Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01478

 

 

 

 

 

 

 

 

 

П.Аэгийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01840 дугаар шийдвэртэй, П.Аэгийн нэхэмжлэлтэй Уэмнэлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Нэхэмжлэгч П.Аэг 2002 оноос Уэмнэлэгт мэдрэлийн их эмч, тархины судасны хэт авиан оношлогооны их эмч, 2006 оноос 2014 оны 4 дүгээр сард хүртэл тус эмнэлгийн Статистик мэдээллийн технологийн албаны дарга, тархины судасны хэт авиан оношлогооны их эмч, 2014 оны 4 дүгээр сараас Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргаар ажилласан.

Уэмнэлгийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 тоот тушаалаар П.Аэгийг Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажлаас чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчээр шилжүүлэн ажиллуулахаар болсон бөгөөд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уэмнэлгийн захирлын 2021 оны Б/86 тоот тушаалыг гаргахдаа ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн алийг ч заагаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 9.1 дэх хэсэгт “Гэрээний 6.1 дэх заалтын дүнгээр “дутагдалтай”, “хангалтгүй” гэж /69,9% буюу түүнээс доош/ дүгнэгдсэн”, 9.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37,38,40 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ”, 9.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн дараах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гээд 11 ноцтой зөрчлийг заасан байдаг. П.Аэг нь үр дүнгийн гэрээний дагуу дутагдалтай болон хангалтгүй гэсэн үнэлгээг 6 жилийн хугацаанд аваагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан 11 ноцтой зөрчлийг огт гаргаж байгаагүй.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.16-д “Ажилтныг өөр ажилд, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан зохих үндэслэлийг баримтлан холбогдох тушаалыг гаргана” гэж заасан байдаг. П.Аэгийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах хуулийн үндэслэл бий болоогүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн байна.

Тушаалд хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Уэмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтад оролцож, бага оноо авсан тул чөлөөлсөн гэжээ. Тус эмнэлгийн захирал 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/254 тоот “Уэмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” тушаал гаргасан бөгөөд уг тушаалаар Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн удирдах албан тушаал болон бусад алдан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Д. Алтанцэцэг тухайн албан тушаалд ажилласаар байтал сонгон шалгаруулалт зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад орох ёстой гэсэн тул материалаа бүрдүүлж өгсөн.

Уэмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/252 тоот тушаалаар “Улсын гуравдугаар эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан байна. Гэтэл уг тогтоол нь  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 тоот тогтоолоор хүчингүй болсонд тооцогдсон байжээ. Дараа нь мөн л Төрийн албаны зөвлөлийн хүчингүй болгосон 2013 оны 60 дугаар тогтоолыг үндэслэн Уэмнэлгийн захирлын 2020 оны А/257 тоот тушаалаар Уэмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт явуулах тасаг, нэгжийн жагсаалт баталж, уг жагсаалтын 19 дүгээрт Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв гэж оруулсан байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” болон уг тогтоолыг хүчингүй болгосон 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д албан тушаалын сонгон шалгаруулалтыг албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд явуулахаар заасан байдаг. Гэтэл П.Аэгийн ажиллаж байсан ажлын байранд сул орон тоо гараагүй, тэрээр өөр ажилд шилжих хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, ажлын байранд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлаж явуулсан, уг сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн ажилтныг өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус байна.

Уэмнэлгийн захирлын 2020 оны А/254 тоот тушаалын үндэслэл болгосон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1-д “Эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох” гэсэн захирлын эрх, 16.7.2-т “Эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх” гэсэн захирлын үүрэг нь эмнэлгийн захирал гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх нэрээр хүссэн үедээ нэгжийн удирдлагыг өөрчилж, сонгон шалгаруулж, томилох эрхтэй гэсэн үг биш.

Иймд П.Аэгийг урьд эрхэлж байсан Уэмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсний зөрүүд 3-7сарын хугацаанд 2,466,165 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. П.Аэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131 дүгээр зүйлд зааснаар ажлаас чөлөөлөөгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталж ажилтныг ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1, 16.7.2, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах ТТ-9701 МОН” төсөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар тогтоол, Эмнэлгийн дүрмийн 4.6, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т тус тус заасныг үндэслэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын А/252 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/254 тоот тушаалаар шалгаруулах үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор эмнэлгийн хүрээнд зохион байгуулсан болно.

Энэхүү сонгон шалгаруулалтад Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга П.Аэг нь оролцож, үнэлэгдсэн бөгөөд энэхүү сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын  хэсгийн дүгнэлтээр П.Аэг нь тухайн албан тушаалаас хуулийн дагуу чөлөөлөгдөх үндэслэл бий болсон.

Эмнэлгийн захирлын  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй. Уг тушаалыг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.10.6, 24 дүгээр зүйлийн 4.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.1, 16.6.1, 16.6.2, 16.6.3, 16.7.2, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/252 тоот тушаалаар батлагдсан “Уэмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтын журам”, эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/254, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/37, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 тоот тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын 2019 оны 25, 472 тоот тогтоол, Эмнэлгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.13, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5, 4.6, 4.10.2, 4.10.3, 4.10.6, 5 дугаар зүйлийн 5.1.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.7.3, 2.7.6, 3 дугаар зүйлийн 3.1, 3.13 дахь хэсэгт заасныг үндэслэсэн.

Тушаалаар П.Аэгийг албан тушаалаас чөлөөлж мэдрэл судлалын тасгийн их эмчээр томилсон болохоос үүрэгт ажлаас дан ганц Хөдөлмөрийн тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэл болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчлийн асуудлаар чөлөөлсөн биш юм.

Сонгон шалгаруулалтыг албан тушаалын сул орон тоо гараагүй байхад явуулсан гэж Д.Алтанцэцэг нь үзэж байгаа бол сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр сонгон шалгаруулалттай холбоотой гомдлоо гаргаж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс сонгон шалгаруулалтын үе шат бүхнийг дуу дүрс бичлэгээр бэхжүүлсэн байх бөгөөд энэхүү сонгон шалгаруулалт явуулахыг хүлээн зөвшөөрч, шударга явуулж байгаа талаарх П.Аэгийн санал, дүгнэлтийг энэхүү дуу бичлэгээр бэхжүүлэгдсэн байгаа болно.

Гэтэл сонгон шалгаруулалт зохион байгуулах шийдвэрүүд гарснаас хойш, зохион байгуулах явцад төдийгүй өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалттай холбоотой гомдол П.Аэгээс ирүүлээгүй байж сонгон шалгаруулалтыг хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Уэмнэлэгт холбогдох Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүд 2,466,165 төгрөг гаргуулахыг хүссэн П.Аэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... түүнийг Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн дээрх тушаалын агуулгыг харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэлээ. Учир нь тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилохоор хуульд заасны дагуу явуулсан сонгон шалгаруулалтыг мэргэжил ур чадварын шалгалт гэж үзэх бөгөөд тухайн шалгалтад тэнцээгүй нь ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэл юм ...” гэж дүгнэсэн байх бөгөөд ийнхүү дүгнэсэн үндэслэлгүй болсон. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, ... хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэгт ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог. Гэтэл хариуцагч байгууллагад ямар нэг түвшин тогтоох комисс болон аттестатчиллын комисс байгуулагдаагүй, энэ талаар шийдвэр, дүгнэлт гараагүй байхад 2021 оны 1 дүгээр сард болсон удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг мэргэжил, ур чадварын шалгалт байсан, уг шалгалтаар нэхэмжлэгч гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон мэтээр шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай, бодит байдалд нийцэхгүй байна. Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тухайн эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, мэргэшлийн зэрэг олгох шалгалтыг зохион байгуулж, мэргэжил, ур чадварыг үнэлдэг болохоос биш байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой, сул орон тоонд ажилтан авч ажиллуулахын тулд хийгддэг сонгон шалгаруулалтыг мэргэжил, ур чадварыг шалгалт гэж үзэх боломжгүй.

2. Шүүх Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1-т “эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж томилох эрхтэй” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ хуульд заасан эрх нь зөвхөн нэгжийн удирдлагыг томилоход хэрэглэгдэх ёстой болохоос биш одоо ажиллаж байгаа нэгжийн удирдлагыг ажлаас халахад хэрэглэгдэх хууль зүйн үндэслэл биш юм.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд уг хууль батлагдахаас өмнө нэгжийн удирдлагад сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажиллаж байсан ажилтнуудыг сонгон шалгаруулалтад оруулж, тэнцээгүй ажилтныг уг ажлаас чөлөөлөх талаар тусгай зохицуулалт батлаагүй. Иймд тэдгээр ажилтныг уг ажлаас чөлөөлөх харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтын хүрээнд явагдах ёстой байсан. Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5 тоот тогтоолоор Эмнэлгийн бүтэц, дүрмийг шинэчлэн баталсан ба тогтоолоор эмнэлгийн бүтцэд бүхлээр нь өөрчлөлт оруулаагүй, ялангуяа нэхэмжлэгчийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг болон түүний ажиллаж байсан орон тоо өөрчлөгдөөгүй, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан. Гэтэл шүүх шинээр орон тоо гарсан, бүтцэд өөрчлөлт оруулсан мэтээр дүгнэсэн нь өрөөсгөл болсон.

Уэмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/252 тоот тушаал, мөн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/254 тоот тушаалууд нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэл болгосон байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоол нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүчингүй болж, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг шинээр баталсан бөгөөд тухайн журмаар албан тушаалын сонгон шалгаруулалтыг албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд явуулахаар заасан байдаг.

Нэхэмжлэгч нь Уэмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын албан тушаалд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа хийж байсан, өөр ажилд шилжих хүсэлт гаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний ажлын байранд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулсан, улмаар уг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлж, өөрийнх нь зөвшөөрөөгүй өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус болсон.

Шүүх тус төвийн даргын хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож, их эмчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний харилцааг шинээр бий болгох агуулга бүхий, хууль зөрчөөгүй тушаал байна гэж дүгнэсэн боловч бодит байдал дээр өнөөдрийг хүртэл талууд их эмчийн хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байна.

Иймд шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргаанд хууль буруу тайлбарлан хэрэглэснээс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч П.Аэг нь хариуцагч Уэмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах  тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

П.Аэг нь Уэмнэлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажил, албан тушаалд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж  байсан, хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 тоот тушаал /цаашид Б/86 тоот тушаал гэх/ - аар түүнийг уг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчээр томилсон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй. Ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэл Б/86 тоот тушаалд дурдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд алдаатай дурдсан хөдөлмөрийн гэрээний 9.1, 9.2, 9.3 гэх заалтууд /бодитоор уг гэрээний 11.2, 11.3 дахь заалтууд байна/   маргааны зүйл биш гэх үндэслэлээр дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно. /хх 6-9 дэх тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгож байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байхыг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоол /цаашид Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол гэх/-ын 15 дахь хэсэгт заажээ.

 

Ажил олгогч нь Б/86 тоот тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг П.Аэг нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан “Уэмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт”-д оролцож бага оноо авсан гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль ч  үндэслэлд хамаарахгүй байхад анхан шатны шүүх тушаалын агуулгыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2–т заасан “Ажилтан мэргэжил, ур чадвар, ... /-ийн/ хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлд хамаарна гэж тайлбарласан нь буруу болжээ.

 

Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, ... /-ийн/ хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс ... /-ын/ албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ. Ажил олгогч байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тогтоохоос өөр ажиллагаа юм.

 

Хариуцагч байгууллага нь Б/86 тоот тушаалаа хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.

 

Уэмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5 тоот тогтоолоор Уэмнэлгийн шинэчилсэн бүтэц, дүрмийг баталсан байна. Тус дүрмийн 4.2-т “Эмнэлгийн захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан болон бусад хууль, журмын дагуу эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын баг /чиглэл эрхэлсэн дэд захирлууд, захиргааны зохион байгуулалтын нэгжийн удирдлага/-ийг сонгон шалгаруулалтаар томилж ажиллуулна”, дүрмийн 4.6-д “Тус эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгж нь төв, тасаг, албаны зохион байгуулалттай байх ба үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг эмнэлгийн захирлын баталсан журмын дагуу сонгон шалгаруулж, захирлын тушаалаар томилно” гэж зааснаас үзвэл эмнэлгийн захирал сонгон шалгаруулалтын журмыг батлахдаа холбогдох хууль болон журамд нийцүүлэхээр байна.

 

Уэмнэлгийн захирлын 2020 оны 11  дүгээр сарын 23-ны өдрийн А/252 тоот тушаалаар  тус эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг баталсан байх ба тушаалын нэг үндэслэлийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол гэж заажээ. Уг 60 дугаар тогтоол нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүчингүй болсныг анхаараагүй байна. А/252 тоот тушаалд техникийн алдаа гаргасан гэж дүгнэсэн ч уг тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан  “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын зохицуулалтад нийцэхгүй байна. Тус 25 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч /дарга, захирал, эрхлэгч/-ийн сул орон тоог нөхөх зарчмаар оролцогчоос шалгалт авах, сонгон шалгаруулах (цаашид “сонгон шалгаруулалт” гэх) нэр дэвшүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна” гэж зааснаас үзвэл ажил олгогчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/254 тоот тушаалаар зохион байгуулсан Уэмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт нь сул орон тоог нөхөх зарчимд нийцээгүй байна.  Хариуцагч байгууллагын захирлын 2020 оны А/252, А/254 тоот тушаалд дурдагдсан Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн холбогдох  зохицуулалт нь сул орон тоо нөхөн зарчмаас өөр үндэслэлээр  төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч удирдлагын сонгон шалгаруулалтыг бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан  зохион байгуулах эрхийг олгосон гэж дүгнэхээргүй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар П.Аэгийг Улсын гуравдугаар эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргаар томилж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож буй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар их эмчийн авч буй цалин болон Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын цалингийн зөрүүгээр нөхөх олговрыг сарын 493,233 төгрөгөөр тооцож 2021 оны 3-7 дугаар сарыг дуусах хүртэл 5 сарын хугацаанд нийт 2,466,165 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж ажилтанд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар хариуцагч байгууллагаас гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар П.Аэгийг Уэмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Уэмнэлгээс цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 2,466,165 төгрөгийг гаргуулж П.Аэгт олгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Уэмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 54,408 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА