээний утгатай БНХАУ-ын банкны Бээжин хот дахь салбар 8, 348056023804, Яа Бао Лоу дахь Бээжин Манглай ценчюри импорт энд экспорт трединг центр компанид шилжүүлсэн талаарх баримт авагдсан ба тус компанийн захирал БНХАУ-ын иргэн Bao qinggeletu бөгөөд тэрээр Ш констракшн ХХК-ийн захирал Б.Батболдтой найз нөхдийн харилцаатай, Д.Даваавжавыг танихгүй талаараа мэдүүлжээ.

/ХХ-ийн 3 дугаар хавтасны 91-92, 94-95, 108-109, 117-119, 125-126, 132-145 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал ...Д.Дыг 250,000 ам долларыг Бээжин рүү шилжүүлж, өөрөө онгоцоор очиж авсан... гэж тайлбарлаж байх боловч мөнгөн шилжүүлгийн баримт дээр зээлэв утгатай, Б.Батболдын гар утас бичигдсэн, Ш констракшн ХХК-иас Бээжин Манглай ценчюри импорт энд экспорт трединг центр компанид мөнгө шилжүүлж байсан талаар тус компанийн захирал гэрч БНХАУ-ын иргэн Bao qinggeletu эрүүгийн хэрэгт мэдүүлсэн зэргээс Д.Д захирлын зөвшөөрлөөр, өгсөн үүргийг биелүүлж, 250.000 ам долларыг Б.Батболд захирлын өмнөөс Бээжин Манглай ценчюри импорт энд экспорт трединг центр компанид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 731.805.000 төгрөгийг хариуцуулах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Д.Д нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байхдаа нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчиж, дэмжих анхан шатны баримтгүй гүйлгээг санхүүгийн тайланд тайлагнасан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын тайлбар зэргээр хангалттай тогтоогдсон хэдий ч түүний хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас 799.455.820 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тэрээр байгууллагын кассаас хууль бусаар 799.455.820 төгрөгийг бэлнээр авсан болох нь анхан шатны баримт, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн 1.581.660.820 төгрөгийг иргэн Д.Д завшсан гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал хяналт тавиагүй, иргэн Д.Д 1.581.660.820 төгрөгийг хувьдаа завшаагүй, харин бичиг баримтын зөрчил гаргасан гэж дүгнэж байна хэмээн дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Дт холбогдох 1.581.660.820 төгрөг гаргуулах тухай Ш констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн хүсэлтээр Дабль аксиом аудит ХХК-ийн аудитор Р.Цацрал, шинжээч Ш.Оюунчимэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуул нараас аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргасантай холбоотой гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн бөгөөд Р.Цацрал нь 2019 оны 08 сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь Дабль аксиом аудит ХХК-ийн захирлын 2019 оны 08 сарын 31-ний өдрийн 2019/0806 тоот тушаалаар тогтоогсдон ба нэхэмжлэгч тал Р.Цацралаас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдлаа.

/ХХ-ийн 3 дугаар хавтасны 215 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Дт холбогдох 1.581.660.820 төгрөг гаргуулах тухай Ш констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.513.089,40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 491 дугаар захирамжаар хариуцагч Д.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 99в байрны 603 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй,хххххххххххххххх тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-00000000000 дугаарт бүртгэлтэй, ххххххххххххххххххххх тоот орон сууцуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ