Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 216/МА2021/00012

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2021/00128 дугаар шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй*******ад холбогдох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 759м.кв газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч*******, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь :

П.Сүрэнхүүг төлөөлж, нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч******* нь ******* миний харгалзан дэмжүүлэгч*******гийн эрүүл мэндийн байдал, өндөр насны доройтлын улмаас үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй, өөрийгөө удирдан жолоодох, илэрхийлэх эрх, үүргээ хэрэгжүүлэх чадваргүй байдлыг ашиглан Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараагийн 23 тоотод байх Улсын бүртгэлийн Г-1900200005511, 000193086 дугаартай 759 метр квадрат гэр бүлийн зориулалт бүхий газрыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан байна.*******г аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 36 сарын хугацаатай байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт-оор Психоз /өтлөлтийн үеийн дэмийрэл/ оношоор бусдын асаргаанд байх шаардлагатайг тодорхойлсон. Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар******* нь ******* миний асрамжинд байдаг болно. Иймд*******гийн үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй, эрх, үүргээ хэрэгжүүлэх чадваргүй байдлыг ашиглан газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч *******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******г 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байнгын асаргаа шаардлагатай, F6 гэсэн оноштойгоор 36 сарын хугацаанд харгалзан дэмжигч шаардлагатай гээд эмч нар болоод бусад албан тушаалтнууд тодорхойлолт гаргасан байна лээ. F6 гэдэг нь өтлөлтийн үеийн дэмийрэл гэсэн онош. Үүний дараа *******г Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар*******гийн харгалзан дэмжигчээр тогтоосон. Шүүх сэтгэц, эмгэг судлалын үндэсний төвөөс*******г F2,8 гэсэн сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай гэсэн тушаал дээр F02,8 гэсэн оношийг тайлбарласан байдаг. Энэ хоёр онош нь нэршлийн хувьд өөр боловч томъёоллын хувьд хоорондоо таарч байна гэж үзэж байгаа. Цэцэгмаа эмчийн бичсэн насны доройтол, титэм судасны хатуурал, нарийсал гэсэн онош нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлттэй таарч байгаа. Эдгээрийг үндэслэж эрх зүйн чадамжгүй гэсэн дүгнэлтийг шүүх гаргаж, асран хамгаалагчаар *******г тогтоосон. Гэрээн дээр газрыг 1 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж бичсэн байсан. Миний тухайд тэр бэлэн мөнгөний асуудлуудыг ерөөсөө мэдэхгүй.******* гуайн төрсөн хүү нь архи, дарс байнга хэрэглэж, ээжийгээ зоддог байсан учраас намайг харгалзан дэмжигчээр тогтоосон. Дараа нь шүүхийн шийдвэрээр асран хамгаалагчаар тогтоогдсон. 4 ханатай гэрийн дан мод л байгаа. Шал, дээвэр туургийг нь зарсан байсан. Мотоциклийг нь буцаагаад авсан гэж*******амьд байхдаа хэлж байсан. Худалдах, худалдан авах гэрээ нь 2020 оны 10 дугаар сард хийгдсэн. Тэрнээс өмнө*******г эрүүл мэндийн байгууллагаас өтлөлтийн үеийн дэмийрэл гэсэн оношоор харгалзан дэмжигч шаардлагатай гэж үзээд харгалзан дэмжигч тогтоосон байсан. Тийм учраас 2020 оны 10 дугаар сар гэхэд энэ хүн өөрийнхөө үйлдлийг ойлгох боломжгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өмчлөгч******* гуайн төрсөн хүү Насантогтохтой 2020 оны 09 дүгээр сард Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот газрыг худалдан авахаар тохиролцож 5 сая төгрөгөөр үнэлж, ашигладаггүй гэж 55 метр квадрат 2 өрөө байшинтай нь хамт авсан. Байшингийн гэрчилгээ байхгүй гээд өв залгамжлах гэрчилгээг нь өгсөн. 4 ханатай гэрээ 800,000 төгрөгөөр үнэлж, хужаа мотоциклоо 700,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Мөн хөдөө найзаасаа мал авч байгаа гэх зэргээр мөнгөө авч дуусгасан, төлбөрөө төлж дууссан тул гэрчилгээг шилжүүлж авсан. Ямар ч мөнгөний маргаангүй байсан. 2021 оны 05 дугаар сард гэхэд хашаа байшингаа чөлөөлж өгнө гээд тохиролцсон. Нэхэмжлэгч ******* гэдэг хүний нэхэмжлэлийг үндэслэлгүй, хүний өмчинд шунаж байна гэж үзэж байна.******* нь надтай нотариат орохдоо юу ярьж байгаагаа мэддэг, хүн таньдаг, ухаан санаа нь эрүүл байсан. Нийт өмчлөлийн 759 метр квадрат газраас зүүн айл болох Түнээ гэдэг ахад 4 метр квадрат зарж мөнгө авч нотариат орсон байсан. Үлдэгдэл 754 метр квадрат газрыг худалдаж авсан.Би хуулийн дагуу өгөх юмаа өгөөд албан ёсоор өөрийн нэр дээр шилжүүлж авсан.*******, түүний төрсөн хүү*******бид 3 нотариат орсон. Хажууд нь асран халамжлагч гэх өөр хүн байгаагүй. 2020 онд ач нь гэх Сувдаа нь Сүрэнхүү гуайн асран халамжлагч гэж байсан ба асран халамжлахгүй, мөнгө төгрөгийг нь өөртөө зарцуулаад байна гэх үндэслэлээр асаргаа нь цуцлагдсан гэсэн.*******нь би өөрийнхөө юмыг мэдэж байна, хэл ам байхгүй, гэр авч ээжийгээ дулаан байлгана гэж хэлээд наймаа хийсэн. Би энэ хүмүүсийг төрсөн хүү нь байхгүй хэл, ам хийх хүнгүй гэж бодоод зарсан газрыг нь булаацалдаж байна гэж үзэж байна. Иймд Зараагийн 23б тоот газрыг миний өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээ байгуулж байх үед******* гуайгаас нотариатч та энэ газраа шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байна уу, зөвшөөрч байна уу гэж асуухад хүний юмыг авсан бол би шилжүүлээд өгнөө, өгөхөд татгалзахгүй гээд гарын үсэг зурсан. Би хуулийн дагуу нотариатаар ороод гэрээ байгуулж, мөнгө төгрөгийг нь өгч авсан. Надтай наймаа хийж байх үед******* гуай Аймгийн захиргааны гадаа хүмүүстэй юм яриад биеийн байдал нь маш сайн байсан. Хүүгээ өнгөрснөөс хойш л биеийн байдал нь муудсан. Шээж баахаа хянаж чадахгүй, памперсандаа хүртэл баачихдаг тийм л байдалтай байсан. Би Насантогтоход газрын үнэ-д тооцож хужаа мотоцикль, шалтай, давхаргатай 4 ханатай гэр, 2 500 000 төгрөг цувуулаад өгсөн.******* гуайд үлдсэн 500 000 төгрөгийг нотариат дээр бэлнээр өгсөн. Миний харснаар ухаан санаа нь эрүүл, хүн таних чадвар сайтай, өөрөө гадуур дотуур явчихдаг л хүн байсан. Би тэр үед нь л наймаа хийсэн гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрх залгамжлагч *******гийн шаардлагыг хангаж,*******,******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 070200323 нэгж талбарын дугаартай, 759 м.кв газрыг хариуцагч*******ын өмчлөлд бүртгэсэн Г-1902000511 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож,******* /РД:ЕЙ80050503/-ийн өмчлөлд бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, хариуцагч******* нь гэрээний төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2021/00128 дугаартай шийдвэрийг үндэслэлгүй, илт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах үйл баримтыг дурдажээ:

а.*******,******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м2 газрыг худалдах худалдан авах бичгийн гэрээ хийгджээ.

b. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А/23 дугаар захирамжаар ...******* нь өндөр настай байнгын асаргаанд байдаг гэсэн үндэслэлээр *******г харгалзан дэмжигчээр тогтоосон.

c. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдсэн эмнэлэгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/298 дугаар тодорхойлолтоор ...*******г насны доройтол, тархины болон зүрхний титэм судасны хатуурал нарийсал, үе мөчний үрэвсэл, үйл ажиллагааны алдагдал, шээс задгайрах хам шинж өвчний учир байнгын асаргаанд байдаг гэж тодорхойлсон.

d. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2021/00111 дугаар шийдвэрээр*******г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар *******г томилсон гэх мэт үйл явдлууд дурдаад Иргэний хуулийн 56.1.6-д заасан сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл-д хамааруулан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсныг буруу гэж үзэж байна.

Дээрх үйл явдлуудаас харахад******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-нд шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцогдохдоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдсэн эмнэлэгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/298 дугаар тодорхойлолт, Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А/23 дугаар захирамжаар суурьлагдана.

Харин маргаан бүхий гэрээ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу эмнэлэгийн тодорхойлолтоос ойролцоогоор 9 сар орчимын хугацаа бүхий зайтай, Сумын засаг даргын захирамжаас 4 сар орчимын өмнө үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл эмнэлэгийн тодорхойлолтоор 9 сар, эсхүл 4 сарын өмнө үйлдэгдсэн гэрээ Иргэний хуулийн 56.1.6-д заасан сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл-д хамаарч байгаа гэж үзэхэд эргэлзээтэй юм.

Иймээс шүүхийн шийдвэрийг үнэн зөв шийдсэн гэж үзэхгүй байгаа тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2021/00128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч*******ад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч ******* нь иргэн*******гийн харгалзан дэмжигчийн хувьд түүнийг төлөөлөн иргэн*******гийн бусадтай байгуулсан тус аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн 23б тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 759 м2 газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч*******ад холбогдуулан гаргасан байна. /хх-1/

Энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад ******* нь иргэн*******-г эрх зүйн чадамжгүйд тооцуулж, өөрийгөө түүний асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүх 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-60,61/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаартай шийдвэрээр Чоносон овогт Пэрэнлэйн Сүрэнхүү-г иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүний асран хамгаалагчаар хүсэлт гаргасан Боржигин овогт Мягмарын Долгорсүрэн-г тогтоосон байх ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-66/

Гэтэл дээрх шийдвэр гарснаас хойш *******гийн асран хамгаалалтад байсан иргэн******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан, энэ нь хэрэгт авагдсан нас барсныг бүртгэж олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-95/

Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.6-д ...асрамж, дэмжлэгт байгаа хүн нас барсан тохиолдолд асран хамгаалах үүрэг дуусгавар болно гэж зааснаас үзвэл *******гийн харгалзан дэмжлэгт болон асрамж, дэмжлэгт байсан иргэн******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барснаар *******гийн асран хамгаалагчийн үүрэг нь дуусгавар болсон.

******* нь*******ад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан/хх-65/, мөн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А.Болорцэцэг гэгчийг гэрчээр асуух ажиллагаанд нэхэмжлэгчийн хувиар байлцсан, улмаар шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10.30 цагт шүүх хуралдааныг явуулахаар товлосон/хх-75/ байх ба энэ тухай *******д мэдэгдэж, баримт №9-д гарын үсэг зуруулсан байна./хх-71/

******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу шүүх хуралдаан дээр түүний асрамж дэмжлэгт нь байсан иргэн******* нас барсан тул түүний эрх залгамжлагчаар тогтоож өгөх хүсэлт гаргасан, шүүх мөн өдрийн 10.40 цагт хүлээн авч тэмдэглэгээ/хх-78/ хийсэн, улмаар 589 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар *******г сольж шийдвэрлэсэн, хариуцагч*******ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд тэрээр нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар оролцжээ./хх-85, 79-91/

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасанд нийцээгүй, зөрчсөн байна.

Хэдийгээр *******-г иргэн*******гийн асран хамгаалагчаар тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа ч түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авбал зохих этгээд гэж үзэхгүй .

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах гэдэг нь хэргийн оролцогчийн аль нэгнийх нь эрх, үүрэг өмнө уг хэрэгт оролцож байгаагүй этгээдэд шилжихийг хэлэх ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох нэг этгээдийн материаллаг эрх шилжиж байгаатай уялдан нөгөө этгээдээр солих явдал юм.

Өөрөөр хэлбэл, маргаантай байгаа эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрхийн харилцаанаас гарсан, тухайлбал, хүн нас барсан,... бол процессын эрх,үүргээ хэрэгжүүлэхээр эрх залгамжлагчийг оролцуулах тухай ойлголт бөгөөд хүн нас барсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах үндэслэл болно.

Мөн эрх залгамжлагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр орж ирдэг бөгөөд эрх залгамжлан авах нь зөвхөн өмч хөрөнгийн шинжтэй маргаанд хамаардаг онцлогтой.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэх ба иргэн******* 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан энэ өдрөөс өв нээгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зохигч болох хүн нас барсан, ...үед маргаантай байгаа шаардлага буюу үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан.

Хариуцагч*******ад холбогдох иргэний хэрэг нь газар буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай өмч хөрөнгийн шинжтэй маргаантай хэрэг байхад

маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжсэн эсэх,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх эсэх,

нас барсан иргэний хууль ёсны өвлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцох боломжтой эсэх,

мөн хууль ёсны өвлөгч нь *******гээр өөрийгөө төлөөлүүлэх эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнө оролцсон этгээдийг эрх залгамжлагчаар сольж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг ажиллагаагаар явуулж дуусгах үүднээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

Хариуцагч*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...*******гийн регистрийн дугаарыг /РД:ЕЙ80050503/ гэж бичсэн байх ба энэ нь хэргийн 6,7,9,47,50,51,53,66,95 дугаар талуудад авагдсан бичгийн баримтуудад тусгагдсан иргэн*******гийн регистрийн дугаартай тохирохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134//ШШ2021/00128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Х.БАЙГАЛМАА