Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01557

 

  

П.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01840 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1478 дугаар магадлалтай,

 

П.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батгэрэл, С.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1.   П.Алтанцэцэг нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүд 2,466,165 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ....Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т заасныг баримталж ажилтныг ажлаас чөлөөлсөн, ...Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4., Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1., 16.7.2., Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах ТТ-9701 МОН төсөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар тогтоол, Эмнэлгийн дүрмийн 4.6, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т тус тус заасныг үндэслэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын А/252 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу эмнэлгийн захирлын 2020.11.30-ны өдрийн А/254 тоот тушаалаар сонгон шалгаруулах үйл ажиллагааг эмнэлгийн хүрээнд зохион байгуулсан ба энэхүү сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн дүгнэлтээр П.Алтанцэцэг нь тухайн албан тушаалаас хуулийн дагуу чөлөөлөгдөх үндэслэл бий болсон. ...сонгон шалгаруулалттай холбоотой гомдлоо П.Алтанцэцэг ирүүлээгүй байж сонгон шалгаруулалтыг хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй. ...Эмнэлгийн захирлын 2021.03.02-ны өдрийн Б/86 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй. гэж маргажээ.

 

2.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01840 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсгийг баримтлан Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдох Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүд 2,466,165 төгрөг гаргуулахыг хүссэн П.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ: ...Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2020.11.30-ны өдрийн А/254 тоот тушаалын дагуу явагдсан удирдах ажилтны албан тушаалын сонгон шалгаруулалтыг мэргэжил, ур чадварын шалгалт гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тухайн шалгалтанд оролцож бага оноо авсан, түүний өрсөлдөгч өндөр үнэлгээ авсанд нэхэмжлэгч нь дүнгийн талаар маргаагүй. ...Сонгон шалгаруулалтыг мэргэжил, ур чадварын шалгалт гэж үзэх бөгөөд тухайн шалгалтанд тэнцээгүй нь ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх үндэслэл юм. Иймд ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2. дахь заалтыг үндэслээгүй байгаа ч тушаал нь агуулгын хувьд хуулийн энэ заалтад нийцэж байгаа тул ажил олгогч ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэлээ, харин ажилтныг Мэдрэл судлалын тасгийн их эмчийн ажилд томилсон нь өөр ажилд шилжүүлсэн биш, Төвийн даргын хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож, их эмчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний харилцааг шинээр бий болгох агуулга бүхий тушаал байна. ...иймд ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй... гэжээ.

 

3.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1478 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/0840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар П.Алтанцэцэгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын гуравдугаар төв эмнэлгээс цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 2,466,165 төгрөгийг гаргуулж П.Алтанцэцэгт олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 54,408 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх үндэслэлээ: ...анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн, ...ажил олгогчоос зохион байгуулсан сонгон шалгаруулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тогтоохоос өөр ажиллагаа, ...Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан журамд заасан...сул орон тоог нөхөх зарчимд нийцээгүй байна, ...иймд ажил олгогч ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн... гэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбарууд, хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

4.2. Магадлалын Хянавал хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгож байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байхыг Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт заажээ.

4.3. Ажил олгогч нь Б/86 тоот тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг П.Алтанцэцэг нь 2021.01.21-ний өдөр зохион байгуулагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтад оролцож бага оноо авсан гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байхад анхан шатны шүүх тушаалын агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан Ажилтан мэргэжил, ур чадвар, .../-ийн/ хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэл хамаарна гэж тайлбарласан нь буруу болжээ. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, .../-ийн/ хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс ...-ын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

4.4. Ажил олгогч байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тогтоохоос өөр ажиллагаа юм гэж дүгнээд энэхүү дүгнэлтээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгон хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

4.5. Гэтэл энэхүү магадлалын үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасны дагуу магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгах ёстой талаар заасан байх бөгөөд энэхүү хуулийн шаардлагыг магадлал хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбарууд, хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

4.6. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үндэслэлүүд нотлогддог бөгөөд анхан шатны шүүхээс энэхүү нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн байдаг.

4.7. Зүй нь анхан шатны шүүх нь шийдвэртээ Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ гэсэн заалтыг 2020.05.15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2020.01.27-ны өдрийн А/44 тоот төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг батламжлах тухай тушаалаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг хавсралтаар батламжилж, энэхүү төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.4-т төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, 17.10.5-т эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, томилж, ажиллуулна гэж заасны дагуу 2020.07.06-ны өдрийн 05 тоот тогтоолоор Эмнэлгийн бүтэц, дүрмийг шинэчлэн баталсан байна.

4.8. Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2020.11.23-ны өдрийн А/252 тоот тушаалаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтын журмыг, 2020.11.30-ны өдрийн А/254 тоот тушаалаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

4.9. Уг тушаалын дагуу Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны 24 нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна. Дээрх сонгон шалгаруулалтыг 2021.01.20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулсан болох нь сонгон шалгаруулалтын тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

4.10. Ийнхүү явагдсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн П.Алтанцэцэгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2021.03.02-ны өдрийн Б/86 тоот тушаалаар Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажлаас чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчийн ажилд томилсон байна.

4.11. Харин П.Алтанцэцэгийг Мэдрэл судлалын тасгийн их эмчийн ажилд томилсон нь нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг өөр ажилд шилжүүлсэн биш, их эмчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний харилцааг шинээр бий болгох агуулга бүхий тушаал байна гэж хууль ёсны дүгнэлт хийсэн байх бөгөөд энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга нь ямар хуулийн, ямар зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь буруу болсныг үндэслэл бүхий хүчингүй болгосон нь магадлалдаа заагаагүй шийдвэрлэсэн байгаа нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

4.12. Магадлалын Хянавал хэсэгт ...Хариуцагч байгууллага нь Б/86 тоот тушаалаа хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.07.06-ны өдрийн 5 тоот тогтоолоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн шинэчилсэн бүтэц, дүрмийг баталсан байна. Тус дүрмийн 4.2-т Эмнэлгийн захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан хууль болон бусад хууль, журмын дагуу эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын баг /чиглэл эрхэлсэн дэд захирлууд/-ийг сонгон шалгаруулалтаар томилж ажиллуулна, 4.6-д Тус эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгж нь төв, тасаг, албаны зохион байгуулалттай байх ба үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг эмнэлгийн захирлын баталсан журмын дагуу сонгон шалгаруулж, захирлын тушаалаар томилно гэж зааснаас үзвэл эмнэлгийн захирал сонгон шалгаруулалтын журмыг батлахдаа холбогдох хууль болон журамд нийцүүлэхээр байна.

4.13. Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2020.11.23-ны өдрийн А/252 тоот тушаалаар тус эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг баталсан байх ба тушаалын нэг үндэслэлийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол гэж заажээ.

4.14. Уг 60 дугаар тогтоол нь Төрийн албаны зөвлөлийн 2019.05.28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын зохицуулалтад нийцэхгүй байна. Тус 25 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч /дарга, захирал, эрхлэгч/-ийн сул орон тоог нөхөх зарчмаар оролцогчоос шалгалт авах, сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна гэж зааснаас үзвэл ажил олгогчийн 2020.11.30-ны өдрийн А/254 тоот тушаалаар зохион байгуулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт нь сул орон тоог нөхөх зарчимд нийцээгүй байна. Хариуцагч байгууллагын захирлын 2020 оны А/252, А/254 тоот тушаалд дурдагдсан Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалт нь сул орон тоо нөхөх зарчмаас өөр үндэслэлээр төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч удирдлагын сонгон шалгаруулалтыг бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан зохион байгуулах эрхийг олгосон гэж дүгнэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ.

4.15. Учир нь давж заалдах шатны шүүх нь дээрх сонгон шалгаруулалтын журмыг батлахдаа холбогдох хууль болон журамд нийцүүлэх хэрэгтэй талаар дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүхээс дүгнээгүй харилцааг өөрийн санаачилгаар дүгнэж, энэхүү дүгнэсэн харилцаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан өөрт харьяалагдах бус маргааныг дүгнэж холбогдох хуулийг зөрчсөн байна. Хэрвээ сонгон шалгаруулалттай холбоотой дүгнэлтийг шүүхээс хийхээр бол нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалт зарласан эрх зүйн баримт бичиг хуульд нийцээгүй үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр харьяалах журмаар гомдол гаргах эрхээ эдлээгүй, сонгон шалгаруулалтын эрх зүйн баримт бичгийг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсон зэрэг үйл баримтад давхар дүгнэлт хийх ёстой талаар дурдах нь зүйтэй болов уу.

4.16. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2021.11.22-ны өдрийн 001/ШХТ2021/00887 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч П.Алтанцэцэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.

 

9. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

10. Эрүүл мэндийн тухай хуульд 2020.04.22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал 2020.11.23-ны өдрийн А-252 тушаалаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулах журам-ыг баталж, журмын дагуу 2021.01.21-ний өдөр сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга П.Алтанцэцэгийг сонгон шалгаруулалтад бага оноо авсан, түүний ажлын байранд өрсөлдсөн Лхамхүү өндөр оноо авсан үндэслэлээр Эмнэлгийн даргын 2021.03.02-ны өдрийн Б/86 тушаалаар П.Алтанцэцэгийг Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчээр томилжээ.

 

11. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2. дахь заалтыг удирдлага болгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогч санаачилсан үндэслэлээр цуцална гэж зохицуулсан ба хариуцагчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан зохицуулалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг илэрхийлсэн байна.

 

12. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан аль нэг үндэслэлийг заавал баримталсан байвал зохино.

 

Ажил олгогч нь П.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлсөн 2021.03.02.-ны өдрийн Б/86 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан аль ч зохицуулалтыг баримтлаагүй байна. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй тохирч байх нь хуульд нийцнэ.

 

13. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: ... ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2. дахь заалтыг үндэслээгүй ч тушаал агуулгын хувьд хуулийн энэ зохицуулалтад нийцсэн байна, П.Алтанцэцэг нь эмнэлгийн захирлын 2020.11.30-ны өдрийн А/254 тоот тушаалын дагуу явагдсан удирдах ажилтны албан тушаалын сонгон шалгаруулалтад бага оноо авсан нь түүнийг мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэх үндэслэл болно... гэж дүгнэжээ.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж зохицуулжээ.

 

15. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт тухайн ажилтны мэргэжлээ эзэмшсэн түвшин, мэдлэг, түүнийгээ ажил үүрэгтээ хэрэглэх чадвар, дадал дүй нь эрхэлдэг ажил, албан тушаалд тавигдах бодит шаардлагад үл нийцсэн байхыг ойлгох бөгөөд энэ нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчилалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон бол ажил олгогч хуулийн 40.5.-д зааснаар ажилтанд дээр дурдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэний эцэст ажлаас чөлөөлнө.

 

16. Нэхэмжлэгч П.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ажил олгогчийн А/254 дүгээр тушаалын дагуу явагдсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зорилго нь ...эмнэлгийн бие даасан байдлыг хэрэгжүүлэхэд мэргэшсэн, чадварлаг, удирдах ажилтны ёс зүйг эрхэмлэдэг, багаар ажиллах өндөр чадвартай, нэгжийн удирдлагын багийг бүрдүүлэх зорилгоор тус эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны төв, тасаг, албадын удирдлагыг сонгон шалгаруулах...-аар /А/254 тушаалын 1 дэх заалт/ зохион байгуулагдсан байх тул дээрх сонгон шалгаруулалтын үр дагавар чадварлаг ажилтныг сонгон шалгаруулахад оршино, харин ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болох учиргүй.

 

17. Иймд ...Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2020.11.30-ны өдрийн А/254 тоот тушаалын дагуу явагдсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг мэргэжил, ур чадварын шалгалт гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тухайн шалгалтанд тэнцээгүй нь ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх үндэслэл юм. ...ажил олгогч ажилтныг мэргэжил ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй... гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй, үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

18. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

19. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

20. Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтууд, талуудын гаргасан тайлбарууд, хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, ...хуулийг буруу хэрэглэсэн, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн... гэснийг үндэслэн хэргийг хянавал гомдлыг хангах боломжгүй байна.

 

21. Тухайлбал, ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнээгүй харилцааг өөрийн санаачилгаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн... гэжээ.

 

22. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээ гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид нэхэмжлэл гэх/-ыг шүүх харъяалан шийдвэрлэнэ гэж, 166 дугаар зүйлийн 166.4.-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж тус тус зохицуулжээ.

 

22. Ажилтныг ажлаас чөлөөлсөн Б/86 тоот тушаалын үндэслэл болсон Эмнэлгийн захирлын 2020.11.23-ны өдрийн А/252 дугаар тушаалаар батлагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтын журам, тус журмын дагуу Эмнэлгийн захирлын 2020.11.30-ны өдрийн А/254 дүгээр тушаалаар зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтын хууль зүйн үндэслэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тул давж заалдах шатны шүүх ажил олгогчийн дээрх тушаалд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

23. Мөн ...П.Алтанцэцэгийг өмнөх албан тушаалаас нь чөлөөлж, ...өөр ажил, албан тушаалд томилсон болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т заасан үндэслэл болон сахилгын зөрчлийн асуудлаар чөлөөлсөн асуудал байхгүй, ...Мэдрэл судлалын тасгийн эмчээр томилсон тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэжээ.

 

24. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.07.06-ны өдрийн Эмнэлгийн бүтэц, дүрмийг шинэчлэн батлах тухай №05 дугаартай тогтоолоор батлагдсан Эмнэлгийн шинэчилсэн бүтцээр нэхэмжлэгчийн ажлын байр өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдсан үлдсэн тул бүтэц, орон тоотой холбогдуулан ажилтны ажлын байрыг өөрчлөх боломжгүй.

 

25. Хөдөлмөрийн тухай хуулийн /1991 оны/ 32 дугаар зүйлийн 32.1.-д ...зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар өөр ажилд шилжүүлж болно гэж зохицуулсан байх бөгөөд энэ тохиолдолд ч тухайн ажилд ажиллах талаарх ажилтны зөвшөөрлийг авсан байх учиртай байтал ажил олгогч ажилтныг түүний зөвшөөрөлгүйгээр өөр ажилд томилсон шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

26. Ажилтныг түүний зөвшөөрөлгүй өөр ажилд томилсныг ажлаас халсантай адилтган үзэх тул ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх маргаантай үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Ажил олгогчоос зохион байгуулсан нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт нь ямар нэг аттестатчилал, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалт биш тул ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа аливаа ажилтан, албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болох учиргүй.

 

Иймд эмнэлгийн үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь нэгжийн удирдлагын сул орон тоог нөхөх зарчимд нийцээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

26. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1478 дугаар магадлал хэвээр, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгээс 2021.11.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД