Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0099

 

2017 оны 02 сарын 01 өдөр      Дугаар 221/МА2017/0099          Улаанбаатар хот

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Г.С нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 30 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн Ш ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 29 өдрийн дугаар 30 тоот шийдвэрийг хариуцагч тал Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг дарга Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г Г.С бид эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ш ХХК нь тус шүүхэд Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргын А/70 тоот захирамжийн Ш XXK-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэснийг Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргын А/70 тоот захирамжийг Ш XXK-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгээ 2016 оны 11 сарын 29 өдөр шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан өөрчилсөн. Засаг даргын А/70 тоот захирамжийн тухайд анх Баянгол сумын засаг дарга Б.Э нь Ш XXK-тай 2001 оны 94 тоот дугаартай захирамжаар 2046 га тариалангийн талбай эзэмшүүлэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Ингээд 2009 онд тариалангийн талбайн тооллого явуулж тус ондоо 71 тоот захирамжаараа 10 нэгж талбарын нийт 808,14 га газрыг эзэмшүүлэн 2010 оны 08 сарын 25 өдөр 2 жил хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан юм. Бид газар эзэмшүүлэгчийн эрхийн дагуу төрөөс түр хугацаагаар эзэмшүүлсэн газраа газар эзэмшигч компани нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, уринш хийж байгаа эсэхийг гэрээний хугацаанд шалгаж Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байсан. Ш XXK нь өөрийн компанийн эзэмшүүлсэн газар дээр тариалалт хийдэггүй өөр компанид түрээслүүлдэг түүнээсээ ашиг авдаг компани эзэд нь ирж засаг даргатай уулз гэхээр ирдэггүй байнгын үйл ажиллагаа явуулдаггүй газрыг элэгдэл хорогдол оруулж атаршуулсан. Газрын төлбөрийг гэрээний хугацаандаа төлдөггүй зэрэг газрыг хүчингүй болгох шууд үндэслэлтэй байсан учраас харин бид 10 нэгж талбар газраас нь 4 газрын хүчингүйд тооцож 6 нэг талбарыг нь үлдээсэн болно. Захиргааны хэргийн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч талыг доорхи үндэслэлээр буруутгажээ. Үүнд Шийдвэрийн 9 дэх талд: Засаг дарга А/70 тоот захирамжаараа Ш XXK-ний Банкны хөндийд байрлах 4 нэгж талбарын 63.45,16.01, 76.2,19.72 га нийт 175.38 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн Газрын даамал Г.С Ш ХХК захирал Б.Б нарын байгуулсан Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх 000000, 000000, 000000, 000000 гэрээнүүдийн 4.1-т Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй энэ талаар шаардлага биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6, заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож мөн 4.5-д газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх үүргийг газар эзэмшүүлэгч хүлээхээр мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд дүгнэх үүрэгтэй байтал дүгнэлгүйгээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна гэжээ. Мөн нэхэмжлэгч Ш ХХК нь 2010, 2011, 2012, 2013 онуудад өөрийн эзэмшлийн нийт талбайн тодорхой хэсгийг уринш хийж тариалалт хийж байсан болох нь тодорхой баримтаар нотлогдож байна гэжээ. Шийдвэрийн 11-р талд: Хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/70 тоот захирамж болон хүчингүй болсон газраас Н Б ХХК, иргэн Л.О, Б.Б, Ё.Д, Д.Ж, Д.Т нарт олгосон захирамжуудийг Ш ХХК-д мэдэгдээгуй гэжээ. Сэлэнгэ аймаг Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат нь хууль зөрчин захирамж гаргаагүй нь доорхи үндэслэлээр нотлогддог. Баянгол сумын засаг дарга Ш ХХК нарын хооронд газрын хуулийн этгээдэд 10 талбар нэгж газрын газар эзэмшүүлэх гэрээг 2010 оны 08 сарын 25 өдрөөс 2012 оны 08 сарын 25 өдөр хүртэл байгуулсан. Талуудын гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгч Ш ХХК нь Засаг даргын А/70 тоот захирамжинд гомдол гаргах хугацаа хэтэрсэн, Газрын төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй, Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй атаршуулсан хянан баталгааны акт болон бусад нотлох баримтаар, Ш ХХК нь Засаг даргатай байгуулсан газар эзэмших гэрээний 2.3, 3.1, 3.7, 4.1, 4.3, 4.4, 5.5 зэрэг бусад заалтуудыг ноцтой зөрчсөн. Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-заасныг ноцтой зөрчсөн юм. Сэлэнгэ аймаг Баянгол сумын Засаг дарга нь А/70 тоот захирамжаа Ш ХХК-нд мэдэгдээгүй гэх боловч өөрийн компанийн ХХ-2 хавтасын 1 хуудсанд 2014 оны 4 сарын 3 өдрийн 14/01 албан тоотоор үгүйсгэгддэг энэ газрын сэргээж өгөөч бидний газар барьцаанд баригдсан байгаа гэх утга бүхий албан тоот байгаа. Иймд бид газрыг тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй болно. Ш ХХК нь Г Б ХХК-ийн барьцаанд тавьсан тухайгаа газар эзэмшүүлэгч талд мэдэгдээгүй нь, Газар эзэмшигч Ш ХХК нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасны дагуу газар эзэмших гэрээг дүгнүүлж гэрээг сунгах хүсэлт гаргаагүй, бид гэрээний хугацаа дууссаны даруй 3 жил өнгөрсний дараа газрын тухай хуулийн 29-р зүйлийн 29.3, 29.4-д зааснаар тариалангийн талбайд олон жил тогтвортой ажилласан сумын хүсэлт гаргасан иргэддээ хүчингүй болсон газруудыг эзэмшүүлсэн болно. Тус хүчингүй болсон газруудын эзэмшиж буй ААН, иргэд дээрхи газруудыг зориулалтын дагуу эзэмшиж санхүүгийн их хэмжээний зардал гарган эзэмшээд явж байгаа. Иймд энэ захирамжийг сэргээснээр гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг эд хөрөнгөнд хохирол учрахад хүрч байна. Хариуцагч тал нь дээрхи үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 29 өдрийн 30 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс ...2012 онд трактор ажиллахаа больж, малын хөлийн замд байрлах 63.44 га болон 19.72 га талбайд тариалалт хийхээ больж, 76.20 га хэмжээтэй талбайг 2 жилдээ 1 ашиглах болсон. Учир нь тус газрууд нь үржил шим муутай тул нэг жил өнжиж хийдэг болсон. Харин 16.01 га-г жил бүр ашигладаг байсан... Компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар болон хүчингүй болгосон талаар бидэнд ... Г Бинд мэдэгдээгүй, ... 2015 онд эдгээр газар эзэмших эрх хүчингүй болсныг мэдсэн ... газрын төлбөрөөр цаг тухайд нь төлж байсан... Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 тоот захирамжийн Ш ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаар захирамжуудын хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Харин хариуцагчаас ...Ш ХХК-ийн уринш хийсэн гэх талбай нь өндөр өвстэй, тариалангийн талбайг элдэншүүлээгүй байдалтай байсан ба газар дээр нь очиж үзэн уринш хүлээн авах комиссын санал, тариалангийн газрын ашиглалт судалгааг үндэслэн 4 нэгж талбарын 175 га газрыг хураан авсан ... Уринш хүлээж авах ажлын хэсэг томилогдон мэдээг баталгаажуулахаар хийсэн дүгнэлтээр 5 нэгж талбарын 325 га-д уринш хийгээгүй байсан нь тогтоогдсон. ...2013 онд газар эзэмших гэрээг дүгнэх үед Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ж-д захирамжийг танилцуулан хураагдсан газруудад гэрээг хийгээгүй ... Хураагдсан талбай 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 19-ний 38 дугаар тогтоолоор батлагдсан ... 2014 онд ямар нэгэн аж ахуй нэгж, иргэнд олгогдоогүй тул дахин 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж 2015 оны 05 дугаар сарын 01-нд 1 аж ахуй нэгж, 5 иргэнд тус газруудыг эзэмшүүлсэн ... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаар захирамжийн Ш ХХК-д холбогдох хэсгийн тухайд:

Шүүх хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэж илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхдээ ...2010, 2011, 2012, 2013 онуудад өөрийн эзэмшлийн нийт талбайд болон тодорхой хэсэгт уринш бэлтгэх, тариалалт хийж байсан болох нь ... Үр тариа тариалалт, ургац хураалт, уриншийн мэдээнүүд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэхэмжлэгчийн байгуулсан ... 2011, ... 2012, ... 2013 онуудын Уринш боловсруулалтад дизель түлш олгох зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ш ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Тариалангийн талбайг хураан авах ба хуваарилах тухай 94 дүгээр захирамжаар нийт 15 нэгж талбарын 2046 га тариалангийн талбайг эзэмшүүлж шийдвэрлэсэн байх ба маргаан бүхий газруудын тухайд 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000000 дугаар гэрчилгээгээр 63,45 га, 000000 дүгээр гэрчилгээр 16,01 га, 000000 дугаар гэрчилгээгээр 19,72 га, 000000 дүгээр гэрчилгээгээр 76,2 га газар эзэмших эрх үүссэн, 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаар маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн уринш хийгээгүй буюу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ш ХХК-ийн 63.45 га, 16.01 га, 76.2 га, 19.72 га газруудын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай Ш ХХК-ийн байгуулсан ...000000, 000000 дугаартай 488,89 га газрыг барьцаа болгов... гэх 2011 оны Уринш боловсруулалтанд дизель түлш олгох зээлийн гэрээ, ...000000, 000000 дугаартай 488,89 га газрыг барьцаа болгов... гэх 2012 оны Хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээ, ...000000, 000000 дугаартай 488,89 га газрыг барьцаа болгов... гэх 2013 оны Хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээ, ...000000, 000000 дугаартай 488,89 га газрыг барьцаа болгов... гэх 2013 оны Зуны уринш боловсруулалтад дизель түлш олгох зээлийн гэрээ зэрэг гэрээнүүдэд Ш ХХК-ийн 000000, 000000 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаа хөрөнгө болгосон байна. Гэтэл шүүх маргаан бүхий актаар хүчингүй болсон тус компанийн эзэмшлийн 000000, 000000,000000, 000000 дугаарын Газар эзэмших эрхийн гэрчилгээ-үүд барьцаалагдсан гэх агуулгаар дүгнэсэн, түүнчлэн хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үр тариа тариалалтын эцсийн мэдээнд ... тариалсан талбай 312 га..., 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үр тариа тариалалтын эцсийн мэдээнд ...улаан буудайн уринш бэлтгэл 435 га..., Үр тариа, тэжээл, тосны ургамал тариалалтын 2012 оны эцсийн мэдээнд ... 320 га..., 2013 оны 06 дугаар сарын 17-ны эцсийн мэдээнд ...тариалсан талбай 375 га... гэж Ш ХХК-ийн уринш, үр тариалалтын газрын нийт талбайн хэмжээг заасан байхад шүүх мөн тус мэдээнүүдэд Ш ХХК-ийн эзэмшлийн маргаан бүхий 63.44 га, 19.72 га, 16.01га, 76.20 га талбай тус бүрээр заасан мэтээр үнэлж, маргаан бүхий акттай холбож дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн ...Ш ХХК-ийн уринш хийсэн гэх талбай нь өндөр өвстэй, тариалангийн талбайг элдэншүүлээгүй байдалтай байсан... нэхэмжлэгч маргаан бүхий газруудыг 2 жил дараалан ашиглаагүй... гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй байна. Учир нь, Газрын тухай хуулийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ,  35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх,40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, мөн Тариалангийн тухай хуулийн /2004 он/ 17.2-т Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ, 17.2.1-д тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй, өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх гэж тус тус зааж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, газрыг зориулалтын дагуу ашиглах, хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн газраа ашиглах боломжгүй тохиолдолд буюу тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг 2 хүртэл жил ашиглахгүй, өнжөөх бол сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй бол Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

Нэхэмжлэгч Ш ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр маргаан бүхий талбайнуудыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ...2010, 2011, 2012 онуудад Ш ХХК-ийн эзэмшлийн 63.45 га, 76.2 га талбайнууд уринш, тариалан хийгээгүй өнжсөн, 2010 онд 16.01 га, 19.72 га талбайд тариалан хийсэн боловч 2011, 2012 онд өнжсөн гэх тэмдэглэл бүхий 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа тариалангийн талбайн дэлгэрэнгүй бүртгэл, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ...63.4 га, 19.7 га газрууд атаршсан, нөхөн сэргээлт хийгээгүй, цаашид газар тариаланд ашиглах шаардлагатай... гэх дүгнэлт бүхий Атаржсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт, сумын Засаг даргын А/265 дугаар захирамжаар томилогдсон уринш хүлээн авах ажлын хэсгийн ...Уриншийн боловсруулалт хийгээгүй аж ахуй нэгж ... Ш ХХК-ийн эзэмшлийн Банкын хөндийд байрлах 63.44 га, 19.72 га, 16.01 га, 76.20 га талбай ... гэх дүгнэлт, тус компанийн шүүхэд гаргасан ...2012 оноос малын хөлийн замд байрлах 63.44 болон 19.72 га талбайд тариалалт хийхээ больж... 76.20 га хэмжээтэй талбайг 2 жилдээ 1 ашиглах болсон ... дээр дурдсан газруудаас 16.01 га газраас бусад нь болох 63.45, 76.20, 19.72 га газруудад газрын нөхцөл байдлаас хамаараад жил бүр тариалан хийх боломжгүй, үржил шим муутай тул нэг жил өнжиж байж тариаланг хийдэг байсан... гэх нэхэмжлэл, тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын иргэн аж ахуй нэгжийн эзэмшлийн үр тарианы газарт уринш хийсэн байдлын талаар нэгж талбар тус бүрээр тулгаж хүлээж авах, тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх ажлын хэсгийг байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Уринш хүлээж авах ажлын хэсэг байгуулах тухай 298 дугаар захирамж, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/265 дугаар захирамж сумын нутаг дэвсгэр дэх тариалан, уриншийн мэдээг гаргасан хавсралт зэрэг нотлох баримтуудаас үзвэл Ш ХХК нь 2011 онд нийт эргэлтийн 807 га талбайн 287 га-д, 2012 онд маргаан бүхий газруудад уриншийн боловсруулалт хийгээгүй гэж тэмдэглэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасны дагуу тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй, өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс энэ талаар баримт нотолгоо гарган маргаагүй ба нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 2012 онд Кубота трактор ажиллахаа больсон ... тус газрууд нь үржил шим муутай тул нэг жил өнжиж хийдэг болсон... гэх тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох үндэсгүй.

Түүнчлэн хариуцагчаас ...Баянгол сумын Засаг дарга Ш ХХК нарын хооронд газрын хуулийн этгээдэд 10 талбар нэгж газрын газар эзэмшүүлэх гэрээг 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байгуулсан. Гэрээний хугацаа дууссан ... Ш ХХК нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших гэрээг дүгнүүлж, сунгах хүсэлт гаргаагүй..., Г Бны барьцаанд тавьсан тухайгаа газар эзэмшүүлэгчид мэдэгдээгүй ... гэх давж заалдах гомдол, тайлбар гаргажээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ, 39.1-т Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж заажээ.

Газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түүнийг сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болох байтал нэхэмжлэгч Ш ХХК-ийн Баянгол сумын Засаг даргатай 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хугацаа 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан, тэрээр гэрээний хугацаа сунгуулах талаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаагүйн улмаас газар эзэмшихтэй холбоотой аливаа эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болсон, тус газруудын эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг Г Б ХХК-д барьцаалсан байх боловч энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй нь дээрх хуульд заасантай нийцээгүйг, түүнчлэн банкны барьцаанд байгаа гэх шалтгаан нь тус компанийн эзэмшил газраа хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүйг зөвтгөх үндэслэл болохгүйг тус тус тэмдэглэв.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаартай захирамжуудын тухайд:

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Ш ХХК-ийн уринш хийсэн гэх талбай нь өндөр өвстэй, тариалангийн талбайг элдэншүүлээгүй байдалтай байсан ба газар дээр нь очиж үзэн уринш хүлээн авах комиссын санал, тариалангийн газрын ашиглалт судалгааг үндэслэн 4 нэгж талбарын 175 га газрыг хураан авсан. ...Ш ХХК-ийн хураагдсан талбайнуудыг ... 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж 2015 оны 05 дугаар сарын 01-нд 1 аж ахуй нэгж, 5 иргэнд хуваан олгосон... Хуулийн дагуу дээрх захирамжуудыг гаргаж, тус аж ахуй нэгж, иргэдэд эзэмшүүлсэн... гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 29 дүгээр зүйлийн 29.3-т Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна, 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус хуульчилсан байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Ш ХХК-ийн эзэмшиж байсан маргаан бүхий газруудыг үр тарианы зориулалтаар ашиглуулахаар 2014 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх боловч 2014 онд тухайн газруудыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд олгоогүй гэх үндэслэлээр дахин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31.3-т заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцуулахгүйгээр тариалангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүдийг нь үндэслэн гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга тус бүр 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Д.Төмөрчөдөрт 21 га газрыг үр тарианы зориулалтаар, гуравдагч этгээд Л.Оргилд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/92 дугаар захирамжаар 21 га газрыг үр тарианы зориулалтаар, гуравдагч этгээд Н Б ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар 76.2 га газрыг үр тарианы зориулалтаар, гуравдагч этгээд Б.Баттулгад 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/93 дугаар захирамжаар 21 га газрыг үр тарианы зориулалтаар, гуравдагч этгээд Ё.Дашдэмбэрэлд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/94 дүгээр захирамжаар 20 га газрыг үр тарианы зориулалтаар, гуравдагч этгээд Л.Жалхарт 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/95 дугаар захирамжаар 16 га газрыг үр тарианы зориулалтаар тус бүр эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Дээрх маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаартай захирамжуудын холбогдох хуулийн дагуу гарсан байх тул хүчингүй болгох үндэслэлгүй.

Хэдийгээр хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртээ хураан авах гэх хуульд заагаагүй нэр томъёог хэрэглэж, тайлбарласан нь буруу байх боловч нэхэмжлэгч Ш ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, бусдын эзэмшил, ашиглалтад байхгүй болсон дээрх газруудыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж шийдвэрлэсэн нь буруугүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т 41.1.3-д 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.2-т гэж заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 тоот захирамжийн Ш ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, Г.Саранцэцэг нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ